Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 87

 

“Жаргалант-Үйлс” ХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг шүүгч Х.Батсүрэн даргалж, шүүгч Г.Банзрагч, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Аюуш, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Дамба, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярсайхан нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2016/0790 дугаар магадлалыг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор “Жаргалант-Үйлс” ХК-ийн нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Татварын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 19 дүгээр шийдвэрээр Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 31 дүгээр зүйлийн 31.1, 31.2.1, 31.2.3, 33 дугаар зүйлийн 33.2.3, 33.2.4, 43 дугаар зүйлийн 43.1, 53 дугаар зүйлийн 53.2, 54 дүгээр зүйлийн 54.1, 55 дугаар зүйлийн 55.1 дэх заалтуудыг баримтлан “Жаргалан үйлс” ХК-ийн Орхон аймгийн Татварын хэлтэст холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын өр шаардаж байгаа үйл ажиллагааг илт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2016/0790 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 19 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярсайхан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Татварын ерөнхий газар, Сангийн яам, “Эрдэнэт хүнс” ХК зэрэг газруудаас ирүүлж болох, ирүүлсэн байгаа баримтуудын хүрээнд хэргийг эцэслэн  шийдвэрлэж болохоор байгаа юм. Мөн татвар төлөгчөөс санхүү татварын тайланг шүүх хуралдааны явцад шаардаж байсан.

Нэхэмжлэгч холбогдох баримтуудыг гаргах боломжгүй, компанитай холбоотой бичиг баримт байхгүй бөгөөд өмнөх удирдлагуудаас шилжүүлж өгөөгүй гэж мэдэгдэж байсан бөгөөд шүүх энэ асуудалд анхаарал хандуулж үндэслэлтэй дүгнээгүй.

Энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байх ёстой. Мөн санхүү татварын тайлангууд нь татварын албаны үндсэн баримт биш тул архивд хадгалагдах журмын дагуу тур хадгалагдаад устгалд орсон байгаа. Иймд хэргийн оролцогч нараас гарах боломжгүй шаардлага тавьж түүнийгээ шийдвэрийнхээ үндэслэл болгож үзсэн нь магадлал хууль зүйн үндэслэлгүй болохыг харуулж байна.

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд гаргасан байгаа "өрийг хаах тооцоо",  "өрийг нөхөн сэргээх тооцоо" болон бусад баримтуудыг тодорхойгүй баримт гэж үзсэн үндэслэл нь өөрөө хуульд заасан заалтыг шууд зөрчсөн байна гэж үзэж байна.

Учир нь мөн хуулийн 31.2-д " ...бичмэл, цахим баримт, эд мөрийн баримт..." заалтыг үндэслэл болгоогүй юм. Татварын алба нь бүртгэл мэдээллийн нэгдсэн сантай байх тухай хуулийн заалт Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлд заасан байгаа, Энэхүү бүртгэл мэдээллийн нэгдсэн сан нь татварын албаны үндсэн үйл ажиллагаандаа хэрэглэж буй гол чухал ажиллагаа юм.

Өөрөөр хэлбэл татвар төлөгч, татварын алба хоёрын хоорондын харилцааг тодорхойлж, тогтоож өгч буй үндсэн ажиллагаануудын нэг юм. Энэ баримтад нэхэмжлэгч тал ч хариуцлагагүй хандаж өрөөсгөл дүгнэлт хийж байсан нь хуралдааны тэмдэглэлээс харагдана.

Шүүхээс асуудалд учир дутагдалтай хандаж нотлох баримтыг тал бүрээс нь харж үнэн зөв бөгөөд үндэслэл бүхий бүхий дүгнэлт гаргаж чадаагүй нь хэргийг зөв шийдсэн гэх үндэслэлийг бий болгохгүй байна.

Татварын алба өөрөөс гарч болох баримтаа гаргасан байхад хэргийн оролцогч нарын хэн алинаас гарах боломжгүй баримт шаардсан байгаа нь туйлын учир дутагдалтай байна. Учир нь хэрэгт цугларсан нотлох баримт болон оролцогчдын тайлбар зэргээс дүгнэлт хийн татварын өр үүссэн болон татварын албаны үйл ажиллагааг хуулийн дагуу болон хууль бус гэдэгт дүгнэлт хийж анх гаргасан нэхэмжлэлийн хүрээнд хэргийг шийдвэрлэж болох байсан гэж үзэж байгаа бөгөөд “Жаргалант үйлс” ХК нь татварын албаны шаардлагыг хүчингүй болгуулах тухай гэсэн гомдол гаргасан байгааг анхаарах шаардлагатай байсан.

Давж заалдах шатны шүүх хэрэгт хандахдаа нэг талыг барьсан буюу нэхэмжлэгчийн эрх ашгийг давуу байдлаар харж явцуу дүгнэлт гаргасан нь хариуцагчийн эрх ашиг, хуулиар олгогдсон хэргийн оролцогчдын тэгш байдлыг хангаагүй байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүх хэрэгт үүсээгүй нөхцөл байдалд дүгнэлт хийх, хэрэгт хавсаргах шаардлагагүй бөгөөд талуудаас гарах боломжгүй үйл баримтыг шаардан анхан шатны шүүхийн шийдвэрт хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт гаргасан. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хуулийн дагуу хэргийг шийдвэрлэсэн.

Иймд завж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул магадлалыг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “Жаргалант үйлс” ХХК нь Орхон аймгийн Татварын хэлтэст холбогдуулан татварын өр шаардаж байгаа үйл ажиллагааг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байх бөгөөд “өр төлбөртэй болохыг тогтоосон нотлох баримт байхгүй” хэмээн маргасан байна.

Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэгт зааснаар татвар төлөгч нь анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтлөх, Компанийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.6, 97.1.8 дахь хэсэгт зааснаар компани нь санхүүгийн болон татварын тайлан, анхан шатны баримтуудыг хадгалах үүрэгтэй.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч хуулийн этгээдийн тухайд “татварын өргүй” гэдгээ өөрөө нотлох үүрэгтэй болохоос захиргааны байгууллагыг буруутгах, өртэй болохыг нотлохыг шаардах эрхгүй байна.

Татварын ерөнхий хуулийн 53 дугаар зүйлийн 53.2 дахь хэсэгт зааснаар татварын бүртгэлд татвар төлөгч бүрийн төлбөл зохих татварын ногдол, хөнгөлөлт чөлөөлөлт, алданги, торгууль, тэдгээрийн төлөлт хураалт, өрийг анхан шатны баримтад үндэслэн бүрэн тусгах ба энэхүү бүртгэлийг үндэслэн захиргааны байгууллага нь нэхэмжлэгч хуулийн этгээдээс татварын өр төлөхийг шаардаж байгаа нь хуульд нийцжээ.

Нөгөө талаар нэхэмжлэгч хуулийн этгээдээс “захиргааны байгууллагыг бүртгэл буруу хөтөлсөн” талаар үндэслэл бүхий тайлбар, нотлох баримт гаргаж өгөөгүй, “Татвар бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан”-д хадгалагдсан нэхэмжлэгч хуулийн этгээдийг 39712400 төгрөгийн төлөөгүй татварын өртэй тухай мэдээллийг үнэн зөвд тооцох бөгөөд энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийжээ.

Нэхэмжлэгчээс “мэдээллийн санд байгаа өртэй тухай мэдээлэл нь ямар ч баримтаар тогтоогдоогүй” гэж маргаж байгаа боловч Татварын хэлтсийн 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 01/1497 дугаар албан бичгээр татварын цаасан тайланг 10 жил хадгалаад устгасан болох нь тогтоогдсон, захиргааны байгууллагын архивын баримт устгасан үйл ажиллагаа хууль зөрчөөгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...өр төлбөрийг төлсөн тухай баримт бидэнд байхгүй” талаар тайлбарлаж байсан, энэ байдал нэхэмжлэгч хуулиар хүлээсэн татвар төлсөн тухай санхүүгийн баримтыг захиргааны байгууллагад гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй болохыг нотолж байна.

Нэхэмжлэгчийн “компанийн өмнөх удирдлага санхүүгийн ямар ч баримт хүлээлгэж өгөөгүй” тухай тайлбар нь нэхэмжлэгч байгууллагын дотоод зохион байгуулалт үйл ажиллагаатай холбоотой болохоос захиргааны үйл ажиллагааг буруутгах үндэслэл болохгүйгээс гадна хуульд заасан татвар төлөх үүргээс чөлөөлөх хуулийн үндэслэл биш болно.

Давж заалдах шатны шүүхээс “...тухайн үед үл хөдлөх хөрөнгийг татварын өрөнд шилжүүлэхдээ татварын өрийг барагдуулсан эсэхийг тодруулаагүй, нэхэмжлэгч өөрөө төлсөн эсэх баримтыг цуглуулах шаардлагатай” гэсэн дүгнэлт хийж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан буруу байх бөгөөд татвар төлөгчөөс хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй үйл баримтыг анхаараагүй байна.

Дээр дурдсанаар нэхэмжлэгч хуулийн этгээдэд санхүүгийн анхан шатны баримт, төлбөр төлсөн санхүүгийн баримт хадгалагдаагүй, “Эрдэнэт хүнс” ХК болон нэхэмжлэгч хуулийн этгээдийн хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээ шүүхийн шийдвэрээр хүчин төгөлдөр бусад тооцогдсон, эдгээр компанийн хооронд төлбөр тооцоо байхгүй талаар нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд тайлбарласан тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах шаардлагагүй байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2016/0790 дугаар магадлалыг хүчингүй болгож, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 19 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                    Х.БАТСҮРЭН    

ШҮҮГЧ                                                                                        П.СОЁЛ-ЭРДЭНЭ