Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 186

 

Г.Т-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Ш.Эрдэнэбилэг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дарьжав,

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б,

хохирогчийн өмгөөлөгч Ч.Өнөржаргал,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 152 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 395 дугаар магадлалтай, 201624001008 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Г.Т, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б нарын гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1993 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, У овогт Г-ийн Т нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Г.Т-ийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар Г.Т-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3 сар баривчлах ял шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-ээс 17,497,481 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-д олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь заалтад зааснаар Г.Т-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх заалтад зааснаар Г.Т-ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоох хэсгийн 6 дахь заалтын “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-ээс 17,497,481 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-д олгосугай” гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-ээс 16,497,481 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-д олгож, хохирогчийн нэхэмжлэлээс 1,602,820 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, Г.Т-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон, Г.Т нь 36 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, түүнийг нэн даруй суллаж шийдвэрлэсэн байна.

Шүүгч Д.Ганзоригийн шүүхийн шийдвэр болон хяналтын журмаар гаргасан гомдлын талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ш.Эрдэнэбилэгийн хууль зүйн дүгнэлт, өмгөөлөгч Ц.Дарьжав, Ч.Өнөржаргал нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Т хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Би өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэм буруугаа ухамсарлаж байгаа. Гэхдээ давж заалдах шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлийн 308.2 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаж үзсэн бол дан ганц миний үйлдлээс гадна гарцан дээр зогсож Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.5 дахь заалтыг зөрчсөн Тоёота Приус загварын 35 23 УБЦ улсын дугаартай автомашины жолооч Б.Э бас Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай. Энэ нь 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 96 дугаартай шинжээчийн “... Б.Э нь Замын хөдөлгөөний дүрмийн 11.5.а заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлтээр тогтоогдоно. Гэтэл прокурор дан ганц миний Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдлийг гэмт хэрэг гээд, адилхан дүрэм зөрчсөн Б.Э-ын үйлдлийг захиргааны зөрчил гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байна. Б.Э нь гарцан дээр зогсож явган зорчигчийг машиндаа суулгаж байсан нь энэ хэргийн хохирогч Т.Э-т гэм хор учруулахад илүү их нөлөөлсөн гэж үзэхээр байгаа. Энэ байдлыг анхааралгүй Б.Э-ыг захиргааны зөрчил үйлдсэн гээд, намайг гэмт хэрэг үйлдсэн болгож байгаа нь шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг зөрчиж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Мөн шинжээчийн 96 дугаартай дүгнэлт нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 33 дугаар зүйлд заасан “шүүгдэгчийн гэм бурууг тогтоох” шүүхийн бүрэн эрхэд халдсан дүгнэлт болсон төдийгүй Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 14 дүгээр зүйлд заасан “Хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх” зарчмыг зөрчсөн. Хэрэгт холбогдогчийн хийсэн үйлдэл, учирсан хор уршиг хоёрын хоорондын шалтгаант холбооны талаарх асуултад шинжээч дүгнэлт гаргах хууль зүйн үндэслэлгүй. Энэ нь хэргийг нэг талыг барьж мөрдөн байцаалт явуулах гол үндэслэл болсон. Намайг ганцааранг нь гэм буруутайд тооцож, хохирогчид учирсан гэм хорын хохирлыг бүрэн хариуцан төлүүлэх үр дагаврыг үүсгэж байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, Б.Э бидний гэм буруугийн асуудлыг зөв шийдвэрлэж, хохирогчид учирсан хохирлын талаарх нэхэмжлэлийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Г.Т-ийн өмгөөлөгч Ц.Дарьжав хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “…Шүүгдэгч Г.Т нь өөрийн гэм буруугийн асуудлыг хүлээн зөвшөөрч холбогдох зарим хохирлыг нөхөн төлсөн бөгөөд зарим хохирлыг нөхөн төлнө гэдгээ илэрхийлсэн. Шүүгдэгчийн гомдож байгаа гол үндэслэл нь Б.Э гэдэг жолооч мөн адил Замын хөдөлгөөний дүрмийн тодорхой заалтуудыг зөрчсөн байхад шинжээч энэ нь илүү шалтгаантай гэх мэтээр дүгнэлт гаргаж байгаа нь шударга бус гэж үзэж байгаа. Мөн хохирол төлбөрийг гэм буруутай хоёр жолооч хоёулаа гаргах ёстой байтал Б.Э-ыг эрүүгийн болон иргэний хариуцлагаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд шүүгдэгч Г.Т-ийн гаргасан иргэний нэхэмжлэлтэй холбоотой гомдлыг дэмжиж байна” гэв.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Анхан шатны шүүхээс нийт нэхэмжилсэн 21,100,301 төгрөгөөс 602,820 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон байхад давж заалдах шатны шүүх дахин өмгөөллийн үйлчилгээний хөлсөнд төлсөн 1,000,000 төгрөгийг хасаж 16,497,481 төгрөг Г.Т-ээс гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Миний охин хохироогүй байсан бол өмгөөлөгчтэй эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулах ямар ч шаардлага бидэнд байгаагүй. Хууль зүйн туслалцаа авахдаа төлсөн үйлчилгээний хөлсийг гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос хасаж тооцож байгааг хууль буруу хэрэглэн иргэний нэхэмжлэлд холбогдох хэсгийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсгийг Иргэний хуулийн дагуу шийдвэрлэх ёстой. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг үндэслэн эрх зүйн туслалцаа үзүүлэхэд төлсөн 1,000,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж өгнө үү. Шүүгдэгч Г.Т-ийн зүгээс одоог хүртэл хохирлыг төлөх арга хэмжээ авахгүй байгаад туйлын гомдолтой байна” гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Ч.Өнөржаргал хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Анхан болон давж заалдах шатны шүүх гэм буруугийн асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэсэн гэж үзэж байна. Харин гэмт хэргийн улмаас учирсан иргэний нэхэмжлэлийн асуудалтай холбогдуулж гомдол гаргасан байгаа. Давж заалдах шатны шүүх магадлалдаа Иргэний хуулийн 501, 497 дугаар зүйлүүдийг үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан бөгөөд үндэслэлдээ өмгөөлөгчтэй харилцан тохиролцсон гэдэг зүйлийг тусгасан байсан. Иргэний хуулийн 501 дүгээр зүйлд хохирогчид учирсан зардлыг зайлшгүй төлүүлэх ёстой гэж заасан байдаг. Хохирогч нь хуульд заасны дагуу эрх зүйн туслалцаа авах эрхээ эдэлсэн бөгөөд хэрвээ гэмт хэргийн хохирогч болоогүй бол өмгөөлөгч авах шаардлагагүй байсан. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг харвал иргэн хүн заавал хууль, эрх зүйн мэдлэгтэй байх ёстой юм шиг шаардлагыг тавьж байна. Гэтэл хохирогч нь хууль, эрх зүйн ямар нэгэн мэдлэггүй учраас зайлшгүй шаардлагаар өмгөөлөгч авсан бөгөөд энэ нь хохирогчид учирсан зардал мөн гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж өмгөөлөгчийн хөлсийг шүүгдэгчээс гаргуулж өгнө үү” гэв.

Прокурор Ш.Эрдэнэбилэг хяналтын шатны шүүх хуралдаанд: “...Хэрэг бүртгэлтийн шатанд шүүгдэгчийн үйлдсэн хэргийг хангалттай бүрэн шалгаж тогтоосон бөгөөд шүүхээс шүүгдэгчийн гэм бурууд тохирсон ял шийтгэл оногдуулсан. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирлын асуудлыг зөв шийдвэрлэсэн гэж үзэж байна. 2015 оны Эрүүгийн хуульд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн заалт байхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэсэн хууль зүйн дүгнэлт гаргав.

Шүүгдэгч Г.Т нь 2016 оны 11 дүгээр сарын 13-ны орой 19 цагийн үед Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 50 дугаар сургуулийн баруун талын замд “Тоёота Марк-2” загварын 61 91 УНИ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17 дахь хэсэгт заасан “Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй”, мөн дүрмийн 7.18 дахь хэсэгт заасан “Уулзвар, гарц дээр буюу энэ дүрмийн 7.16 дахь хэсэгт заасан буцаж эргэхийг хориглосон бүх газарт ухрах үйлдлийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчин ухрах үйлдэл хийж, явган зорчигч Т.Э-ийг суулгахаар зогссон байсан Б.Э-ын жолоодон явсан “Тоёота Приус” загварын 35 23 УБЦ улсын дугаартай автомашиныг мөргөж, уг автомашины хаалгыг онгойлгох гэж байсан Т.Э-ийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Г.Т-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн Г.Т-ийн үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, хууль зүйн дүгнэлт хийхдээ 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг зөв тайлбарлан хэрэглэж, түүнд хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан, улмаар давж заалдах шатны шүүх гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан буюу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь заалтад зааснаар Г.Т-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.

2002 оны Эрүүгийн хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа хөнгөн гэмт хэргийн хувьд 6 сар байсан бол шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд зааснаар дээрх хугацаа 1 жил болж ихэссэн байх тул шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад заасан зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Засгийн газар батлахаар хуульчилсан байх бөгөөд хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч өөрийн хүсэл зоригоо илэрхийлж, хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өмгөөлөгч сонгон авч, хууль зүйн туслалцаа авахдаа талуудын чөлөөт байдал, тэгш эрхийн зарчмын үндсэн дээр төлбөртэй хийгдсэн хэлцлийн төлбөрийг энэ гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол гэж үзэхгүй бөгөөд энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг зөв гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Г.Т, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б нарын гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, харин давж заалдах шатны шүүх магадлалын тогтоох хэсэгтээ “...Г.Т-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгон” гэж түүнд холбогдох хэргийн зүйл, ангийг буруу бичиж техникийн шинжтэй алдаа гаргасныг залруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 152 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 395 дугаар магадлалын тогтоох хэсэгт “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь заалтад зааснаар Г.Т-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх заалтад зааснаар Г.Т-ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Т, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

                           ДАРГАЛАГЧ

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Т.УРАНЦЭЦЭГ

                           ШҮҮГЧ                                                                 Б.БАТЦЭРЭН

                                                                                                       Д.ГАНЗОРИГ

                                                                                                       Ч.ХОСБАЯР

                                                                                                       Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН