Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 46

 

Чингэлтэй дүүргийн шүүхийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Р.Энх-Оюун,

шүүгдэгч Б.Амаржаргал, түүний өмгөөлөгч Ц.Тунгалаг /¹0321/,

насанд хүрээгүй шүүгдэгч А.Галдан, түүний өмгөөлөгч Б.Батбаяр /¹1886/,

шүүгдэгч А.Баасанноров, түүний өмгөөлөгч Г.Баярмаа /¹1814/,

насанд хүрээгүй шүүгдэгч А.Галдангийн хууль ёсны төлөөлөгч Д.Отгонхишиг,

гэрч Ч.Одгэрэл,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Номинчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бичээч овогт Амгалангийн Галдан, Алаг-адуу овогт Алтанхуягийн Баасанноров, Боржигон овогт Бат-Эрдэнийн Амаржаргал нарт холбогдох 201625031562 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1999 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, аав, ээж, эгч, дүүгийн хамт, Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Зүрх-Уулын 4-6226 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Бичээч овогт Амгалангийн Галдан /РД-М399031810/

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1997 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, комьпютер тоног төхөөрөмжийн үйлчилгээний ажилтан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, эгч, ах нарын хамт, Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Баянхайрханы 4-35 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Алаг-адуу овогт Алтанхуягийн Баасанноров /РД-РП97041119/

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1998 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Өлзийт суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Их засаг олон улсын их сургуулийн Олон улсын эрх зүйн 131 бүлгийн 1 курсын оюутан, ам бүл 5, аав, ээж, эгч, дүүгийн хамт, Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо зуслангийн 7-1-12 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Бат-Эрдэнийн Амаржаргал /РД-ВП98101512/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/: Яллагдагч Б.Амаржаргал, А.Галдан, А.Баасанноров нар нь бүлэглэн 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Дуки" дэлгүүрийн орчимд үл ялих зүйлээр шалтаглан, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, иргэн М.Мөнхбатыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй шүүгдэгч А.Галдан мэдүүлэхдээ: 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 09 цагт манай дүү Маанжиг намайг сэрээгээд гадаа хүмүүс зодолдоод байна гэсэн. Би тоохгүй хамаагүй гээд гараагүй. Өдөр 12 цагт Батсүх мотоцикл унаж манайд ирсэн. Тэгэхэд Амаржаргал, Мөнхбат нараас дагаад алхаж байсан. Батсүх, Амаржаргалыг аваад ир, Мөнхбат зодох гээд дагуулаад явчихлаа гэсэн. Би Амаржаргалын араас очиход Амаржаргал, Мөнхбат нар зам дээр барилцаад зогсож байсан. Би Амаржаргалыг салгаад авч явж байхад Мөнхбатын эхнэр гэх нэг эмэгтэй араас ирээд өшиглөөд сүү цацаад яагаад манай нөхрийг зодож байгаа юм бэ гэж хэлж байсан гэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Баасанноров мэдүүлэхдээ: 2016 оны 7 дугаар сарын 21-ний өглөө би Батсүхийнд Чингис бид нар байсан. Гэрэлзаяа Батсүх рүү залгахад бид очсон. Гэрэлзаяагийнд очиход үл таних ах, эгч хоёртой Батсүх нилээд хэрэлдэж байгаад явсан. Үдээс хойш Амаржаргал ирсэн. Гэтэл Галдангийн дүү орж ирээд нөгөө ах чинь байна гэсэн. Хэсэг хугацааны дараа Батсүх, Амаржаргал нар мотоцикл унаад явсан. Бид нар зам дээр суугаад үлдсэн. Удалгүй нэг танихгүй ах газар зам дээр хэвтсэн байсан. Би юу болсон бэ гэхэд. Нөгөө ах намайг заамдаж аваад ялтан минь танайхан бүгд ялтан биз дээ. Манайхан бөө би чамайг хараалгана гэж хэлсэн. Тэр үед Батсүх намайг салгахад Мөнхбат над руу нулимсан. Би эргэж хараад нүүрээ арчихад нэг эмэгтэй Галдан руу сүү цацаж байсан. Удалгүй цагдаа ирээд бид дөрөв цагдаагийн машинд суугаад явсан гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Амаржаргал мэдүүлэхдээ: 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр би 15 цаг өнгөрч байхад усанд явах гээд гэрээсээ гарсан. Худаг руу очоод Батсүхийн гэр рүү харахад гэрийнх нь гадаа манай найзууд нэг мотоцикл хараад тойроод зогсож байсан. Би сонирхоод тэдэн дээр очсон. Тэгэхэд Чингисээс мотоцикл худалдаж авсан гэсэн. Гэтэл Галдангийн дүү нөгөө хүн чинь явж байна гэсэн. Тэгэхэд Батсүх мотоциклоо асаагаад гарахад би худаг руу дөхөөд бууя гээд хамт явсан. Замд хохирогч Мөнхбат тааралдсан. Батсүх Мөнхбатыг ямар муухай харцтай юм бэ гэсэн. Би Мөнхбатыг та настай намбатай хүн байж хүнтэй аятайхан харьцаач гэж хэлсэн. Гэтэл Батсүх намайг мотоциклоос бууж бай би урагшаа явж мотоциклоо эргүүлээд ирнэ гэсэн. Тэгтэл Батсүх намайг чи нааш ир гээд намайг дуудсан. Намайг эргээд явах гэхэд Мөнхбат дахин дуудаад байхаар нь юм асуух гаж байгаан болов уу гэж бодоод очсон. Гэтэл Батсүх нэг хүний нэр хэлээд дуудаад байсан. Тэгснээ намайг чонын толгойтой мөнгөн бөгжөөр цохисон. Би Мөнхбатыг эргүүлээд түлэхсэн. Мөнхбат газар суугаад босч ирэхдээ чулуу барьсан байсан. Би чулууг нь тавиулах гэж ноцолдож байсан. Гэтэл Галдан ирээд намайг салгаад авч явсан. Хохирогчийн эхнэр Цэнджав ирсэн. Дээрээс Баасанноров, Гэрэлзаяа ирсэн. Дараа нь Батсүх ирсэн гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Мөнхбат мэдүүлэхдээ: 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр эхнэр бид хоёр явж байгаад Гэрэлзаяа гэдэг охины гэрийн нохойноос болж маргаан үүссэн. Манай бага насны 4 хүүхэдтэй. Гэрэлзаяагийн гэрийн хажуугаар байнга явдаг. Гэтэл тэдний нохой дандаа хүүхэд урах гэдэг. Гэтэл Гэрэлзаяа энэ залуучуудыг дуудаж намайг зодуулсан. Эхлээд хашааны булангаас 3 залуу гарч ирээд над руу дайрсан. Тэд намайг яагаад эмэгтэй хүн дээрэлхээд байгаа юм бэ гэсэн. Над руу Амаржаргал эхэлж дайрч цохисон. Би нүүрээ хамгаалаад газар суусан. Би чулуу барьж босч ирээгүй. Зам дээр унасан болохоор ямар ч чулуу байгаагүй. Манай эхнэрийг цагдаа дуудсан гэхэд тэд зугтсан. Би шүүгдэгч нараас нэхэмжлэх зүйл байхгүй. Харин намайг зодсонд нь гомдолтой байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ч.Одгэрэл мэдүүлэхдээ: Сүртэй зодоон болоогүй. Галдан, Баасанноров, Амаржаргал нар байсан. Амаржаргал Мөнхбаттай зууралдсан байсан. Бусад нь тэднийг салгаад явж байсан. Нохойгоо сул тавьсан асуудлаас болж маргаан жилийн өмнө ийм асуудал болж байсан. Хохирогч угаасаа дандаа чулуу барьж авдаг. Манай нохой хүн урдаггүй, сохор нохой. Өмнө нь хохирогч намайг нохойноос болж зодож байсан.

Хохирогч М.Мөнхбатын мөрдөн байцаалтад өгсөн: "...2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 15 цагийн орчим өөрийн эхнэр Цэнджавын хамт гэрээсээ гараад гудамж уруудаад явж байхад хашаагүй айлын гадна байсан сул нохой нь эхнэр бид 2 луу дайрсан юм. Тэгсэн чинь нохой боргоод дайрахад гэрийн эзэн бололтой эрэгтэй хүн, охины хамт гарч ирээд нохойгоо уяачээ хүн урвал яах юм бэ гэсэн шаардлага тавихад гэрийн эзэн 40 орчим насны эрэгтэй хүн наад хөгшин нохой чинь яах ч үгүй гэх мэтээр хэл амаар доромжилсон, тэгээд маргалдаж байгаад тэндээсээ хэрүүл маргаан хийгээд яах вэ гэж бодоод өөрийнхөө хадам ахын гэрт очих гээд явж байхад нохойны эзний охин нь чамайг хүнээр зодуулж алуулна гээд утсаараа хүн дуудаад 4 залуу ирээд зодох гэж дайраад маргалдаад яах юм бэ гэж бодоод учрыг нь хэлээд салаад бид 2 цаашаа ахындаа очсон юм. Ахынхаа гэрт очоод 1 цаг орчим болоод эхнэр дэлгүүр лүү явахаар нь би түүний араас гарч яваад худгийн хажууд ганцаараа явж байхад, мотоциклтой явж байсан залуугийн хойно сундалж явсан залуу зөрж өнгөрөхдөө миний баруун гуя руу өшиглөсөн, тэр үед би яадаг новш вэ гэж хэлсэн чинь уг 2 залуу бууж ирээд намайг зодох гэхэд би зугтаагаад төв зам руу гүйгээд гарсан юм. Тэр үед манай эхнэр дэлгүүр орчихоод ирж байсан бөгөөд зам дээр ирэнгүүт уг 2 залуу дээр нэмзгдээд 4 залуу тал талаас гарч ирээд мотоциклны хойно явсан залуу болох Амаржаргал нь намайг эхлээд гараараа уруул орчим газар нэг удаа цохихоор нь би нүүрээ дараад доош суух үед, намайг дээрээс толгой руу дэвсэж, нуруу луу өшиглөсөн, газраар чирсэн тал талаас биеийн хэсэгт хөл орж ирээд өшиглөж байгаад манай эхнэр цагдаа дуудна гэсэн чинь уг залуучууд тал тал тийшээ зугтаасан юм. Тэгээд би тэндээ байж байгаад цагдаа түргэн тусламж дуудаж, цэнхэр цамцтай залуу, хамт явсан нэг залуугийн хамт явсан нэг залуугийн хамт цагдаад барьж өгсөн юм. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандаж улмаар шүүх эмнэлэгт үзүүлсэн юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 21-22х/

 

Гэрч П.Цэнджавын мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр би өөрийн нөхөр М.Мөнхбатын хамт гэрээсээ гараад өөрийн ах Мягмарсүрэнгийн гэрт очих гээд гэрээсээ уруудаад явж байхад манай гудамжны доор байх задгай хашаатай айлын нохой нь нөхөр бид 2 луу дайрахаар манай нөхөр уг нохой руу чулуу авч шидсэн юм. Тэр үед гэрийн эзэн нь бололтой ахимаг насны эрэгтэй хүн гарч ирээд нохой руу чулуу шидлээ манай нөхрийг загинах үед нохой чинь дайраад байна наад нохойгоо уяач гэхэд хөгшин нохой хүн урдаггүй юм гэж хэлээд бага зэрэг маргалдах үед тэдний эхнэр нь гарч ирээд өөрийн охиноо дуудаад, манай нөхрийг энэ нөгөө залуу чинь байна, наад хүнээ байлгаж бай гэж хэлээд би уг эмэгтэйгээс нөгөөдөх чинь гэж юу яриад байгаа юм бэ гэж хэлээд охин нь утсаа аваад түрүүлээд доошоо буусан юм. Тэгээд бид 2 ажлаа бодоод доошоо ахынхаа гэрлүү явж байхад гудамжинд 4-5 залуу, жаахан хүүхдүүдийг хамт зогсож байснаа нэг залуу нь чи яадаг гэлээ, манай найз охиныг яасан гэлээ гээд заамдаж авсан, тэр үед нь дахин 2-3 залуу хүрч ирээд заамдаж авах гээд би голоор нь ороод салгаж аваад дээшээ явсан. Тэгээд би тэд нарт та нар яах гээд байгаа нь юун хүмүүс вэ гэж асуухад таньд хамаагүй, та юун хүн юм бэ гэж хэлж байсан юм. Тэгээд би нөхрийн хамт ахындаа очоод байж байгаад 1-2 цаг орчим болоод би дэлгүүр орох гээд яваад дэлгүүрээс зайрмаг, сүү авчихаад гарч ирэхэд араас манай нөхөр төв засмал зам руу гүйгээд гараад ирсэн юм. Тэр үед араас нь явсан үл таних өндөр туранхай нуруутай залуу араас нь өшиглөж унагаасан, унангуут мотоциклтой явж байсан залуугийн хойно нь сууж байсан залуу дээрээс нь ирээд толгой, түрийгүй, өшиглөж зодож байсан, би дэлгүүрээс авсан сүүгээ тэр залуучууд руу болиоч гээд шидэхэд тэр үед нь зам дээр байсан айлын гэрээс нохойны эзний охин үл таних залуу нар гарч ирээд, тэр охин намайг хэл амаар доромжилсон, тэр охины хамт гарч ирсэн залуу манай нөхөр Мөнхбатыг босож ирэхэд тийрээд унагаасан юм. Газарт хэвтэж байхад нь алаад хаячихая гээд чи яадаг гэлээ гээд манай нөхрийг зодсон юм. Тэр үед мотоцикл барьж явсан залуу, уг 3 залуугаас манай нөхрийг салгаж байсан, зодоонд оролцоогүй юм. Тэгээд би цагдаа дуудахад уг залуучууд зугтаасан, тэр хооронд манай нөхрийн толгой өвдөөд байна гээд босож ирсэн, тэгээд нөхрөө замын боржуран дээр суулгаж байгаад түргэн тусламж дуудсан юм. Цагдаад дуудлага өгчихөөд дахин шаардаж байх үед мотоцикл барьж явсан залуу гэрээсээ гарч ирээд, та цагдаа дуудаад байгаа юм уу хэрэггүй шүү дээ наадуулыг чинь цагдаа тоохгүй шүү дээ гэж хэлсэн юм. Тэгээд байж байхад удалгүй цагдаа нар ирэхээр нь би уг залуучуудын гэрийг нь зааж өгөөд мотоциклтой явсан залуу, түүний хойно сундалж явсан залуу 2-ыг цагдаад барьж өгсөн юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 22-23х/

 

Гэрч Н.Мягмарсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “…2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр би гэртээ байж байхад өглөөгүүр манай төрсөн дүү Цэнджав, нөхөр Мөнхбат нар манай гэрт ирсэн юм. Манай гэрт байж байгаад 1-2 цаг орчим болоод хоол цай идчихээд гараад явсан юм. Тэгээд буцаад 2-3 орчим "дуки" дэлгүүрийн гадна Мөнхбат бусдад зодуулж байна 3 хүн байна гээд хүрээд ир гэж утсаар ярьсан юм. Тухайн үед би гэртээ хүнтэй байсан болохоор гарч чадаагүй юм. Тэгээд утсаар ярьсны дараагаар буюу нэг харахад зам дээр хүргэний машин цагдаагийн машин ирсэн байсан бөгөөд түүний дараагаар манай хүргэн ирсэн юм. Манайд ирэхэд хүргэн дүү Мөнхбатын хувцас хунар нь шороотой, уруул ам нь хавдсан, толгой, хөмсөгний орчим шалбарсан шархтай харагдаж байсан юм. Тэгээд манай гэрт ирэхээр нь би цагдаад хандаж шуурхай шийдүүл гэж хэлээд явуулсан юм…” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29х/

 

Гэрч Д.Нармандахын мөрдөн байцаалтад өгсөн: "...2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 112 чиглэлд эрүүгийн офицер ахмад Э.Ганзоригтын хамт үүрэг гүйцэтгэж байхад Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэж байсан согоот 114 чиглэлийн автомашин эвдэрч улмаар өдрийн 12-17 цагийн хооронд тус хорооны нутаг дэвсгэрт ирсэн дуудлага мэдээллийг согоот 10-аас авч байсан юм. 14 цаг өнгөрч Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Дуки дэлгүүрийн орчимд зодуулсан гэх дуудлагаар очиж шалгахад төв засмал зам дээр үл таних 30-35 орчим насны эрэггэй, эмэгтэй 2 хүн сууж байсан. Эхнэр нь манай нөхрийг үл таних 3-4 залуу зодчихоод зугтаачихлаа гээд, хэргийн газар дээр 15-16 насны орчим охин, 19-20 орчим насны залуу бага насны эрэгтэй хүүхдийн хамт байсан юм. Тухайн үед Баасанноров гэх залуу манай найз охиныг хэл амаар доромжлохоор нь бид нар маргалдаж муудалцсан гэж хэлээд байж байсан бөгөөд тухайн зодсон гэх хүүхдүүдийг олж тогтоохоор төв зам дагаад хойш замын баруун талд нэг айлын гадаа очоод, тэндээс нэг залууг нь очиж аваад Бааска гэх залуу, бага насны эрэгтэй хүүхэд, 15-16 орчим насны охин нарыг цагдаагийн хэлтэст жижүүрийн ахлах байцаагчид хүлээлгэн өгсөн... хохирогчийн нүүрний ил харагдах хэсэгт шарх сорви, гэмтэл бэртэл байсан эсэхийг анзаарч хараагүй бөгөөд биеийн далд хэсэгт байгаа гэмтлийг би мэдэхгүй учраас 103 дуудаж үзүүл гэж хэлээд зөвлөгөө өгчихөөд явсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 116х/

 

Насанд хүрээгүй яллагдагч А.Галдангийн мөрдөн байцаалтад өгсөн: Миний найз Амаржаргал нь тухайн өдөр төв засмал зам дээр үл таних эрэгтэй хүнтэй барьцалдаж аваад байж байхад, түүнийг салгах гээд явж очсон юм. Амаржаргал хэргийн хохирогч болох залуу заамдаж аваад газарт унагаасан дараад байж байсан юм. Тухайн үед хэргийн хохирогч биед гэмтэл шарх байсан эсэхийг бианзаарч хараагүй юм. Би очоод Амаржаргал, хэргийн хохирогч нарыг барьцалдаж байсныг салгах гээд байж байхад Батсүх нь 1 минутын дараа  дараа мотоциклоо унаад доороос гараад ирсэн, Харин Баасанноров, Чингисээ, Гэрэлзаяа 3-4 минутын дараа гэрээсээ гарч ирээд байдлыг ажиглаад зогсож байсан юм. Намайг байхад Амаржаргал заамдалцаад барьцалдаж аваад салсан, намайг байж байхад зодоон цохион болоогүй, намайг явсанаас хойш юу болсон эсэхийг би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 80-81х/

 

Яллагдагч Б.Амаржаргалын мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр би гэртээ байж байгаад өдөр тийш ус авах гээд гэрээсээ гарсан юм. Тэр үед худаг руу явж байхад засмал зам дээр Батсүхтэй таараад Чингисээ гэх хүүхдээс мотоцикль худалдан авсан гээд надад хэлж байсан юм. Тэгээд би мотоциклынх нь хойно сууж үзье гээд доошоо уруудаад явсан юм. Тэр үед хэргийн хохирогч залуу Мөнхбат миний өөдөөс ирж байсан бөгөөд өнгөрөх үедээ Батсүх яасан муухай хардаг залуу вэгэж хэлээд хэрэлдэж эхэлсэн юм. Тэр үед би мотоциклоосоо буугаад зогсож байгаад та настай намбатай хүн байж хүнтэй эелдэг харьцаач гэж хэлсэн юм. Батсүх баруун тийш мотоциклоо унаад явсаны дараагаар хэргийн хохирогч надтай хэрүүл маргаан хийгээд тэр нөхөр засмал замруу явж очсон. Тэр үед араас нь очиж хөгшин хүн байж гэртээ харь гэж хэлэхэд, тэр хүн доошоо дэлгүүрийн орчимлуу хараад өөрийн эхнэрээ дуудаад гартаа байсан чонын толгойтоо том бөгжнийхээ товгорыг нь дээш харуулаад надруу гараа далайхаар нь би сандарсандаа түлхээд унагаасан юм. Тэр үед уг хүн төв замын хашлаганд тээглээд хойшоо унасан юм. Тэгээд би эргэж хараад явах гэсэн чинь засмал замын хажуунаас чулуу бариад босоод ирэхээр нь гүйж очоод чулууг нь тавиулах гээд ноцолдож байх үед Галдан гарч ирээд бид 2 дээр ирсэн юм. Галдан хүрч ирээд нөгөө ахын гаран дахь чулууг аваад, намайг дагуулаад дээшээгээ явсан юм. Тэр үед Баасанноров, Батсүх, Гэрэлзаяа, Чингис нар гарч ирээд, нөгөө хохирогч ах түүний эхнэртээ Батсүх, Баасанноров, Гэрэлзаяа хэрэлдээд үлдсэн, нөгөө ах чинь зам дээр хэвтээд "намайг одоо дэвс, ялын чинь үүрүүлнэ гэсэн юм. Эхнэр нь хүрч ирээд Галданг сүүгээрээ цохиод байсан юм.  Тэгээд би өөрийн найз Галдангийн хамт гэрлүүгээ яваад замдаа усаа аваад харьсан юм. Тэр үед Бааска, Батсүх, Гэрэлзаяа зам дээр үлдсэн юм. Тэр өдрийн орой нь манай найзууд цагдаа дээр очсон байсныг Дагваням хошуучаас утсаар сонссон ...” гэх мэдүүлэг /хх-ийн 78х/

 

Яллагдагч А.Баасанноровын мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 7 дугаар сарын 21-ний өглөө гэртээ байж байхад манай гэрийн ойролцоо байх Батсүхийн найз охин Гэрэлзаяа, Батсүх бид хоёрыг гэрт хүрээд ир гээд утсаар ярьсан юм. Тэгээд би гэрт нь Батсүх бид 2 явж очиход  Гэрэлзаяа нь үл таних эрэгтэй, эмэгтэй 2 хүнтэй хэрүүл маргаан хийж байсан юм. Тэгэхээр нь бид 2 очоод юу болсон асуухад урдаас хэл амаараа хэрэлдээд байсан яг юу гэж хэлснийг нь одоо санахгүй байна. Тэгээд нөгөө ах эгч 2 явсан, би мөн ажил найзыгаа дагуулаад явсан юм. Тэр үед Чингисээ, Галдан, Батсүх бид 4 очсон юм. Үүнээс хойш 4-5 цагийн дараа буюу үдээс хойш 15 цагийн  орчимд би өөрийн найз Галдан, Амаржаргал, Батсүх, Чингис, Гэрэлзаяа нарын хамт байж байхад Амаржаргал Галдан 2 гадагшаа мотоцикль унахаар явсан юм. Тэгээд хэсэг хугацаа өнгөрсөний дараа төв зам дээр шуугиан болоод байхаар нь би өөрийн найз Батсүхийн хамт гарч очиход, зам дээр манай найз Амаржаргал, Галдан өглөөний таарсан ах эгч хоёртой хэрэлдэж байсан юм. Тэр үед юу болсон гээд ахаас асуухад газраас босч ирээд намайг заамдаад авсан, Батсүх тэр үед ирээд салгасан, тэгсэн чинь эхнэр нь нөгөө ахыг газар хэвт гээд, хэвтсэний дараа одоо та нар зод дэвс гэх мэтээр хэлж байсан юм. Яалаа гэж ингэх вэ дээ гэж хэлэхэд ялтан минь чамайг шоронд чинь явуулна, манай ах бөө та нарыг бүгдийг чинь хараалгана, гээд над руу нулимсан, тэгээд эхнэр нь цагдаа дуудаж, хэсэг хугацааны дараа цагдаа ирээд Батсүхийн гэрээс бид нар явж очсон юм. Тэр үед Батсүх бид хоёрыг аваад явсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 66-67х/

 

  Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн ¹10232 тоот шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт, дүгнэлтэд: Мөнхбатын биед духанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, хуйханд цус хуралт, баруун дал, зүүн мөр, баруун шуу, цээж, нуруунд цус хуралт, баруун бугалганд зулгаралт, зүүн бугуйд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулд зулгаралт, цус хуралт, няцрал, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх духанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл нь тус тус шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад хуйханд цус хуралт, баруун дал, зүүн мөр, баруун шуу, цээж, нуруунд цус хуралт, баруун бугалганд зулгаралт, зүүн бугуйд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулд зулгаралт, цус хуралт, няцрал, баруун өвдөгт зулгаралт гэмтлүүд нь нийлээд болон тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.” гэжээ /хх-ийн 39х/

 

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 88х, 89х, 90х/ зэрэг болно.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Амаржаргал, А.Баасанноров, насанд хүрээгүй шүүгдэгч А.Галдан нарт холбогдуулан бүлэглэж 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Дуки" дэлгүүрийн орчимд үл ялих зүйлээр шалтаглан, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, иргэн М.Мөнхбатыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлгүүд, шинжлэн судласан хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад тулгуурлан хэргийн үйл баримтад болон хууль зүйн дүгнэлт хийхэд: шүүгдэгч Б.Амаржаргал, А.Баасанноров, насанд хүрээгүй шүүгдэгч А.Галдан нарын эмэгтэй найз болох насанд хүрээгүй гэрч О.Гэрэлзаяа түүний эцэг гэрч Ч.Одгэрэл нартай хохирогч М.Мөнхбат нь “нохойгоо уясангүй, сул чөлөөтэй явууллаа” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас удаа дараа маргалдаж байсан байх ба 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр мөн дээрхи шалтгаанаар хохирогч М.Мөнхбат нь Ч.Одгэрэл, О.Гэрэлзаяа нартай маргалдаж улмаар шүүгдэгч Б.Амаржаргал, А.Баасанноров, насанд хүрээгүй шүүгдэгч А.Галдан нар нь найз О.Гэрэлзаяагаа өмөөрч хохирогчтой маргалдахад хохирогчийн “…Чи яах гээд байгаан үзэх гээд байгаа юмуу, … зүгээр байгаарай гөлөгнүүдээ” /хх-ийн 35х насанд хүрээгүй гэрч О.Гэрэлзаяагийн мэдүүлгээс/ гэх зүй бус харьцааны улмаас шүүгдэгч нар нь бүлэглэн хохирогч М.Мөнхбатыг зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Б.Амаржаргал, А.Баасанноров, насанд хүрээгүй шүүгдэгч А.Галдан нарт холбогдуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Б.Амаржаргал, А.Баасанноров, насанд хүрээгүй шүүгдэгч А.Галдан нар нь бүлэглэн 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Дуки" дэлгүүрийн орчимд хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн М.Мөнхбатыг зодож бие махбодид нь духанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, хуйханд цус хуралт, баруун дал, зүүн мөр, баруун шуу, цээж, нуруунд цус хуралт, баруун бугалганд зулгаралт, зүүн бугуйд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулд зулгаралт, цус хуралт, няцрал, баруун өвдөгт зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад /хх-ийн 66-67х, 78х, 80-81х/ өгсөн мэдүүлгүүд, хохирогч М.Мөнхбатын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад /хх-ийн 21-22х/ өгсөн мэдүүлэг, гэрч П.Цэнджав /хх-ийн 22-23х/, Н.Мягмарсүрэн /хх-ийн 28-29х/, Д.Нармандах /хх-ийн 116х/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн ¹10232 тоот шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт, дүгнэлт /хх-ийн 39х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч Б.Амаржаргал, А.Баасанноров, насанд хүрээгүй шүүгдэгч А.Галдан нарыг бүлэглэн хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч М.Мөнхбатыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хохирогч М.Мөнхбат шүүхийн хэлэлцүүлэгт: “Одоо миний биеийн байдал зүгээр, ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй, нэхэмжлэх зүйлгүй, гомдолтой байна.” гэж байх тул шүүгдэгч нарыг энэ гэмт хэргийг үйлдэж бусдад учруулсан гэм хорын хохирол төлөх төлбөргүй гэж үзэв.

 

шүүгдэгч Б.Амаржаргал, А.Баасанноров, насанд хүрээгүй шүүгдэгч А.Галдан нарт ял шийтгэл оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй байдал, Б.Амаржаргал, А.Галдан нар нь гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрээгүй байсан зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохиролын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг нь харгалзан тэдгээрт тохирох ял шийтгэлийг оногдуулав.

           

Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 246 дугаар зүйлий 246.2, 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299 дүгээр зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Чингэлтэй дүүргийн прокурорын газраас А.Галдан, А.Баасанноров, Б.Амаржаргал нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, тэдгээрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2.Шүүгдэгч Бичээч овогт Амгалангийн Галдан, Алаг-адуу овогт Алтанхуягийн Баасанноров, Боржигон овогт Бат-Эрдэнийн Амаржаргал нарыг бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар А.Галданд 300 /гурван зуу/ цаг, Б.Амаржаргалд 300 /гурван зуу/ цаг, А.Баасанноровт 300 /гурван зуу/ цаг албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар А.Галдан, Б.Амаржаргал, А.Баасанноров нарыг албадан ажил хийлгэх ялаас санаатайгаар зайлсхийвэл баривчлах ялаар сольсугай.

5.А.Галдан, Б.Амаржаргал, А.Баасанноров нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдсугай.

6.Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж А.Галдан, Б.Амаржаргал, А.Баасанноров нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.БАТГЭРЭЛ