Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 142/шш2017/01102

 

 

 

 

 

 

 

2017 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 142/ШШ2017/01102

Орхон аймаг

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийж,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг .......... тоотод оршин суух Г.Э-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт .............. тоотод оршин суух Ш.М-д холбогдох

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг ................... тоотод оршин суух Б.С,

“Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн дундын эд хөрөнгө болохыг тогтоолгох, түүнээс оногдох хэсгээ гаргуулах, гуравдагч этгээдийн бие даасан шаардлага бүхий” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг, хариуцагч Ш.М, хариуцагчийн өмгөөлөгч М.Энхтуяа, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.С-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.А, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгч О.Сарантуул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Г.Э нь 2008 онд Ш.Мтэй танилцаж хамт амьдрах болсон бөгөөд бидний дундаас 2009 онд охин М.Хүслэн, 2013 онд М.Цовоо нар төрсөн бөгөөд бид өдийг хүртэл тасралтгүй хамт амьдарч байна. Бид гэрлэлтээ 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр бүртгүүлсэн. 2011 оноос эхлэн Ш.Мгийн ааш зан эвдэрч хий, хоосон хардаж сэрдэж, согтууруулах ундаа хэрэглэх нь ихсэж янз бүрийн байдлаар байнга дарамтлах болсон. Охин М.Хүслэнг 2011 онд согтуу гэртээ ирж машиндаа оруулж ална гэж охины хоолойг боож ухаан алдуулсан бөгөөд би болон миний аав ээж хоёр нийлж арай гэж охиныг салгаж авч байсан. Үүнээс хойш намайг байнга хий хоосон хардаж, сэрдэж хэрүүл үүсгэж зоддог болсон, би энэ явдлыг хоёр охиноо бодоод тэсэж тэвчиж явсаар өнөөдрийг хүрээд байна. 2016 оны 10 сарын 15-ны өдөр үл ялиг зүйлээр шалтаглаж Ш.М нь намайг зодсон ба миний хамрын яс хугарч, толгой гэмтэж арай гэж зугтаж амьд гарсан. Уг асуудлаар Орхон аймгийн цагдаагийн газарт гэмт хэргийн талаар гомдол гаргасан бөгөөд шинжээч эмчийн дүгнэлтээр тархи доргилт, хамрын ясны хугарал нүүрэнд зөөлөн эдийн няцрал үүсч  уг гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэл болохыг тогтоож Эрүүгийн хуулийн 99.1 дэхь хэсэгт зааснаар, Эрүүгийн 201614000547 дугаартай хэрэг үүсгэж шалгаж байсан. Ш.Мд зодуулснаас болж хамрын яс хугарсны улмаас Улсын төв нэгдүгээр эмнэлэг дээр 3 төрлийн хамрын хагалгаанд орж эмчлүүлж байсан.  Гэтэл 2017 оны 03 сарын 30-ны өдрийн орой согтуу ирж намайг мөн л зодсон ба цагдаагийн газарт дуудлага өгч түүний үйлдлийг зогсоолгосон ба Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 03 сарын 31-ний өдрийн 111 дугаартай шийтгэвэрээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн тул 14 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл хүлээсэн юм. Энэ бүх дарамт шахалт байнгын зодуурыг миний охид байнга нүдээрээ хардаг бөгөөд охин М.Хүслэн сүүлийн үед сурлага нь эрс муудаж хүн чанга дуугарахад айж ширээн доогуур орж суудаг болсон. Дээрх байдал нь охидын сурлага, хүмүүжилд сөргөөр нөлөөлөхөөс гадна миний амь нас, эрүүл мэндэд заналхийлэл бий болгож байна. Одоогоор Ш.М нь Орхон аймгийн цагдаагийн газрын баривчлах байранд баривчлах шийтгэлтэй байгаа ба гарч ирээд намайг зодож дарамтлахаас үнэхээр айдастай байна. Бидний гэр бүл болж хамт амьдарсан 9 жилийн хугацаанд Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Овоот 11-21 тоот хаягт байрлах газар болон 11x10 харьцаатай  байшин, Япон улсад үйлдвэрлэсэн “pоropoks” маркийн 7022 ОРО улсын дугаартай суудлын автомашин гэх мэт хөрөнгүүд бий болсон. Энэхүү хөрөнгүүдийг бий болоход миний бие өөрийн хөдөлмөрөөр оролцохоос гадна Ш.Мгийн хоёр охиныг төрүүлж өсгөж, гэр ахуйн ажил гэх мэтийг хийж байсан. Иймд 6101000476 дугаартай Ш.М, Г.Э бидний гэрлэлтийг цуцалж, охин  М.Хүслэн, М.Цовоо нарыг миний асрамжинд үлдээж, Ш.Мгээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж, Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Овоот 11-21 тоот хаягт байрлах газар болон 11x10 харьцаатай  байшин, Япон улсад үйлдвэрлэсэн pоropoks маркийн 7022 ОРО улсын дугаартай суудлын автомашин зэргийг гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө мөн болохыг тогтоож, өөрт болон охин М.Хүслэн, М.Цовоо нарт оногдох хэсгийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Г.Э нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: “Ш.Мгээс гаргуулан авах эд хөрөнгийн тухайд: Гэрийн тавилга, эд хогшил /Эрдэнэт хивс ХХК-д үйлдвэрлэсэн, хооронд нь залгаж иж бүрдэл болгосон 7*8 харьцаатай 2 ширхэг, 2*1 харьцаатай 1 ширхэг, хүүхдийн өрөөний хивс-2 ширхэг, нийт 5 ширхэг хивс, Бест буйдан дэлгүүрээс авсан 1 200 000 төгрөгний үнэтэй гурван хэсгээс бүрддэг иж бүрдэл буйдан-1 ширхэг, 2013 онд 700 000 төгрөгөөр худалдан авч байсан 2 хүний ор-1 ширхэг, 300.000 төгрөгөөр худалдан авч байсан гоо сайхны иж бүрдэл тавилга-1 ширхэг, 3 000 000 төгрөгөөр 2016 онд худалдан авсан "Сони" маркын 55 инчийн лед телевизор-1 ширхэг, БСБ-гээс 2016 онд 750 000 төгрөгөөр худалдаж авсан бэлэн мөнгөний сэйф-1 ширхэг, БСБ-гээс 2015 онд 999 000 төгрөгөөр худалдаж авсан "индэсэт" фирмийн 4 ширэмжтэй плитка-1 ширхэг, мөн БСБ-гээс 170 000 төгрөгөөр худалдан авсан "идесет" фирмийн хиншүү сорогч-1 ширхэг, Номингоос 2015 онд 500 000 төгрөгөөр худалдан авсан Никон фирмийн Л830 маркын дижитал камер-1 ширхэг, Гал тогооны тек, гал тогооны 8 сандал, 2 ширхэг модон ширээ, Эко элч ХХК-иас 2015 онд 395 000 төгрөгөөр худалдаж авсан усан тень-1 ширхэг, БСБ-гээс 2011 онд худалдаж авсан самсунг маркын тоос сорогч-150 000 төгрөгөөр авсан, 2013 онд 185 000 төгрөгөөр худалдан авсан DDSH кабелын телевизийн антенн-1 ширхэг, Писи молл ХХК-иас 2011 онд авсан пэйч-1 ширхэг зэрэг, 4 ханатай, давхаргатай Монгол гэр /2011 онд Өмнөговь аймгийн Ханбогд суманд гэр бүлээрээ амьдрахаар 850.000 төгрөгөөр худалдан авч байсан/. Охин М.Хүслэнгийн хэрэглэдэг эд зүйл /том унадаг дугуй, скүүтэр, бусад тоглоом/, миний хуваарьт хөрөнгө болох 585-ийн сорьцтой Оросын хуучны монетон ээмэг 1 ширхэгийг тус тус гаргуулан авахаар нэхэмжлэлийн нэмэгдүүлж байна.

Хамтран өмчлөх дундын хөрөнгүүдээс өөрт болон охин М.Хүслэн, М.Цовоо нарт оногдох хэсгээ гаргуулах хөрөнгийн тухайд: Бидний хамтран амьдрах хугацаанд буюу 2016 оны 6 дугаар сард Булган аймгийн Сэлэнгэ сумын малчдаас худалдан авсан Ингэтийн улаан халзан үүлдэрийн 16 үхрийг бидний дундын өмчлөлийн хөрөнгө болохыг тогтоолгож, охин М.Хүслэн, охин М.Цовоо болон өөрт оногдох хэсгээ гаргуулан авах, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн овоотын 11-21 тоотод байрлах хашаа /урд хэсгээрээ блокоор барьсан, 3 тал банзаар барьсан хашаанаас өөрт болон охидод оногдох хэсгээ гаргуулах, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн овоотын 11-21 тоотод байрлах 1 машины багтаамжтай, блокоор барьсан автомашины гражаас өөрт болон охин М.Хүслэн, охин М.Цовоо нарт оногдох хэсгээ гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэл: Гэрийн тавилгын тухайд миний бие охидуудаа өөрөө асрах ба орон сууцыг Ш.Мд үлдээж байгаа тул бүх тавилгаа охидын хамт өөрөө авах хүсэлтэй байна. Миний бие 2008 оноос Ш.Мтэй гэр бүл болж хамтран амьдарч, үр хүүхдийг нь төрүүлж, түүнийг нийтийн тээвэрт болон өөр орон нутагт ажиллаж байх үед нь үр хүүхдээ асарч, өсгөн хүмүүжүүлж ирсэн тул гэрийн тавилга зэргийг өөртөө болон хүүхдүүддээ зориулж авах хүсэлтэй байна. Гэрийн тавилга эд хогшлоос Ш.Мд түүний аав Шаравдоржийн бэлэглэсэн гэх хөргөгчийг нэхэмжлэхгүй байгаа болно. 4 ханатай монгол гэрийн тухайд бид 2012 онд “Оюутолгой” ХХК-д ажилд ороод гэр бүлээрээ очиж амьдрах болсон. Ингэхдээ бид дээрх 4 ханатай монгол гэрийг худалдаж авсан бөгөөд одоо Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт багийн овоотын 11-21 тоотод зуны жижиг байшиндаа хурааж хадгалж байгаа болно. Уг гэр нь бидний хамтран амьдрах хугацаанд бий болсон эд хөрөнгө бөгөөд хариуцагч Ш.М нь үүнийг надад биш юмаа гэхэд 2 охиндоо өгнө гэж найдаж байгаа тул түүнээс гаргуулан авахаар нэхэмжилж байна. Охин М.Хүслэнгийн хэрэглэдэг эд зүйл том унадаг дугуй, скүүтэр зэрэг толоомуудыг хүүхэддээ авч өгөх хүсэлтэй байна. Учир нь миний бие хүүхдүүдээ өөрийн асрамжинд авах хүсэлтэй байгаа тул Ш.Мгээс бүрэн бүтнээр нь гаргуулан авахаар нэхэмжилж байгаа болно. Миний ээж П.Мөнхбаяр нь намайг 5-р ангид суралцаж байхад хуучны ОХУ-д үйлдвэрлэсэн 385-ийн сорьцтой өөрийнхөө монетан ээмгийг бэлэглэж байсан бөгөөд түүнээс хойш миний бие уг ээмгийг байнга хэрэглэдэг. Харин Ш.М нь надад ээмэг, бөгж огт авч өгч байгаагүй. Тэгсэн атлаа 2016 оны хавар гэртээ архи ууж ирээд агсам тавьж, охин М.Цовоогийн өрөөнд миний чих рүү цохисон. Тэгээд дараа нь ээмгээ үзэхэд унасан байхаар нь хайгаад олоогүй. Ш.Мд эрүүл болсон хойно нь хэлсэн боловч, одоог хүртэл ээмэг авч өгнө гэж худал хэлсээр өдийг хүрсэн. Иймээс тус ээмгийг авахуулахаар нэхэмжилж байна. Бидний хамтран амьдрах хугацаанд буюу 2016 оны 6 дугаар сард Булган аймгийн Сэлэнгэ сумын малчдаас худалдан авсан Ингэтийн улаан халзан үүлдэрийн 16 үхрээс охин М.Хүслэн, охин М.Цовоо нарт болон өөрт оногдох эсгээ гаргуулахаар нэхэмжилж байна. Учир нь эдгээр үхрийн үнийг худалдан авах үед нь манай нөхөр Ш.М төлсөн бөгөөд 2016 оны 06 сараас хойш миний бие Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багт байрлах өөрийн өмчлөлийн хашаандаа 4 ханатай монгол гэрээ барьж миний бие 2016 оны 7 сар хүртэл маллаад, 2016 оны 07 сараас эхлэн манай аав Гал-Эрдэнэ, ээж Мөнхбаяр нараар Булган аймгийн Хутаг-Өндөр суманд маллуулж байгаад 2016 оны 10 дугаар сарын 25-нд Мягмарсүрэн намайг зодож хөнгөн гэмтэл учруулсны дараа 11 сард очиж аав, ээжээс маань хэлэлгүйгээр, хэрүүл хийсээр байж машинд ачаад авсан байдаг. Бидний хувьд энэхүү хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө тул өөртөө болон охин М.Хүслэн, М.Цовоо нарт оногдох хэсгээ гаргуулан авах хүсэлтэй байна. Харин тухайн үед 2 үхэр авч явж чадаагүй үлдсэн бөгөөд тус 2 үхэр нь өвлийн зудыг даалгүй үхсэн байсан. Одоо үхрийн тоо, насаар нь үзвэл Ингэтийн улаан халзан үүлдэрийн бяруу-6 ширхэг, Ингэтийн улаан халзан үүлдэрийн охин шүдлэн-1 ширхэг, Ингэтийн улаан халзан үүлдэрийн эр шүдлэн- 1 ширхэг, Ингэтийн улаан халзан үнээ-3 ширхэг, буган халиун үүлдэрийн сүүний чиглэлийн үнээ-1 ширхэг, цэвэр монгол үнээ 4 ширхэг нийт одоо байгаа 16 үхэрээс бидэнд оногдох хэсгийг Ш.Мгээс гаргуулж өгнө үү. Одоо үнээнүүдийн ихэнх нь тугалсан байгаа бөгөөд миний бие тугалыг нэхэмжлэхгүй. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн овоотын 11-21 тоотод 2009 оны зун Ш.М бид 2 өөрсдийн мөнгөөр банз, дай мод, шонгийн мод худалдан авч 4 тал хашааг өөрсдөө барьсан бөгөөд миний бие жирэмсэн байсан ч өөрөө нөхөртэйгээ хамт, туслалцаж барьсан. Тухайн үед тус хашааны эргэн тойронд айлууд огт буугаагүй, хашаа бариагүй байхад бид 2 уг хашааг барьсан. Ийнхүү барьж байх үед уг газрын Ш.Мгийн ах Б.Загдсүрэнгийн нэр дээр цаасан хуудас /хашаа барих зөвшөөрөл/ авсан гэж Ш.М хэлж байсан. Тэр ах нь Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг тул энэ газрыг бидэнд өгч байгаа гэж хэлж байсан болохоор уг газарт хашаа байшин барьсан. Сүүлд нь урд талын нүүрийг нь 2015 онд хашааг бат бөх болгох зорилгоор хабитатад байрлах блокны хувийн цехээс бид мөнгийг нь төлж худалдан авч банзыг нь буулган авч блокоор барьсан. Одоо урд хэсгээрээ блоктой 2 хажуу тал нь банзаар барьсан, хойд тал нь нурсан байгаа болно. Иймээс энэ хашаа нь бидний дундын өмч тул миний бие охидын хамт уг хашаанаас оногдох хэсгээ гаргуулан авахаар нэхэмжилж байна. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн овоотын 11-21 тоотод байрлах 1 машины багтаамжтай, блокоор барьсан автомашины гражаас өөрт болон охин М.Хүслэн, охин М.Цовоо нарт оногдох хэсгээ гаргуулахаар нэхэмжилж байна. Учир нь уг гражийг 2016 онд материалыг нь бид өөрсдөө авч өгч барилгын ажил хийдэг Отгоо, Сайнаа гэх эхнэр нөхөр 2-оор хөлсөөр бариулсан. Нөгөө талаас энэхүү граж нь улсын бүртгэлд бүртгүүлээгүй хэдий ч  бидний хамтран амьдрах хугацаанд бий болсон хамтран өмчлөх дундын өмч тул энэхүү гражаас охид болон өөрт оногдох хэсгээ гаргуулан авахаар нэхэмжилж байна. Иймээс нэгдүгээрт, гэрийн тавилга эд хогшил 7*8 харьцаатай 2 ширхэг хивс, 2*1 харьцаатай 1 хивс, хүүхдийн өрөөний хивс-2 ширхэг, иж бүрдэл буйдан-1 ширхэг, 2 хүний ор-1 ширхэг, гоо бүрдэл тавилга-1 ширхэг, "Сони" маркийн 55 инчийн лед телевизор-1 ширхэг, бэлэн мөнгөний сэйф-1 ширхэг, "индэсэт" фирмийн 4 ширэмтэй плитка-1 ширхэг, "идесет" фирмийн хиншүү сорогч-1 ширхэг, Никон фирмийн Л830 маркын дижитал камер-1 ширхэг, гал тогооны тек-1 гал тогооны 8 сандал, 2 ширхэг модон ширээ, усан тень-1 ширхэг, самсунг маркийн тоос 1 ширхэг, DDSН кабелийн телевизийн антенн-1 ширхэг, пэйч-1 ширхэг зэрэг, мөн 4 ханатай, давхаргатай Монгол гэр-1 ширхэг, охин М.Хүслэнгийн хэрэглэдэг эд зүйл /том унадаг дугуй, скүүтэр, тоглоом/, миний хуваарьт хөрөнгө болох 585-ийн сорьцтой Оросын хуучны монетон ээмэг 1 ширхэгийг тус тус хариуцагч Ш.Мгээс гаргуулан авахаар, хоёрдугаарт, бидний хамтран амьдрах хугацаанд буюу 2016 оны 6 дугаар сард Булган аймгийн Сэлэнгэ сумын малчдаас худалдан авсан Ингэтийн улаан халзан үүлдэрийн 16 үхэрийг бидний дундын өмчлөлийн хөрөнгө болохыг тогтоолгож, охин М.Хүслэн, охин М.Цовоо болон өөрт оногдох хэсгийг гаргуулан авах, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн овоотын 11-21 тоотод байрлах хашаа /урд хэсгээрээ блокоор барьсан, 3 тал банзаар барьсан хашаанаас өөрт болон охидод оногдох хэсгээ гаргуулах, 1 машины багтаамжтай блокоор барьсан автомашины гражаас өөрт болон охин М.Хүслэн, охин М.Цовоо нарт оногдох хэсгээ гаргуулахаар тус тус нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна” гэжээ.

Нэхэмжлэгч Г.Э гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад хариу тайлбар гаргахдаа: “Тус шуүхэд хянан хэлэлцэгдэж буй Ш.Мд холбогдох гэрлэлт цуцлуулж хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс оногдох эсгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт нэхэмжлэгчээр оролцож айгаа бөгөөд Б.Сийн шүүхэд гаргасан бие даасан шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Овоотын 11-21 тоот хаягт байрлах хашааг хариуцагч Ш.М бид хоёр цаашид уг хашаанд амьдрах зорилгоор 2009 онд барьсан. Ийнхүү уг хашааг барих үед миний бие жирэмсэн, том гэдэстэй байсан ба нөхөр Мягмарсүрэнгийн хамт хашааны шон ухахаас эхлэн хаалга хийж дуусах хүртэл хамт барьж дуусгасан билээ. 2009 онд Ш.М бид хоёр өөрсдийн гэх орон сууцгүй байсан ба манай аав ээж хоёр болох Ш.Гал-Эрдэнэ, П.Мөнхбаяр нарын өмчлөлийн Орхон аймаг Баян-Өндөр сум, Наран баг 39-р гудамжны-09 тоотод байрлах хашаа байшинд миний аав ээжийн гэрт ам бүл дөрвүүлээ амьдардаг байсан. Өөрийн гэсэн орон сууцтай болох талаар Ш.М бид хоёр ярилцаж Овоотын 11-21 тоотод байрлах өөрсдийн барьсан хашаанд 5x5 харьцаатай жижиг орон сууц барьсан. Орон сууц нь зун амьдрах зориулалттай байсан бөгөөд удалгүй өвөл болж мөн миний бие төрж нялх биетэй байсан тул тухайн орон сууцанд амьдраагүй. Төрснөөс хойш манай аав ээжийн гэрт Ш.М охин бид 3 хэсэг хугацаанд хамт амьдарч байгаад Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаантын 3-17 тоот хаягт байрлах миний аавын эгчийн хүүхэд болох С.Барсболдын байшинд амьдарч эхэлсэн. Өөрсдийн гэх өвлийн орон сууцтай болох зорилгоор 2014 онд Овоотын 11-21 тоотод байрлах хашаандаа өвлийн орон сууц барьж эхэлсэн. Тухайн үед Овоотын 11-21 тоот хашаанд Ш.М хоёр охин бид дөрөв гэр барьж амьдарч эхэлсэн. Ш.М нь Өмнөговь аймгийн Ханбогд суманд ажилладаг /амралтаараа ирж очиж байдаг байсан/, миний бие нялх хүүхэдтэй, хүүхдээ хардаг байсан тул барилгын материал авах, ажил хийж байгаа хүмүүс хоол унд хийх, барилгын ажилд хяналт тавих гэх мэт ажлыг ганцаараа хийх боломжгүй байсан. Ш.Мгийн ээж Б.С нь барилгын ажлын гүйцэтгэлд хяналт тавих, барилгын материалыг таслалгүй бэлэн байлгах зэрэг ажлыг хийж, миний бие хүүхдээ харахын хажуугаар барилгын ажилчдын хоол, цай ундыг хийдэг байсан. Б.С нь Овоотын 11-21 тоот хаягт байрлах 10х8-ын харьцаатай байшинг хүү Амаржаргал, хүүгийн найз Мама, Шаравдорж нар барьж босгосон бөгөөд уг хашаа байшинг эзэмшиж ашигладаг гэсэн нь ор үндэсгүй худал бодит байдлаас тэс өөр зүйл бичсэн байна. 2014 оны зун Мягмарсүрэнгийн дүү болох Амаржаргал түүний найз болох Мама нар тодорхой хэмжээний хөлсөөр тус барилгын ажлыг хийж гүйцэтгэлцсэн нь үнэн, Мягмарсүрэнгийн эцэг болох Шаравдорж уг байшинг барьж босгоогүй. Уг байшингийн дотор заслын ажлыг барилгын ажил хийдэг Отгонбаяр, Сайнаа, Сарантуяа нараар хийлгэсэн. Тус хашаа байшинг газар байхаас нь эхлэн манай гэр бүл амьдрах зорилгоор өөрсдийн хөдөлмөр хүч хөрөнгөө оруулж ашиглаж, эзэмшиж байсан. 2016 оны 06 сарын дундуур хүү Ш.М гэр бүлийн хамт Овоотын 11-21 тоотод амьдарч эхэлсэн гэсэн нь ор үндэслэлгүй худал зүйл бичсэн байна. 2013 онд Ханбогд суманд нөхөр Мягмарсүрэн охин Хүслэн бид 3 амьдарч байгаад би бага охин Цовоог төрүүлэх дөхөж байсан тул Орхон аймагт ирж өөрсдийн дөрвөн ханатай гэрийг Б.Сийн хашаанд барьж тус гэрт Содномцог харин Содномцогийн том гэрт бид 3 хэсэг хугацаанд амьдраад 2014 онд Овоотын 11-21 тоот өөрсдийн хашаанд гэр барьж амьдрах болсон. Улмаар байшин ашиглалтанд орж байшиндаа нүүж орсон ба үүнээс хойш 2016 оны 10 сарын 15-ны өдөр Ш.М намайг зодож гэрээс хөөж явуулах хүртэл Овоотын 11-21 тоот хашаа байшинд амьдарч байсан болно. Миний ээж болох П.Мөнхбаяр нь охиноо танай байшингийн сахиул зарц хийж хөө тотгонд хутгалдуулж байлгаж чадахгүй гэж хэлээгүй. Харин “Мягмарсүрэн ажил хийгээд олон хоногоор Өмнөговь явчихдаг миний охин хоёр охиноо хараад энэ том байшинг өвлийн хүйтэнд халаах сургууль цэцэрлэгт нь хүүхдээ зөөх ажилтай байдаг. Танай хүүхэд ирэхээрээ архи ууж агсан согтуу тавьж гурван хүүхэд айлгаж ичээж байгаад явдаг, миний охин танай хүүгийн чинь зарц биш ийм байдалтай байлгаад байж чадахгүй гэж хэлсэн” нь үнэн. 2016 онд Ш.М бид хоёр үхэртэй болох талаар ярилцаад Ингэтийн 18 үхэр худалдан авсан. Энэхүү 18 үхэрнээс 2 нь хөдөө манай аав, ээжийн малтай хамт байж байгаад үхсэн. Энэхүү 16 үхэр болон Овоотын 11-21 тоотод байрлах 11x10 харьцаатай хашаа байшин, граж зэрэг хөрөнгүүд нь манай гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө мөн тул Б.Сийн шүүхэд гаргасан бие даасан шаардлага үндэслэлгүй байна. Мөнгөний сейф, плитка хоёрыг Ш.Мд өгөхийг зөвшөөрч байна...” гэжээ.

Хариуцагч Ш.М шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Г.Эийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Нэхэмжлэлээс зарим нэг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Мягмарсүрэн би эхнэр Эрдэнэмөнхтэй танилцаж, 2009 онд том охин Хүслэн төрсөн үеэс хамтдаа амьдарч эхэлсэн. Эхнэр маань намайг архи ууж агсан тавьж байнга зодож дарамталдаг гэж бичсэн байна. Миний хувьд эхнэр хүүхдээ байнгын дарамтанд байлгаагүй, харин ч эхнэрийнхээ хэлсэн үгээр л амьдарч ирсэн. Би эхнэртэйгээ танилцах үед микро автобустай дотор шугаманд тээвэр хийдэг байсан, дараа нь УБ-ЭТ хот хоорондын тээвэр үйлчилгээнд Истана микро автобустай зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлж байгаад 2011 оны 7 дугаар сараас эхлэн Оюу-толгой ХХК-ны ил уурхайд белазын опертор, жолоочоор ажилд орж тухайн үед ажлын 28 хоног ажиллаж, 14 хоног амардаг байсан. Энэ үед би эхнэрээ хардаж сэрдэх нь бүү хэл бид хоорондоо хэрүүл маргаан хийдэггүй байсан. Харин ч анхны хүүхэд төрсөн баяр баясгалантай л амьдарч байсан. 2012 онд бид хоёр ярилцаад Өмнөговь аймгийн Ханбогд суманд амьдарч би тэндээ ажиллахаар болсон. Ханбогд суманд хашааны газар худалдан авч УБ хотоос гэр худалдан аваад явж байсан. Гэвч 1 жил гаруй амьдраад эхнэр Эрдэнэмөнх харшилтай болсон мөн эхнэр жирэмсэн болсон учир 2013 оны хавар буцаж ирсэн. Удалгүй бага охин Цовоо төрсөн. Эхнэр Эрдэнэмөнх хамт амьдрах 7 жилийн хугацаанд ажил хөдөлмөр эрхлээгүй хүүхдүүдээ харж гэртээ байдаг байсан би 2015 оноос эхлэн ажилдаа 14 хоног явж 7 хоног ажиллах ээлжинд шилжсэн. Миний ажил маш хүнд 290 тн белаз машин жолоодон 14 хоног өдөр, 14 хоног шөнийн ээлжинд ажилладаг юм. Би ер нь эхнэрээ харддаг хартай хүн биш, ажил дээр утсаар яриулдаггүй учир амрах үеэрээ л гэр рүүгээ утсаар ярьдаг, зарим үед эхнэр утсаа авахгүй байхаар нь дахин дахин залгаж яагаад утсаа авахгүй байгаа юм бэ хүүхдүүд зүгээр биздээ гэж асуухаар чи намайг хардлаа гэж уурладаг үүнээс нь болж хааяа маргалддаг, байнга л хэрүүл маргаантай байдаггүй л байсан юмсан. Гэтэл одоо эхнэр маань байнгын л хэрүүл маргаан хардаж сэрдэх, дарамт шахалтанд байсан мэт бичжээ. Сайн сайхан явсан үе байсан л баймаар юм. Миний хувьд эхнэр авч үр хүүхэдтэй болсон цаг мөчөөс эхлэн мөнгө олж эхнэр хүүхдээ тэжээж амьдралаа дээшлүүлэх гэж зүтгэсэн дээ, ажил хийхгүй гэртээ зүгээр сууж эхнэрээрээ тэжээлгэн дээшээ харж гэдсээ илж хэвтэж байсан удаа ер байгаагүй, эхнэр хүүхдээ мөнгө төгрөгөөр дутаагаагүй. Ажлаасаа бууж ирэхдээ хоол ундыг нь бэлдэж өгөөд охидуудаа дагуулж дэлгүүрээс хувцас авч өгдөг. Би “Оюу толгой”-д ажиллаж сард 3 000 000 төгрөгний цалин авч байсан, өнөөдөр бидэнд хуримтлуулсан мөнгө ч байхгүй л байна. Эхнэр маань намайг хүнд ажил хийж өдөр шөнөгүй ажиллаж яваад ирлээ гэж ер боддоггүй, гэртээ 7 хоног амрах хугацаандаа эхнэрээрээ хоол хийлгүүлэн гэртээ тайван амгалан амарч чаддаггүй, хайр халамж байхгүй, эр нөхөр маань биднийг тэжээх гэж хүнд ажил хийж байгаа хүн хэд хоног эмнэлэг сувилалд амрахуу гэж хэлэхийн оронд өөрөө маш их өвчин ярьж, ингэж ч бариа засалд явна, тэгж ч зураг хөргөө авахуулна, мөнгө төгрөг хэрэгтэй гэж байнга л өвчин ярина мөн хүүхэд өвдөөд эм тариа авна гэж маш их эм тариа авсан байдаг ямартаа л 100-ын тор дүүрэн эм байсныг манай ээж малд өгье гэж зарим нэгийг авч байсан. Одоо ч манайд тор дүүрэн эм байгаа. 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр зодсон гэдэг асуудал бол урьд орой би ажлаасаа бууж ирсэн өглөө нь эхнэр хүүхдээ эмнэлэгт үзүүлнэ гээд явах үед манай ээж манайд ирсэн байсан. Ээж байшингийн ардаас бөөн мах байна гэж барьж ирээд эхнэрээс нохойны хоол юм уу нохойд өгчих үү гэхэд биш ээ адууны өөхөө гэхээр нь тэр өдөр манайх мах байхгүй гэж эхнэр хэлсэн тул миний уур гэнэт хүрч мах байхгүй гээд л байсан бөөн бөөнөөр нь гадаа гаргаж хаяад байх даа яадаг юм бэ би мөнгө олох гэж яаж зовдгийг чи мэддэг хүн үү гээд би уурлаж гэртээ орсон гэтэл эхнэр араас орж ирээд хэрүүл хийж хараал хэлээд л танай ээж миний мууг үзэж хаясан юм олж хэрүүл хийлгэлээ, амьдралд оролцлоо гэж хашгираад миний нүүрийг 2 газар маажиж хумсны ормоор цус гарахаар нь бид 2 зууралдсан, надаас салахгүй болохоор нь гараараа нүүр рүү нь ёворч цохисон чинь эхнэрийн хамраас цус гарсан энэ үед ээж гаднаас орж ирээд болиоч ээ гэж байсан. Ингээд л эхнэр маань 2 хүүхдээ аваад яваад өгсөн чинь цагдаад өргөдөл бичиж өгч, шүүх эмнэлэгт үзүүлж хөнгөн гэмтэл гарч надад эрүүгийн хэрэг үүссэн. Энэ үед би эхнэртээ далан таваар бууж өгч, бид 2 эвлэрч байсан. Түүнээс хойш би эхнэртэйгээ хэрэлдэх нь бүү хэл түүнээс айдаг болсон. Тэр үед эхнэр намайг заналхийлж чамайг шоронд чинь явуулна, амаар чинь шороо үмхүүлнэ, ажлаас чинь гаргана, ажилгүй болгоно гэж мөн эхнэрийн аав ээж байнга л “шоронд чинь явуулна, 5 жил шоронд явах юм билээ, Мягаа чи баталгаа өг, ам өг, тэгэхгүй бол шоронд чинь явуулна” гэж дарамталж байсан. Би эхнэрээсээ гуйгаад хоёулаа эвлэрье гэж гуйж уучлалт гуйсан, тухайн үед эхнэр гомдолгүй гээд хэрэг хэрэгсэхгүй болсон. Үүний дараа эхнэр маань надтай эвлэрэхгүй сална гээд УБ хот руу ажил хийнэ гээд 2016 оны 12 дугаар сард явсан. 1-р гараад бид 2 дахин эвлэрч гэртээ буцаж ирээд 3-р хороололын 19-р байранд 1 өрөө байр хөлсөлж суусан. Харин сая 2017 оны 03 дугаар сарын 19-ны үед намайг ажил дээр байхад чамаас сална гэж мессэж бичсэн, энэ үед бид 2 нэг их хэрүүл хийгээгүй. Би ажлаасаа 3 дугаар сарын 30-ны өдөр бууж УБ хотоос таксигаар ирсэн. Хамт ажилладаг 3 хүнтэйгээ нэг таксинд явсан тул замдаа пиво уусан гэхдээ архи уугаагүй байсан юм. Эрдэнэтэд ирээд гэрээрээ орж хувцас хунараа авья гэж орсон юм. Хүүхдүүдтэйгээ ч уулзья гэж бодож гэртээ орсон юм. Хэрүүл хийгээд байхаар нь би гэрээсээ гараад ээжийг дуудаад гэртээ орсон чинь хадам аав ирчихсэн, чи охиныг маань зодож айлгаж ичээлээ гээд байсан, би ёстой зодоогүй гэхэд намайг үүд рүү чирж гулдраад байсан чинь цагдаа орж ирээд намайг аваад явсан. Би эхнэртээ гар хүрээгүй, өмнө нь гар хүрээд цагдаа, прокурорт очсон хүн хаширна биз дээ, намайг ажилгүй болгоно гэдэг, гэтэл эхнэрийн бичсэн өргөдлөөр намайг 14 хоног баривчилсан. Эхнэр өргөдөлдөө юу юу гэж бичсэнийг мэдэхгүй. Түүний хүссэнээр одоо ажилгүй болж байгаа байх. Гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна. /Цаашид хамт амьдрах шаардлагагүй гэдгийг ойлгосон/. Хүүхдүүдээ би авмаар байна гэвч ээж нь өгөхгүй л байх даа ядаж нэг охиноо би авахыг хүсэж байна. Хүүхдүүддээ тэтгэлэг өгөхөд татгалзахгүй. Яргуйт баг Овоот 11-р гудамж 21 тоот хаягт байрлах газар болон 11x10 харьцаатай байшин бидний дундын өмч биш ээж Б.Сийнх/ бид хоёрыг гэр бүл болохоос өмнөх хөрөнгө/. 70-22 ОРО улсын дугаартай авто машин бидний өмч биш ээж өөрийнхөө мөнгөөр өөртөө худалдан авсан хөрөнгө. Бидний дундын эд хөрөнгө бол Яргуйт баг овоотод 2 айлын газар дээр хашаа барьсан байгаа. Нэг газар хашаа нь миний нэр дээр, нөгөө нэг газар хашаа нь Эрдэнэмөнхийн нэр дээр байдаг. Харин аав маань надад бэлэглэсэн Их залуу баг Шанд 24-3 тоотод байх хашаа, байшин миний нэр дээр гэрчилгээтэй. Эрдэнэмөнхийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд би ээжийнхээ гэрт амьдарч байгаа, 2 хүүхэдтэйгээ ч уулзаж чадахгүй л байна. Хүүхдүүдтэйгээ уулзъя гээд очихоор цагдаад дахин өгөх байх гэж айж байна. Гэр бүлийн тухай хуульд зааснаар эцэг эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ гэж заасан байдаг миний хувьд энэ эрх үүргээ хэзээ эдлэх ёстой вэ гэж Эрдэнэмөнхөөс асуумаар байна” гэжээ.

Хариуцагч Ш.М нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн хариу тайлбарт: “Эрдэнэмөнхийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараахь тайлбарыг гаргаж байна. Мягмарсүрэн миний хувьд доорхи 3 эд хөрөнгийг авч үлдэж бусад эд хөрөнгийг Эрдэнэмөнхөд үлдээхэд татгалзаад байх зүйл алга.

Үүнд: Бест буйдан - 1 ш /надад унтах ор үлдээхийг хүсэж байна/, мөн намайг гэр бүлтэй болж тусдаа гал голомт үүсгэлээ гэж аавын авч өгсөн плитка 1 ш /гал голомт гэдэг утгаар авч үлдэнэ/. Бэлэн мөнгөний сейф 1ширхэг болно.  Дараахь эд хөрөнгийг Эрдэнэмөнх болон хүүхдүүддээ өгнө. Хивс 7*8 харьцаатай 2 ш, 2*1 харьцаатай хивс 1ш, хүүхдийн өрөөний хивс 2 ш нийт 5 ш хивс. /Хивс биш хивсэнцэр буюу дрож/ унтлагын ор 1 ш, гоо сайхны иж бүрдэл тавилга 1 ш, Идесет фирмийн хиншүү сорогч 1 ш, дижитал камер биш дижитал зургын аппарат 1 ш, гал тогооны тавилгаа байр хөлсөлж амьдрахдаа бүгдийг аваад явсан харин үлдсэн 8 сандал 2 ш модон ширээг өгнө. Усан тень 1ш, самсунг маркын тоос сорогч 1ш, ЭБ8Н кабелийн телевизийн антен 1ш, пэйж 1ш, монгол гэр 4 ханатай давхрагатай, нэхэмжлэлдээ дурьдаагүй байгаа Яргуйт багт байгаа Эрдэнэмөнхийн нэр дээрх газар, хашаа./өөрийнх нь нэр дээр байгаа тул нэхэмжлэхгүй байгаа/, Охин Хүслэнгийн хэрэглэдэг эд зүйлийг бүгдийг өгнө хүүхдийнхээ тоглоомыг энэ маргаанд оруулмааргүй байна./хүүхдүүд тоглоомоо ирээд авсан, харин унадаг дугуй нь гэрт байгаа хүссэн үедээ авна биз, би хүүхдүүддээ нэмж ч тоглоом авч өгсөн/. Монетон ээмэгний тухайд тэр үед хаягдсан гэж байсан цалингийн карт өөрт нь байдаг байсан өөртөө ээмэг авах боломжтой л байсан. Гэхдээ ээмэг нь хэдэн төгрөг болно түүнийг нь өгнө. Мөн бидний дундын эд хөрөнгө болох гал тогооны иж бүрэн тавилга, угаалгын машин, хөгжим Шарф, ширээ 2ш, хүүхдийн хувцасны шүүгээ, бүх хөнжил гудас цагаан хэрэгсэл, аяга таваг хэрэгслүүд бүгд Эрдэнэмөнхөд үлдсэн. Би эдгээрээс авахгүй. Мягмарсүрэн миний нэр дээр байгаа Их залуу баг Шандын 24-р гудамжны 3 тоот газар хашаа дүнзээр барьсан 5,5х 5,5 хэмжээний өвөл зуны байшинг Эрдэнэмөнхөд өгөхийг санал болгосон байгаа. Энэ хашаа байшинг өгөхөд татгалзах зүйл алга. Нэхэмжилсэн эд хөрөнгөнөөс дараахь эд хөрөнгө бидний дундын эд хөрөнгө биш. Сони маркын 55 инчийн телевизор. Энэ телевизор манайд ер байгаагүй ээжийн гэрт байсан одоо ч байгаа. Манай эгч Цэндзэсэм түүний нөхөр Улаанхүү нар ээжид 1сая төгрөг өгч ээж өөрөө нэмж зурагт авсан. Ээжийн гэрт байгаа хөрөнгийг нэхэмжилж болохгүй шүү дээ. Бид өөрсдөө Самсунг маркын телевизор худалдан авсан боловч намайг ажилд явсан хойгуур том охин унагааж эвдсэн байсан түүнээс хойш телевизор авч чадаагүй харин Эрдэнэмөнх өөрөө нэг телевизор авсан байснаа байр хөлслөхдөө авч явсан одоо байгаа байх. Гал зуухны өрөөний тек гэжээ. Манай гэр бүлийг ээжийн байшинд амьдарч байхад ямар ч тек байгаагүй. Харин биднийг байр хөлслөөд гарсанаас хойш дүүг оруулах гэж ээж хүнээр тек хийлгэсэн байсан. Тек ч модоор гар аргаар хийсэн тавцан. Ганц тек биш гал тогооны шүүгээ тавиур гээд хосоор нь хийлгэсэн юм байна лээ. Яргуйт баг Овоотын 11 -р гудамж 21 тоотод байрлах газар, хашаа, байшин ээжийн хөрөнгө. Анх энэ газар Шанд багт харьяалагдаж байхад нь 2005 онд Орхон аймгийн Засаг даргын захирамжаар хувьчилж авсан байдаг харин би гэр бүлийнхээ хамт Наран баг 39 гудамж 96 тоотод хадам аавындаа амьдарч байгаад 2016 оны 3 сарын 14-нд маргаан бүхий Яргуйтын хашаанд ирж амьдарсан болохыг иргэний цахим үнэмлэх дээрх хаяг болон шилжин ирсэн тухай тодорхойлолтоор нотлогдоно. Энэ хашаа байшиндаа амьдарч байгаад Оюу толгой компанийн гэрээ байгуулсан барилгын компаниар дамжуулан орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамрагдан орон сууцтай болох боломжтой байсан учир гэр хорооллоос байр хөлслөн амьдрах болсон. Иргэний үнэмлэхний хуулбар, шилжин ирсэн тухай баримтын хуулбар, Аймгийн Засаг даргын 2005 оны 448 дугаар захирамжын хуулбар,кадастрын зураг зэргийг хавсаргав. Эрдэнэмөнхийн нэхэмжилж байгаа хашааны тухайд газар авсанаас хойш 2 жилийн хугацаанд хашаа барихгүй бол газар хураагддаг тухай газрын хуулийн бүгд мэднэ. Иймээс хашаа бол 2007 онд баригдсан байсан, харин 2016 онд манайх буугаад урьд талын хэсгийг блокоор барьж, хуучин байсан банзнуудыг бусад талын хашааг сэлбэх, ганц нэг шон суулгах зэргээр хашааг сэргээн зассан. Ийм зэргийн тусыг хүү нь болж төрсөн би ээждээ өгч болно доо. Эрдэнэмөнх надтай амьдарч байхдаа ажил хөдөлмөр эрхэлж цалин орлого олж байгаагүй. Гэхдээ би түүнийг юу ч олоогүй гэж хэлэхгүй, харин ээжийнхээ хашааг хэдхэн ширхэг блок авч өгсөнийг мөнгийг нь авна гэж байгааг тэг дээ чи гэж хэлэхгүй. Блокыг хүнд хөлс өгөөд бариулсан, эхний барьж байсан хүн хаяад явчихаар нь ээж Отгоо ахад 100 000 төгрөг өгч дуусгуулсан байсан энэ үед эхнэр бид 2 Хужиртын амралтанд амарч байсан.

Миний хувьд Г.Мөнх-Эрдэний авья гэсэн эд хөрөнгүүдийг нь өгнө. Харин мөнгөний сейф, плитка хоёроо авч үлдэх хүсэлтэй байна...” гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Миний бие Б.С нь Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Овоотын 11-21 тоотод байх хашааны газар, уг газар дээр барьсан 11*10 харьцаатай байшинг хүү Амаржаргал болон хүүгийн найз Мама, нөхөр Шаравдорж нарын хамт барьж босгосон бөгөөд уг хашаа байшинг эзэмшиж ашигладаг. 2013 оны 5 сарын дундуур Өмнөговь аймгаас хүү Ш.М гэр бүлийн хамт шилжиж ирсэн. Тэд ирээд Нарангийн 39-09 тоотод амьдарч байсан. Тэнд байхдаа өөрсдийн гэрээ бариад амьдарч байсан. 2016 оны 06 сарын дундуур хүү Мягмарсүрэн, гэр бүлийн хамт Овоотын 11-21 тоот хашаанд байх болсон юм. Учир нь тэд байранд орно гэж ярьдаг байсан тул тэднийхийг түр байлгасан. Хүү Ш.М бэр Г.Э нар хоорондоо маргаантай байж салах сарнихдаа хүрэхэд худ болох Мөнхбаяр ирж танай байшингийн сахиул зарц хийж хөө тортгонд хутгалдуулж байлгаж чадахгүй гээд охиндоо өгсөн гал тогооны тавилга, 2 ширээ, хөгжим, телевизор, зэргээ аваад явсан. Бэр Г.Э нь гэр бүлийн маргаантай, гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, нөхөр Ж.Мягмарсүрэнгээс миний эзэмшлийн Овоотын 11-21 хамт байрлах 11*10 харьцаатай байшин, хашаа, газар, Овоотын граж зэргийг хамтран өмчлөх  эд хөрөнгөөр тогтоолгох, хувь хэсэг гаргуулах асуудал тавьжээ. Мөн миний нэр дээр тоолуулсан 16 тооны үхэр болон Рогоpoks маркийн 7022 ОРО дугаартай суудлын автомашин, граж зэрэг эд хөрөнгийн хамт өөрт болон 2 хүүхдэдээ хувь хэсэг гаргуулан авахыг шаардаж байна. Миний өмчлөл бүхий эдгээр эд хөрөнгийг Эрдэнэмөнх авахыг хүсч байгаа тул Б.Содномоцог миний эрх ашиг, өмчлөх, эзэмших эрх зөрчигдөхөд хүрч байх туд Баян-Өндөр сум Яргуйт баг Овоотыг 11-21 тоот хаягт байгаа газар, уг газар дээрхи 10*8 хэмжээтэй байшин, 1 машины граж, хашаа, 16 тооны үхэр Рогорокs маркийн 70-22 ОРО дугаартай суудлын автомашин зэрэг эд хөрөнгийг Б.С миний өмч, хөрөнгө болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

 

Шүүх зохигчдын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Г.Э нь Ш.Мд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөө хуваалгах, дундын эд хөрөнгө  болохыг тогтоолгох шаардлага гаргасан.

            Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.С нь Орхон аймгийн Баян-Өндөр сум Яргуйт баг Овоотыг 11-21 тоот газар хашаа, уг газар дээрхи 11*10 хэмжээтэй байшин,  машины граж, 16 тооны үхэр, Рогорокs маркийн 70-22 ОРО дугаартай суудлын автомашин зэрэг эд хөрөнгийг өөрийн өмч, хөрөнгө болохыг тогтоолгох шаардлага тус тус гаргасан.

            Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр Рогорокs маркийн 70-22 ОРО дугаартай суудлын автомашиныг дундын хөрөнгө болохыг тогтоолгох, оногдох хэсгээ гаргуулах шаардлагаасаа татгалзсан, бусад шаардлагаа дэмжиж оролцсон.

            Хариуцагч Ш.М нь гэрлэлт цуцлуулах шаардлыг хүлээн зөвшөөрсөн, мөн гэр доторх эд хөрөнгүүд болох 7*8 харьцаатай дрож 2 ширхэг, 2*1 харьцаатай дрож 1 ширхэг, хүүхдийн өрөөний хивс-2 ширхэг, нийт 5 ширхэг хивс, Бест буйдан гурван хэсгээс бүрддэг иж бүрдэл буйдан 1 ширхэг, 2013 онд худалдан авсан 2 хүний ор-1 ширхэг, гоо сайхны иж бүрдэл тавилга-1 ширхэг, “Индэсэт” фирмийн хиншүү сорогч -1 ширхэг, Никон фирмийн Л830 маркийн дижитал зургийн апрат-1 ширхэг, гал тогооны тек, гал тогооны 8 сандал, 2 ширхэг модон ширээ,  усан тень-1 ширхэг, самсунг маркын тоос сорогч 1 ширхэг, DDSH кабелыийн телевизийн антенн-1 ширхэг, пэйч 1 ширхэг, 4 ханатай давхаргатай Монгол гэр-1 ширхэг, охины хэрэглэдэг эд зүйл /том унадаг дугуй, скүүтэр, бусад тоглоом/, миний хуваарьт хөрөнгө болох 585-ийн сорьцтой Оросын хуучны монетон ээмэг 1 ширхэгийг тус тус гаргуулан авах хүсэлтийг нь хариуцагч Ш.М хүлээн зөвшөөрсөн, хариуцагч Ш.Мгийн бэлэн мөнгөний сэйф-1 ширхэг, “Индэсэт” фирмийн 4 ширэмтэй плитка-1 ширхэгийг авна гэснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч дээрх эд хөрөнгүүд дээр нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрсэн болно.

 

  Нэхэмжлэгч Г.Э хариуцагч Ш.М нар нь 2008 онд танилцан хамтран амьдарч, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2009 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр охин М.Хүслэн, 2013 оны 07 дугаар сарын 29-ны өдөр охин М.Цовоо нар төрсөн болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбаруудаар нотлогдож байна.

Гэрлэгчид нь зан харьцааны хувьд таарамж муутай, хариуцагч Ш.М нь эхнэр Г.Эийг зодож хөнгөн зэргийн гэмтэл учруулж эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж, хохирогчтой эвлэрсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан, хариуцагчийн хүчирхийлэл үйлдсэн нөхцөл байдал, гэрлэгчдийн хэн аль нь гэр бүлээ үргэлжлүүлэх хүсэлгүй байгаа нөхцөл байдлуудыг харгалзан үзэж тэдэнд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.

Гэрлэгчдийн дундаас 2009 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн охин М.Хүслэн, 2013 оны 07 дугаар сарын 29-ны өдөр төрсөн охин М.Цовоо нарын асрамжийн хувьд хариуцагч Ш.М нь бага охин М.Цовоог ээжид нь өгч тэтгэлэг төлөхөд татгалзахгүй гэсэн, харин том охин М.Хүслэнгээ өөрөө авах хүсэлт гаргасан ч хүүхдүүдийн насны байдал, хүүхдийн санал, Ш.Мгийн хүчирхийлэл үйлдсэн зэргийг харгалзан эх Г.Эөд хүүхдүүдийн асрамжийг үлдээж, эцэг Ш.Мгээр Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2- заасан тэтгэлэгийг сар бүр олгохоор шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Арван зургаан тооны үхрийг дундын өмч болохыг тогтоолгож, түүнээс оногдох хэсгээ гаргуулах, Орхон аймгийн Баян-Өндөр сум Яргуйт баг Овоотыг 11-21 тоот газар хашаа, уг газар дээрхи 11*10 хэмжээтэй байшин, машины гражаас оногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Нэхэмжлэгч, “...арван зургаан үхрийг нөхөр Ш.М нь цалингийн зээл авч Булган аймгийн Сэлэнгэ сумын малчдаас 2016 оны 06 дугаар сард худалдаж авсан” гэж тайлбарлаж байгаа бөгөөд, хариуцагч энэ тайлбарыг зөвшөөрөөгүй ээж Б.Сийн үхэр гэж тайлбарладаг. Үхрүүдийг Ш.Мгийн цалингийн зээлээр худалдан авсан гэсэн нөхцөл байдал нотлогдоогүй, үхрийг худалдан авахад Ш.Мг өөрөө явж авсан гэж нэхэмжлэгч тайлбарладаг боловч, хариуцагч Ш.М нь би хамт яваагүй гэдэг,  гэрч Д.Дэлгэрсайхан: “...хадам ээж Б.С, манай хүү нялх байсан би хүүгээ аваад, нөхөр Ш.А бид 4 явж авсан. Ш.М яваагүй...” гэсэн, гуравдагч этгээдийн төлөөлөгч Ш.А мөн: “...Ш.М үхэр худалдан авахаар хамт яваагүй, ээж Содномцог, манай эхнэр Д.Дэлгэрсайхан, манай хүү /нялх байсан/ хамт явсан” гэж тайлбарладаг. 2016 оны мал тооллогоор 16 үхэр гуравдагч этгээд Б.Сийн нэр дээр тоологдсон байна. Нэхэмжлэгчийн аав ээж болох шүүх хуралдаанд гэрчээр асуугдсан Ш.Гал-Эдэнэ, П.Мөнхбаяр нар 16 үхрийг маллаж байсан гэж мэдүүлдэг бөгөөд үүнийг зохигчид үгүйсгээгүй.   

Дээрх байдлаас дүгнэхэд 16 үхрийг Г.Э, Ш.М нарын мөнгөөр мөн Ш.Мгийн цалингийн зээлээр худалдаж авсан болон хэнээс хэдэн төгрөгөөр худалдаж авсан нөхцөл байдал тогтоогдоогүй. Харин уг үхрүүдийг Б.С өөрөө хүүхдүүдийн хамт явж Булган аймгийн Сэлэнгэ сумаас худалдан авч авчирсан, 2016 оны мал тооллогоор түүний нэр дээр тоологдсон байдал нотлогдож байх тул 16 үхрийг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Сийн мал гэж үзэх үндэслэлтэй байна.

Харин Орхон аймгийн Баян-Өндөр сум Яргуйт баг Овоотыг 11-21 тоот газар хашаа, уг газар дээрхи 11*10 хэмжээтэй байшин, машины гражийн хувьд, газар болон байшин гражийг улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ аваагүй бөгөөд, газар нь Б.Сийн нэр дээр цагаан хуудастай байдаг талаар талууд тайлбарласан, хашаа болон гражийг Г.Э, Ш.М нарын мөнгөөр барьсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Түүнчлэн гэрлэгчид 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн байх ба, байшинг 2014 оны зун эхэлж барин, 2014 оны 12 дугаар сард барьж дууссан болох нь нотлогдсон. Байшин гражийг бариулахад гуравдагч этгээд Б.С удирдаж, хяналт тавьж, зааж зөвлөж, материалыг нь авч өгч байсан, барилцаж оролцсон хүмүүст хөлс мөнгийг нь өгч байсан нь зохигчдын тайлбарууд, гэрчүүдийн мэдүүлгүүдээр нотлогдсон бөгөөд, хариуцагч Ш.М уг байшин гражийг барихад гар буй оролцож байсан байдал, нэхэмжлэгч Г.Эийн аав, ээж 800 000 төгрөг өгч байсан зэрэг тайлбарууд мөн нотлогдоогүй болно.

Иймд гуравдагч этгээд Б.Сийн Орхон аймгийн Баян-Өндөр сум Яргуйт баг Овоотын 11-21 тоот хашаа байшин, газар, гражийн өмчлөгч болохыг тогтоолгох шаардлага үндэслэл бүхий байна.     

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д “гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн” гэсэн.

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “гэрлэлт” гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг, 3.1.2-д “гэр бүл” гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг хэлнэ гэжээ.

Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзвэл маргааны зүйл бүхий Орхон аймгийн Баян-Өндөр сум Яргуйт баг Овоотын 11-21 тоотод байрлах 11*10 хэмжээтэй байшинг Г.Э, Ш.М нарын гэрлэснээс хойш бий болсон хөрөнгө гэж үзэхээргүй байх ба, өөрөөр хэлбэл тэднийг гэрлэхээс өмнө бий болж баригдсан болох нь харагдаж байна.

Тиймээс газар хашаа байшин гражийг гэрлэгчдийн дундын өмч, мөн тэдний хөрөнгөөр барьж байгуулсан гэж дүгнэх боломжгүй юм.

Нэхэмжлэлийн шаардлагад дурьдагдсан “Сони” маркийн 55 инчийн лед зурагтыг нэхэмжлэгч “...намайг хэсэг байхгүй байж байгаад ирэхэд ээжийндээ зурагт авч тавьсан байсан, түүнийгээ манайх гэж надад хэлсэн. Тэр зурагт манай гэрт ер тавигдаагүй, анхнаасаа ээжийнд нь байсан одооч тэндээ байгаа...” гэж тайлбарласан. Хариуцагч энэ тайлбарыг зөвшөөрөөгүй, тухайн зурагтыг Ш.М, Г.Э  нар шинээр нь худалдаж аваад гэртээ тавиагүй, анхнаасаа Б.С худалдаж аваад өөрийн гэртээ байлгасан байдал нотлогдож байх ба, “Ш.М зурагтыг манайх гэж хэлсэн” гэдгээр шаардаж байгаа нь  үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг дээрх байдлаар хэсэгчлэн хангаж шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 302 600 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, хариуцагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасан тэтгэлэгт тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 48 262 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар заалаа.    

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д заасныг баримтлан Г.Э, Ш.М нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2009 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн охин М.Х, 2013 оны 07 дугаар сарын 29-ны өдөр төрсөн охин М.Ц нарыг эх Г.Эийн асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин М.Х, М.Ц нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Ш.Мгээр тэжээн тэтгэх тэтгэлэг гаргуулсугай.

4. Гэрийн доторх тавилга, эд хөрөнгийн хувьд 7*8 харьцаатай 2 ширхэг хивс, 2*1 харьцаатай 1 хивс, хүүхдийн өрөөний хивс-2 ширхэг, иж бүрдэл буйдан-1 ширхэг, 2 хүний ор-1 ширхэг, гоо сайханы иж бүрдэл тавилга-1 ширхэг, "идесет" фирмийн хиншүү сорогч-1 ширхэг, Никон фирмийн Л830 маркын дижитал камер-1 ширхэг, гал тогооны тек-1 гал тогооны 8 сандал, 2 ширхэг модон ширээ, усан тень-1 ширхэг, самсунг маркийн тоос 1 ширхэг, DDSН кабелийн телевизийн антенн-1 ширхэг, пэйч-1 ширхэг зэрэг, мөн 4 ханатай давхаргатай Монгол гэр-1 ширхэг, охин М.Х-ийн хэрэглэдэг эд зүйл /том унадаг дугуй, скүүтэр, тоглоом/-ээ Г.Э,охин М.Х, М.Ц нарт өгөхөөр, мөн 585-ийн сорьцтой Оросын монетон ээмэгийг Ш.М авч өгөхөөр, хариуцагч Ш.Мд бэлэн мөнгөний сэйф-1 ширхэг, "индэсэт" фирмийн 4 ширэмтэй плитка-1 ширхэгийг өгөхөөр нэхэмжлэгч хариуцагч нар эвлэрсэн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

5. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.2-д заасныг баримтлан шаардах эрхийн үндэслэл тогтоогдоогүй тул "Сони" маркийн 55 инчийн лед зурагт гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

6. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар 16 /арван зургаан/ үхрийг гэр бүлийн дундын өмч болохыг тогтоолгох, Орхон аймгийн Баян-Өндөр сум Яргуйт баг ........... тоот хашаа байшин, газар, гражийг гэр бүлийн гишүүдэд хуваалгах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Сийг Орхон аймгийн Баян-Өндөр сум Яргуйт баг .......... тоот хашаа байшин, газар, гражийн өмчлөгчөөр тогтоосугай. 

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 302 600 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид 48 262 төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай.

 8. Тус шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 1947 дугаартай урьдчилсан арга хэмжээ авч Ш.Мг тусдаа амьдрахыг даалгасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-д заасныг баримтлан 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШЗ2017/02550 дугаар эд хөрөнгө битүүмжилсэн шүүгчийн захирамж нь, энэ шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг заасугай.

9. Монгол Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д зааснаар хүүхэд эцэг э хээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнга уулзах эрхтэйг, Гэр бүлийн тухай хуулийн 26, 38 дугаар зүйлд зааснаар эцэг эх нь хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх талаар адил тэгш эрх, үүрэгтэй болохыг дурдсугай.

 10. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Номинд даалгасугай.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасныг баримтлан  бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн нотлох баримтаар судлуулахаар өгсөн улаан дэвтэрийг /хар данс/ шийдвэр хүчинтөгөлдөр болмогц буцаан олгосугай.

12. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор  гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХИШИГДАВАА