Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 00009

 

 

 

    Г.Э-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Ш.М-д холбогдох иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 142/ШШ2017/01102 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч : Г.Э-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ш.М-д холбогдох,

“Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн дундын эд хөрөнгө болохыг тогтоолгох, түүнээс оногдох хэсгээ гаргуулах, гуравдагч этгээдийн бие даасан шаардлага бүхий” иргэний хэргийг нэхэмжлэгч Г.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг, гуравдагч этгээд Б.С, гуравдагч этгээдийн өмгөөлөгч О.Сарантуул, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Г.Э нь 2008 онд Ш.М-тэй танилцаж хамт амьдрах болсон бөгөөд бидний дундаас 2009 онд охин М.Хүслэн, 2013 онд М.Цовоо нар төрсөн бөгөөд бид өдийг хүртэл тасралтгүй хамт амьдарч байна. Бид гэрлэлтээ 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр бүртгүүлсэн. 2011 оноос эхлэн Ш.М-гийн ааш зан эвдэрч хий, хоосон хардаж сэрдэж, согтууруулах ундаа хэрэглэх нь ихсэж янз бүрийн байдлаар байнга дарамтлах болсон. Бидний гэр бүл болж хамт амьдарсан 9 жилийн хугацаанд Орхон аймаг, Баян-Өндөр сум, Яргуйт баг, Овоот ХХХХ тоот хаягт байрлах газар болон 11x10 харьцаатай байшин , япон улсад үйлдвэрлэсэн pоropoks маркийн, 7022 ОРО улсын дугаартай суудлын автомашин гэх мэт хөрөнгүүд бий болсон. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, охин М.Хүслэн, М.Цовоо нарыг миний асрамжинд үлдээж, Ш.М-ээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Яргуйт баг, Овоот ХХХХ тоот хаягт байрлах газар болон 11x10 харьцаатай байшин , япон улсад үйлдвэрлэсэн pоropoks маркийн 7022 ОРО улсын дугаартай суудлын автомашин зэргийг гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө мөн болохыг тогтоож, өөрт болон охин М.Хүслэн, М.Цовоо нарт оногдох хэсгийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ш.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна. Хүүхдүүдээ би авмаар байна гэвч ээж нь өгөхгүй л байх даа ядаж нэг охиноо би авахыг хүсэж байна. Хүүхдүүддээ тэтгэлэг өгөхөд татгалзахгүй. Яргуйт баг Овоот 11-р гудамж 21 тоот хаягт байрлах газар болон 11x10 харьцаатай байшин бидний дундын өмч биш ээж Б.С-ийнх/ бид хоёрыг гэр бүл болохоос өмнөх хөрөнгө/. 70-22 ОРО улсын дугаартай авто машин бидний өмч биш ээж өөрийнхөө мөнгөөр өөртөө худалдан авсан хөрөнгө. Бидний дундын эд хөрөнгө бол Яргуйт баг овоотод 2 айлын газар дээр хашаа барьсан байгаа. Нэг газар хашаа нь миний нэр дээр, нөгөө нэг газар хашаа нь Э-ийн нэр дээр байдаг. Харин аав маань надад бэлэглэсэн Их залуу баг Шанд 24-3 тоотод байх хашаа, байшин миний нэр дээр гэрчилгээтэй. Э-ийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд би ээжийнхээ гэрт амьдарч байгаа, 2 хүүхэдтэйгээ ч уулзаж чадахгүй л байна. Хүүхдүүдтэйгээ уулзъя гээд очихоор цагдаад дахин өгөх байх гэж айж байна. Гэр бүлийн тухай хуульд зааснаар эцэг эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ гэж заасан байдаг миний хувьд энэ эрх үүргээ хэзээ эдлэх ёстой вэ гэж Э-ээс асуумаар байна гэжээ.

Нэхэмжлэгч Г.Э нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:

Ш.М-ээс гаргуулан авах эд хөрөнгийн тухайд: Гэрийн тавилга, эд хогшил /Эрдэнэт хивс ХХК-д үйлдвэрлэсэн, хооронд нь залгаж иж бүрдэл болгосон 7*8 харьцаатай 2 ширхэг, 2*1 харьцаатай 1 ширхэг, хүүхдийн өрөөний хивс-2 ширхэг, нийт 5 ширхэг хивс, Бест буйдан дэлгүүрээс авсан 1.200.000 төгрөгний үнэтэй гурван хэсгээс бүрддэг иж бүрдэл буйдан-1 ширхэг, 2013 онд 700.000 төгрөгөөр худалдан авч байсан 2 хүний ор-1 ширхэг, 300.000 төгрөгөөр худалдан авч байсан гоо сайхны иж бүрдэл тавилга-1 ширхэг, 3.000.000 төгрөгөөр 2016 онд худалдан авсан "Сони" маркын 55 инчийн лед телевизор-1 ширхэг, БСБ-гээс 2016 онд 750.000 төгрөгөөр худалдаж авсан бэлэн мөнгөний сэйф-1 ширхэг, БСБ-гээс 2015 онд 999.000 төгрөгөөр худалдаж авсан "индэсэт" фирмийн 4 ширэмжтэй плитка-1 ширхэг, мөн БСБ-гээс 170.000 төгрөгөөр худалдан авсан "идесет" фирмийн хиншүү сорогч-1 ширхэг, Номингоос 2015 онд 500.000 төгрөгөөр худалдан авсан Никон фирмийн Л830 маркын дижитал камер-1 ширхэг, Гал тогооны тек, гал тогооны 8 сандал, 2 ширхэг модон ширээ, Эко элч ХХК-иас 2015 онд 395.000 төгрөгөөр худалдаж авсан усан тень-1 ширхэг, БСБ-гээс 2011 онд худалдаж авсан самсунг маркын тоос сорогч-150.000 төгрөгөөр авсан, 2013 онд 185.000 төгрөгөөр худалдан авсан DDSH кабелын телевизийн антенн- 1 ширхэг, Писи молл ХХК-иас 2011 онд авсан пэйч-1 ширхэг зэрэг, 4 ханатай, давхаргатай Монгол гэр /2011 онд Өмнөговь аймгийн Ханбогд суманд гэр бүлээрээ амьдрахаар 850.000 төгрөгөөр худалдан авч байсан/. Охин М.Хүслэнгийн хэрэглэдэг эд зүйл /том унадаг дугуй, скүүтэр, бусад тоглоом/, миний хуваарьт хөрөнгө болох 585-ийн сорьцтой Оросын хуучны монетон ээмэг 1 ширхэгийг тус тус гаргуулан авахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

Хамтран өмчлөх дундын хөрөнгүүдээс өөрт болон охин М.Хүслэн, М.Цовоо нарт оногдох хэсгээ гаргуулах хөрөнгийн тухайд: Бидний хамтран амьдрах хугацаанд буюу 2016 оны 6 дугаар сард Булган аймгийн Сэлэнгэ сумын малчидаас худалдан авсан Ингэтийн улаан халзан үүлдэрийн 16 үхэрийг бидний дундын өмчлөлийн хөрөнгө болохыг тогтоолгож, охин М.Хүслэн, охин М.Цовоо болон өөрт оногдох хэсгээ гаргуулан авах, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн овоотын ХХХХ тоотод байрлах хашаа /урд хэсгээрээ блокоор барьсан, 3 тал банзаар барьсан хашаанаас өөрт болон охидод оногдох хэсгээ гаргуулах, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн овоотын ХХХХ тоотод байрлах 1 машины багтаамжтай, блокоор барьсан автомашины гражаас өөрт болон охин М.Хүслэн, охин М.Цовоо нарт оногдох хэсгээ гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдуүлж байна гэжээ.

Хариуцагч Ш.М нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн хариу тайлбарт:

М миний хувьд доорхи 3 эд хөрөнгийг авч үлдэж бусад эд хөрөнгийг Э-д үлдээхэд татгалзаад байх зүйл алга.

Үүнд: Бест буйдан 1 ш /надад унтах ор үлдээхийг хүсэж байна/, мөн намайг гэр бүлтэй болж тусдаа гал голомт үүсгэлээ гэж аавын авч өгсөн плитка 1 ш /гал голомт гэдэг утгаар авч үлдэнэ/. Бэлэн мөнгөний сейф 1ширхэг болно.  Дараахь эд хөрөнгийг Э болон хүүхдүүддээ өгнө. Хивс 7*8 харьцаатай 2 ш, 2*1 харьцаатай хивс 1ш, хүүхдийн өрөөний хивс 2 ш нийт 5 ш хивс. /Хивс биш хивсэнцэр буюу дрож/ унтлагын ор 1 ш, гоо сайхны иж бүрдэл тавилга 1 ш, Идесет фирмийн хиншүү сорогч 1 ш, дижитал камер биш дижитал зургын аппарат 1 ш, гал тогооны тавилгаа байр хөлсөлж амьдрахдаа бүгдийг аваад явсан харин үлдсэн 8 сандал 2 ш модон ширээг өгнө. Усан тень 1ш, самсунг маркын тоос сорогч 1ш, кабелийн телевизийн антен 1ш, пэйж 1ш, монгол гэр 4 ханатай давхрагатай, нэхэмжлэлдээ дурьдаагүй байгаа Яргуйт багт байгаа Э-ийн нэр дээрх газар, хашаа./өөрийнх нь нэр дээр байгаа тул нэхэмжлэхгүй байгаа/, Охин Хүслэнгийн хэрэглэдэг эд зүйлийг бүгдийг өгнө хүүхдийнхээ тоглоомыг энэ маргаанд оруулмааргүй байна. Монетон ээмэгний тухайд тэр үед хаягдсан гэж байсан цалингийн карт өөрт нь байдаг байсан өөртөө ээмэг авах боломжтой л байсан. Гэхдээ ээмэг нь хэдэн төгрөг болно түүнийг нь өгнө. Мөн бидний дундын эд хөрөнгө болох гал тогооны иж бүрэн тавилга, угаалгын машин, хөгжим Шарф, ширээ 2ш, хүүхдийн хувцасны шүүгээ, бүх хөнжил гудас цагаан хэрэгсэл, аяга таваг хэрэгслүүд бүгд Э-д үлдсэн. Би эдгээрээс авахгүй. М миний нэр дээр байгаа Их залуу баг Шандын 24-р гудамжны 3 тоот газар хашаа дүнзээр барьсан 5,5х 5,5 хэмжээний өвөл зуны байшинг Э-д өгөхийг санал болгосон байгаа. Энэ хашаа байшинг өгөхөд татгалзах зүйл алга.

Нэхэмжилсэн эд хөрөнгөнөөс дараахь эд хөрөнгө бидний дундын эд хөрөнгө биш. Сони маркын 55 инчийн телевизор. Энэ телевизор манайд ер байгаагүй ээжийн гэрт байсан одоо ч байгаа. Манай эгч Цэндзэсэм түүний нөхөр Улаанхүү нар ээжид 1сая төгрөг өгч ээж өөрөө нэмж зурагт авсан. Гал зуухны өрөөний тек гэжээ. Манай гэр бүлийг ээжийн байшинд амьдарч байхад ямар ч тек байгаагүй. Харин биднийг байр хөлслөөд гарсанаас хойш дүүг оруулах гэж ээж хүнээр тек хийлгэсэн байсан. Яргуйт баг Овоотын 11 -р гудамж 21 тоотод байрлах газар, хашаа, байшин ээжийн хөрөнгө. Анх энэ газар Шанд багт харьяалагдаж байхад нь 2005 онд Орхон аймгийн Засаг даргын захирамжаар хувьчилж авсан байдаг харин би гэр бүлийнхээ хамт Наран баг 39 гудамж 96 тоотод хадам аавындаа амьдарч байгаад 2016 оны 3 сарын 14-нд маргаан бүхий Яргуйтын хашаанд ирж амьдарсан болохыг иргэний цахим үнэмлэх дээрх хаяг болон шилжин ирсэн тухай тодорхойлолтоор нотлогдоно гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Б.С нь Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Овоотын ХХХХ тоотод байх хашааны газар, уг газар дээр барьсан 10*8 харьцаатай байшинг хүү Амаржаргал болон хүүгийн найз Мама, нөхөр Шаравдорж нарын хамт барьж босгосон бөгөөд уг хашаа байшинг эзэмшиж ашигладаг. 2013 оны 5 сарын дундуур Өмнөговь аймгаас хүү Ж.М гэр бүлийн хамт шилжиж ирсэн. Тэд ирээд Нарангийн 39-09 тоотод амьдарч байсан. Тэнд байхдаа өөрсдийн гэрээ бариад амьдарч байсан. 2016 оны 06 сарын дундуур хүү М, гэр бүлийн хамт Овоотын ХХХХ тоот хашаанд байх болсон юм. Учир нь тэд байранд орно гэж ярьдаг байсан тул тэднийхийг түр байлгасан. Хүү Ж.М бэр Г.Э нар хоорондоо маргаантай байж салах сарнихдаа хүрэхэд худ болох Мөнхбаяр ирж танай байшингийн сахиул зарц хийж хөө тортгонд хутгалдуулж байлгаж чадахгүй гээд охиндоо өгсөн гал тогооны тавилга, 2 ширээ, хөгжим, телевизор, зэргээ аваад явсан. Бэр Г.Э нь гэр бүлийн маргаантай, гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, нөхөр Ж.Мгээс миний эзэмшлийн Овоотын ХХХХ хамт байрлах 11*10 харьцаатай байшин, хашаа, газар, Овоотын граж зэргийг хамтран өмчлөх эд хөрөнгөөр тогтоолгох, хувь хэсэг гаргуулах асуудал тавьжээ. Мөн миний нэр дээр тоолуулсан 16 тооны үхэр болон Рогорокс маркийн 22 ОРО дугаартай суудлын автомашин, граж зэрэг эд хөрөнгийн хамт өөрт болон 2 хүүхдэдээ хувь хэсэг гаргуулан авахыг шаардаж байна. Миний өмчлөл бүхий эдгээр эд хөрөнгийг Э авахыг хүсч байгаа тул Б.С миний эрх ашиг, өмчлөх, эзэмших эрх зөрчигдөхөд хүрч байх тул Баян-Өндөр сум Яргуйт баг Овоотыг ХХХХ тоот хаягт байгаа газар, уг газар дээрхи 10*8 хэмжээтэй байшин, 1 машины граж, хашаа, 16 тооны үхэр Рогорокс маркийн 70-22 ОРО дугаартай суудлын автомашин зэрэг эд хөрөнгийг Б.С миний өмч, хөрөнгө болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Г.Э гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын хариу тайлбарт:

Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Овоотын ХХХХ тоот хаягт байрлах хашааг хариуцагч Ш.М бид хоёр цаашид уг хашаанд амьдрах зорилгоор 2009 онд барьсан. 2009 онд Ш.М бид хоёр өөрсдийн гэх орон сууцгүй байсан ба манай аав ээж хоёр болох Ш.Гал-Эрдэнэ, П.Мөнхбаяр нарын өмчлөлийн Орхон аймаг Баян-Өндөр сум, Наран баг 39-р гудамжны -09 тоотод байрлах хашаа байшинд миний аав ээжийн гэрт ам бүл дөрвүүлээ амьдардаг байсан. Өөрийн гэсэн орон сууцтай болох талаар Ш.М бид хоёр ярилцаж Овоотын ХХХХ тоотод байрлах өөрсдийн барьсан хашаанд 5x5 харьцаатай жижиг орон сууц барьсан.

Өөрсдийн гэх өвлийн орон сууцтай болох зорилгоор 2014 онд Овоотын ХХХХ тоотод байрлах хашаандаа өвлийн орон сууц барьж эхэлсэн. Тухайн үед Овоотын ХХХХ тоот хашаанд Ш.М хоёр охин бид дөрөв гэр барьж амьдарч эхэлсэн. Ш.Мгийн ээж Б.С нь барилгын ажлын гүйцэтгэлд хяналт тавих, барилгын материалыг таслалгүй бэлэн байлгах зэрэг ажлыг хийж, миний бие хүүхдээ харахын хажуугаар барилгын ажилчдын хоол, цай ундыг хийдэг байсан. Б.С нь Овоотын ХХХХ тоот хаягт байрлах 10х8-ын харьцаатай байшинг хүү Амаржаргал, хүүгийн найз Мама, Шаравдорж нар барьж босгосон бөгөөд уг хашаа байшинг эзэмшиж ашигладаг гэсэн нь ор үндэсгүй худал бодит байдлаас тэс өөр зүйл бичсэн байна. Энэхүү 16 үхэр болон Овоотын ХХХХ тоотод байрлах 11x10 харьцаатай хашаа байшин, граж зэрэг хөрөнгүүд нь манай гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө мөн тул Б.С-ийн шүүхэд гаргасан бие даасан шаардлага үндэслэлгүй байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 142/ШШ2017/01102 дугаар шийдвэрээр:

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д заасныг баримтлан Г.Э, Ш.М нарын гэрлэлтийг цуцалж,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан охин М.Хүслэн,.Цовоо нарыг эх Г.Э-ийн асрамжинд үлдээж,

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин М.Хүслэн, М.Цовоо нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Ш.М-ээр тэжээн тэтгэх тэтгэлэг гаргуулж,

Гэрийн доторх тавилга, эд хөрөнгийн хувьд 7*8 харьцаатай 2 ширхэг хивс, 2*1 харьцаатай 1 хивс, хүүхдийн өрөөний хивс-2 ширхэг, иж бүрдэл буйдан-1 ширхэг, 2 хүний ор-1 ширхэг, гоо сайханы иж бүрдэл тавилга-1 ширхэг, "идесет" фирмийн хиншүү сорогч-1 ширхэг, Никон фирмийн Л830 маркын дижитал камер-1 ширхэг, гал тогооны тек-1 гал тогооны 8 сандал, 2 ширхэг модон ширээ, усан тень-1 ширхэг, самсунг маркийн тоос 1 ширхэг, DDSН кабелийн телевизийн антенн-1 ширхэг, пэйч-1 ширхэг зэрэг, мөн 4 ханатай давхаргатай Монгол гэр-1 ширхэг, охин М.Хүслэнгийн хэрэглэдэг эд зүйл /том унадаг дугуй, скүүтэр, тоглоом/-ээ Г.Э,охин М.Хүслэн, М.Цовоо нарт өгөхөөр, мөн 585-ийн сорьцтой Оросын монетон ээмэгийг Ш.М авч өгөхөөр, хариуцагч Ш.М-д бэлэн мөнгөний сэйф-1 ширхэг, "индэсэт" фирмийн 4 ширэмтэй плитка-1 ширхэгийг өгөхөөр нэхэмжлэгч хариуцагч нар эвлэрсэн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.2-д заасныг баримтлан шаардах эрхийн үндэслэл тогтоогдоогүй тул "Сони" маркийн 55 инчийн лед зурагт гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар 16 /арван зургаан/ үхрийг гэр бүлийн дундын өмч болохыг тогтоолгох, Орхон аймгийн Баян-Өндөр сум Яргуйт баг Овоотын ХХХХ тоот хашаа байшин, газар, гражийг гэр бүлийн гишүүдэд хуваалгах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.С-ийг Орхон аймгийн Баян-Өндөр сум Яргуйт баг Овоотын ХХХХ тоот хашаа байшин, газар, гражийн өмчлөгчөөр тогтоож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 302 600 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид 48 262 төгрөг гаргуулан төрийн санд оруулж,

Тус шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 1947 дугаартай урьдчилсан арга хэмжээ авч Ш.Мг тусдаа амьдрахыг даалгасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-д заасныг баримтлан 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШЗ2017/02550 дугаар эд хөрөнгө битүүмжилсэн шүүгчийн захирамж нь, энэ шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг зааж,

Монгол Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д зааснаар хүүхэд эцэг э хээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнга уулзах эрхтэйг, Гэр бүлийн тухай хуулийн 26, 38 дугаар зүйлд зааснаар эцэг эх нь хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх талаар адил тэгш эрх, үүрэгтэй болохыг дурдаж,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Номинд даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасныг баримтлан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн нотлох баримтаар судлуулахаар өгсөн улаан дэвтэрийг /хар данс/ шийдвэр хүчин төгөлдөр болмогц буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Г.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг нар давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

1. Хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн тухайд:

Тус хэргийн шүүх хуралдаан 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр явагдсан бөгөөд шүүх хуралдаанд Б.Ариунзул, Б.Сайнбилэг нарыг гэрчээр асуусан. Гэрч Б.Сайнбилэгийг нэхэмжлэгч талын хүсэлтээр гэрчээр оролцуулсан. Шүүх гэрчүүдийг асууж Эрүүгийн хуулийг сануулж баримт үйлдэхдээ Эрүүгийн хуулийн 254 дугаар зүйл, 255 дугаар зүйл зэрэг хуулийн заалтуудыг сануулсан бөгөөд уг хуулийн заалтууд нь хуучин үйлчилж байсан эрүүгийн хуулийн заалтууд юм. Тухайн гэрчүүд нь шүүх хуралдаан дээр мэдүүлэг өгөхдөө санаатайгаар худал мэдүүлэг өгч хариуцагч болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүдийн ашиг сонирхолд нийцүүлэн мэдүүлсэн. Ийнхүү энэхүү хоёр гэрчийн мэдүүлгийг шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ үнэлсэн нь буруу байна. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт Гэрчээр дуудагдсан этгээд шүүхэд заавал хүрэлцэн ирэх ба үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй. Мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, зориуд худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ, 38 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй байхаар тус тус заасан. Хуулийн энэхүү заалтыг шүүх хэрэгжүүлээгүй бөгөөд гэрчүүдийн мэдүүлгийг шийдвэрийн үндэслэл болгож Бие даасан шаардлагага гаргасан гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангах үндэслэл болгож нотлох баримтаар үнэлсэн нь буруу байна.

Нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй тухайд:

Шийдвэрийн үндэслэх хэсэгт буюу 14 дэхь хуудсанд газар нь Б.Сийн нэр дээр цагаан хуудас байдаг талаар талууд тайлбарласан, хашаа болон гражийг Г.Э Ш.М нарын мөнгөөр барьсан гэж үзэх ундэслэл тогтоогдохгүй байна” гэж нотлох баримтын хэмжээнд хэрэгт байхгүй нотлох баримтыг үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт заасан Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргах хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Учир нь хавтаст хэрэгт Б.Сийн нэр дээр Овоотийн ХХХХ тоот хаягт байрлах газрын цагаан хуудас, Захирамж байхгүй байтал шүүх бие даасан шаардлагыг хангах зорилгоор хэт нэг талыг барьж нотлох баримтыг гуйвуулж үнэлсэн. Харин хэрэгт хариуцагч талаас шүүхэд гаргаж өгсөн хавтаст хэргийн 79 дүгээр хуудас авагдсан Орхон аймгийн Засаг даргын 2005 оны 11 сарын 16-ны өдрийн 448 дугаартай “Иргэдэд газар өмчлүүлэх тухай захирамж,” түүний хавсралт нь маргаан бүхий Овоотын ХХХХ тоот газартай ямарч хамааралгүй нотлох баримт юм. Тодруулбал хариуцагч Ш.М нь гэр бүлийн дундын хөрөнгийг Б.Сийн хөрөнгө мэт шүүхэд харагдуулах зорилгоор Овоотийн 10-12 тоот буюу Б.Сийн одоогийн өөрийн өмчлөлийн хашаа байшин байрлаж буй газрыг өмчлүүлэх 2005 оны Орхон аймгийн Засаг даргын 448 дугаартай захирамжийг хавсралтын хамт гаргаж өгсөн. Мөн хариуцагч талаас шүүхэд гаргасан тайлбартаа /шүүхийн шийдвэрийн 10-11 дэх хуудас, хавтаст хэргийн /Овоотын ХХХХ тоотод байрлах газар. хашаа. байшин ээжийн хөрөнгө. Анх энэ газар Шанд багт харьяалагдаж байхад нь 2005 онд Орхон аймгийн Засаг даргын захирамжаар хувьчилж аесан байдаг...Аймгийн Засаг даргын 2005 оны 448 дугаар захирамжийн хуулбар, кадастрын зураг зэргийг хавсаргав” хэмээн бичсэн. Энэхүү Засагдаргын захирамжийг маргаан бүхий Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Овоотын ХХХХ тоот хаягт байрлах газрыг өмчлөх Захирамж биш болохыг нотолсон Яргуйт багийн Засаг даргын хаягийн өөрчлөлтийн талаарх тодорхойлолтуудыг эх хувиар шүүхэд гаргаж байсан байтал шүүх хариуцагч талаас гаргаж байгаа худал тайлбар, нотлох баримт /Орхон аймгийн Засаг даргын 2005 оны 448 дугаартай захирамж/ нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн хаягийн өөрчлөлтийн талаарх Яргуйт багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй.

Шийдвэрийн үндэслэх хэсэгт буюу 14 дэхь хуудсанд нэхэмжлэгч Г.Э-ийн аав, ээж 800.000 төгрөг өгч байсан зэрэг тайлбарууд мөн нотлогдоогуй болно” гэсэн байна. Маргаан бүхий Овоотын ХХХХ тоотод байрлах байшинг барих үед Г.Э-ийн аав Ш.Гал-Эрдэнэ, ээж П.Мөнхбаяр нар нь хүүхдүүдийнхээ байшинд хөрөнгө оруулж тус нэмэр болох зорилгоор 800.000 төгрөгийн барилгын ажлыг хариуцан гүйцэтгүүлж, хяналт тавьж байсан худ болох Б.Ст 800.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Уг нөхцөл байдлыг 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд Ш.Гал-Эрдэнэ, П.Мөнхбаяр нар нь гэрчээр оролцож гэрчийн мэдүүлгээр нотолсон байтал шүүх үүнийг үгүйсгэсэн нь буруу байна. Мөн нэхэмжлэгчид шүүхээс гардуулсан шийдвэрт шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Ш.Гал-Эрдэнэ, П.Мөнхбаяр, Оюун, Сарантуяа нарын нэр бүхий 4 иргэн оролцсон бөгөөд үүнийг шийдвэрт дурьдалгүй орхиж гэрчийн мэдүүлгүүдийг үнэлээгүй нь санаатайгаар гэрчүүдийг орхигдуулж хариуцагч талд худал мэдүүлэг өгсөн гэрчүүдийн мэдүүлгийг үнэлэх нөхцөл байдлуудыг бүрдүүлж байгааг харуулж байна.

Иймд Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1102 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

                                                  ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас үнэлэх журмыг бүрэн гүйцэт хэрэгжүүлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Шүүх нэхэмжлэгч Г.Э хариуцагч Ш.М, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.С нарт холбогдох хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.

Үүнд: -Гуравдагч этгээд Сийн гаргасан “...газар, байшин, граж, 16 үхэр, автомашины өмчлөгч болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамжийг  хуульд заасан хэмжээгээр төлүүлээгүй.

-Шүүх гуравдагч этгээд Сийн гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагаас 16 үхэр, автомашины өмчлөгч болохыг хүссэн шаардлагыг шийдвэрлээгүй орхигдуулсан

-Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Амаржаргалд хуульд заасны дагуу нөлөөллийн мэдүүлгийг танилцуулаагүй.

-Хариуцагч Ш.М нь “Яргуйт баг Овоот 11 дүгээр гудамж 21 тоот газар, байшинд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ аваагүй байгаа ба энэ газар дээр ээж Б.Сийн өмч учраас Баян-Өндөр сумаас лавлагаа гаргуулах тухай” хүсэлт гаргасан байх ба шүүх Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн талаар лавлагаа гаргуулахаар хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.

-Шүүх хуралдаанд 5 гэрч оролцсон байхад шүүх хуралдааны тэмдэглэлд дутуу, шийдвэрийн удиртгал хэсэгт огт бичээгүй орхигдуулсан зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна.

Түүнчлэн шүүх маргааны зүйл болох Яргуйт баг Овоот 11 дүгээр гудамж 21 тоот газрын эзэмшигчээр анх хэн бүртгэгдсэн эсэхийг тодруулаагүй, гуравдагч этгээд Б.С нь тус сумын Их залуу багт оршин суух бүртгэлтэй байхад 16 үхэр буюу мал тооллогын бүртгэлийн талаарх баримт нь тус сумын Яргуйт багт бүртгэлтгэгдсэн тухай 2016 оны Мал тоолсон карт, Яргуйт багийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн № 243 албан бичиг нотлох баримтанд үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлж шийдвэрлэжээ.

Иймд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч М.Ганзоригын гаргасан “ шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, нотлох баримтыг буруу дүгнэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү” гэх давж заалдах гомдол үндэслэл бүхий байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 142/ШШ2017/01102 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Г.Э-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 302.600 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.БАТТӨР

 

ШҮҮГЧИД                                                                С.УРАНЧИМЭГ

 

                                                                                 Б.ОЮУНЦЭЦЭГ