Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 142/шш2017/01063/и

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 10 сарын 18 өдөр                                Дугаар 142/ШШ2017/01063                                             Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж,,

 Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум ............. байрлах “ШТ” ХХК-ний нэхэмжлэлтэй,

 Хариуцагч:  Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж багт байрлах “Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба”,

 Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Баян” худалдааны төвийн 607 тоотод байрлах “НО Аудит” ХХК-д холбогдох, 

“Тээврийн хэрэгсэлд тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.С, хариуцагч Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, хариуцагч “НОА” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нар оролцов.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “ШТ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “...Манай компани шүүхийн шийдвэртэй, өр төлбөрт хураагдсан 8 төрлийн тээврийн хэрэгслийг анхны үнэ, элэгдэл, балансын үнэ, одоогийн зах зээлд байгаа бодит үнэ зэргийг судлан харьцуулж тооцон нийт 241 000 000 /Хоёр зуун дөчин нэгэн сая/ төгрөгөөр үнэлж шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд өгсөн юм. Гэтэл Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны шийдвэр гүйцэтгэгч Э.Нармандах зөвхөн төлбөр авагчийн эрх ашгийг нэн тэргүүнд авч үзэж 2017.08.22-ны өдрийн '”Шинжээч томилох тухаи” 17/10 дугаар тогтоол үйлдэж “НОА” ХХК-ийг шинжээчээр томилсноор тус компани 2017.09.06-ны 05/17 тоот шинжээчийн дүгнэлтээр дээрхи 8 төрлийн тээврийн хэрэгслийг 122 500 000 төгрөг гэж үнэлэн тогтоосон нь "Хөрөнгийн үнэлгээний зүйлийн эзэмшил, ашиглалт”-ын талаархи судалгааг огт хийлгүй, эдгээр тээврийн хэрэгсэл нь манай компани 2009-2014 онд 5 жил сул зогсолтын нөхцөлд байхад шүүхийн шийдвэрээр битүүмжлэгдэж ашиглагдахгүй байсан. Мөн 2016-2017 онд мөн сул зогсолтын нөхцөлд байгаа тул ашиглагдахгүй үндсэндээ 5 жил ашиглагдаагүй гражид байрласан, ашиглалтын үед тухай бүрд засвар үйлчилгээ хийгдэж байсан болон засвар үйлчилгээ хийгдэж байсан тухай нотолгоо баримтыг судлан үзэлгүйгээр үнэлгээ хийсэн. Түүнчлэн 2016 оноос улсын хэмжээнд тээврийн хэрэгслийн үнэ 1.5-2.0 дахин нэмэгдсэн байгааг тооцоолж үзэлгүйгээр тээврийн хэрэгслийг зах зээлийн үнээс болон бодит байдлаас хэт доогуур 122 500 000 төгрөгөөр үнэлэн, манай гаргасан үнийн саналыг 50 хувиар багасган төлбөр төлөгч байгууллагын эрх ашгийг илт хохироосон дүгнэлт гаргасныг зөвшөөрөхгүй байгаа болон ШШГА энэ үнээр дуудлага худалдаанд оруулах гэж буйд гомдолтой байна. Иймд шинжээчийн дүгнэлтээр 8 төрлийн тээврийн хэрэгсэлд тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулах, шийдвэр гүйцэтгэгчийн шинжээч томилсон тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2017 оны  сарын 22-ны өдрийн 257 дугаар шүүгчийн захирамжаар “ШТ” ХХК-иас 386 251 677 төгрөг гаргуулж “Марин нью райл лайн” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч “ШТ” ХХК-ний эзэмшлийн 8 ш тээврийн хэрэгслийг битүүмжпэх, хураах, талуудаас үнийн санал авах зэрэг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 55 дугаар зүйлийн 55.2.6-д заасны дагуу хураасан эд хөрөнгийг үнэлүүлэхээр 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 17/10 дугаар тогтоолоор “НО аудит” ХХК-ийг шинжээчээр томилсон. Шинжээч дээрх тээврийн хэрэгслүүдийг нийт 122 500 000 төгрөгөөр үнэлгээ тогтоож дүгнэлт ирүүлсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д заасны дагуу шинжээчийн дүгнэлтийг талуудад танилцуулсан болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь хөндлөнгийн шинжээч томилж үнэлгээ хийлгэсэн бөгөөд шинжээч нь дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтлан бие дааж үнэлгээ гаргадаг тул төлбөр төлөгчийн гаргасан гомдлын шаардлагыг манай байгууллага хариуцахгүй болно. Иймд “ШТ” ХХК-ий гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “НОА” ХХК шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “ШТ” ХХК-ийн төлбөрт хураагдсан гэх тээврийн хэрэгслүүдийг ШШГА-ны шинжээч томилох 17/10 тоот тогтоолын дагуу манай компани үнэлгээ хийж хүргүүлсэн.

Бид хөдлөх хөрөнгийн үнэлгээг ҮОУСтандарт, Хөрөнгө үнэлгээний тухай хуулийн дагуу зах зээлийн үнэ, тээврийн хэрэгслийн бодит байдал, үлдэгдэл өртөг зэргийг харьцуулан дээрх үнийг харьцуулан жиших аргаар хийсэн болно. “ШТ” ХХК-ийн ШШГА-нд үнийн санал өгсөн жагсаалтыг сонирхох журмаар ажиглахад тухайн тээврийн хэрэгслийн Монгол Улсад орж ирсэн болон үйлдвэрлэсэн оныг огт авч үзээгүй байсан бөгөөд гомдолд дурдсан ”...8 төрлийн тээврийн хэрэгслийн анхны үнэ, элэгдэл, балансын үнэ, одоогийн зах зээлд байгаа бодит үнэ зэргийг судлан ... 2016 оноос тээврийн хэрэгслийн үнэ 1,6-2,0 дахин нэмэгдсэн байгааг...” гэсэн нь бодит байдалтай огт нийцэхгүй байгааг үнэлгээчин би хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

   Нэхэмжлэгчийн үнийн саналыг сонирхсон, тэгэхэд эднийх үйлдвэрлэсэн он, Монголд орж ирсэн оныг харалгүй үнийг тавьсан байсан. Ашиглаж байх явцдаа хийсэн засвар /сэлбэг нь/ бүтээгдэхүүнийхээ өртөгт ороод явдаг. Бид үнээ судалсан. Жишээ нь тэр үед 2007 онд 12,0 сая төгрөгөөр худалдаж авсан машин бол асар өндөр үнэтэй байсан. Тэгэхэд худалдаж авсан үнээрээ нэхэмжлэгч үнээ тогтоосон байгаа. Мөн “ланд 100” машиныг нэхэмжлэгч 50,0 саяар үнэлсэн, тэгэхэд Монголд орж ирээд яваагүй тийм машин 50,0 саятай байх жишээтэй. Нэхэмжлэгч өөрийнхөө үнэд их ач холбогдол өгөөд байна, энэ үнэ бол бидэнд хамаагүй. Бид  өртөг зах зээл хоёрыг харьцуулан үнэлсэн... нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэсэн.     

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “ШТ” ХХК нь  Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, “НОА” ХХК-д тус тус холбогдуулан  “Тээврийн хэрэгсэлд тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нар нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчээс ШШГА-нд холбогдуулж ямар шаардлага гаргасныг тодруулахад шинжээч томилсон тогтоолыг хүчингүй болгуулахаар шаардлага гаргасан гэж тайлбарласан.

2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 142/ШШ2017/00257 дугаартай Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар “Мариннью райл лайн” ХХК-ийн нэхэмжилсэн 384 172 677 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “ШТ” ХХК хүлээн зөвшөөрч хариуцагчийн шаардлагыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүгчийн захирамж хэрэгт авагдсан.      

Дээрх захирамжийн дагуу “Мариннью райл лайн” ХХК, Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд 2017 оны 06 дугаар сарын 09-ны өдөр 435 дугаартай гүйцэтгэх хуудас хүргүүлж, уг гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, 8 авто машиныг битүүмжлэх, хураах зэрэг ажиллагаануудыг хийж, тухай бүрд нь тэмдэглэл үйлджээ.  

Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны төлөөлөгч ... төлбөр төлөгч компани нь мөнгө байхгүй тул эхний ээлжинд тээврийн хэрэгслүүдийг хураасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчтэй харилцан тохиролцож хураагдсан эд хөрөнгүүдийг үнэлэх эрхтэй боловч, төлбөр төлөгчийн үнэ хэтэрхий өндөр байсан тул шийдвэр гүйцэтгэгч үнэлэх боломжгүй болсон. Ингээд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хийхийн тул шинжээч томилсон... гэж тайлбарласан.

Хэрэгт 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 17/10 дугаартай шинжээч томилсон шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол авагдсан.

Дээрх шийдвэр гүйцэтгэгчийн шинжээч томилсон тогтоолын дагуу “НО аудит” ХХК нь 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр “ШТ” ХХК-ийн төлбөрт хураагдсан 8 автомашины зах зээлийн үнэлгээг тогтоосон бөгөөд нийт 122 500 000 төгрөгөөр үнэлжээ.

НО аудит” ХХК тухайн тээврийн хэрэгслүүдэд үнэлгээ тогтоохдоо өртгийн хандлагын арга, зах зээлийн хандлагын арга, өртөг зах зээлийн үнийг харьцуулан жиших  аргаар үнэлгээ хийсэн байх ба, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасныг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.1.2-т заасныг зөрчсөн, “НО аудит” ХХК 2014 онд манай байгууллагатай санхүүгийн аудитын гэрээтэй байсан гэж тайлбарлсан бөгөөд Аудитын гэрээг 2014.12.26-нд баталсан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн дээрх заалтуудыг зөрчөөгүй, уг үндэслэлд хамаарахгүй байна.

Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шинжээч томилсон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад тээврийн хэрэгслүүдийн өмчлөгч, төлбөр төлөгч “ШТ” ХХК-ийн болон бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх үндэслэл,хэргийн оролцогчийн тайлбар болон үйл баримтаар тогтоогдоогүй.

Иймд Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шинжээч томилсон тогтоол, “НО аудит” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах “ШТ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг 2002 оны Шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн дагуу үүсгэсэн хэдий ч, шинжээч томилох тогтоол, эд хөрөнгийг хураасан акт зэрэг нь 2017 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн дагуу хийгдсэн ажиллагаа тул шинээр батлагдсан хуулиар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч, үнэлгээ хийлгэсэн 8 тээврийн хэрэгслийн урсгал засвар хийж байсан тухай баримтуудыг хэрэгт нотлох баримтаар өгсөн нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болохгүй байгааг дурьдах нь зүйтэй.    

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээхээр заалаа.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасаныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.6-д заасныг заасныг баримтлан Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шинжээч томилсон тогтоол, “НО аудит” ХХК-ийн үнэлгээ хүчингүй болгуулах “ШТ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ХИШИГДАВАА