Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 00184

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                          “Шим Технолоджи” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                      иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 142/ШШ2017/01063 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч “Шим Технолоджи” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, “Найдвар Од Аудит” ХХК нарт холбогдох,

“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 17/10 дугаар шинжээч томилсон тогтоол, Найдвар Од Аудит ХХК-ийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 05/17 дугаар шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сарантуяагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сарантуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нармандах, Б.Оюунчимэг, нарийн бичгийн дарга П.Чин-Оюунсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч “Шим технолоджи” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Манай компани шүүхийн шийдвэртэй өр төлбөрт хураагдсан 8 төрлийн тээврийн хэрэгслийг анхны үнэ, элэгдэл, балансын үнэ, одоогийн зах зээлд байгаа бодит үнэ зэргийг судлан харьцуулж тооцон нийт 241.000.000 төгрөгөөр үнэлж шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд өгсөн юм. Гэтэл Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны шийдвэр гүйцэтгэгч Э.Нармандах зөвхөн төлбөр авагчийн эрх ашгийг нэн тэргүүнд авч үзэж 2017.08.22-ны өдрийн “Шинжээч томилох тухай 17/10 дугаар тогтоол үйлдэж “Найдвар-Од аудит” ХХК-ийг шинжээчээр томилсноор тус компани 2017.09.06-ны 05/17 тоот шинжээчийн дүгнэлтээр дээрхи 8 төрлийн тээврийн хэрэгслийг 122.500 төгрөг гэж үнэлэн тогтоосон нь "Хөрөнгийн үнэлгээний зүйлийн эзэмшил, ашиглалт-ын талаархи судалгааг огт хийлгүй, эдгээр тээврийн хэрэгсэл нь манай компани 2009-2014 онд 5 жил сул зогсолтын нөхцөлд байхад шүүхийн шийдвэрээр битүүмжлэгдэж ашиглагдахгүй байсан. Мен 2016-2017 онд мөн сул зогсолтын нөхцөлд байгаа тул ашиглагдахгүй үндсэндээ 5 жил ашиглагдаагүй гражид байрласан, ашиглалтын үед тухай бүрд засвар үйлчилгээ хийглэж байсан болон засвар үйлчилгээ хийгдэж байсан тухай нотолгоо баримтыг судлан үзэлгүйгээр үнэлгээ хийсэн. Түүнчлэн 2016 оноос улсын хэмжээнд тээврийн хэрэгслийн үнэ 1.5-2.0 дахин нэмэгдсэн байгааг тооцоолж үзэлгүйгээр тээврийн хэрэгслийг зах зээлийн үнээс болон бодит байдлаас хэт доогуур 122.500.000 төгрөгөөр үнэлэн, манай гаргасан үнийн саналыг 50 хувиар багасган төлбөр төлөгч байгууллагын эрх ашгийг илт хохироосон дүгнэлт гаргасныг зөвшөөрөхгүй байгаа болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх энэ үнээр дуудлага худалдаанд оруулах гэж буйд гомдолтой байна. Иймд шинжээчийн дүгнэлтээр 8 төрлийн тээврийн хэрэгсэлд тогтоосон үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

2017 оны сарын 22-ны өдрийн 257 дугаар шүүгчийн захирамжаар “Шим технолоджи” ХХК-иас 386.251.677 төгрөг гаргуулж “Мариннью райл райн” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч “Шим технолоджи” ХХК-ний эзэмшлийн 8ш тээврийн хэрэгслийг битүүмжлэх, хураах, талуудаас үнийн санал авах зэрэг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 55 дугаар зүйлийн 55.2.6-д заасны дагуу хураасан эд хөрөнгийг үнэлүүлэхээр 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 17/10 дугаар тогтоолоор “Найдвар Од Аудит” ХХК-ийг шинжээчээр томилсон. Шинжээч дээрх тээврийн хэрэгслүүдийг нийт 122.500.000 төгрөгөөр үнэлгээ тогтоож дүгнэлт ирүүлсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д заасны дагуу шинжээчийн дүгнэлтийг талуудад танилцуулсан болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь хөндлөнгийн шинжээч томилж үнэлгээ хийлгэсэн бөгөөд шинжээч дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтлан бие дааж гаргадаг тул төлбөр төлөгчийн гаргасан гомдлын шаардлагыг манай байгууллага хариуцахгүй болно. Иймд “Шим технолоджи” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Найдвар-Од Аудит” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Бид хөдлөх хөрөнгийн үнэлгээг олон улсын стандарт, Хөрөнгө үнэлгээний тухай хуулийн дагуу зах зээлийн үнэ, тээврийн хэрэгслийн бодит байдал, үлдэгдэл өртөг зэргийг харьцуулан дээрх үнийг харьцуулан жиших аргаар хийсэн болно. “Шим технолоджи” ХХК-ийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба үнийн санал өгсөн жагсаалтыг сонирхох журмаар ажиглахад тухайн тээврийн хэрэгслийн Монгол Улсад орж ирсэн болон үйлдвэрлэсэн оныг огт авч үзээгүй байсан бөгөөд гомдолд дурдсан ”...8 төрлийн тээврийн хэрэгслийн анхны үнэ, элэгдэл, балансын үнэ, одоогийн зах зээлд байгаа бодит үнэ зэргийг судлан ... 2016 оноос тээврийн хэрэгслийн үнэ 1,6-2,0 дахин нэмэгдсэн байгааг...” гэсэн нь бодит байдалтай огт нийцэхгүй байгааг үнэлгээчин би хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Нэхэмжлэгчийн үнийн саналыг сонирхсон, тэгэхэд эднийх үйлдвэрлэсэн он, Монголд орж ирсэн оныг харалгүй үнийг тавьсан байсан. Ашиглаж байх явцдаа хийсэн засвар /сэлбэг нь/ бүтээгдэхүүнийхээ өртөгт ороод явдаг. Бид үнээ судалсан. Нэхэмжлэгч өөрийнхөө үнэд их ач холбогдол өгөөд байна, энэ үнэ бол бидэнд хамаагүй. Бид өртөг зах зээл хоёрыг харьцуулан үнэлсэн, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 142/ШШ2017/01063 дугаар шийдвэрээр:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.6-д заасныг баримтлан Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай албаны шинжээч томилсон тогтоол, Найдвар Од Аудит ХХК-ийн үнэлгээ хүчингүй болгуулах Шим технолоджи ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд төлсөн 70 200 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сарантуяа давж заалдсан гомдолдоо:

Зөвхөн төлбөр авагчийн эрх ашигт нийцүүлэн Төлбөрт хураагдсан автомашинуудыг манай компани 241 сая төгрөгөөр үнэлсэн байхад дээрхи аудитийн компаниар 122 500 мянган төгрөг болгон зах зээлийн үнээр хэт доогуур үнэлүүлэн дуудлага худалдаанд оруулах гэж байгаа нь анхны болон хоёрдохь дуудлага худалдаанд оруулахад 70, 50 хувиар үнэ бууруулап худалдагдах нөхцөлд манай 8 төрлийн тээврийн хэрэгсэл ердөө 60 сая төгрөгөөр худалдагдахад хүрч байгаа нь төлбөр төлөгчийн хууль ёсны эрх ашиг ихээхэн зөрчигдөж байна.

Шүүхийн шийдвэрт бага үнэтэй түргэн борлогдох 800 гаруй сая төгрөгийн бараа материап, тоног төхөөрөмжийг төлбөрт өгөх худалдан борлуулах талаар манай компани саналаа бичгээр хүргүүлсэн, ШШГА-наас ирж бараа материал тоног төхөөрөмжийг агуулахад байгааг үзэж бүртгэж авсан мөртлөө заавал манай үйлдвэрлэлд нэн тэргүүнд шаардагдах хэрэгцээтэй өмч хөрөнгө болох тээврийн хэрэгслүүдийг хураан авсан. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 87.1.5-д заасныг ноцтойгоор зөрчсөн гэж үзэж байна. Шинжээч томилохдоо Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9.1-д заасан харшлах шалтгаан байгаа эсэхийг судлаж үзээгүй, энэ компанийг томилсон тухайгаа мэдэгдээгүй атлаа Шинжээчийн дүгнэлт гарсан гэж танилцуулсан. Шинжээчийн дүгнэлтэд үнэлгээний ямар аргаар юутай жишиж хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй, манай байгууллага дээр очиж зөвхөн гадна талаас нь хараад явсан байдаг ба засвар үйлчилгээ огт хийгээгүй гэж дүгнэлтэд дурьдсан байдаг. Санхүүгээс энэ талаар ямар нэгэн баримт материал шалгаж судалгаа хийлгүйгээр дүгнэлт гаргасан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9,3.9-т заасан Хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнийг тогтооход хэрэглэсэн арга, горим, тэдгээрийн нийцтэй байдал зэрэг нь эргэлзээ төрүүлж байна.

“Найдвар-Од Аудит” ХХК нь манай компанитай санхүү мөнгөний хувьд харилцаатай байгаагаа өөрсдөө сайн мэдэж байсан учир энэхүү үнэлгээ хийх тохиолдлоос өөрийн хүсэлтээр татгалзах ёстой байсан гэж үзэж байна. Тээврийн хэрэгсэлд үнэлгээ тогтоох нь бодит байдалд тохирохгүй, гаргасан үнэлгээ нь хийсвэр бодит бус юм. Ямар төрлийн ямар машин хэдэн төгрөгөөр зарагдахыг үнэлгээний байгууллага тогтоох нь үндэслэл муутай гэж үзэж үнэлгээг зөвшөөрөхгүй байна. Иймд Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.10.18-ны өдрийн 142/ШШ2017/01063 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                                ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлэх тухай хуулийн шаардлагыг бүрэн хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “Шим технолоджи ХХК” нь Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шинжээч томилсон тогтоол, “Найдвар Од Аудит” ХХК-ийн үнэлгээ хийсэн дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн шинжээч томилох тухай 17/10 дугаар тогтоол, “Найдвар Од Аудит” ХХК-ийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 05/17 тоот шинжээчийн дүгнэлт зэрэгт үндэслэн тодорхойлжээ.

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргасан байна.

Нэхэмжлэгч “Шим Технолоджи” ХХК нь Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 142/ШШ2017/00257 дугаар шүүгчийн захирамжаар “Мариннью райл райн” ХХК-д 384.172.677 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн ба энэхүү захирамжийн дагуу гүйцэтгэх хуудас бичигдэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргэгдсэнээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж нэхэмжлэгчийн эд хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагаа хийгджээ.

Энэ гүйцэтгэлийн ажиллагаагаар нэхэмжлэгч “Шим Технолоджи” ХХК–ийн өмчлөлийн 8 ширхэг тээврийн хэрэгслүүдийг хурааж авсан байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь төлбөр төлөгчтэй харилцан тохиролцож хураагдсан эд хөрөнгийг үнэлэх эрхтэй боловч төлбөр төлөгчийн үнэ хэтэрхий өндөр байснаас шийдвэр гүйцэтгэгч үнэлэх боломжгүй болж шинжээч томилсон гэж тайлбар гаргаж мэтгэлцжээ.

Шийдвэр гүйцэтгэгчийн шинжээч томилсон тогтоолын дагуу “Найдвар Од Аудит” ХХК нэхэмжлэгч “Шим Технолоджи” ХХК-ийн хураагдсан 8 тээврийн хэрэгслийн зах зээлийн үнийг тогтоохдоо өртгийн хандлагын арга өртөг, зах зээлийн үнийг харьцуулан жиших аргаар үнэлэн нийт 122.500.000 төгрөгөөр үнэлсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Анхан шатны шүүх “Найдвар Од Аудит” ХХК нь Шим Технолоджи ХХК-тай 2014 онд санхүүгийн аудитын гэрээтэй байсан нь хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг зөрчөөгүй, хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.1.2-т заасан үндэслэлд хамаарахгүй гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болоогүй байна.

Нэхэмжлэгч “Шим Технолоджи” ХХК нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шинжээч томилсон тухай тогтоол гаргаснаа мэдэгдээгүй учраас гомдол гаргах боломжгүй байсан тул үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй хуулинд заасан хугацаанд шүүхэд гомдол гаргасан гэж тайлбар гарган мэтгэлцэж, хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь шинжээч томилсон тогтоолыг хариуцагч талд мэдэгдэх үүрэггүй, “Найдвар Од аудит” ХХК, “Шим Технолоджи” ХХК нарын хооронд санхүүгийн аудитын гэрээтэй ажиллаж байсныг мэдэх боломжгүй байсан гэж хариу тайлбар гарган маргаж байгаа боловч Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д заасныг зөрчсөн болох нь тогтоогдож байх тул “Найдвар Од Аудит” ХХК нь хэдийгээр 2014 оны 12 дугаар сарын 26-нд “Шим Технолоджи” ХХК-тай санхүүгийн аудитын гэрээтэй ажиллаж байсан ба хуулинд заасан сүүлийн 2 жилийн хугацаанд хамтран ажиллаж байсан гэсэн хугацаа өнгөрсөн байгаа боловч санхүүгийн аудит хийсэн хөлсийг “Шим Технолоджи” ХХК төлөөгүй хоёр байгууллагын хооронд үүссэн өглөг авлагын харилцаа дуусгавар болоогүй байгаа тул хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн дээрх зохицуулалт хамааралтай гэж үзэх үндэслэлтэй.

“Найдвар Од Аудит” ХХК нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2-т зааснаар үнэлгээ хийлгэхээр томилсон шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хүлээн авахаас татгалзах ёстой байсан байна.

Иймд шинжээч томилсон шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол, “Найдвар Од Аудит” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 142/ШШ2017/01063 дугаар шийдвэрийн 1 дэхь заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.6, 55.3, 55.7, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.1.2-т заасныг баримтлан Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 17/10 дугаар шинжээч томилсон тогтоол, Найдвар Од Аудит ХХК-ийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 05/17 дугаар шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгосугай” гэж,

Шийдвэрийн 2 дахь заалтанд “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан хариуцагч “Найдвар Од Аудит” ХХК-иас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Шим Технолоджи” ХХК-д олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.БАТТӨР

 

         ШҮҮГЧИД                                                                  Б.ОЮУНЦЭЦЭГ

 

                                                                                            С.УРАНЧИМЭГ