Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 1264

 

 

 

 

 

 

 

 

 

С.Чулуунтуяагийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2017/00681 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч С.Чулуунтуяагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Г.Даваасүрэн, С.Галзагд нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 22 500 000 төгрөг гаргуулах, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагч С.Галзагдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгч: С.Чулуунтуяа

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: С.Дагвадорж

Хариуцагч: С.Галзагд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батмөнх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Чулуунтуяа нь 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээг хариуцагч нартай байгуулсан. Зээлийн гэрээгээр 15 000 000 төгрөгийг шилжүүлэх үүрэг хүлээж, 1 сарын хугацаатайгаар сарын 8 хувийн хүүтэйгээр тооцож, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоногийн 0.5 хувийн алданги тооцохоор гэрэээ байгуулсан. Мөнгө шилжүүлэх үүргээ биелүүлж, Г.Даваасүрэнгийн дансанд 15 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч Г.Даваасүрэн өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөө барьцаалсан. Энэ 2 хүний хоорондын тооцооны асуудал тусдаа, хэн нь хэдэн төгрөг авсан талаар бидэнд ямар ч хамааралгүй. Зээлийн 1 сарын хүү төлсөн, гэрээнд зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар алданги тооцож нийт 22 500 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Даваасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 07 дугаар сард С.Галзагд ахын хамаатны дүү н.Мөнхбаттай танилцаж 300 000 000 төгрөгийн зээлийн барьцаанд хөрөнгө тавиад шагналд нь Приус маркийн машиныг авахаар тохиролцсон боловч зээл бүтээгүй. Тухайн үед С.Галзагд ах зээл авах гэж С.Чулуунтуяа гэх хүнийг өөрөө олж ирээд чи баталгаа болгоод хөрөнгөө тавиад өгөөч гэж хэлсэн. Энэ дагуу зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Бид нар Мишээл Экспо төвийн Хаан банкинд уулзалдаад шууд С.Галзагдын данс руу мөнгө хийх гэхээр нь би эхлээд миний дансруу хийсэн нь дээр байх гэж бодоод өөрийн данс руу хийлгэсэн. С.Чулуунтуяа нь зээлийн хүүгээ суутгаад 13 800 000 төгрөгийг шилжүүлсэн, дараа нь надад шагнал гэж 2 000 000 төгрөг үлдээгээд С.Галзагдын дансанд 11 800 000 төгрөгийг шилжүүлсэн. Дахин бичгээр баталгаа гаргуулж, С.Галзагд ах бид 2 гарын үсэг зуруулсан. Сарын дараа С.Чулуунтуяа зээлийн хүүгээ төл гэж утасдсан тул би төлөхгүй, надад хамаагүй гэж хэлсэн. С.Галзагд ахад хэлэхэд зээлийн гэрээний хугацаа сунгасан зээлийн хүүг төлсөн гэж байсан. Тухайн үед би учрыг сайн ойлгоогүй бичиг баримтад гарын үсэг зурсан байсан. Би нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч С.Галзагд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр н.Мөнхбат, н.Нямгэрэл гэх 2 хүн над дээр ирээд “Цог хийморь сүлд” ХХК-ийн захирал н.Даваасүрэнгийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, “Киг” ХХК-ийн гэрчилгээ, Хас банкны зээлэнд хамрагдах бичиг, 300 000 000 төгрөгийн төсөлд хамрагдсан гэсэн төсөл зэрэг бусад баримтуудыг үзүүлж намайг ББСБ-аас 30 000 000 төгрөг аваад өгчих, 10 000 000 төгрөгийг надад шагналд нь өгье гэж ирсэн. Би тухайн үед энэ эмэгтэйг Цог сургуулийн захирал Даваасүрэн, мөн “Киг” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч гэж танилцуулж бичиг баримт үзүүлэхэд итгэсэн. Ингээд би өөрийн 2 давхар орон сууц болон газраа “Жи Эс Би” ББСБ-д барьцаалж 2016 оны 07 дугаар сарын 08-нд зээлийн шимтгэл төлж үлдэгдэл 29 840 000 төгрөгийг н.Мөнхбатад хүлээлгэн өгсөн. Тэгээд н.Мөнхбат нь “Даваасүрэн бид хоёрт зээл хөөцөлдөхөд мөнгө хэрэгтэй” гээд 10 000 000 төгрөгийг авч үлдээд үлдэгдэл мөнгөөр 55 200 юань худалдан авч өгөөд өөрийн туслах н.Нямгэрэл болон орчуулагч н.Уудам нарын хамт намайг Харбин хот руу явуулж ТҮЦ-ний гэрээ хийж бэлэн болго гэсэн.Түүнээс хойш энэ хүмүүс намайг залилж байсныг мэдсэн, “Цог хийморь сүлд” ХХК-ийн нэр дээр ТҮЦ-ийг оруулж ирж хамтран ажиллахаар ярилцаж байсан. С.Чулуунтуяагийн тухайд мөнгө зээлэх зараар н.Мөнхбат нар нь олж уулзаад над руу утасны дугаарыг нь өгсөн. Би залгаад ярихад уулзахаар тохироод зээл өгсөн. Зээл авахын тулд Г.Даваасүрэнгийн газрын бичиг баримтыг бүрдүүлэхэд энэ мөнгөнөөс хэрэглэсэн. Надад шилжүүлсэн гээд байгаа 11 800 000 төгрөг дээр би өөрөө нэмж 16 000 000 төгрөгний зээл аваад ТҮЦ хийлгэсэн хятадын компанитай тооцоо хийж дуусгасан. Энэ хүмүүсээс болж би хохирсон гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаарГ.Даваасүрэн, С.Галзагд нараас 22 500 000 төгрөг гаргуулж С.Чулуунтуяад олгож, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 157 дугаар зүйлийн 157.1.2 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нь барьцааны зүйл болох Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр 2 Чингисийн өргөн чөлөө гудамж, 23 тоот байршилтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Даваасүрэн, С.Галзагд нараас 335 450 төгрөгийг гаргуулж С.Чулуунтуяад олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 335 450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч С.Галзагд давж заалдах гомдолдоо “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулахаар заасан. Гэтэл анхан шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч тал хариуцагчийг нийт 3 сарын хүү төлсөн болохыг огт ярихгүй байсан тул миний бие энэ тухай ярьж, хэргийн бодит үнэнийг тогтооход ач холбогдол бүхий нотлох баримт буюу 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр төлсөн 1 200 000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төлсөн 1 200 000 төгрөгийн баримтыг гаргаж талаар хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй. Миний бие үндсэн зээл болох 15 000 000 төгрөгөөс нийт 2 400 000 төгрөгийг төлсөн тул биелүүлээгүй үндсэн үүрэг 12 600 000 төгрөг юм. Хариуцагч нар алдангид 6 300 000 төгрөгийг төлж, нийт 18 900 000 төгрөгийг төлнө. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйг зөвтгөн өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

            Нэхэмжлэгч С.Чулуунтуяа нь хариуцагч Г.Даваасүрэн, С.Галзагд нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 22 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

            Нэхэмжлэгч С.Чулуунтуяа нь хариуцагч Г.Даваасүрэн, С.Галзагд нартай 2016 оны 08 дугаар сарын 15-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, хариуцагч нар нь 15 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэйгээр нэхэмжлэгчээс зээлж, хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцох, үүргийн гүйцэтгэлийн биелэлтийг хангуулахаар хариуцагч Г.Даваасүрэн нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр 2 Чингисийн өргөн чөлөө гудамж, 23 тоотод байрлах, 800 000 000 төгрөгийн үнэ бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан болох нь хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээнүүд, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Хаан банкны орлогын мэдүүлэг, Хаан банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон, дээрх зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.2  дахь хэсэгт заасан гэрээг бичгээр байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлагыг хангасан байна. /хх 3-4, 6, 16, 25, 27, 82-84/

Зохигчдын байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ нь хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлагыг зөрчөөгүй, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон хүчин төгөлдөр хэлцэл байх тул нэхэмжлэгч С.Чулуунтуяа нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээний үндсэн төлбөр, хүү, алдангийг хариуцагч нараас шаардах эрхтэй байна. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу зээлийн хүүд 1 200 000 төгрөгийг үндсэн зээлээс суутгаж, үлдэх 13 800 000 төгрөгийг хариуцагч Г.Даваасүрэнд шилжүүлсэн болох нь Хаан банкны орлогын мэдүүлгээр нотлогдож байна. /хх 16/

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийн талаарх заалт нь үндсэн төлбөрийг төлөх хугацааг хэтрүүлсэн тэр үеэс тооцох зохицуулалт бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш зээлийн гэрээний дагуу алданги төлөх үүрэг үүснэ.

Нэхэмжлэгч С.Чулуунтуяагийн анхан шатны шүүхэд зээлийн гэрээний үүрэгт 22 500 000 төгрөг гаргуулахаар хариуцагч Г.Даваасүрэн, С.Галзагд нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэл нь 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр авагдсан байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нарын хувьд зээлийн гэрээний үндсэн төлбөр болох 15 000 000 төгрөгийг төлөх хугацаанаас өмнө шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул иргэд хоорондын зээлийн гэрээний хувьд шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр хүртэлх хугацааны алдангийг тооцох учиртай.

 

Гэвч хариуцагч С.Галзагд нь нэхэмжлэлийн шаардлагаас 18 900 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн агуулгатай давж заалдах гомдол гаргасан байх тул хариуцагчийн өөрийнх нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн үнийн дүнгийн хэмжээгээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3 дахь хэсэгт заасантай нийцнэ.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч С.Галзагдын гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2017/00681 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “...22 500 000 төгрөг...” гэснийг “...18 900 000 төгрөг...” гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...335 450 төгрөг...” гэснийг “...252 450 төгрөг...” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч С.Галзагдын гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагч С.Галзагдын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72 550 төгрөгийг буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                            ШҮҮГЧИД                                        А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                     Д.ЦОГТСАЙХАН