Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 9

 

 

 

 

 

 

 

 

 

Т.Билгүүнд холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

            Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Ш.Сувд-Эрдэнэ, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нарыг оролцуулан

            Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаар шийтгэх тогтоолтой Т.Билгүүнд холбогдох эрүүгийн 1737000110010 дугаартай хэргийг шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр нээлттэй хэлэлцэв.

            Монгол улсын иргэн, 1985 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, урьд ял шийтгэлгүй, Боржгон овогт Төмөрбаатарын Билгүүн нь 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 21 цагийн үед 00-99 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн, албан үүргээ гүйцэтгэж байсан Булган сум дахь Цагдаагийн хэлтсийн цагдаагийн дэд ахлагч Я.Хадбаатарыг авто  тээврийн хэрэгслээр мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, зам тээврийн осол гаргаад хэргийн газраас зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

            Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх “Боржигон овогт Төмөрбаатарын Билгүүнийг хууль сахиулагчийг эсэргүүцэх, авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас Т.Билгүүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Т.Билгүүнийг 2700 нэгж буюу 2.700.000 / хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Т.Билгүүнд оногдуулсан 2.700.000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Т.Билгүүн нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Билгүүн нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн, хязгаарлалт тогтоосон шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдэж, Шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, Т.Билгүүний 388834 дугаартай В,С ангиллын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоолын хувийн хамт Ховд аймгийн шүүхийн шийдвэр гүцэтгэх албанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Отгонжаргалд даалгаж  шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх Т.Билгүүнд ял оногдуулахдаа нотлох баримтыг үнэн зөв бодитойгоор, эргэлзээгүй нотлох баримтаар үнэлж чадалгүй түүнийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар гэм буруутайд тооцож торгох ялаар шийтгэсэнд гомдолтой байна.

Шинжээч эмчийн 446 дугаартай дүгнэлт, 1010 дугаартай дүгнэлтүүдийг харьцуулан шинжилж дүгнэж чадаагүй. Шүүгдэгч Т.Билгүүн нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо нөхөн төлсөн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Прокурор шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолтой танилцаад гаргасан хариу тайлбатаа: Хавтаст хэрэгт шүүхийн шинжилгээний албаны 3 дүгнэлт гарсан. Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Тогтохын 446 дугаартай дүгнэлтээр хохирогч Я.Хадбаатарын биед гэмтэл тогтоогдоогүй. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1010 дугаартай дүгнэлтээр хохирогч Я.Хадбаатарын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан.

Дээрх хоёр дүгнэлт эргэлзээтэй гэж прокурор үзэж дахин шинжээч томилж 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 71 дугаартай дүгнэлтээр дээрх хоёр дүгнэлтийг хагалж хохирогч Я.Хадбаатарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан дүгнэлт гарсан.

Шүүгдэгч Т.Билгүүн нь согтолтын улмаас цагдаагийн албан хаагчийн зогсох дохиог анзаараагүй байх үндэслэлтэй боловч цагдааг машинаар мөргөж унагаачихаад эмнэлэгийн тусламж үзүүлэхгүйгээр хөдөлгөөнд оролцоод байгаа нь хууль сахиулагчийг албан үүрэгтэй нь холбогдуулан эсэргүүцсэн гэж үзэхээр байна.

Иймд шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Гэм буруугийн талаар дээд шүүхээс дүгнэлт хийж ирсэн. Иймд гэм бурууг анхан шатны шүүх зөв шийдвэрлэсэн. Шийтгэх тогтоолын огнооны хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зүйл байхгүй энэ талаар магадлалдаа дурдаад өгөх боломжтой гэж үзэж байна гэв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Т.Билгүүн түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарын давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

            Т.Билгүүн нь 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 21 цаг 30 минутын үед 00-99 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн, албан үүргээ гүйцэтгэж байсан Булган сум дахь Цагдаагийн хэлтсийн цагдаагийн дэд ахлагч Я.Хадбаатарыг авто тээврийн хэрэгслээр мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, зам тээврийн осол гаргаад хэргийн газраас зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Оюунцэцэг шүүгдэгч Т.Билгүүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж уг хэргийг шүүхэд шилжүүлжээ. Хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна. Учир нь:

 Шүүх шүүгдэгч Т.Билгүүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23 .1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон атлаа түүнд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д заасан “шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэх хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй алдаа гаргасан байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлж хор уршгийг арилгасан. . . бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг . . . харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэж хуульчилжээ.

Гэтэл шүүгдэгч Т.Билгүүн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй маргаж байхад шүүх Т.Билгүүний мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуугаар үйлдсэн үйлдлийг тэнссэн байна.

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгтэй нийцээгүй байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн . . . бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй гэжээ.

Шүүгдэгч Т.Билгүүн нь хууль сахиулагчийг эсэргүүцэх, Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуугаар үйлдсэн гэх хоёр гэмт хэргийг санаатай үйлдсэн байхад шүүх түүний нэг гэмт хэргийг тэнсэж, нэг гэмт хэрэгт нь торгох ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2-т дахь хэсгийг зөрчсөн байна.

Иймд анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдааны шатнаас дахин хэлэлцүүлэхээр Булган сум дахь сум дундын шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

            Т.Билгүүнд холбогдох хэргийг хууль буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасан учир шүүгдэгч Т.Билгүүн түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарын давж заалдсан гомдлыг хэлэлцээгүй болно.

            Харин шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэгийн давж заалдах шатны шүүх хуралдаанд “Т.Билгүүнд холбогдох хэргийн анхан шатны шүүх хуралдаан 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр болсон. Гэтэл анхан шатны шүүх бидэнд 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн тогтоол гардуулж өгсөн” гэх тайлбарыг цаашид анхаарч ажиллах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 -д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Т.Билгүүнд холбогдох эрүүгийн  хэргийг шүүх хуралдааны шатнаас дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

            2.Хэргийг шүүхэд очтол шүүгдэгч Т.Билгүүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр  зүйлийн 2 дахь хэсэг, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.1,3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон  үндэслэлээр оролцогч хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

      ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Н.ТУЯА

 

              ШҮҮГЧИД                                        М.НЯМБАЯР

                                  

Б.ДАМБА