Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 2187

 

Ч.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

                                  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2017/01523 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Ч.Бгийн, хариуцагч Б.Лд холбогдуулан гаргасан 2009 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, уг гэрээний үндсэн дээр Ч.Бгээс Б.Лд шилжүүлж өгсөн 1 800 000 төгрөгийн үнэлгээтэй “ИН” ХХК-ийн 60 хувийн хувьцааг Ч.Бд буцаан шилжүүлэх, эдгээр харилцаатай холбоотой бүртгэлийг улсын бүртгэлд бүртгүүлэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газарт даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ч, хариуцагчийн өмгөөлөгч С.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ч.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2008 онд “ИН” ХХК-ийг үүсгэн байгуулж, 2009 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь байсан. Гэтэл Б.Л дарамт шахалт үзүүлэн, намайг төөрөгдөлд оруулж, 2009 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээгээр “ИН” ХХК-ийн хувьцааны 60 хувийг 1 800 000 төгрөгөөр үнэлж, өөртөө шилжүүлсэн. Мөн өдөр “ИН” ХХК-ийн дүрмийг шинэчлэн, хууль бусаар манай компанийн 60 хувийн хувьцаа эзэмшигч болсон. Анх гэрээг байгуулахад Б.Л нь 400 000 ам.долларт тооцон 60 хувийн хувьцааг шилжүүлэх тухай саналыг тавьж, гэрээг байгуулсан. Дээрх гэрээний 2.7-д заасан мөнгийг хариуцагч Б.Л нэхэмжлэгчид өгсөн гэх боловч өгөөгүй, үүнтэй холбоотой баримт хэрэгт байхгүй.

Өөрөөр хэлбэл Л.З, Ж.Ц нарын хооронд Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан бөгөөд Ж.Ц-аас олгосон итгэмжлэлээр Ч.Б гэрээнд гарын үсэг зурсан. Талууд уг гэрээний дагуу Зайсангийн аманд байрлалтай 3.3 га газарт хөрөнгө оруулалт хийж, обьект барих зорилготой байсан. Мөн хөрөнгө оруулах баталгаа болгож 650 000 ам.долларыг 2 хувааж өгнө гээд эхний ээлжинд 400 000 ам.долларыг шилжүүлэхээр тохиролцсон боловч Ж.Ц төрийн албанд ажиллахаар болж, 2008 онд “ИН” ХХК-ийг Ч.Б байгуулж, 100 хувийн хувьцаа эзэмшигч болж, уг газрыг компанийн нэр дээр шилжүүлэн авсан. 2009 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс 29-ний өдрийн хооронд Ч.Бг хөдөө орон нутагт эгчийнх нь бие муудаад явахад нь хууль бусаар түүний компанийн гэрчилгээ, газрын гэрчилгээ, тамга, тэмдгийг Цагдаагийн байгууллагыг хууран мэхэлж авсан.

Мөн тухайн үед Б.Л нь Цагдаагийн байгууллагад хандсан байдаг бөгөөд ямар үндэслэлээр хэрэг үүсгэж байсан талаар бид мэдэхгүй байсан ба Ч.Б гарцаагүй байдалд орж, эрх зүйн мэдлэггүйн улмаас 400 000 ам.долларын асуудлыг шийдвэрлэх ёстой гээд төөрөгдөлд орсон. Ч.Б компанийн 60 хувийг хувьцааг авч 400 000 ам.долларыг эцэслэн шийдвэрлэнэ гэдэг байдлаар дээрх хэрэгт хандсанаар Хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны гэрээг байгуулж, нэгж хувьцаа нь 3 000 төгрөгийн үнэ бүхий 1 000 ширхэг хувьцааны 60 хувийн хувьцааг Б.Лгийн дарамтанд орж хүчээр шилжүүлсэн. Үүний дагуу Улсын бүртгэлийн газарт бүртгэл хийлгэж дүрмэндээ нэмэлт өөрчлөлтийг оруулсан.

Дээрх Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ нь хууль зөрчиж, эрх зүйн чадамжгүй этгээдтэй хийгдсэн байх тул уг гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.5-д заасныг үндэслэн хүчин төгөлдөр бусд тооцож, уг гэрээний үндсэн дээр Ч.Бгээс Б.Лд шилжүүлсэн 1 800 000 төгрөгийн үнэлгээтэй “ИН” ХХК-ийн 60 хувийн хувьцааг Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.5 дахь хэсэгт заасны дагуу Ч.Бд буцаан шилжүүлж, эдгээртэй холбоотой бүртгэлийг улсын бүртгэлд бүртгүүлэхийг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Л шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Анх 2007 оны 11 сард Зайсанд 3.3 га газар худалдана гэсэн зарын дагуу Ч.Бтэй танилцсан. Тэрээр иргэн Ж.Ц-ын газрыг итгэмжлэлийн үндсэн дээр 650 000 ам.доллараар худалдана гэсэн. Эхний ээлжинд 400 000 ам.долларыг бэлнээр өгч, Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулан, Л.З нь газрын гэрчилгээ болон бусад бичиг баримтыг надад өгсөн. Энэ мөнгийг авснаас хойш нэр шилжүүлж өгөхгүй удсан. Харин Ч.Б нь өөрийн нутгийн ах н.Үржингээр зуучлуулан газраа буцааж авна гэсний дагуу газрын мөнгөө буцаан өгч, буцаан авахаар харилцан тохиролцож, 3 сарын хугацаатай гэрээг байгуулсан боловч тэрээр нэг ч төгрөг төлөөгүй. Үүнээс хойш 14 хоногийн дараа Л.З-ийн нэр дээр уг газрыг шилжүүлж өгөх талаар гэрээ байгуулсан боловч “ИН” ХХК-ийн нэр дээр хууль бусаар дахин шинэ газрын гэрчилгээ гарган авч, 0.5 га газрыг н.П-д 50 000 ам.доллараар худалдсан. Мөн түүнчлэн уг газрыг бүхлээр нь худалдах гэж байсныг мэдээд Цагдаагийн байгууллагад гомдол гарган, энэ үйлдлийг нь таслан зогсоосон. Тухайн үед Ч.Б Цагдаагийн байгууллагаас зугтаад ирээгүй. Харин түүний нөхөр н.Э-ийн хүсэлтээр “ИН” ХХК-ийн тамга, тэмдэг, мөн шинэ газрын гэрчилгээг авч “ИН” ХХК-ийн 60 хувийн хувьцааг өөрийн нэр дээр шилжүүлсэн. н.П-ыг хохиролгүй болгох хэрэгтэй болсон тул би Ч.Бгийн Ланд крузер маркийн автомашин, хашааны үнэ 3 000 ам.доллар, нийт 53 000 ам.долларыг н.П-д өгч, түүнийг хохиролгүй болгосон. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа буруу үндэслэлээр тодорхойлж, тухайн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Б.Лг дарамт шахалт үзүүлсэн, ноцтой төөрөгдөлд орсон, эрх зүйн чадамжгүй этгээдтэй гэрээ хэлэлцээр хийсэн, хууль зөрчсөн гэж тайлбарлаж байна.

Гэтэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан аль үндэслэлд 2009 онд байгуулсан хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээнд хамааралтай нь ойлгомжгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлахдаа Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн гэж үзэж байгаа бол аль хуулийн зүйл, заалтыг зөрчсөн юм. Талууд хувьцаа шилжүүлэх, хувьцаа худалдах-худалдан авах гэрээ байгуулж болохгүй гэж хориглосон зүйл заалт гэрээнд байхгүй. Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хүчин төгөлдөр, талуудын хүсэл сонирхлын үндсэн дээр байгуулагдсан.

Мөн талуудын хооронд хамтын ажиллагааны хүсэл сонирхол буюу шилжүүлэх харилцаа болон хүлээх эрх, үүрэг, хэлцлийн агуулгад өөрчлөлт орсон. Учир нь Л.З нь тухайн үед 20 настай байсан бөгөөд 400 000 ам.долларыг аавынхаа компаниас аваад шилжүүлсэн. Уг мөнгийг Л.З-оос шилжүүлсэн гэдгийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрсөн атлаа Б.Лгээс шилжүүлээгүй гэж маргаж байна. Өөрөөр хэлбэл эцэг хүний хувьд хүүгийнхээ бизнесийг дэмжих зорилгоор 400 000 ам.долларыг өөрийн хөрөнгөнөөс гаргуулан Л.Золбоогийн нэрээр шилжүүлсэн бодит нөхцөл байдлыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байна. Иргэний хуулийн 223 дугаар зүйлээр нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбоотой гэрээг өөрчлөх гэсэн зохицуулсан. Энэ гэрээний өөрчлөлтийн дагуу “хэрвээ Ч.Б чи газраа бодитой “ДО” ХХК болон Л.З-д шилжүүлж чадахгүй бол 400 000 ам.долларыг хөөцөлдөнө” гэж хэлээд Б.Л энэ хэлцэлд оролцон, хамтын хувьцаа эзэмшигчид орохоор 2009 онд Хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны гэрээг байгуулсан.

Иймд нэхэмжлэгч нь ямар ч төөрөгдөлд орсон нөхцөл байдал байхгүй. Нэхэмжлэгчийн анхны хүсэл зориг нь 2007 оны Хөрөнгө оруулалтын гэрээ байсан бөгөөд дараа нь 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээ болж хувирч өөрчлөгдсөн нь тодорхой болж байна. Мөн Б.Лг шүүхээс эрх зүйн чадамжгүй гэж тодорхойлсон баримт байхгүй. Хэрвээ насанд хүрээгүй, сэтгэцийн өвчтэй, шүүхээс эрх зүйн чадамжгүй гэж тогтоосон бол Ч.Б, Б.Л нарыг байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар Иргэний хуульд заасан. 2007 оноос хойш 2 жилийн хугацаанд Ч.Б 400 000 ам.долларыг аваад сураггүй алга болсон. Хариуцагчийн зүгээс залилан мэхэлсэн гэсэн үндэслэлээр Цагдаагийн байгууллагад хандсан. Ингээд цагдаад хоригдож ял эдэлнэ гэж хэлээгүй, хувьцаагаа шилжүүлнэ гэж гуйж, тухайн хэргийг хэрэгсэхгүй болгож, гомдол гаргагчийн зүгээс цагдаад өгсөн гомдлоо татан авсны үндсэн дээр 60 хувийн хувьцаа эзэмшигчээр Л.З-г оруулахгүйгээр Б.Лг оруулна, нэгжийн үнэ 3 000 төгрөгийн үнэтэй 60 хувийн хувьцааг шилжүүлэхээр харилцан тохиролцсон тухай гэрээ юм.

Үүний үндсэн дээр Б.Л Улсын бүртгэлд хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй, 2009 оноос хойш хувьцаа эзэмшигч болсон гэдэгт хэн аль нь маргахгүй. Хүчин төгөлдөр гэрээний талаар талууд өнгөрсөн хугацаанд маргаагүй. Ч.Б нь 400 000 ам.долларыг төлж чадахгүй, үлдсэн 42 хувьцаа төдийгүй газраа ч шилжүүлэхгүй, газар дээр нь бүтэн байгуулсан барилгын хөрөнгө оруулалтыг бүхэлд нь авна, тэгснээр Шүүх, Цагдаагийн байгууллагын элдэв зардлыг гаргахаа болино гэсэн байдлаар сүрдүүлдэг. Ийм байдлаар өнгөрсөн хугацаанд хувьцааны талаар маргаагүй атлаа 2009 оноос хойш гэрээ хүчин төгөлдөр бус, эрх зүйн чадамжгүй байсан, төөрөгдөлд орсон, дарамталсан гэх зэрэг бодит байдалд нийцэхгүй зүйлийг ярьж байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.3.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Бгийн хариуцагч Б.Лд холбогдох 2009 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, уг гэрээний үндсэн дээр Ч.Бгээс Б.Лд шилжүүлж өгсөн 1 800 000 төгрөгийн үнэлгээтэй “ИН” ХХК-ийн 60 хувийн хувьцааг Ч.Бд буцаан шилжүүлэх, эдгээр харилцаатай холбоотой бүртгэлийг улсын бүртгэлд бүртгүүлэхийг Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газарт даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ч.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хэргийн оролцогчийн эрхийг зөрчиж, улмаар хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлан, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан. Анх 2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр иргэн Ж.Ц, Л.З нарын хооронд Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахад Ч.Б Ж.Ц-ыг төлөөлж гэрээ байгуулсан нь Ч.Б уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах, гэрээг дүгнэх эрх, үүрэггүй. Үүнийг зөвхөн Ж.Ц хэрэгжүүлэх эрхтэй. Мөн энэ гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах, дүгнэх эрхийг Л.З эдлэх ёстой болохоос Б.Л эдлэх ёсгүй.

Гэтэл шүүхээс Л.З, Ж.Ц нарын хооронд байгуулсан гэрээг дүгнэж, уг гэрээний эрх, үүргийг Б.Л, Ч.Б нар шинээр байгуулагдсан, гэрээгээр өөртөө шилжүүлэн авсан гэж дүгнэсэн нь буруу юм. Учир нь 2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Ж.Ц, Л.З нар Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах, дүгнэх бүрэн боломжтой байсан боловч үүнийг хэрэгжүүлээгүй. Харин уг гэрээний оролцогч биш, шаардах эрхгүй Б.Л нь 2009 оны 3-4 дүгээр сард Ч.Бд цагдаагийн байгууллагаар дарамт шахалт үзүүлэн тухайн үед цагдаагийн байгууллагад хандсан гэдгээ хариуцагч тал хүлээн зөвшөөрдөг, гэрээний эрх үүргийн талаар төөрөгдөлд оруулж, "ИН" ХХК-ийн 60 хувийн хувьцааг хууль бусаар авсан. Түүнчлэн шүүх шийдвэртээ бодит байдлыг илт гуйвуулж, Ч.Б, Ж.Ц-ын газрыг өөрийн болгож авсан мэтээр бypyy бичсэн. Бодит байдалд "ИН" ХХК-ийг Ч.Б дангаараа байгуулж, газрыг шилжүүлж аваагүй, харин Ж.Ц, Ч.Б нар тус компанийг 2008 оны 4 сард хамтран байгуулж, 2008 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Ж.Ц өөрийн газар ашиглах эрхээ "ИН" ХХК руу шилжүүлсэн, 2008 оны 8 сард төрийн албанд орох болсон тул хувьцаагаа Ч.Бд худалдаж, шилжүүлсэн, харин удалгүй Ж.Ц нас барсан. Хариуцагч талаас нэхэмжлэгчийг генерал Үржингээр зуучлуулан газраа буцааж авна гэсэн хүсэлт гаргаж, 2008 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хэлцэл хийсэн гэх боловч хэлцэл хийх үед тухайн газар ашиглах эрх зөвхөн Ж.Ц-д байсан учир Ж.Цэрэндавгаас өөр хэн нэгэн этгээдтэй байгуулсан энэ газрыг ашиглах эрхийн талаар гэрээ, хэлцэл нь хууль зүйн хүчин төгөлдөр бус юм. Гэтэл хариуцагч нь энэ хэлцлийг дараа нь баталгаажуулж, хувьцаагаа шилжүүлсэн гэж үзэж буй нь өрөөсгөл ойлголт юм. Зайсангийн аман дахь 3.3 га газар 2008 оны 6 дугаар сарын 25-ны өдөр "ИН" ХХК-ийн нэр дээр Ж.Ц өөрөө шилжүүлсэн. Б.Л нь 2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн гэрээний оролцогч биш Ч.Бд цагдаагийн байгууллагаар шахалт, дарамт үзүүлснээ хүлээн зөвшөөрч "... түүний нөхөр н.Эрдэнэдалайгийн хүсэлтээр "ИН" ХХК-ийн тамга тэмдэг, газрын гэрчилгээг нь авч “ИН” ХХК-ийн 60 хувийн хувьцааг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Ингээд цагдаагийн газарт хоригдож ялаа эдэлнэ гэж хэлээгүй, хувьцаагаа шилжүүлнэ гэж гуйж байгаад тухайн хэрэг эрүүгийн хэрэг үүсгээгүй, зөвхөн Б.Лгийн гомдлыг шалгах шатанд байсан, ингээд хэргийг хэрэгсэхгүй болгож, гомдол гаргагчийн зүгээс гомдлоо татан авсны үндсэн дээр 60 хувийн хувьцааг шилжүүлэхээр харилцан тохиролцоод хийсэн гэрээ юм" гэж тайлбарласан ба ингэж дарамт шахалт үзүүлэн, Ж.Цэрэндавгын өмнөөс үүрэг хүлээлгэж, гэрээний эрхийн төөрөгдөлд оруулсан, ар гэрийн гачигдлаар хөдөө орон нутагт байсан Ч.Бг Улаанбаатар хотод ирэнгүүт нь 2009 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр "ИН" ХХК-ийн 60 хувийн хувьцааг шилжүүлэх гэрээ байгуулж, "ИН" ХХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулж, мөн өдрөө Улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулан, хууль бусаар тус компанийн 60 хувийн хувьцааг эзэмших болсон. Харин Л.Золбоо нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Ч.Б, “ИН” ХХК-д холбогдуулан гаргасан нь өөрийн эцгийнхээ “ИН” ХХК-ийн 60 хувийн хувьцааг хууль бусаар авсан болохыг давхар нотолж байна.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Б.Ч миний шүүх хуралдаанд өгсөн тайлбарыг илт буруу буулгасан. Тухайлбал, шийдвэрийн үндэслэх хэсэгтээ "... Ингээд газрын эзэн Ж.Ц төрийн албанд ажиллах болсон тул 2008 онд “ИН” ХХК-ийг Ч.Б байгуулж, дангаараа 100 хувийн хувьцаа эзэмшигч болж газрыг компанийн нэр дээр шилжүүлж авсан. Гэтэл Ж.Ц нь нас барсан ба энэ хугацаанд Ч.Бг цагдаагийн байгууллагад ямар ч үндэслэлгүйгээр харьяалал зөрчиж, мөрдөн байцах газрын эрүүгийн цагдаагийн газар хүртэл Б.Л өгсөн" гэсэн байна. Миний бие шүүх хуралдаанд дээрх зүйлийг огт хэлээгүй, харин эсэргээрээ Ж.Ц, Ч.Б нар 2008 оны 4 дүгээр сард “ИН” ХХК-ийг хамтран байгуулж, 2008 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Ж.Ц өөрийн газар ашиглах эрхээ “ИН” ХХК руу шилжүүлсэн, 2008 оны 8 сард төрийн албанд орох болсон тул хувьцаагаа Ч.Бд худалдаж, түүнд шилжүүлсэн, Ж.Цэрэндавга 2012 онд нас барсан талаар тайлбар өгсөн ба би 1994-2010 онд хууль хяналтын байгууллагад ажиллаж ирсэн ба өөр чиг үүрэг бүхий 2 тусдаа бие даасан Улсын мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаагийн газрыг нэг байгууллага мэт Улсын мөрдөн байцаах газрын эрүүгийн цагдаагийн газар гэж хэлээгүй байхад миний гаргасан тайлбарыг илт буруу буулгаж, миний эрхийг ноцтой зөрчсөн.

Хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбар зэргээр Ч.Б нь 2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Ж.Ц, Л.З нарын хооронд байгуулсан гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах эрх, үүрэггүй, энэ гэрээний гүйцэтгэлийг шаардах эрхгүй этгээдийн өмнө гэрээний үүргийг хүлээж, шахалт дарамтны улмаас гэрээний үүргээс татгалзах эрхтэй байсан талаар ноцтой төөрөгдөл орж, өөрийн эзэмшлийн “ИН” ХХК-ийн 60 хувийн хувьцааг Б.Лд шилжүүлэн өгсөн нь тогтоогдсоор байхад шүүх бусдын байгуулсан гэрээг дүгнэж, эрх үүргийг өөртөө шилжүүлж авсан гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

            Нэхэмжлэгч Ч.Б нь хариуцагч Б.Лд холбогдуулан 2009 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн “Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ”-г /хх 7-8/ хүчин төгөлдөр бусд тооцуулах, уг гэрээний үндсэн дээр Ч.Бгээс Б.Лд шилжүүлж өгсөн 1 800 000 төгрөгийн үнэлгээтэй “ИН” ХХК-ийн 60 хувийн хувьцааг Ч.Бд буцаан шилжүүлэх, эдгээр харилцаатай холбоотой бүртгэлийг улсын бүртгэлд бүртгүүлэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газарт даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

            Зохигчдын хооронд 2009 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр “Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ” бичгээр байгуулагдсан ба уг гэрээгээр нэхэмжлэгч буюу “ИН” ХХК-ийн 100 хувийн үүсгэн байгуулагч Ч.Б нь компанийн 60 хувийн хувьцааг хариуцагч Б.Лд шилжүүлж өгөхөөр харилцан тохиролцож, гарын үсэг зурж, компанийн тамга дарж баталгаажуулсан байна. Улмаар уг гэрээний дагуу хариуцагч Б.Л нь “ИН” ХХК-ийн 60 хувийн хувьцаа эзэмшигч болсон үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

Гэвч нэхэмжлэгч нь дээрх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3, 58 дугаар зүйлийн 58.3.3-т заасныг тус тус үндэслэн уг гэрээг байгуулахдаа дарамт шахалтанд орсон, ноцтой төөрөгдсөн гэх агуулгаар тайлбарласан боловч зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар дээрх үндэслэл тогтоогдоогүй байна.

Иймд дээрх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцоогүй тохиолдолд Ч.Бгээс Б.Лд шилжүүлж өгсөн 1 800 000 төгрөгийн үнэлгээтэй “ИН” ХХК-ийн 60 хувийн хувьцааг Ч.Бд буцаан шилжүүлэх, эдгээр харилцаатай холбоотой бүртгэлийг улсын бүртгэлд бүртгүүлэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй юм.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзнэ.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2017/01523 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 157 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                          ШҮҮГЧИД                                         Т.ТУЯА

                                                                                                    Ч.ЦЭНД