Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 2185

 

УБТЗ ХНН

Улаанбаатар төмөр замын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2017/02236 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч УБТЗ ХНН Улаанбаатар төмөр замын, хариуцагч РШ ХХК-д холбогдуулан гаргасан түрээсийн гэрээ цуцлах, түрээсийн зүйлийг албадан чөлөөлүүлэх, үлдэгдэл төлбөр 29 999 541 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч “РШ” ХХК түрээсийн байранд засвар хийсэн зардалд 149 928 800 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалангийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, хариуцагчийн төлөөлөгч Д.М, хариуцагчийн өмгөөлөгч А.Т, С.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч УБТЗ ХНН Улаанбаатар төмөр замын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус нийгэмлэг нь РШ ХХК-тай Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 24 дүгээр байрны 1 давхарт байрлах 19 дүгээр дэлгүүр, УБТЗ ХНН Улаанбаатар төмөр замын тээш худалдааны төвийн ногоон зоорь, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 33 дугаар байрны 1 давхарт байрлах 380 м.кв талбай бүхий дэлгүүрийг түрээсийн гэрээ байгуулан, түрээслүүлэн ажиллуулдаг. Хариуцагч нь түрээсийн төлбөрөө төлөхгүй гэрээний үүргээ зөрчсөн, зөрчлөө засахыг мэдэгдэхэд үл тоож биелүүлэхгүй байгаа тул уг гэрээнд заасны дагуу түрээсийн гэрээг цуцлах, дутуу төлсөн 25 999 541 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай шаардлагыг анх гаргасан.

Хариуцагч РШ ХХК нь УБТЗ ХНН Улаанбаатар төмөр замын тээш худалдааны төвийн Баянгол дүүргийн 3 дугаар хорооны 24 дүгээр байрны 19 дүгээр дэлгүүрийг 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 15/2-36 дугаартай гэрээнд зааснаар сарын 6 000 000 төгрөгөөр түрээслэдэг бөгөөд хариуцагч нь ашиглалтын зардлыг цаг хугацаанд нь төлөөгүй. Мөн УБТЗ ХНН Улаанбаатар төмөр замын тээш худалдааны төвийн ногоон зоорийг 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 14/2-53 тоот гэрээнд зааснаар сарын 7 000 000 төгрөгөөр түрээслэн ажиллуулдаг. 2016 оны 5 сараас эхлэн түрээсийн төлбөрийг 5 000 000 төгрөгөөр төлж эхэлсэн бөгөөд сар бүр 2 000 000 төгрөгийг дутуу төлж байсан. Түрээсийн гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглалгүй хүнсний ногооны зоорийг авто зогсоол болгон ашиглах зэргээр гэрээний үүргээ ноцтой зөрчсөн. Мөн хариуцагч нь УБТЗ ХНН Улаанбаатар төмөр замын худалдааны төвийн Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны 33 дугаар байрны нутагт 380 м.кв талбай бүхий дэлгүүрийг сарын 4 940 000 төгрөгөөр түрээслэн ажиллуулдаг бөгөөд түрээсийн гэрээнд заасан ашиглалтын зардлыг хугацаанд нь төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй.

Дээрх гэрээнүүдийг байгуулахдаа УБТЗ ХНН Улаанбаатар төмөр замын хүчин төгөлдөр үйлчилж буй гэрээ байгуулах журмын дагуу эрх бүхий этгээдээс зөвшөөрөл аваагүй сонгон шалгаруулалт хийгээгүй. Тухайн компанийн захирал Д.М нь Тээш худалдааны төвийн эрх бүхий ажилтнуудыг удаа дараа дарамтлах, галын аюулгүй байдлыг хангах үүргээ зөрчин түрээсийн зүйлд хохирол учруулан, түрээсийн гэрээ цуцлах мэдэгдэл өгснөөс хойш түрээсийн хөрөнгийг УБТЗ ХНН Улаанбаатар төмөр замд буцаан шилжүүлээгүй. Иймд түрээсийн гэрээг цуцлан түрээсийн эд хөрөнгийг албадан чөлөөлүүлж, гүйцэтгээгүй үүрэг болох 25 999 541 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч РШ ХХК-ийн төлөөлөгч Д.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би түрээсийн төлбөрийг цаг хугацаанд нь төлж байсан. Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай Улаанбаатар төмөр замын харьяа ногооны зоорины ерөнхий түрээслэгчээр 2013 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс ажилласан. Түрээсийн төлбөрт сар бүр 1 000 000 төгрөгийг өгч, 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс түрээсийн төлбөрийг 7 000 000 төгрөг болгохдоо байгууллагын харуул хамгаалалтын ажилтны 3 хүний цалинг нэмж олгохоор тооцож, гэрээг байгуулсан. Тухайн байгууллага харуул хамгаалалтын ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй, хариуцлагагүй байсны улмаас манай компани давхар харуул хамгаалалтыг цалинжуулан ажиллуулсан. Манай компанийн зүгээс харуул хамгаалалтыг дотооддоо шийдвэрлэх хүсэлтийг удаа дараа гаргахад уг хүсэлтийн дагуу 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл гэрээг шинэчлэн байгуулсан. Уг гэрээгээр дээр дурдсан харуул хамгаалалтын зардлыг хасах шийдвэр гарч, түрээсийн гэрээний төлбөрийг 5 000 000 төгрөг байхаар тохиролцсон. Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 33 дугаар байрны 1 давхарт 380 м.кв дэлгүүрийн зориулалттай ажлын байрыг 2015 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл байгуулахдаа өөрийн 100 хувийн хөрөнгөөр засвар үйлчилгээг хийж гүйцэтгэсэн. Ингээд эхний 1 жилийн түрээсийн төлбөрөөс чөлөөлөгдөж, 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 4 490 000 төгрөгийг төлөхөөр талууд тохиролцож, гэрээ байгуулсан. Мөн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 19 дүгээр дэлгүүрийг түрээслэхээр 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл гэрээг байгуулж, сар бүр 600 000 төгрөг төлж байхаар түрээсийн гэрээнд тусгагдсан. Мөн би ногооны зоорийг эмх замбараагүй байсныг өөрчилж, анх модон склад байсныг нь нурааж хүнд машин механизм оруулж гаргадаг байсан. 2016 оны 01 сараас эхлэн 12 сар хүртэл ашиглалтын зардал болох 5 526 000 төгрөгийг төлсөн бөгөөд 33 дугаар байрны дэлгүүрийн хувьд тухайн үед даргаар ажиллаж байсан Д.Б намайг дуудаад энэ газар маш бохир, түрээсээ төлдөггүй, чи энд засвар үйлчилгээ хийгээд түрээсийн төлбөрөө төлж чадах уу гэсэн учраас би 114 000 000 төгрөгийн засварыг хийхэд намайг 1 жилийн түрээсийн төлбөрөөс чөлөөлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч РШ ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай ногооны зоорины түрээсийн гэрээ 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хийсэн түрээсийн гэрээ, мөн Баянгол дүүргийн 33 дугаар дэлгүүрийн зориулалттай 2015 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хийсэн түрээсийн гэрээ, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 24 дүгээр байрны 19 дүгээр дэлгүүрийн 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн гэрээ байгуулагдан өнөөдрийг хүртэл түрээсийн гэрээ сунгагдаад нэхэмжлэл сар бүр ирдгийн дагуу төлсөөр байна. Иймд гэрээ тус бүрийг хүчин төгөлдөр гэрээнд тооцуулахаар анх шүүхэд нэхэмжлэл гаргасан.

УБТЗ ХНН Улаанбаатар төмөр замын Улаанбаатар дахь Худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээний төвтэй гэрээ байгуулан Баянгол дүүргийн 19 дүгээр дэлгүүрийг ажиллуулж байхдаа сантехникийн болон цахилгааны шугамыг шинэчлэн засварласан. Гэтэл УБТЗ ХНН Улаанбаатар төмөр зам нь түрээсийн гэрээг цуцлан эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх, гүйцэтгээгүй үүрэг 25 999 541 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Харин РШ ХХК нь дэлгүүрт түрээсийн хугацаанд оруулсан хөрөнгөө нэхэмжлэх эрхтэй бөгөөд УБТЗ ХНН Улаанбаатар төмөр замаас 23 928 800 төгрөг гаргуулахаар шаардаж байна.

Мөн бид худалдааны төвийн ногооны зоорийн хашааг түрээслэхдээ уг газрын хог хаягдлыг цэвэрлэж, ухсан нүхнүүдийг шороогоор дүүргэж газрыг тэгшлэн, ашиглах зориулалттай болгох, ашиглалтын хугацаа дууссан ногоон зоорийг буулгах, хашааны хаалгыг гүйдэг хаалгаар солих зэргээр тохижуулсан. Эдгээр ажлуудыг тухайн үед хувь хүмүүсээр хийлгэж, мөнгийг нь бэлнээр өгсөн. Иймд түрээсийн хугацаанд оруулсан хөрөнгөө буюу 126 000 000 төгрөг, нийт 149 928 800 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 147/2-53 гэрээний 4.2.1, 4.2.8, 4.2.16-д тус тус зааснаар хариуцагч РШ ХХК мөнгө нэхэмжлэх эрхгүй. Мөн хариуцагч нь 19 дүгээр дэлгүүрт тохижилтын ажил хийсэн гэх үндэслэлээр 23 928 800 төгрөгийг нэхэмжилсэн. 2015 онд байгуулсан түрээсийн гэрээний 4.2.9-д түрээсийн байранд зайлшгүй хийгдэх засвар үйлчилгээ тохижилтыг түрээслэгч тал хариуцна гэж заасан бөгөөд өнөөдрийг хүртэл ямар нэгэн засвар хийх зөвшөөрөл хүссэн хүсэлт ирж байгаагүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, УБТЗ ХНН Улаанбаатар төмөр замын ажилтан албан хаагчдыг удаа дараа заналхийлэх, айлган сүрдүүлэх, дарамтлах үйл ажиллагаа явуулж, тэднийг албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болгож байгаа РШ ХХК-тай байгуулсан гэрээнүүдийг цуцлан УБТЗ ХНН Улаанбаатар төмөр замын ажилтнуудын хэвийн ажиллах амьдрах нөхцлийг бүрдүүлж өгнө үү гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 221 дүгээр зүйлийн 221.1, 221.2, 221.3, 289 дүгээр зүйлийн 289.2.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч УБТЗ ХНН Улаанбаатар төмөр замын түрээсийн гэрээг цуцлах, түрээсийн эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх, хариуцагч РШ ХХК-иас 29 999 541 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, хариуцагч РШ ХХК-ийн нэхэмжлэгч УБТЗ ХНН Улаанбаатар төмөр замаас 149 928 800 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307 948 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 065 544 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хэргийг шийдвэрлэхдээ зөвхөн хариуцагчийн тайлбарт үндэслэсэн бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэхдээ хариуцагчид ашигтай байдлаар тайлбарлан дүгнэлт хийж шийдвэрээ гаргасан. Шүүх хуулийн хүчин төгөлдөр бус гэрээнээс татгалзан, цуцлах шаардлага тавьж, шүүхэд мэтгэлцээн өрнүүлснийг дурдаагүй, уг мэтгэлцээнд дүгнэлт хийгээгүй. Нэхэмжлэгч анхнаасаа хүчин төгөлдөр бус байгаа гэрээг үргэлжлүүлэхээс татгалзсан. Хэрэгт авагдсан баримтаас харахад Худалдаа Үйлдвэрлэл Үйлчилгээний төв гэсэн хуулийн этгээд байхгүй бөгөөд энэ нь УБТЗ ХНН Улаанбаатар төмөр замын дотоод нэгж тул дурдаагүй. Гэрээ байгуулах журамд зааснаар эрх бүхий этгээдээс зохих зөвшөөрөл аваагүй байхад шүүх хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтаас эсрэг дүгнэлтийг хийсэн. Шүүх хэрэгт авагдсан 10/47 тоотыг хэрхэн үнэлсэн талаар дүгнэлт хийгээгүй бөгөөд тухайн баримтад “... Түүнчлэн энэхүү түрээсийн гэрээний төсөлд Улаанбаатар төмөр замын “гэрээ байгуулах журам”-д заасны дагуу холбогдох албадаар, ялангуяа түрээсийн төлбөрийг хөнгөлөх асуудлыг Төлөвлөгөө эдийн засгийн алба, Санхүү, нягтлан бодох бүртгэлийн албаар хянуулж, зөвшөөрөл авах нь зүйтэй” гэсний дагуу зөвшөөрөл аваагүй байгаа гэрээг яаж ... гэвч энэхүү гэрээг байгуулахдаа түрээслэгчийн зохих эрх бүхий удирдлагаас зөвшөөрөл авсан бөгөөд гэрээний үнийг багасгах талаар зөвшилцсөн болох нь ...” гэсэн дүгнэлтийг хийсэн. Зөвшөөрөл авсан ямар ч гарын үсэг, албан бичиг байхгүй байхад шүүх хэрэгт авагдсан баримтыг үгүйсгэж, дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байх”-ыг шууд тодорхой заасан хуулийг шүүх зөрчсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчиж нотлох баримтыг хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн. Шүүх хаанаас ямар ч баримтад байхгүй “... ашиглагдаагүй ажлын байрыг албан өрөө агуулах зоорийг үйлчилгээний газрын зориулалтаар ... “ гэсэн дүгнэлт хийсэн. Иймд хэрэгт авагдсан нотлох баримтад байхгүй шүүхийн мэтгэлцээн явагдаагүй зүйлийг хаанаас олж шийдвэрийн үндэслэлээ болгосон нь ойлгомжгүй байна.

Мөн шүүх дүгнэлт хийхдээ шүүх хуралдаанаар шинжлэн судалсан 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 159 740 төгрөгийн төлбөр төлөөгүй байгааг тодорхойлсон Тээш худалдааны төвийн ерөнхий ня-бо Б.З-ын гарын үсэг бүхий баримтыг үнэлсэнгүй. Энэ нөхцөлд шүүх талуудаас гаргаж өгсөн баримтын зөвхөн хариуцагчийн гаргаж өгсөн баримтыг үнэлээд нэхэмжлэгч талын баримтыг хэрхэн яаж үнэлсэн талаар дурдаагүй. Шүүгч зөвхөн хариуцагч талын эрх ашигт үйлчлэн шүүхийн дундыг баримтлах талуудаас гаргасан баримтыг харьцуулан үзэх үүрэгтэй бөгөөд 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн төлбөр тооцооны баримтыг 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн баримтаар үгүйсгэн дүгнэлт хийж, хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь үнэн зөв бодитойгоор үнэлэх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 гэсэн заалтуудыг зөрчсөн. Шүүх ямар үндэслэлээр цаг хугацааны хувьд хоёр өөр цаг хугацааг харьцуулсан, ямар үндэслэлээр сүүлд үйлдсэн баримтыг өмнөх цаг хугацаанд үйлдсэн баримтаар няцаан дүгнэж, түүнийг шүүхийн шийдвэрийн үндэслэлээ болгож байгаа нь ойлгомжгүй байна.

Шүүх 1 дүгээр хавтас хэргийн 41 дүгээр талд авагдсан Тээш худалдааны төвийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 17/68 дугаартай гэрээ цуцлах мэдэгдэл, мөн Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргын 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 89/445 дугаартай мэдэгдэл зэрэг баримтыг урьдчилан сануулаагүй гэж дүгнэж байгаа нь ойлгомжгүй байна.

Мөн шүүх Ногоон зоорийг түрээслэх тухай 14/2-53 дугаартай 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн гэрээний 2.4-т түрээсийн байрны зориулалт: Төмс хүнсний ногоо, барилгын материал хадгалах мөн гэрээний 2.5-д Улаанбаатар ХҮҮТ-ийн ногоо зооринд төмс, хүнсний ногоо хадгалах, хашаанд /гадаа талбай/ түрээслэгч өөрийн контейнарыг байршуулан барилгын материал хадгалах, худалдаа явуулах гэж заасан байхад ногоон зоорийг дулаан гарааж болгон ашиглаж байгааг нотлох фото зураг /ногоон зооринд машин тавьсан/ байхад ямар баримтаар түүнийг үгүйсгэж байгаа талаар дурдаагүй. 19 дүгээр дэлгүүрийг түрээслүүлэх тухай 15/2-36 дугаартай 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн гэрээний дагуу өөрөө ашиглах гэрээ байгуулсан боловч “Ж” ХХК-д “хамтран ажиллах гэрээгээр халхавчлан дамжуулан түрээслэж байгаа гэрээг шүүх ямар үндэслэлээр гэрээний үүргээ зөрчөөгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй болжээ.

Шүүх Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэгт заасан хүндэтгэн үзэх шалтгаан гэдгийг юу гэж үзэж байгаа талаар дурдаагүй, гэрчийн мэдүүлгийг хэрхэн яаж үнэлсэн талаар болон Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ажилтнуудыг доромжлох заналхийлэх, сиди бичлэг, түүнийг буулгасан бичвэр зэргийг хэрхэн яаж дүгнэсэн талаар дүгнэлт байхгүй байна. Иймд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримт үнэлэх тухай заалтыг зөрчсөн байх бөгөөд шүүгч ер нь иргэний эрх зүйн харилцааны талаар мэдлэг эзэмшсэн гэхэд эргэлзээ төрж байна. Шүүгч нотлох баримтыг шинжлэн судлах үед өөрөө нотлох баримтыг уншиж танилцуулсан бөгөөд хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг бүдүүлэг үг хэллэг бүхий бусдыг хараасан, дайрсан, доромжилсон хэсгийг би уншиж, сонсохоос хэцүү байна. Хүсэлт гаргаад байгаагаараа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрөө уншиж танилцуул гэж байгаад надаар шинжлэн судлуулсан бөгөөд тэд баримт сиди бичлэг, үгчилсэн бичлэг зэргийг дурдаагүй байна.

Өөрөөр хэлбэл шүүгчийн сонсоход хүртэл хэцүү байгаа тэр доромжилсон, дарамталсан заналхийлсэн үйл явдлыг нотолж буй гэрчийн мэдүүлэг, нотлох баримт нь хариуцагчийн буруутай үйлдэл, үйл явдлыг буулгаж авсан нотлох баримт бөгөөд хариуцагчийн энэ хууль бус үйлдлээс болж талууд гэрээг Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэгт заасан хүндэтгэн үзэх шалтгаан бөгөөд талуудын хооронд бодит байдалд иргэний эрх зүйн харилцаа байхгүй болсон, ийм байхад шүүх гэрээг хүчин төгөлдөр байна гэж үзсэн. Түрээсийн эд хөрөнгөд гал алдаж эд хөрөнгөд хохирол учирсан нотлох баримтыг шүүх ямар үндэслэлээр хариуцагчийг гэрээний үүргээ зөрчөөгүй гэж үзсэн талаар нэг ч дүгнэлтийг хийгээгүй байна. Мөн нэхэмжлэгч тал түрээсийн гэрээг цуцлуулах, хариуцагч сөрөг нэхэмжлэлээр эдгээр хөрөнгөд засвар хийсэн 149 000 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа үйл явдал иргэний эрх зүйн хувьд талууд түрээсийн гэрээнүүдийг цуцлах талаар хүсэл зориг нэг байгааг нотлох баримт бөгөөд шүүх талуудын хүсэлт зориг нэгдэж байгаа гэрээнүүдийг цуцлах хүсэл зоригийн эсрэг шийдвэр гаргасан.

Мөн шүүхийн хуралдааны хэлэлцүүлэгт хариуцагч нь 33 ба 19 дүгээр дэлгүүрийг бусдад дамжуулан түрээслэж байгаа тухай ойлгомжтой бөгөөд тодорхой мэдүүлж байгааг шүүх хэрхэн дүгнэсэн, дамжуулсан түрээсэлж байгааг гэрээний үүргээ хариуцагч шударгаар биелүүлж байна гэж үзэхгүй болохыг анхаарсангүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт үндсэн нэхэмжлэлийг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, нотлох баримт бүрдүүлэх журмыг зөрчсөн байна.

 

Нэхэмжлэгч УБТЗ ХНН Улаанбаатар төмөр зам нь хариуцагч РШ ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээг цуцалж, түрээсийн зүйлийг гаргуулж, түрээсийн төлбөрт 29 999 541 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, засан сайжруулалтын зардалд 149 928 800 төгрөгийг сөрөг нэхэмжлэлээр шаардан маргажээ.

 

Талууд 2015 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн түрээсийн гэрээгээр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны 33 дугаар байрны 1 дүгээр давхрын 380 м.кв талбай бүхий дэлгүүрийн зориулалттай обьектыг, 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн гэрээгээр Баянгол дүүргийн Тээвэрчдийн гудамж, Улаанбаатар ХҮҮТ-ийн ногоон зоорийг, 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 24 дүгээр байр, 1 давхарт байрлах 60 м.кв 19 дүгээр дэлгүүрийг тус тус түрээслэхээр тохиролцжээ. /1хх-10-12, 27-29, 48-50 дугаар тал/

 

Шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгч тал гэрээг хүчин төгөлдөр бус гэх үндэслэл зааж маргасан төдийгүй, түрээсийн зүйл болох ногооны зоорь бодитойгоор байгаа эсэх талаар мэтгэлцсэн байна.

Шүүх талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг зөрчжээ. Өөрөөр хэлбэл зохигчдын шүүхэд гаргаж өгсөн СД-г хуульд заасан хэлбэрээр бэхжүүлээгүй атлаа шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсэгт нийцэхгүй байна.

Түүнчлэн маргааны зүйл болох түрээсийн зүйлүүд нь нэхэмжлэгчийн өмчлөлд бүртгэлтэй эсэх талаарх баримтуудыг гаргуулах тухай хариуцагчийн хүсэлтийг нэхэмжлэгчийн шаардлагад хамаарахгүй гэх үндэслэлээр хангахгүй орхисон нь ойлгомжгүй болжээ. /2хх-235-236/ Түрээсийн гэрээний маргааны хувьд түрээслэж буй зүйл нь хэний өмчлөлд бүртгэлтэй талаарх баримт хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байх боломжтой.

 

Мөн шүүхийн шийдвэрт хэргийн оролцогч нарын нэрийг бичээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байхаас гадна, шүүх хуралдааны тэмдэглэлийг хуульд зааснаар албажуулж, шүүхийн тэмдэг дараагүй байх тул уг тэмдэглэлийг үндэслэн маргааны үйл баримтын талаар давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөх боломжгүй гэж үзнэ.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2017/02236 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307 948 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                  

                        ШҮҮГЧИД                                           Т.ТУЯА

                                   

                                                                                    Ч.ЦЭНД