Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2018/00016

 

Д.Д-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж,  шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2017/01884 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 1989 дүгээр магадлалтай,

Д.Д-ын нэхэмжлэлтэй,

Х.Ү, Ж.Д нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 217.800.000 төгрөг гаргуулах тухай үндсэн,

Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батболдын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Д-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батболд, өмгөөлөгч Б.Номуундарь, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Д- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2013 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Х.Ү, Ж.Д нартай тохиролцсоны үндсэн дээр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 150.000 000 төгрөгийг, сарын 3 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн. Х.Үийн хүсэлтээр дээрх зээлийн гэрээг 2 удаа сунгасан ба зээлийн хүүд 94.500.000 төгрөгийг хариуцагчаас авсан,  гэрээнд заасны дагуу алдангид 7.200.000 төгрөгийг цувуулж авсан. Хариуцагч нараас үндсэн зээлийн төлбөр 150.000.000 төгрөг, алдангид 75.000.000 төгрөг, нийт 225.000.000 төгрөгийн үүргээс алдангид төлсөн 7.200.000 төгрөгийг хасч, нийт 217.800.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Барьцааны гэрээнд заасны дагуу 4 өрөө орон сууц болон авто машины зогсоолыг дуудлага худалдаанд оруулж үүргийн гүйцэтгэлийг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нар нь 2013 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Д.Д-ос 150.000.000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлсэн ба үндсэн зээлээс 101.700.000 төгрөгийг төлсөн тул  үлдэгдэл 48.300.000 төгрөгийг төлөхөд бэлэн байна. 2013 оны 8 дугаар сарын 7-ны өдөр, 2014 оны 8 дугаар сарын 12-ны өдөр, 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр тус тус зээлийн гэрээ байгуулж талууд гарын үсэг зурсан. Эхний гэрээ нь хуулийн шаардлага хангасан байна, харин сүүлд байгуулагдсан 2 гэрээ нь хэлбэр болон агуулгын хувьд алдаатай байна. Учир нь 150.000.000 төгрөгийг дахин өгсөн мэт байгаа боловч энэ мөнгийг өгөөгүй байдаг. Энэ гэрээг зээлийн гэрээний сунгалт гэж тайлбарлаж байх боловч шаардлага хангахгүй байна. Энэ гэрээнүүд нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т заасан шаардлагыг хангаагүй тул хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна. Иймд зээлийн төлбөрт 48.300.000 төгрөг төлнө,  бусад хэсгийг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батболд шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Хэргийн 21-32 дугаар хуудсанд нэхэмжлэгчийн Хаан банкны дансны хуулга авагдсан байдаг бөгөөд үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь Батсайхан, Ичинхорлоо, Дашдондог гэх хүмүүст мөнгө зээлсэн, үүнээс  зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг болох нь харагдаж байна. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа эрхэлдэг тул энэхүү хуулийг зөрчиж байна. Иймд зээлийн гэрээг хууль зөрчсөн хэлцэлд тооцож, хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Д- сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Би хариуцагч нартай харилцан тохиролцож 150.000.000 төгрөг зээлдүүлсэн ба Иргэний хууль болон бусад хуульд нийцүүлэн зээлийн гэрээ болон барьцааны гэрээг бичгээр байгуулж, үл хөдлөх хөрөнгө барьцаалсан гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн. Хуулийн этгээд, банк бус санхүүгийн байгууллага болон иргэдийн хооронд зээлийн харилцаа үүсээгүй. Иргэн хүний хувьд бусадтай зээлийн гэрээ байгуулахыг хуулиар тусгайлан хориглоогүйг хариуцагч нар, тэдний төлөөлөгч нар мэдэж байгаа. Иргэд хооронд зээлийн гэрээ байгуулахдаа хуульд заасан зохицуулалтыг зөрчсөн, эсхүл хууль зөрчсөн нөхцөлд гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцохоор хуульд заасан. Бидний хооронд байгуулсан зээлийн гэрээнд талуудын эрх ашиг хөндөгдөөгүй, гэрээнд оролцогч талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж өөрсдийн эрх ашигт нийцүүлэн гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж зээлийн хүү болон хугацааг тодорхой заасан тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2017/01884 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан Хорлоогийн Үржинчимэгээс 217.800.000 /хоёр зуун арван долоон сая найман зуун мянган/төгрөгийг гаргуулан Даваагийн Дашгомбод олгож, Жамсранжавын Дүүрэнжаргалд холбогдох зээлийн гэрээний үүрэг шаардсан шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар Д.Д-ын Х.Ү, Ж.Д нартай 2013 оны 8 дугаар сарын 7-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хууль зөрчсөн хэлцэлд тооцож, хүчин төгөлдөр буст тооцох тухай Х.Ү, Ж.Д нарын сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар Х.Ү, Ж.Д нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Хос-Өргөө 2 хотхоны /16030/ 21 дүгээр байрны 100 тоотод байршилтай, 113,7 метр квадрат талбайтай, 4 өрөө бүхий орон сууц болон Х.Үийн өмчлөлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Хос-Өргөө 2 хотхоны /16030/ 22 дугаар байрны 91 тоотод байршилтай, 18 метр квадрат автомашины зогсоолыг хуульд нийцүүлэн худалдаж үүргийн гүйцэтгэлийн хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.282.950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Д.Д-ос 832.950 /найман зуун гучин хоёр мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж, Х.Үээс 1.246.950 /нэг сая хоёр зуун дөчин зургаан мянга есөн зуун тавин/ төгрөгийг, Х.Ү, Ж.Д нараас 832.950 /найман зуун гучин хоёр мянга есөн зуун тавин/ төгрөгийг тус тус гаргуулан Д.Д-д олгуулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 1989 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2017/01884 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 заалтын “...217.800.000 /хоёр зуун арван долоон сая найман зуун мянган/ төгрөгийг ...” гэснийг “214.200.000 төгрөг гэж, “...Дүүрэнжаргалд ...” гэснийг “Дүүрэнжаргалд болон 3.600.000 төгрөгт” гэж, 4 дэх заалтын “... Д.Д-ос 832.950 /найман зуун гучин хоёр мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж” гэснийг, мөн “Х.Ү, Ж.Д нараас 832.950 /найман зуун гучин хоёр мянга есөн зуун тавин/ төгрөгийг” гэснийг тус тус хасч өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 832.950 төгрөгийг буцаан олгохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батболд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.06.27-ны өдрийн 102/ШШ2017/01884 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.09.06-ны өдрийн 1989 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байгааг хянан үзнэ үү.

Энэхүү маргааныг бүхэлд нь авч үзвэл хариуцагч нь, нэхэмжлэгчээс зээлж авсан мөнгийг буцааж төлөх ёстой, гэхдээ нэгэнт маргаан үүссэн тул хуульд заасны дагуу үүрэг гүйцэтгэгдэх ёстой гэж үзэж байгаагийн дээр Д.Д-той байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр 150.000.000 төгрөг авсан бөгөөд нийтдээ 101.700.000 төгрөг буцааж төлсөн болохоо удаа дараа тайлбарлаж байсан болно. Д.Д- нь, Монгол Улсын Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай 15 дугаар зүйлийн холбогдох заалтыг зөрчин тусгай зөвшөөрөлгүйгээр зээлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа нь тодорхой энэ талаар Дээд шүүхийн тогтоолд үнэлэлт хийж, шалгах, нөхцөл байдлыг тогтоох, хууль зүйн үнэлэлт дүгнэлт хийх нь зүйтэй гэж үзсээр байхад нотлох баримтад хууль зүйн үндэслэлгүй хийсвэр дүгнэлт хийсний улмаас нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан 2013.08.07- ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон гэж үзнэ. Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ нэхэмжлэгч тал хуульд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаагүй шаардлага гаргасан болох нь хэргийг хянан шийдвэрлэхээс өмнө болон явцад илэрхий байсаар атал хүлээн авахаас татгалзахын оронд хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.06.27-ны өдрийн 102/ШШ2017/01884 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.09.06-ны өдрийн 1989 дугаар магадлалд зохих өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаанаас үүссэн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүй, Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зохицуулалтыг хэрэглээгүйгээс шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.  

Нэхэмжлэгч Д.Д- нь хариуцагч Х.Ү, Ж.Д нарт холбогдуулан зээл 150.000.000 төгрөг, алданги 67.800.000 төгрөг нийт 217.800.000 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаарджээ. Хариуцагч нь нэхэмжлэлээс 48.300.000 төгрөг төлөхийг зөвшөөрч үлдэх хэсгээс татгалзаж маргасан ба  2013 оны 8 дугаар сарын 7-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг шаардлага гаргажээ /хэргийн 156-157 дугаар тал/.

Зохигчдын хооронд 2013 оны 8 дугаар сарын 7-ний өдөр байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээгээр хариуцагч Х.Ү нь Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Хос-Өргөө 2 хотхоны 21 дүгээр байрны 100 тоотын 4 өрөө орон сууц болон тус хотхоны 22 дугаар байрны зоорийн давхрын 91 тоотод байрлах, 18 метр квадрат автомашины зогсоолыг тус тус барьцаалан нэхэмжлэгч Д.Д-ос 150.000.000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаагаар зээлэх, зээлийг эргүүлж төлөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцжээ.

Талууд хүү, анз тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулж нотариатаар гэрчлүүлсэн ба үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.3, 156 дугаар зүйлийн 156.2-т заасан шаардлагыг хангасан, гэрээ хүчин төгөлдөр байна.

Хариуцагч гэрээний зүйл болох мөнгийг хүлээн авсан, энэ талаар маргаагүй болно.

Зохигчид дээрх зээлийн гэрээний хугацааг 2014 оны 8 дугаар сарын 12-ний өдөр  2014 оны 11 дүгээр сарын 08-ний өдөр хүртэл, 2014 оны 11 дүгээр сарын 28-ний өдөр 2015 оны 5 дугаар сарын 8-ний өдөр хүртэл тус тус сунгаж, гэрээ байгуулжээ /хэргийн 6-12 дугаар тал/.

Хоёр шатны шүүх гэрээний хугацааг сунгасан байдалд эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүй байна.

Хугацааг сунгах тохиолдолд хугацаа дууссан үеэс шинэ хугацааг тоолохоор Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.7-т заасан. 2013 оны 8 дугаар сарын 7-ний өдрийн зээлийн гэрээний хугацаа 2014 оны 8 дугаар сарын 7-ний өдөр дууссан байхад уг гэрээг 2014 оны 8 дугаар сарын 12-ний өдөр сунгасан нь хуульд нийцээгүй байх тул зээлийн гэрээний хугацааг сунгасан гэж үзэхгүй.

Иймд хариуцагч Х.Ү нь 2013 оны 8 дугаар сарын 7-ний өдрийн зээлийн гэрээний дагуу зээл 150.000.000 төгрөг, 1 жилийн хүү 54.000.000 төгрөг нийт 204.000.000 төгрөг төлөх үүрэгтэй, үүнээс төлсөн 101.700.000 төгрөгийг хасч тооцвол зээл 102.300.000 төгрөг, алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцвол 51.150.000 төгрөг нийт 153.450.000 төгрөг төлөх үндэслэлтэй.

Хариуцагч Ж.Дүүрэнжаргалд холбогдох нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх зохицуулалтыг зөрчөөгүй байна.

Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 1989 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2017/01884 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-т заасныг баримтлан хариуцагч Х.Үээс 153.450.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Д-д олгож, нэхэмжлэлээс 64.350.000 төгрөгийн шаардлага болон хариуцагч Ж.Дүүрэнжаргалд холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж, 4 дэх заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 1.283.000 төгрөг, хариуцагчаас төлсөн 908.000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Үээс улсын тэмдэгтийн хураамжид 925.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 908.000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ