Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 2171

 

Б.Аийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

                                  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2017/02244 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Б.Аийн, хариуцагч УБТ ХННд холбогдуулан гаргасан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Билгүүн нар оролцов.

            Нэхэмжлэгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс УБТ ХННын дарга Л.П-ын Б-1-97 тоот тушаалаар 2016 онд Ган зам пресс төвийн даргаар томилогдон ажилласан. 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн УБТ ХННын дарга Д.Ж-ийн Б-2-44 тоот тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдсан. Намайг өр зээл тавьсан гэх боловч шуурхай хурал дээр яригдсан өр авлага нь надаас өмнөх 2014-2015 онд үүссэн өр төлбөр юм. Ерөнхий нягтлан бодогч Б.Ц нь энэ хурал дээр намайг эдгээр өр төлбөрт хамааралгүй гэж хэлсэн. Би удирдлагын өгсөн чиглэл үүргийн дагуу ажилласан. Тэр орой 18 цагт хурал дуусаж, намайг ажлаас халах шийдвэр гарч, маргааш нь ажлаа хүлээлгэн өгсөн тул гомдол гаргах боломж олдоогүй. Иймд урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Б.А манай байгууллагад ажиллах хугацаандаа санхүүгийн ноцтой зөрчлүүд гаргасан нь аудитын шалгалтаар тогоогдож, үүнд 3 акт тавигдсан. Мөн 5 000 000 төгрөгнөөс дээш худалдан авалтыг тендер зарлаж явуулах ёстой байтал энэ журмыг зөрчсөн. Нэхэмжлэгч нь ажлаас халах тушаалаа аваад ямар нэгэн гомдол санал гаргаж байгаагүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсан тул хэрэг шийдвэрлэгдэж, хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Мөн нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй. Аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдийн хөдөлмөрийн эрх зүйн харилцаа нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр үүсэх, дуусгавар болох иргэний эрх зүйн харилцаа бөгөөд томилдог, сонгодог ажлын байр биш. Мөн нэхэмжлэлд хавсаргасан баримтуудад ямар нэг урамшуулал авч байсныг нотлох баримт байхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4, 65 дугаар зүйлийн 65.1.11-д заасан шаардлагыг хангаагүй нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Б.Аийг Ган зам пресс хэвлэх үйлдвэрийн даргын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны 93 хоногийн цалин 5 989 758 төгрөгийг УБТ ХННаас гаргуулж, нэхэмжлэгч Б.Аид олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Б.Атай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэлээр 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Б-II-44 тоот тушаалаар цуцалсан. Уг тушаалыг 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр гардуулан өгч, мөн өдөр ажлыг хүлээн авч, холбогдох тооцоог дуусгавар болгосон. Нэхэмжлэгч нь 2017 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хариуцагчаар Улаанбаатар төмөр зам ХНН-ийг татан, нэхэмжлэл гаргасан байх бөгөөд энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Гэтэл шүүх зөрчөөгүй байна гэж дүгнэсэн. Хэрэгт авагдсан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШЗ2017/07817 дугаартай захирамжийг үзэхэд нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж байх ба уг захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь заалтыг баримтлан гарсан. Энэ захирамж хуулийн хүчин төгөлдөр байгаа нөхцөлд мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан үндэслэлээр шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хуулийн зохицуулалт үйлчлэх ёстой. Мөн хуулийн зүйл заалтыг баримтлан нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж хуулийн хүчин төгөлдөр байгаа нөхцөлд мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасан зохицуулалт үйлчлэх бөгөөд мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг шүүх үл тоон шийдвэрээ гаргасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан шаардлага хангахгүй ямар ч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт байхгүй зүйлийг нэхэмжлэл гэж хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсэн нь мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д заасныг зөрчсөн. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуульд заасан шат дараалсан арга хэмжээг аваагүй нь тогтоогдож байна гэсэн дүгнэлтийг хийсэн. Хөдөлмөрийн гэрээний 2.3 дахь заалт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан заалтад хамаарах зохицуулалт бөгөөд ажил олгогч нь алданги бүхий заалттай гэрээ байгуулахгүй гэсэн шийдвэр өгөөд байхад алданги төлж 138 000 000 төгрөгийн хохирол учирсан, санхүүгийн хяналт тавих үүргээ биелүүлээгүй тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Иймд илт хуулийг буруу хэрэглэсэн, тайлбарласан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хуулийг нэг мөр хэрэгжүүлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч УБТ ХННд холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч санхүүгийн ноцтой зөрчлүүд гаргасан болох нь аудитын шалгалтаар тогтоогдсон, шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж маргажээ.

 

Б.А нь УБТ ХННын даргын 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Б-I-97 дугаар тушаалаар “Ган зам пресс” хэвлэх үйлдвэрийн даргаар ажиллаж байгаад хариуцагч байгууллагын даргын 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Б-II-44 дугаар тушаалаар мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах эрх мэдлээ хэтрүүлсэн, санхүүгийн ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр мөн өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлөгдсөн байна. /хх-55-56 дугаар тал/

 

Талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн эсэх талаар маргаангүй, харин сахилгын ноцтой зөрчил гаргасан үйлдэл тогтоогдсон эсэх талаар маргаж, мэтгэлцжээ.

 

Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тухай тушаалын үндэслэл болсон Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан” гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн санхүүгийн зөрчлийг санхүүгийн болон хяналтын эрх бүхий байгууллагын шалгалт, мөн ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон гэж үзэх боломжгүй байна. Ажил олгогчийн дотоод аудит, хяналтын албаны шалгалтын тайланд нэхэмжлэгчийг эрх мэдлээ хэтрүүлэн, санхүүгийн ноцтой зөрчил гаргасан талаар дурдаагүй байхаас гадна энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй тул ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан ажил олгогчийн тушаалыг үндэслэлгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй. 

 

Нэхэмжлэгч Б.А нь 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг эс зөвшөөрч 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр УБТ ХННын даргын дарга Д.Ж-д холбогдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацаанд шүүхэд хандсан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэлээ татан авах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх-ийн 89 дүгээр тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд заасан үр дагавар нь мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар үүсдэг. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дээрх захирамж нь нэхэмжлэгч Б.Аийн хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийн дагуу гарсан байх тул мөн хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлгүй. Иймд талуудын маргааны үйл баримтыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн тул дахин нэхэмжлэл гаргах эрхгүй гэж дүгнэх боломжгүй юм.

 

Б.Аийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацааг тоолох бөгөөд тэрээр 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэсэн захирамж гарсан өдөр буюу 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хөөн хэлэлцэх хугацааны тасалдал зогссон гэж үзнэ. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолдог. Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагад холбогдуулан 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул түүний шүүхэд гомдол гаргах хугацааг 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тоолоход Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлээгүй байна. Иймээс хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, хэргийг шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр захирамж байгаа, сахилгын ноцтой зөрчил гаргасан болох нь тогтоогдсон байхад хуулийг буруу тайлбарласан гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Дээрх дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2017/02244 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 110 786 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход

 

саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                          ШҮҮГЧИД                                         Д.БАЙГАЛМАА

                                                                                                    Ч.ЦЭНД