Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 02244

 

2017 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2017/02244

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч Баянгол дүүрэг хороо, дугаар хороолол, Энтайваны өргөн чөлөө гудамж, дүгээр байр, тоотод оршин суух, Шажинбат овогт Бямбажавын Аюушын нэхэмжлэлтэй

Хариуцагч Баянгол дүүрэг, хороо, Сөүлийн гудамж , Өөрийн байранд байрлах, МОХНН УБТЗ холбогдох ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Цэндсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан, нарийн бичгийн дарга О.Энхбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Б.А нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын дарга Л.Пүрэвбаатарын Б-1-97 тушаалаар 2016 онд Ганзам пресс төвийн даргаар томилогдон ажилласан.

2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн МОХНН УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаагийн Б-2-44 тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдсан бөгөөд ажиллах хугацаандаа санхүүгийн ноцтой зөрчил гарган, сахилгын ямар нэгэн арга хэмжээ авагдаж байгаагүй.

Намайг өр зээл тавьсан гэж байна, шуурхай хурал дээр яригдсан өр авлага бол надаас өмнөх 2014-2015 онд үүссэн төлбөр. Насаараа энэ байгууллагад ажилласан ерөнхий нягтлан бодогч Б.Цэнгэл, хурал дээр Б.А даргад эдгээр төлбөр хамааралгүй гэж хэлсэн. Би удирдлагын өгсөн чиглэл үүргийн дагуу ажилласан. Тэр орой 18 цагт хурал дуусаж, намайг ажлаас халах шийдвэр гарч, маргааш нь ажлаа хүлээлгэн өгсөн тул гомдол гаргах боломжийг олдоогүй.

Иймээс намайг өмнөх ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү, гэжээ.

Хариуцагчмйн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь:

Нэхэмжлэгч Б.А манай байгууллагад ажиллах хугацаандаа санхүүгийн ноцтой зөрчлүүд гаргасан нь аудитын шалгалтаар тогоогдож, 3 акт тавигдсан байгаа. Мөн 5.000.000 төгрөгнөөс дээш худалдан авалтыг тендер зарлаж явуулах ёстой байдаг. Энэ журмыг зөрчсөн. Б.А дарга бол нэгдүгээр гарын үсэг зурдаг, үүнийгээ хүлээн зөвшөөрдөг. Ажлаас халах тушаалаа аваад ямар нэгэн гомдол санал гаргаж байгаагүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсан тул хэрэг шийдвэрлэгдэж, хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Мөн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй ажилд томилуулах гэж байгаа. Аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдийн хөдөлмөрийн эрх зүйн харилцаа нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр үүсэх, дуусгавар болох иргэний эрх зүйн харилцаа бөгөөд томилдог, сонгодог ажлын байр биш.

Тэрээр цалин хөлс нэхэмжлэх хууль зүйн зохицуулалт Хөдөлмөрийн тухай хуульд тусгагдаагүй ба нэхэмжлэлд хавсаргасан баримтуудад ямар нэг урамшуулал авч байсныг нотлох баримт байхгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх хэсэг, 65 дугаар зүйлийн 65.1.11 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь

 

Нэхэмжлэгч Б.А, хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдуулан, ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэгч санхүүгийн зөрчил гаргасан нь аудитын шалгалтаар тогтоогдож, акт тавигдсан, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

1.Нэхэмжлэгч Б.А Ганзам пресс хэвлэх үйлдвэрийн даргаар ажиллаж байсан болох нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Б-1-97, 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Б-2-44 дугаартай тушаалуудаар тогтоогдож байна.

2. Ажил олгогч болон ажилтны хооронд тодорхой нөхцөл зааж, 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулагджээ.

Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахад, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байх шаардлагатай бөгөөд хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтныгажлаас чөлөөлөгдөх болсон үндэслэлтэй тохирсноор хуулийн дагуу ажлаас чөлөөлсөн гэж үзэх үндэслэл болдог.

Гэтэл ажил олгогч 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Хөрөнгө оруулалт, нийгмийн асуудал хариуцсан замын орлогч дарга Л.Халтарын удирдан хийсэн Шуурхай хурал-ын тэмдэглэлийн саналыг үндэслэн, Б-2-44 дугаартай тушаалаа гаргахдаа Ганзам пресс хэвлэх үйлдвэрийн дарга Б.А мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах эрх мэдлээ хэтрүүлэн, санхүүгийн ноцтой зөрчил гаргасан нь Дотоод аудитын, хяналтын албаны шалгалтаар батлагдсан тул 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон бөгөөд ажил олгогч түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа, Хөдөлмөрийн гэрээ, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн хууль-д заасан үндэслэл бүхий тушаал гаргах ёстой байжээ. Үүнд:

Дотоод аудит, хяналтын шалгалтын албаны аудиторын шалгалтын 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 61/03-18, 61/03-19, 61/03-20 дугаартай төлбөрийн актууд хавтас хэрэгт нотлох баримтуудаар авагдсан боловч хэвлэх үйлдвэрийн дарга Б.Аид хамааралгүй ба түүнд холбогдсон өр төлбөрийн акт тавигдаагүй, харин маркетингийн менежер Б.Оюун, гэрээт жолооч Ө.Алтангэрэл нарын зөрчилд акт тавигдаж, хамтарч ажилладаг байгууллага болон хувь хүнээс төлбөрөө нэхэмжилж авахыг Ганзам пресс хэвлэх үйлдвэрийн дарга Б.А, ерөнхий нягтлан бодогч Б.Цэнгэл нарт даалгаж, үүрэгжүүлсэн шийдвэр гарсныг хариуцагч эсрэг няцаалт хийж үгүйсгээгүй болно.

Ажлаас халагдсан тушаалд нэхэмжлэгчийг эрх мэдлээ хэтрүүлэн, санхүүгийн ноцтой зөрчлүүд гаргасан нь шалгалтаар илэрсэн гэх үндэслэлийг дурдсан хэдий ч зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч дээрх зөрчлийг гаргасан болох нь нотлогдоогүй, тушаалын үндэслэл болсон шалгалтын тайлан хэлэлцсэн Шуурхай хурал-ын тэмдэглэлд тусгагдаагүй мөн Ганзам пресс хэвлэх үйлдвэрийн 2016 оны Санхүүгийн үйл ажиллагаанд аудитын шалгалт хийсэн Дүгнэлт хэсэгт 10 зөвлөмжийг өгч, хэрэгжүүлэн ажиллахыг даалган, энэ асуудлаар шуурхай хуралдаан дээр ерөнхий нягтлан бодогч Б.Цэнгэл шалгалтын мөрөөр хийсэн ажлынхаа гүйцэтгэлийг танилцуулсан байх тул нэхэмжлэгчийг дээрх зөрчлийг гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.

Хөдөлмөрийн гэрээ-ний 2 дугаар зүйлийн 2.3, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Удирдах газрын Хөдөлмөрийн дотоод журам-ын 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгүүдэд заасны дагуу эдгээр зөрчилд хөдөлмөрийн сахилга хариуцлага хүлээлгэхээс бус хяналт шалгалт явуулаад гаргасан Зөвлөмж-нд дурдсан асуудлыг сахилгын ноцтой зөрчил гэж үзэн хариуцлага хүлээлэхээр заасан тодорхой заалт байхгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 сануулах, 131.1.2 үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах, 131.1.3 ажлаас халах-аар зааснаар сахилгын шийтгэлийг нэхэмжлэгчид оногдуулахдаа шат дараалсан арга хэмжээг аваагүй нь тогтоогдож байна.

Иймээс ажил олгогчийн санаачлагаар ажлаас буруу халсан нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй тул ажилд эргүүлэн тогтоох нь хуульд нийцнэ гэж дүгнэлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт ...ажилтныг ажил, албан тушаалд нь эргүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.Аид ажилгүй байсан үеийн олговорыг тооцон олгох нь зүйтэй гэж үзэв.

Нөхөн олговрыг Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн Дундаж цалин хөлс тодорхойлох тухай журам-ын дагуу ажилтны сүүлийн 3 сард авч байсан цалингийн дунджаар тодорхойлохоор байна.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн Нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн 2017 оны 01 дүгээр сарын цалин 1.252.525 төгрөг, 02 дугаар сарын цалин 1.445.612 төгрөг, 3 дугаар сарын цалин 1.456.112 төгрөгнөөс тооцоход, сүүлийн гурван сарын цалинг нэмээд, гуравт хуваахад 4.154.247:3=1.384.750 төгрөг/ нэхэмжлэгчийн 1 сарын дундаж цалин/, дундаж цалингаа ажлын өдрүүдийн дундажаар хуваахад 1.384.750:21.5=64.406 төгрөг / нэг өдрийн цалин/.

Ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс хойш шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх хүртэлх хугацаа 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл ажлын 93 хоног буюу 64406 /нэг өдрийн цалин/ х 93 /хоног/ = 5.989.758 төгрөгийн олговор олгох нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэ гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч байгууллагаас 5.989.758 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 110.786 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэв.

2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгч Цэндсүрэн хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй гээд байх шиг байна. Бид хариу тайлбартаа дурдсан. Нэхэмжлэлийн шаардлага бол ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан үеийн цалин гаргуулах гэх тайлбарыг гаргасныг дурдах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч ажлаас халсан 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Б-2-44 дугаартай тушаалаа 2017 оны 4 дүгээр сарын сарын 01-ний өдөр хүлээн авч, мөн өдрөө ажлаа хүлээлгэж, 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр шүүхэд гомдлоо гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагчийг тодруулахаар нэхэмжлэлээ татан авсныг баталсан шүүгчийн захирамж 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр гарч, нэхэмжлэгч 2017 оны 6 дугаар сарын 4-ний өдөр гардан авч, дахин 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэлээ гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацаанд гомдлоо гаргасан гэж үзээд, хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй байна.

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд хуулийн дагуу цуглуулсан, нотлох баримтын шаардлага хангасан, үнэн зөв эргэлзээгүй баримтууд гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Шажинбат овогт Бямбажавын Аюушийг Ганзам пресс хэвлэх үйлдвэрийн даргын ажилд эгүүлэн тогтоосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны 93 хоногийн цалин 5.989.758 төгрөгийг МОХНН УБТЗ-аас гаргуулж, нэхэмжлэгч Б.А-д олгосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэ гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 110.786 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА