Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 578

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг Салхитын 1 дүгээр хэсэг 202 тоотод оршин суух, 64 настай, эмэгтэй, одоо тэтгэвэрт, түр гэрээгээр улсын өмгөөлөгчөөр ажиллаж байгаа Боржигон овогт Дагвын Даваасүрэнгийн /МЭ-53110301/ нэхэмжлэлтэй:

 “Өмчлөгч тогтоолгох тухай“  иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгч Д.Даваасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч Д.Даваасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь 2003 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын “Сэлэнгэ Алтанбулаг” ХХК-ний захиралын тушаалаар ажлын хөлсөндөө Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт байрлах тус компаний өмч болох 64 айлын орон сууцны 4 дүгээр байрны 2 дугаар орцны 2 давхарт 12 тоотод байрлах 2 өрөө 25м2  байрыг тус компанийн захирал М.Гантөмөрийн тушаалын дагуу худалдаж авсан юм. Энэ үеэс хойш миний бие нь тус байрны өмчлөх эрх сэргээлгэхээр удаа дараа шүүхэд хандаж байсан. 2013 онд шүүхийн шийдвэрийг үндэслэн миний нэр дээр Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг 2013 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Ү-1301000748 дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон. Гэтэл тус байранд оршин сууж байсан Г.Төмөрбаатар гэдэг хүн Захиргааны хэргийн шүүхэд хандан тус гэрчилгээг хүчингүй болгон одоо энэ байр нь хэний ч өмчлөлд байхгүй байгаа. Иймд Алтанбулаг сумын 64 айлын орон сууцны 4 дүгээр байрны 2 дугаар орц 12 тоот 25м2 бүхий 2 өрөө байрны өмчлөгчөөр тогтоож өгнө үү  гэх.    

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмждлэгч Д.Даваасүрэн нь “Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 64 айлын орон сууцны 4 дүгээр байрны 2 дугаар орц 12 тоот 25м2 бүхий 2 өрөө байрны өмчлөгчөөр тогтоож өгнө үү” гэх нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзлээ.   

Нэхэмжлэгч Д.Даваасүрэн нь шүүхэд “Сэлэнгэ Алтанбулаг” ХХК-ийн захирал М.Гантөмөр нь 2003 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаартай тушаал гарган Алтанбулаг сумын 64 айлын орон сууцны 4 дүгээр байрны 2 дугаар орцны 2 өрөө орон сууцыг надад олгосон. Иймд тус байрны өмчлөгөөр тогтоож өгнө үү” гэсэн нэхэмжлэл гаргажээ.  

Нэхэмжлэгч Д.Даваасүрэн нь 2013 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр “Сэлэнгэ Алтанбулаг” ХХК-ийн ерөнхий захирал М.Гантөмөрийн 2003 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаар тушаал, Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2004 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “Хариуцагчийн зөвшөөрлийг батлах тухай” 1048 дугаар захирамж, Алтанбулаг сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 09 дүгээр албан бичиг зэргийг хавсарган Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 64 айлын орон сууцны 4 дүгээр байрны 2 дугаар орцны 2 давхарт 12 тоот 25м2 талбай бүхий 2 өрөө орон сууцыг бүртгүүлэхээр хүсэлт гарган,  хүсэлтийн дагуу “Эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-1301000748 дугаарт бүртгэж, Д.Даваасүрэнд өмчлөх эрхийн 000212521 дугаартай гэрчилгээ олгосон байх бөгөөд 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” хийн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын иргэн С.Отгонбаатарт Алтанбулаг сумын 64 айлын орон сууцны 4 дүгээр байрны 2 дугаар орцны 2 давхарт 12 тоот 25м2 талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдан улмаар С.Отгонбаатарт “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-1301000748 дугаарт бүртгэж 000310496 дугаартай гэрчилгээ олгосон байна.

Гэтэл иргэн Г.Төмөрбаатар “Эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-1301000748 дугаарт бүртгэж, Д.Даваасүрэнд өмчлөх эрхийн 000212521 дугаартай гэрчилгээ, С.Отгонбаатарт “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-1301000748 дугаарт бүртгэж 000310496 дугаартай гэрчилгээ” олгосон үндэслэлгүй байна гэдэг үндэслэлээр Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган тус шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 40 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гарган тус шүүх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 40 дугаартай шийдвэрийг хүчингүй болгон, Г.Төмөрбаатарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж Алтанбулаг сумын 64 айлын орон сууцны 4 дүгээр байрны 2 дугаар орцны 2 давхарт 12 тоот 25м2 талбай бүхий 2 өрөө орон сууцыг Д.Даваасүрэн, С.Отгонбаатар нарын нэр дээрх Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-1301000748 дугаарт бүртгэсэн бүртгэл болон Д.Даваасүрэнд олгосон 000212512 дугаартай, С.Отгонбаатарт олгосон 000310496 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгон шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 583 дугаартай магадлал, Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэлийн Ү-1301000748 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэрэгт авагдсан материалууд зэргээр нотлогдож байна.

Иймд  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 583 дугаартай магадлал нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар Д.Даваасүрэнгийн нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 64 айлын орон сууцны 4 дүгээр байрны 2 дугаар орцны 2 давхарт 12 тоот 25м2 талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болохыг дурдсугай

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр  зүйлийн  119.4-д зааснаар  шүүх  хуралдаанд  оролцсон тал  энэ  хуулийн 119.3-т заасан хугацаа  өнгөрснөөс  хойш 14  хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.СОЁЛМАА