Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 55

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  Д.Даваасүрэнгийн  нэхэмжлэлтэй

   иргэний хэргийн тухай

 

 

                                                                             Хэргийн индекс: 148/2017/00428/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                             Даргалагч,

                             Ерөнхий шүүгч                       Б.Батзориг

                             Шүүгчид                       С.Энхжаргал

                                                                    Г.Давааренчин

                    Оролцогчид

                                 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч      Ц.Болормаа

                                     Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа нар оролцож,  Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Соёлмаа даргалж шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 578 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор Д.Даваасүрэнгийн нэхэмжлэлтэй “Өмчлөгч тогтоолгох тухай”, иргэний хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Тодорхойлох нь:

      

Нэхэмжлэгч Д.Даваасүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие нь 2003 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын “Сэлэнгэ Алтанбулаг” ХХК-ний захирлын тушаалаар ажлын хөлсөндөө Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт байрлах тус компаний өмч болох 64 айлын орон сууцны 4 дүгээр байрны 2 дугаар орцны 2 давхарт 12 тоотод байрлах 2 өрөө 25м2 байрыг тус компанийн захирал М.Гантөмөрийн тушаалын дагуу худалдаж авсан юм. Энэ үеэс хойш миний бие нь тус байрны өмчлөх эрх сэргээлгэхээр удаа дараа шүүхэд хандаж байсан. 2013 онд шүүхийн шийдвэрийг үндэслэн миний нэр дээр Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг 2013 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Ү-1301000748 дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон.

Гэтэл тус байранд оршин сууж байсан Г.Төмөрбаатар гэдэг хүн Захиргааны хэргийн шүүхэд хандан тус гэрчилгээг хүчингүй болгон одоо энэ байр нь хэний ч өмчлөлд байхгүй байгаа. Иймд Алтанбулаг сумын 64 айлын орон сууцны 4 дүгээр байрны 2 дугаар орц 12 тоот 25м2 бүхий 2 өрөө байрны өмчлөгчөөр тогтоож өгнө үү” гэжээ.

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатын шүүх хэргийг 2017 оны 10 дүгээр сарын 30-ны өдөр хянан хэлэлцээд 578 дугаартай шийдвэрээр:

-Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар Д.Даваасүрэнгийн нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 64 айлын орон сууцны 4 дүгээр байрны 2 дугаар орцны 2 давхарт 12 тоот 25м2 талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,   

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Даваасүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...1.Сум дундын 20 дугаар шүүхийн 2014.11.04-ний өдрийн 75/754 тоот шийдвэр нь Шударга эзэмшигчээр тогтоолгох гуравдагч этгээдийн хэрэгсэхгүй болгосон.

Мөн маргаж байгаа орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх болон олж авах эрх нь Д.Даваасүрэн, М.Гантөмөр нарт нээлттэй байгааг тэмдэглэсэн бөгөөд энэ хүчин төгөлдөр шийдвэр байхад “энэ шийдвэрт дүгнэлт хийлгүй” өмчлөх эрхийг хангахгүй орхисон нь дээрхи иргэдийн эрхийг зөрчиж байна.

2.Өмчлөгч тогтоох эрх бүхий байгууллага нь Захиргааны хэргийн шүүх биш. Иргэний хэргийн шүүх байхад гэтэл зөвхөн Улсын бүртгэлийн тухай хуулиар зохицуулагдсан харилцааг шийдвэрлэснээр барахгүй Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр баг 64 айлын орон сууцны 4 дүгээр байрны 25 м2  талбайтай 12 тоот орон сууцны өмчлөхтэй холбоотой маргааныг шийдвэрлэхэд шүүхийн энэхүү шийдвэр нөлөөлөхгүй болно гэж тодотгон зааж өгсөн шийдвэр байхад өмчлөх эрхээ тогтоолгохыг хязгаарласан нь хуулийн дагуу өмчлөх эрхээ тогтоолгох эрхийг зөрчсөн байна.

3. Иргэн Даваасүрэн миний өмчлөх эрхийг хаахдаа эрх нь зөрчигдсөн гуравдагч этгээдүүд болох Гантөмөр, С.Отгонбаатар, Төмөрбаатар нарыг оролцуулалгүй шийдвэрлэсэн нь эдгээр иргэдийн эрхийг ноцтой зөрчсөн төдийгүй өмчлөгчийг тогтоох эцсийн шийдвэрийг гаргаж чадсангүй өмчлөгчийн асуудлыг шийдвэрлэсэнгүй. Бодит үнэнийг тогтоосон эцсийн шийдвэр болж чадаагүй. Иймд шийдвэрийг хүчингүй болгож гуравдагч этгээдүүдийг оролцуулж бодит өмчлөгч нь хэн болохыг тогтоолгож өгнө үү“ гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Болормаа нь давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Энэхүү маргааныг шийдвэрлүүлэхээр шүүхэд олон удаа нэхэмжлэл гаргаж байсан боловч өнөөдрийг хүртэл шийдэгдэж чадахгүй байна. Тухайн маргаан бүхий  орон сууц Алтанбулаг ХХК-ний өмч бөгөөд Д.Даваасүрэнд ажлынхаа хөлсөнд шилжүүлсэн. Гэтэл Төмөрбаатар түлхүүрийг нь авчихаад өгөхгүй өнөөдрийг хүрсэн.  Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

                                                 Үндэслэх нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

    Нэхэмжлэгч Д.Даваасүрэн нь Сэлэнгэ аймаг Алтанбулаг сумын 2-р багт байрлалтай 64 айлын орон сууцны 4 дүгээр байрны 2 дугаар орцны 2 давхарт 12 тоот 25м2 талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.

 Хэргийг судлан үзэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн өмчлөгчөөр тогтоолгох хүсэлт бүхий  орон сууц нь улсын эрхийн бүртгэлд бүртгэгдсэн эсэх,  иргэн, хуулийн этгээдийн  хэн нэгний эзэмшил, өмчлөлд байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг хэн  хэрхэн  зөрчсөн зэрэг нь тодорхойгүй байна.

 

         Шүүх нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш байдал, тэдгээрийн хуулиар хамгаалагдсан эрх нь зөрчигдсөн тохиолдолд зөрчсөн эрхийг сэргээх хамгаалах үүрэгтэй.

 

         Гэтэл нэхэмжлэгч Д.Даваасүрэн нь нэхэмжлэлдээ түүний өмчлөх эрх нь зөрчигдөж байна гэсэн атлаа нэхэмжлэлийн шаардлагаа хэн нэгэн этгээдэд холбогдуулан гаргаагүй бөгөөд түүний  эд хөрөнгө өмчлөх эрхийг хэн хэрхэн зөрчсөн  болон тэрхүү зөрчигдсөн  эрхээ хэрхэн хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргасан нь тодорхойгүй байна.

 

Нэхэмжлэгч нь хуульд заасан  нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй бол   шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах байтал түүний нэхэмжлэлийг шүүх хүлээн авч  улмаар иргэний хэрэг үүсгэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Иймд давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож,  Д.Даваасүрэнгийн нэхэмжлэл бүхий иргэний  хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Хэдийгээр шүүх түүний нэхэмжлэл бүхий иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон ч нэхэмжлэгч Д.Даваасүрэн нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ  тодруулан түүний өмчлөх эрх хэрхэн зөрчигдсөн, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь саад болж байгаа талаар иргэн, хуулийн этгээд холбогдуулан нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй болохыг дурьдах нь зүйтэй байна.

         

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 10 сарын 30-ны өдрийн 578 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Даваасүрэнгийн нэхэмжлэл бүхий иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.3-т зааснаар нэхэмжлэгч Д.Даваасүрэнгийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогоос гаргуулж буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар Д.Даваасүрэнгийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар  зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

5. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.  

 

 

                                 ДАРГАЛАГЧ                      Б.БАТЗОРИГ

                                      ШҮҮГЧИД                     С.ЭНХЖАРГАЛ

                                                                             Г.ДАВААРЕНЧИН