| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэндоржийн Болормаа |
| Хэргийн индекс | 176/2018/0357/Э |
| Дугаар | 2019/ДШМ/13 |
| Огноо | 2019-02-20 |
| Зүйл хэсэг | 11.3.1., |
| Улсын яллагч | Г.Энхмаа |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 2019/ДШМ/13
2019 оны 02 сарын 20 өдөр 2019/ДШМ/13 Зуунмод
Ч.А-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Энхмаа, Ерөнхий шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Г.Энхмаа,
Нарийн бичгийн дарга Б.Ууганцэцэг нарыг оролцуулан
Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж шийдвэрлэсэн, 2018 оны 12 сарын 11-ний өдрийн 361 дугаар цагаатгах тогтоолтой шүүгдэгч Ч.А-д холбогдох 1834004610294 дугаартай 1 хавтас, 157 хуудас бүхий эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 01 сарын 21-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1968 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт төрсөн 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй малчин. ам бүл 3. эхнэр, хүүхдийн хамтаар Төв аймгийн ... оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай Ч.А /Р...119/.
Шүүгдэгч Ч.А нь согтуугаар 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 18 цагийн үед Төв аймгийн Заамар сумын Төмстэй 2 дугаар багийн нутаг "Бор булан" гэх газар байрлах өөрийн гэртээ мах идэж байхдаа дагавар хүү Ч.Анхбаяртай маргалдаж улмаар Ч.Анхбаяр нь түүнийг гартаа хутгатай байхад нь унтуулахаар тэвэрч, дарж унаснаас цээжин тус газраа хутгалагдсны улмаас эрүүл мэндэд нь болгоомжгүйгээр хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ
Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ч.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны 2018 оны 12 сарын 11-ний өдрийн 361 дугаар цагаатгах тогтоолоор:
Прокурор эсэргүүцэлдээ: Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч Ч.А д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, Ч.А-г цагаатгаж шийдвэрлэсэн байна.
Анхан шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцэж, шийдвэрлэхдээ "...Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь бусад этгээдийн эрүүл мэндэд гэмтэл учруулахаас урьдчилан сэргийлсэн ямар нэг дүрэм журмыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан үйлдэл эс үйлдэхүйн байдлаар илрэх ба гэмт хэргийн үр дагавар болон гэм буруутай этгээдийн үйлдэл эс үйлдэхүй нь хоорондоо шалтгаант холбоо заавал байхыг шаарддаг. Мөн түүнчлэн болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн этгээд нь өөрийн үйлдэл эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлан, урьдчилан мэдсэн эсхүл мэдэх боломжтой байх үүрэг хүлээдэг ба нөгөөтэйгүүр хохирол, хор уршгийг зөв үнэлэх бүрэн боломжтой байх ёстой.
Гэтэл хэрэгт цугларсан баримтаас үзвэл шүүгдэгч Ч.А нь гэртээ мах идэж байхдаа дагавар хүү П.Анхбаяртай маргалдаж, улмаар шүүгдэгч нь хутгаар хохирогчийн цээжин тус газар хутгалагдсан үйл баримт тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ч.А нь хүний эрүүл мэндэд болгоомжгүйгээр хүнд гэмтэл учруулсан гэх нь ...шүүгдэгч Ч.А ийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг, хохирогч П.Анхбаярын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг. гэрч Д.Оюун-Эрдэнэ, Ц.Мөнхтуяа нарын мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт зэргээр ямар хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, үйлдэхүйн улмаас хүнд гэмтэл хэрхэн яаж учруулсан болох нь нотлогдон тогтоогдохгүй байна.
...Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй", 2 дахь хэсэгт "хэргийн бодит байдлыг нотлохын тулд... хуульд заасан бүх арга хэмжээг авч...шүүгдэгчийг яллах.. байдлыг эргэлзээгүй тогтооно" гэж заасан байх тул түүнд холбогдох хэргийг цагаатгаж, хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэх дүгнэлтийг хийсэн нь үндэслэлгүй байна.
Учир нь хавтаст хэрэгт авагдсан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг шалгах явцад хохирогч П.Анхбаяр гэрчээр "...жижиг гэрт би аавтай үлдээд аавд хандаж 50,60 нас хүрч байж хэрүүл хийхээс хажуу талын айлаас ичээч гэхэд чи надтай олон юм ярих болоогүй шүү гээд түмпэнтэй мах идээд орны өмнө сууж байснаа гэнэт босож ирэхээр нь шууд тэврээд авах гэтэл хутгаар өөдөөс чичих шиг болсон, би хоёр гарыг нь баглаж тэврээд орон дээр буюу матрасан дээр унагаад шууд гэрээс гарсан..."гэж , гэрч Д.Оюун-Эрдэний "...манай нөхөр хадам аавыг та архи дарс уусан юм бол аятайхан амраач гэж хэлэхэд мах идэж байсан хутгаа бариад дайрсан гэж манай нөхөр хэлсэн..."гэж, гэрч Ц.Мөнхтуяа нь гэрчээр "...манай хүү Анхбаяр нь ээжээ аав намайг хутгалчихлаа гээд орилоод гараад ирсэн..." гэж тус тус мэдүүлсэн боловч хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсанаас хойш П.Анхбаяр нь хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ "...манай аав Ч.А нь түмпэнтэй мах идэж байхад нь гарт нь хар хутга байсан босоод ирэхэд нь хутга байсныг анзаараагүй...би аавыг жижиг гэрт оруулаад матрас дээр дарж унтуулах гээд дээрээс нь дараад хэвтэж байгаад л цээжиндээ хутгалуулсан юм...тухайн асуудал бол аав бид 2-ын аль алиных нь санамсаргүй байдлаас болсон..."гэж, гэрч Д.Оюун-Эрдэнэ нь "...манай нөхөр цээжиндээ хутгалуулсан байсан, тэгээд юу болсон юм бэ гэхэд аавыг унтуулах гэж дарж байгаад гарт нь хутга байсныг нь анзааралгүй хутгалуулчихлаа гэж хэлж байсан...тухайн үед манай нөхөр надад хэлэхдээ санаандгүй аавын хутган дээр уначихлаа гэж хэлсэн, юун хутга юм бэ гэж асуухад унтуулах гэж дарахдаа мах идзж байсан хутга нь гарт нь байсан юм байна...урьд гэрчээр мэдүүлэг өгөхдөө буруу зөрүү ярьсан байж магадгүй, би их айж байсан болохоор..."гэж, гэрч Ц.Мөнхтуяа нь "...Ч.А нь жижиг гэрт матрас дээр суугаад ямааны гэдэс идэж байсан ба хүү Анхбаяр нь аавыгаа унт гээд дарахад гарт нь хутга байсан түүнийг хараагүй дээр дараад унасан гэж надад сүүлд хэлсэн..." гэж тус тус өмнөх мэдүүлгүүд нь эргэлзээтэй нөхцөл байдал үүсгэсэн тул прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг "Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ" гэж заасныг үндэслэн өмнөх яллагдагч Ч.А ийг Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулж, мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн болно.
Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагыг хангаагүй цагаатгах үндэслэл болон нотлох баримтыг хэрхэн үнэлж, дүгнэсэн нь тодорхойгүй байна.
Иймд Ч.А-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 361 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичиж хүргүүлэв.” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Энхмаа гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ч.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж шалгах явцад хэрэг гарахад хохирогч, шүүгдэгч хоёроос өөр хүн байгаагүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, гэрчийн мэдүүлэгт эргэлзээтэй байдал үүссэн тул зүйлчлэлийг өөрчилсөн. Хэргийн нөхцөл байдал тогтоогдсон тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Ч.А-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Төв аймгийн Прокурорын газраас Ч.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эрүүл мэндэд болгоомжгүйгээр хүнд хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ
Шүүгдэгч Ч.А ийн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон, цагаатгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолын хууль зүйн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтанд “Шүүхийн цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгана.” гэж заажээ.
Шүүх Ч.А-д холбогдох хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан шинжлэн судлаагүй, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэрийг бүрэн гүйцэд дүгнээгүй ба хэргийн үйл баримтын талаархи үгүйсгэсэн, няцаасан үндэслэлийг тодорхой заагаагүй, нотлох баримт нь хэрэгт хамааралтай ач холбогдолтой эсэхийг тал бүрээс нь бүрэн гүйцэд бодит байдлаар нь хянаагүй байх тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг дахин хэлэлцүүлэх нь зүйтэй байна.
Дээрх үндэслэлээр буюу “шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ гэмт хэргийн сэдэлт, гэмт хэргийг хэрхэн үйлдсэн, шүүгдэгч Ч.А ийн үйлдэл гэм буруугийн санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэрийн аль нь болох талаар хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай.
Шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “...тодорхой, ойлгомжтой, эргэлзээгүй бичигдсэн байх” хуулийн шаардлагыг хангаагүй, логик дараалалгүй, ойлгомжгүй бичигдэж байгаад цаашид анхаарах шаардлагатайг магадлалд дурьдаж байна.
Эрүүгийн хэргийг хянан хэлэлцэж гаргасан шүүхийн аливаа шийдвэр нь хууль хэрэглээний эрх зүйн актын хувьд хууль зүйн үндэслэлтэй, агуулга хэлбэрийн хувьд процессын болон материаллаг эрх зүйн зарчим, хэм хэмжээнд нийцсэн, хуульд заасан шаардлагуудыг хангасан байвал зохино. Энэхүү шаардлагын үүднээс хуулийг хэрэглэхдээ тухайн хэргийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасан шийдвэрлэвэл зохих асуудлуудын талаар дүгнэлт хийж, шийдвэрээ бичих ёстой.
Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 сарын 11-ний өдрийн 361 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Ч.А-д холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Хяналтын прокурор Г.Энхмаагийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авсугай.
3. Хэргийг шүүхэд очтол Ч.А-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Т.ЭНХМАА
Г.БОЛОРМАА