Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2020/00700

 

Х.Мгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2019/00692 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 1032 дугаар магадлалтай,

Х.Мгийн нэхэмжлэлтэй

“Х Б”ХХК-д холбогдох

Гэм хорын хохиролд 29 464 597 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Х.Мгийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.М, түүний өмгөөлөгч Т.Баярцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин нар оролцов.

Нэхэмжлэгч Х.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 онд Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 26-28 тоот орон сууцыг 96 000 000 төгрөгөөр зээлээр худалдан авч урьдчилгаа төлөн зээлийн үлдэгдэл 62 535 403 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Уг байрыг иргэн Д.Тт 92 000 000 төгрөгөөр зарахаар болж 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Д.Ттай үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Д.Т надаас банкны зээлээр авахаар болж, 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр зээлийн үлдэгдэл 62 535 403 төгрөгийг Д.Тын төлөөлөгч Д.Нэ гэх эмэгтэй ирж урьдчилж зээлийн үлдэгдлийг хаасан. Ингээд 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 18 цаг 10 минутад Д.Таас миний эзэмшдэг Хаан банкны 5562004634 тоот дансанд 92 000 000 төгрөг шилжин орсон. Ингээд намайг 3 дугаар хорооллын эцэст байрлах Хаан банкны салбарт очиход ажил тарсан байхад утасдаад хамгаалагчид нь хэлээд тухайн салбарт орсон. Тэнд Д.Нэ байсан бөгөөд таныг орж ирэхээр мөнгийг нь хийнэ гэж байна гээд зогсож байхад 1 дүгээр цонхны теллер Х.М гэж хэн бэ гэж дуудаад очиход 5 баримтанд гарын үсэг зуруулж, та түр байж бай гээд Д.Нийг дуудаж баримтанд гарын үсэг зуруулж бид хоёрын хэнд нь ч бэлэн мөнгө өгөөгүй. Худалдаа хөгжлийн банкинд байрны зээлийн үлдэгдэл 62 535 403 төгрөгийг Д.Нэ нар 2015 оны 6 дугаар сарын 12-нд төлж зээлийг хаасан учир 4 баримтаар зарлагдаж бусдад шилжүүлж авсан. Ингээд миний зарсан байрны үлдэгдэл мөнгө болох 29 464 597 төгрөгийг “Х Б”надад өгөөгүй. Би үлдэгдэл мөнгөө авья гэхэд Хаан банкнаас намайг хөөж гаргасан бөгөөд маргааш нь ирж уулзахад манай ажилтнуудын буруу байна шийдэж өгнө гэж хэлсэн боловч шийдэж өгөхгүй хүлээлгэж өдийг хүрсэн. Би арга бараад н.Д.Тт холбогдуулан нэхэмжлэл гаргахад Д.Т хариуцагч биш гээд нэхэмжлэлийг татгалзсан. Ингээд Хаан банкинд гомдол гаргахад аудит хийж манай ажилтны буруу, та мөнгөө аваагүй тохиолдолд хуулийн байгууллагаар явбал бид баримт гаргаж өгнө гээд надад ямар ч баримт өгөөгүй. Надад өгөх ёстой мөнгийг өгөлгүй хохироож байгаа учир үлдэгдэл 29 464 597 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хороо 26-р байрны 23 тоот хаягт байрлах 54 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг худалдах худалдан авах гэрээг Х.М, Д.Т нарын хооронд байгуулагдан, уг худалдах, худалдан авах гэрээнд итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нэ гарын үсэг зурсан байдаг. Худалдах, худалдан авах гэрээний дагуу Х.М нь Д.Тт үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхээр Д.Т нь Х.Мд үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авсантай холбоотой орон сууцны төлбөр төлөхөөр талууд тохиролцсон. Д.Тын худалдан авсан орон сууцны зээл судлагдсаны дагуу холбогдох орон сууцны зээлийн мөнгө нь худалдагч талын данс руу шилжсэн. Худалдагч яаж захиран зарцуулах нь өөрийнх нь эрхийн асуудал. Д.Т, Х.М нарын хооронд байгуулагдсан орон сууцны зээлийн гэрээтэй холбоотойгоор дотоод аудитын шалгалт хийсэн, холбогдох бусад баримт бичгүүд нь банкнаас гарсан байгаа тул нотариат батлахгүй гэж байгаа учир нотлох баримтын шаардлага хангуулах боломж байсангүй. Х.М Худалдаа хөгжлийн банкнаас орон сууц зээлээр аваад зээлээр авсан орон сууцаа зарах болоход Д.Т нэхэмжлэгчийн эгч н.Мядагмаад өгсөн юм шиг байгаа юм. Аудитын дүгнэлт дээр гэрээний бус оролцогчид урьдчилгаа 30 000 000 төгрөг өгсөн байна гэж байгаа. Тэр нь худалдах, худалдан авах гэрээнээс өмнө эсэх талаар мэдэгдэхгүй байгаа. Худалдаа хөгжлийн банкны зээлийг хаахад Д.Т дүү Д.Нэд би энэ байрыг худалдаж авах гэж байгаа тул чи мөнгө олоод Худалдаа хөгжлийн банкны зээлийг хаагаадах гэж хэлснээр хүмүүсээс мөнгө зээлж зээлийг хаасан байгаа. Дансанд мөнгө ороход Х.М зарлагын гүйлгээ хийгээд тэр  мөнгийг итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зээлсэн мөнгөндөө шилжүүлсэн байдаг. Уг асуудал нь гүйлгээний хуудас болон Х.Мгийн гаргаж өгсөн баримтуудаар нотлогдож байгаа. “Х Б”тухайн худалдах худалдан авах гэрээний оролцогч биш учраас уг гэрээтэй холбоотой бусдын өмнө аливаа үүрэг хүлээгээгүй учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2019/00692 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1-д заасныг баримтлан хариуцагч “Х Б”ХХК-иас хохиролд 29 464 597 /хорин есөн сая дөрвөн зуун жаран дөрвөн мянга таван зуун ерэн долоон/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Боржигон овогт Хоролсүрэнгийн Х.М /ФД79081301/-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 305 272 төгрөгийг гаргуулан улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Х Б”ХХК-иас 305 272/гурван зуун таван мянга хоёр зуун далан хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Мд олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 1032 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2019/00692 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 305 300 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Х.М хяналтын гомдолдоо: “Х Б”ХХК нь давж заалдах гомдолдоо гэрч Д.Нийг гэрчээр асуугаагүй, Х.Мд 92 000 000 төгрөг төлсөн, маргаан нь худалдах худалдан авах гэрээний Д.Т Х.М нарын хоорондын маргаан гэж маргадаг. Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхэд  хэргийг буцаан шийдвэрлэхдээ Д.Нийг гэрчээр асуух нь хэрэгт ач холбогдолтой мөн түүнчлэн 2015.06.16 өдрийн 92 000 000 төгрөгийг Д.Нэс нэр бүхий хүмүүст шилжүүлсэн баримтууд нь он сар өдөр харагдахгүй байгаагаас гадна Д.Ний шилжүүлэг нэхэмжлэгчийн шилжүүлэгтэй холбоотой эсэх зэрэг үйл баримтыг Д.Нэийг гэрчээр асуулгасны үндсэн дээр тодруулах ёстой гэжээ. Х.М би хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.Нийг гэрчээр асуулгах хүсэлтийг 2019.03.11 өдрийн хуралд тавихад итгэмжлэгдсэн төлөөлөгч Содном-Иш нь гэрч асуулгах нь манай банктай хамааралгүй гэж хурлыг үргэлжлүүлэх хүсэлтэй гэж гэрч асуулгахаас татгалзаж байсан. Энэ нь 2019.03.11 өдрийн хурлын тэмдэглэлд тодорхой байгаа. Мөн анхан шатны шүүх Х.Мгын хүсэлтээр Хаан банкнаас 2019.02.20өдрийн шүүгчийн захирамжаар 3 дугаар хорооллын эцэст байх /Нэхий плаза/ салбараас  2015.06.16өдрийг 18.10 минутанд Х.Мгийн данснаас 92 000 000 төгрөг зарлагдсан тухайн үед Д.Ний гарын үсэг зурж бусдад шилжүүлж гүйлгээ хийсэн баримтуудыг Хаан банкнаас гаргуулж хэрэгт нь хавсаргасан байхад он сар өдөр гаргацгүй баримт гэж давж заалдах шатны шүүх гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Х.М миний бие 92 000 000 төгрөгийн баримтанд гарын үсэг зурсан боловч нэг ч төгрөг аваагүй Д.Нэр гарын үсэг зуруулж 4 ширхэг баримтаар 92 000 000 төгрөгийг бусдад шилжүүлсэн нь баримтаар тогтоогддог. Мөн Хаан банкны дотоод аудитын дүгнэлтээр 92 000 000 төгрөг аваагүй болох нь тогтоогддог. Банк үйлчлүүлэгчийн мөнгийг дураар бусдад шилжүүлж байгаа нь хууль зөрчин иргэн намайг олон жил эд хөрөнгө сэтгэл санаагаар хохироож байна. Анхан шатны шүүх гэрч асуулгах тухай 2019 оны 3. 11-ний өдрийн Х.Мгийн гэрч асуулгах хүсэлтийг татгалзсныг хэн аль нь гомдол гаргаагүй, хэргийг 2019.3.25-ны өдөр хэргийг хэлэлцэж эхлэхэд хэн аль нь гэрч асуулгах хүсэлт тавьж байгаагүй болно. Гэтэл давж заалдах шатны шүүх гэрчийг асуугаагүй нь буруу, үйчилгээний баримтыг харагдахгүй гаргацгүй гэж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Х.М нь хариуцагч “Х Б”ХХК-д холбогдуулан хохирол 29 464 597 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг татгалзахдаа “...Х.М нь зарлагын баримтад гарын үсэг зурж, 92 000 000 төгрөгөө авсан байна. Үүнээс 29 464 597 төгрөгийг өгөөгүй эсэх нь гэрээний талууд болох Х.М, Д.Т нарын хоорондын асуудал тул нэхэмжлэлийг хариуцахгүй...” гэсэн үндэслэл заажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаажээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлд заасан аль ч үндэслэлд нийцээгүй тул хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.

1. Анхан шатны шүүх зохигч талуудад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг танилцуулсан тул тэдгээрийн өгсөн баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэнэ. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 67 дугаар зүйлийн 67.1.1, 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн зохицуулалтыг зөрчөөгүй байна.

2015 оны 6 сарын 16-ны өдөр нэхэмжлэгч Х.М нь өөрийн эзэмшлийн ХААН банкны 5562004634 тоот данснаас 92 000 000 төгрөгийн зарлага хийж, баримтад гарын үсэг зурсан боловч үүнээс 29 464 597 төгрөгийг банк өгөөгүй үйлдлийг хууль бус гэж үзэж, хохирол арилгуулах агуулгатай нэхэмжлэлийг гаргажээ.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д заасан “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ.” гэсэн зохицуулалт нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэл болохыг анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн байна.

Хаан банкны дотоод аудитын хэлтсийн хариу, Х.Мгийн гомдлын дагуу банкны гүйлгээг шалгаад гаргасан дүгнэлт, банкны гүйлгээний баримтуудаар Х.М нь 92 000 000 төгрөгийн зарлагын баримтад гарын үсэг зурсан боловч 29 464 597 төгрөгийг аваагүй болох нь тогтоогджээ.

Х.М нь Д.Тт орон сууцаа худалдсан, орон сууцны өмчлөх эрх  Д.Тын дүү Д.Нийн нэр дээр шилжсэн, орон сууцны үнэ 92 000 000 төгрөгөөс орон сууцны зээл 62 535 403 төгрөгийг суутгаж, үлдэх 29 464 597 төгрөгийг авах байсан боловч Хаан банкны ажилтан уг мөнгийг Х.Мгийн эгч Х.Мядагмаад олгосон үйл баримт тогтоогдож байх ба Хаан банкны энэ үйлдэл нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1-т заасан “Банк, төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь иргэн, хуулийн этгээд оролцсон төлбөр тооцоог гүйцэтгэхдээ уг төлбөр тооцооны баримтын бүрдүүлбэрийг шалгана.”, 2-т заасан “банк, төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд төлбөр тооцоог гүйцэтгэнэ.”, 3-т заасан “ Банк, төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь төлбөр хариуцагчаас ирүүлсэн төлбөрийн гүйлгээг тэр өдөрт нь багтаан гүйцэтгэнэ...” гэсэн зохицуулалтыг зөрчсөн байна.

Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д заасны дагуу хариуцагчаас хохирол гаргуулсан нь хуулийн үндэслэлтэй болжээ.

2. Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгохдоо “2015 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Д.Нэ Хаан банкнаас олгогдсон мөнгийг нэхэмжлэгчийн зөвшөөрлөөр шилжүүлсэн эсэх, Д.Нэ мөнгийг захиран зарцуулсан эсэх, банк мөнгийг нэхэмжлэгчид бодитой өгсөн эсэх асуудал хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой,  Д.Нийг гэрчээр асуулгахыг хүссэн нэхэмжлэгчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн ажиллагааг буруу гэж үзсэн нь үндэслэлтэй болж чадаагүй байна.

Нэхэмжлэгчийн зүгээс энэ хүсэлтийг хангаагүй талаар гомдол гаргаагүй болохыг давж заалдах шатны шүүх анхаараагүйгээс гадна нэхэмжлэгч нь 92 000 000 төгрөгөөс олгогдоогүй 29 464 597 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргаж, маргааны зүйлээ тодорхойлсон, үлдэх мөнгийг Д.Нэ орон сууцны зээлийн үүрэгт шилжүүлсэн болохыг маргаагүй тул Д.Нийг гэрчээр асуух нь зайлшгүй ажиллагаа биш байжээ. Иймд магадлалыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан, хууль хэрэглээний хувьд алдаа гаргаагүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 1032 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2019/00692 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 305 300 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                        Х.СОНИНБАЯР    

            ШҮҮГЧ                                                                 П.ЗОЛЗАЯА