Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 00692

 

2019 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2019/00692

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Я даргалж, шүүгч Б.М, шүүгч Д.М нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 17-р хороо, 4-р хороолол, Амарсанаа гудамж, ...-р байрны... тоотод оршин суух, Х.М-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-6, ..., Х ХХК-д холбогдох,

хохиролд 29.464.597 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.М, түүний өмгөөлөгч Т.Б хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.У нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие 2015 онд Баянгол дүүрэг, 17-р хороо, 26-28 тоот орон сууцыг 96 сая төгрөгөөр зээлээр худалдан авч урьдчилгаа төлөн зээлийн үлдэгдэл 62.535.403 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Уг байрыг иргэн Тэгшбаярт 92.000.000 төгрөгөөр зарахаар болж 2015-05-19-ний өдөр иргэн Тэгшбаяртай үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тэгшбаяр нь надаас банкны зээлээр авахаар болж, 2015-06-12-ны өдөр зээлийн үлдэгдэл 62.535.403 төгрөгийг Тэгшбаярын төлөөлөгч Номин-Эрдэнэ гэх эмэгтэй ирж урьдчилж зээлийн үлдэгдлийг хаасан. Ингээд 2015-06-16-ны өдөр 18 цаг 10 минутанд Тэгшбаяраас миний эзэмшдэг Хны 5562004634 тоот дансанд 92.000.000 төгрөг шилжин орсон. Ингээд намайг 3-р хороололын эцэст байрлах Хны салбарт ирэхийг дуудсан тул очиход ажил тарсан байхад утастаад хамгаалагчид нь хэлээд тухайн салбарт орсон. Тэнд Номин-Эрдэнэ байсан бөгөөд таныг орж ирэхээр мөнгийг нь хийнэ гэж байна гээд зогсож байхад 1-р цонхны теллер М гэж хэн бэ гэж дуудаад очиход 5 баримтанд гарын үсэг зуруулж, та түр байж бай гээд Номин-Эрдэнийг дуудаж баримтанд гарын үсэг зуруулж бид хоёрын хэнд нь ч бэлэн мөнгө өгөөгүй. Худалдаа хөгжлийн банкинд байрны зээлийн үлдэгдэл 62.535.403 төгрөгийг Номин-Эрдэнэ нар 2015-06-12-нд төлж зээлийг хаасан учир 4 баримтаар зарлагдаж бусдад шилжүүлж авсан. Ингээд миний зарсан байрны үлдэгдэл мөнгө болох 29.464.597 төгрөгийг Х надад өгөөгүй. Би үлдэгдэл мөнгөө авья гэхэд Хнаас намайг хөөж гаргасан бөгөөд маргааш нь ирж уулзахад манай ажилтануудын буруу байна шийдэж өгнө гэж хэлсэн боловч шийдэж өгөхгүй хүлээлгэж өдийг хүрсэн. Би арга бараад Тэгшбаярт холбогдуулан нэхэмжлэл гаргахад Тэгшбаяр хариуцагч биш гээд нэхэмжлэлийг татгалзсан. Ингээд Хинд гомдол гаргахад аудит хийсэн манай ажилтаны буруу, та мөнгөө аваагүй тохиолдолд хуулийн байгууллагаар явбал бид баримт гаргаж өгнө гээд надад ямар ч баримт өгөөгүй. Банкны теллер миний мөнгөнөөс суутгах эрх байдаг юм уу? яагаад надад мэдэгдэхгүйгээр миний мөнгийг суутгаад авч байгаа юм. Энэ банкны буруутай үйлдэл учраас надад өгөх ёстой мөнгийг өгөлгүй хохироож байгаа учир Хнаас үлдэгдэл 29.464.597 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Х.М нь 2015 онд Баянгол дүүргийн 17 дугаар хороо 26-28 тоот орон сууцыг 96 000 000 төгрөгөөр зээлээр худалдан аваад 62 535 403 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байраа иргэн Тэгшбаярт үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж худалдахаар болж 2015 дугаар 06 сарын 12-ны өдөр зээлийн үлдэгдэл болох 62 535 403 төгрөгийг Тэгшбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч Номин-Эрдэнэ гэх эмэгтэй төлж хаасан байдаг. 2015 дугаар 06 сарын 16-ны өдөр Тэгшбаяраас Х.Мгийн Хны 5562004634 тоот дансанд 92 000 000 төгрөг шилжин орсон үүнээс Х.М нь 62 535 403 төгрөгийг урьдчилгаа төлбөртөө хаалгана гэдгээ ойлгосон боловч үлдэгдэл 29 464 597 төгрөгийг Х.Мд өгөөгүй. Маргааш нь ахлах теллертэй уулзаад бичлэгээ авья гэхэд маргааш ир, захирал алга гэж явуулсаар бичлэг хадгалах 3 хоногийн хугацаа дууссан байдаг. Үүний дараа Тэгшбаярт холбогдуулан нэхэмжлэл гаргаад хүлээн авахаас татгалзаад 2018 оны 3 сард Хинд гомдол гаргаад 10 сар хүртэл хүлээлгээд аудитын дүгнэлтээр манай ажилтны буруу байна гээд Х.Мд аудитын баримтыг танилцуулсан боловч хуулбарлаж өгөөгүй байдаг. Иймд Х нь банкны ажилчдын буруутай үйл ажиллагааны улмаас бусдад учирсан хохирлыг төлөх хариуцлагаас зугтааж байгаа, Хны ажилчид Х.Мд өгөх ёстой байсан мөнгийг өгөлгүй, өөрсдөө үгсэж, албан тушаалаа ашиглаж хохирол учруулсан тул Хнаас 29 464 597 төгрөгийг гаргуулахаар шаардсан. Тэгшбаяр нь Хны Орхон аймгийн салбарын ажилтан байсан бөгөөд Улаанбаатар хотын Баянгол дүүрэг буюу 3 дугаар хорооллын эцэст байрлах Хны салбарт 92 000 000 төгрөгийн гүйлгээ хийж байхад Тэгшбаяр тэнд байгаад авчихсан зүйл биш, хоорондоо үгсэж ярилцаад суутгаж авсан байгаа нь Хны ажилтны буруу. Гэрээний оролцогчоос мөнгө нэхэж байгаа асуудал бол биш, ажилтнууд хийх ёстой ажлаа хийгээгүй буюу Х.М гэдэг иргэний дансанд орсон мөнгийг түүнд гардуулж өгөх ёстой байтал Тэгшбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгчид шилжүүлээд, суутгаад ямар үндэслэлээр ийм зүйл хийсэн нь ойлгомжгүй байгаа гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015-05-19-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хороо 26-р байрны 23 тоот хаягт байрлах 54 мкв үл хөдлөх эд хөрөнгийг худалдах худалдан авах гэрээг Х.М, Тэгшбаяр нарын хооронд байгуулагдсан байдаг. Худалдах, худалдан авах гэрээнд итгэмжлэгдсэн төлөөлөгч Номин-Эрдэнэ гарын үсэг зурсан байдаг. Худалдах, худалдан авах гэрээний дагуу Х.М нь Д.Тт үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхээр Д.Т нь Х.Мд үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авсантай холбоотой орон сууцны төлбөр төлөхөөр талууд тохиролцсон. Тэгшбаярын худалдан авсан орон сууцны зээл судлагдсаны дагуу холбогдох орон сууцны зээлийн мөнгө нь худалдагч талын данс руу шилжсэн. Худалдагч яаж захиран зарцуулах нь өөрийнх нь эрхийн асуудал. Тэгшбаяр, Х.М нарын хооронд байгуулагдсан орон сууцын зээлийн гэрээтэй холбоотойгоор дотоод аудитын зүгээс шалгалт хийсэн, холбогдох бусад баримт бичгүүд нь банкнаас гарсан байгаа тул нотариат батлахгүй гэж байгаа учир нотлох баримтын шаардлага хангуулах боломж байсангүй. Х.М Худалдаа хөгжлийн банкнаас орон сууц зээлээр аваад зээлээр авсан орон сууцаа зарах болоход Тэгшбаяр нэхэмжлэгчийн эгч Мядагмаад нь өгсөн юм шиг байгаа юм. Аудитын дүгнэлт дээр гэрээний бус оролцогчид урьдчилгаа 30 000 000 төгрөг өгсөн байна гэж байгаа. Тэр нь худалдах, худалдан авах гэрээнээс өмнө эсэх талаар мэдэгдэхгүй байгаа. Худалдаа хөгжлийн банкны зээлийг хаах болоход Тэгшбаяр дүү Номин-Эрдэнэд би энэ байрыг худалдаж авах гэж байгаа тул чи мөнгө олоод Худалдаа хөгжлийн банкны зээлийг хаагаадах гэж хэлснээр хүмүүсээс мөнгө зээлж зээлийг хаасан байгаа. Дансанд мөнгө ороход Х.М зарлагын гүйлгээ хийгээд тэр  мөнгийг нь итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүмүүсээс зээлсэн мөнгөндөө шилжүүлсэн байдаг. Уг асуудал нь гүйлгээний хуудас болон Х.Мгийн гаргаж өгсөн баримтуудаар нотлогдож байгаа. Х тухайн худалдах худалдан авах гэрээний оролцогч биш учраас уг гэрээтэй холбоотой бусдын өмнө аливаа үүрэг хүлээгээгүй учир нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 29.464.597 төгрөгийг төлөх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.М нь Х ХХК-д холбогдуулан орон сууц худалдан борлуулсан гэрээний зүйл болох худалдан авагчаас шилжүүлсэн 92.000.000 төгрөгний зарлагын гүйлгээг 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хийсэн боловч банкнаас олгогдоогүй 29.464.597 төгрөгийг хохиролд гаргуулахаар шаарджээ /хх-1/.

 

Х ХХК-ийг шүүхэд төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох бүрэн эрхийг гүйцэтгэх захирал Жон Белл-с Э.Хосбаярт, Э.Хосбаяраас Х.Содном-Иш, Э.Эрдэнэбат нарт 2018 оны 08 дугаар сарын 07, 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 29/8216, 29/5820 дугаартай итгэмжлэлээр тус тус олгосон байна /хх-13-16, 21/. Итгэмжлэл хүчин төгөлдөр байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” бөгөөд нэхэмжлэгч хэнээс, ямар үндэслэлээр, юуг шаардахаа өөрөө тодорхойлох эрхтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргах бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар ...нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, хариуцагч татгалзлаа нотлосон баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй болно.

 

Шүүх бүрэлдэхүүн дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч Х.М өөрийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 17-р хороо, 4-р хороолол, Амарсанаа гудамж, 26-р байрны 28 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2205022884 дугаартай 54 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр иргэн Д.Тын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Номин-Эрдэнтэй байгуулсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний, Ү-2205022884 улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээний, Д.Таас Д.Номин-Эрдэнэд гэж Баянгол дүүрэг, 17-р хороо, 4-р хороолол, Амарсанаа гудамж, 26-р байрны 28 тоотод байрлах хоёр өрөө орон сууцыг худалдан авах гэрээнд гарын үсэг зурах эрх олгосон итгэмжлэлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар зэргээр тогтоогдож байна /хх-7-9/.

 

Дээрх үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний худалдан авагч тал болох иргэн Д.Таас 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгч Х.Мгийн Хинд эзэмшдэг 5562004634 тоот дансанд орон сууцны үнэ гэж 92.000.000 төгрөгийг шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн эзэмшдэг 5562004634 дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга, зохигчдын тайлбараар тогтоогдож, зохигчид маргаагүй болно /хх-5, шүүх хуралдааны тэмдэглэл/.

 

Нэхэмжлэгч Х.М нь Худалдаа хөгжлийн банкинд орон сууцны зээлийн үлдэгдэлтэй байгаад 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдөр орон сууцны зээлийн үлдэгдэл 62.535.403,56 төгрөгийг дээрх орон сууцыг худалдан авсан Д.Тын итгэмжлэгдсэн төлөөлөгч төлж зээл хаагдсан болох нь нэхэмжлэгчийн Худалдаа хөгжлийн банкинд эзэмшдэг 463010388 дугаартай харилцах дансны гүйлгээний хуулгаар тогтоогдож, нэхэмжлэгч тайлбарласан /хх-10, 47-49/.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчдын тайлбараар нэхэмжлэгч Х.М өөрийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 17-р хороо, 4-р хороолол, Амарсанаа гудамж, 26-р байрны 28 тоотод байрлах хоёр өрөө орон сууцыг иргэн Д.Тт худалдсан,

уг орон сууцыг худалдан авсан Д.Тын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч Х.Мгийн орон сууцны зээлийн үлдэгдэл 62.535.403,56 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкинд төлсөн болох нь,

нэхэмжлэгч Х.Мгаас худалдан авсан орон сууцны үнэ 92.000.000 төгрөгийг нэхэмжлэгчийн дансанд Д.Т шилжүүлсэн болох нь,

Хны 05059 салбарт нэхэмжлэгч Х.Мгийн эзэмшдэг 5562004634 тоот данснаас 92.000.000 төгрөгийн зарлага 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хийгдсэн болох нь,

нэхэмжлэгч Х.Мд Хны 05059 салбараас дээрх зарлагдсан 92.000.000 төгрөгийг бэлнээр өгөөгүй болох нь,

Х.Мгийн худалдсан орон сууцны үнээс 30.000.000 төгрөгийг өөр бусад гуравдагч этгээдэд хариуцагч банкны ажилтан шилжүүлсэн болох нь хэргийн үйл баримт болон Хны 2018 оны 10 дугаар сарын 04-ний 51/02 дугаартай Х.Мд хаягласан ...Орхон салбарын хороолол тооцооны төвийн харилцааны менежер ажилтай Д.Т нь таньтай үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг иргэний хувьд байгуулж, байрыг худалдан авсан боловч уг гэрээний дагуу төлөх ёстой мөнгөнөөс гэрээний бус оролцогч гуравдагч этгээд Х.Мядагмаад урьдчилгаа төлбөр 30.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн гэх үндэслэлээр банкнаас олгосон зээлээс дээрх мөнгийг суутган авсан болох нь аудитаар тогтоогдсон гэх албан бичиг, 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 51/07/07 дугаартай дотоод аудитын дүгнэлт зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна /хх-6, 39/.

 

Түүнчлэн нэхэмжлэгч Х.Мгийн орон сууцыг худалдан авсан гэрээний тал болох Д.Тын итгэмжлэгдсэн төлөөлөгч Номин-Эрдэнэ нь 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Хны 05059 салбараас өөрийн 5090333050 тоот дансанд 53.000.000 төгрөг, М.Гантулгын 5094419899 тоот дансанд 27.100.000 төгрөг, Д.Тын 5094466033 тоот данснад 1.900.000 төгрөг, Б.Мөнхсайханы 5003799717 тоот дансанд 10.000.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байх бөгөөд дээрх шилжүүлсэн мөнгөний нийт дүн 92.000.000 төгрөг байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Х тухайн худалдах худалдан авах гэрээний оролцогч биш учраас уг гэрээтэй холбоотой бусдын өмнө аливаа үүрэг хүлээхгүй, зарлагын баримтаар Х.М нь 92.000.000 төгрөгийг зарлагдан авсан гэх тайлбар үндэслэлгүй байна /хх-40-41/.

 

Учир нь Иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэлийг Иргэний хуулийн 8 дугаар зүйлд заасан бөгөөд 8.1.5-д гэм хор учруулахыг үүрэг үүсэх үндэслэлд хамааруулсан төдийгүй хуулиар хамгаалагдсан харилцааг санаатай, санамсаргүй байдлаар зөрчиж бусдын эд хөрөнгөд хууль бусаар гэм хор учруулсан бол түүнийг хариуцан арилгах нь зөрчлийн улмаас үүсэх үүрэг юм. Тиймээс Иргэний хуулийн 479-514 дүгээр зүйлд зөрчил гаргасан этгээдэд тооцох хариуцлагын талаар тусгасан ба зөрчлөөс үүдэн хохирол бий болохыг гэм хор учруулах гэж ойлгоно.

 

Мөн гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас гэм хор учирсан байх, үйлдэл, эс үйлдэхүй болон учирсан хохирлын хооронд шалтгаант холбоотой байх, зөрчил үйлдэгч гэм буруутай байх явдал бөгөөд гэм хорын хохирол учруулахад үйлдэл нь хууль бус, санаатай, болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр илэрхийлэгдэж байна. Өөрөөр хэлбэл тухайн гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын хуулиар хамгаалагдсан эрх зөрчигдөн улмаар гэм хорын хохирол бий болно.

 

Тиймээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д “ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж тус тус заасан.

 

Хуульд зааснаар гэм хорын хохирол шаардахын тулд эрх зөрчсөн үйлдэл болон эрхийн зөрчил хоёрын хооронд шалтаант холбоо байх шаардлагатай бөгөөд нэхэмжлэгч Х.Мгийн Хинд эзэмшдэг дансанд орон сууцаа худалдан борлуулсны орлого 92.000.000 төгрөг орсон, уг орлогоос 30.000.000 төгрөгийг банкны ажилтан тухайн банкны харилцагч буюу нэхэмжлэгч Х.Мгийн зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд шилжүүлсэн үйл баримт Х ХХК-ний дотоод аудитын дүгнэлтээр тогтоогдож,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эх хувь нь байхгүй учир нотариатаар баталгаажуулах боломжгүй тул банкны хуулбар үнэн тэмдэг дарсан гэж тайлбарлан нотлох баримтаар гаргасан Д.Т, Х.Мядагмаа гэж гарын үсэг зурсан 2015-05-17-ны огноотой бэлэн мөнгө хүлээн авсан тухай баримт, Х.Мядагмаа гэж гарын үсэг зурсан 2018-03-23-ны огноотой тайлбар, өргөдөл, Хоролсүрэн гэж гаргасан 2017-09-09-ний огноотой тодорхойлолт зэргээс үзэхэд Х.Мядагмаа нь нэхэмжлэгч Х.Мгаас авах ёстой 30.000.000 төгрөгийг Д.Таас авсан тул Х.М 30.000.000 төгрөгийг авах ёсгүй, банкны ажилтан Тэгшбаяр хариуцах ёсгүй талаар дурдсан /хх-60-63/ байх тул хариуцагч Х ХХК нэхэмжлэгч Х.Мд 92.000.000 төгрөгийг бэлэн өгсөн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үгүйсгэгдэн няцаагдаж, харин банкны ажилтаны буруугаас нэхэмжлэгч Х.Мд хохирол учирсан болох нь тогтоогдож байна /хх-39/. 

 

Хохирлын гол шинж нь тооцож, хэмжиж болохуйц, эрх зүйн зөрчил болон үр дагаврын шалтгаант холбоотой байх явдал, эд хөрөнгийн гэм хор нь үнэлгээний хэлбэр бүхий эрх зүйн зөрчлийн материаллаг /эдийн засгийн/ үр дагаврыг ойлгох бөгөөд эд хөрөнгийн гэм хорын мөнгөн үнэлгээг хохирол гэж үзэж болох тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх заалт нь бусдад гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах нийтлэг үүргийг, харин мөн хуулийн 498 дугаар зүйлд ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйгээр бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг ажил олгогч хариуцахаар тодорхойлон заасан. Өөрөөр хэлбэл ажил олгогчид ажиллаж байгаа ажилтаны буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учирсан үйл явдалд ажил олгогчийн гэм буруутай байх гэм буруугийн хэлбэр шаардахгүй юм.

 

Түүнчлэн Банкны тухай хуулийн 11 дүгээр зүйлд төлбөр тооцооны үйлчилгээний талаар зохицуулсан бөгөөд 11.1-д “Банк өөрийн харилцагчид төлбөр тооцооны бүх төрлийн үйлчилгээг түүнтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үзүүлнэ” гэж, 11.2-т “Банк харилцагчийн даалгавраар түүний харилцах дансны үлдэгдэлд багтаан мөнгөн хөрөнгийг шилжүүлэх гүйлгээ хийх бөгөөд шүүх болон банкны эрх хүлээн авагчийн шийдвэр, эсхүл үл маргах журмаар төлөх тухай харилцагчийн гарын үсэг бүхий гэрээ, төлбөрийн баримтыг үндэслэн гүйлгээ хийснийг харилцагчийн даалгавраар гүйлгээ хийсэнд тооцно” гэж тус тус заасан.

 

Өөрөөр хэлбэл банк харилцагчийн даалгавраар түүний харилцах данснаас мөнгөн хөрөнгийг шилжүүлэх гүйлгээ хийх бөгөөд харилцагч буюу нэхэмжлэгч Х.Мгийн зөвшөөрөлгүйгээр түүний дансан дахь мөнгөн хөрөнгийг банкны ажилтан гуравдагч этгээд шилжүүлсэн үйл баримт нотлогдон тогтоогдож байх тул нэхэмжлэгч Х.М нь хохиролд 29.464.597 төгрөгийг Х ХХК-иас шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч Х.Мгийн Хинд эзэмшдэг 5562004634 тоот данснаас 92.000.000 төгрөг зарлагдсан тухай зарлагын баримтанд нэхэмжлэгч гарын үсэг зурсан талаар маргаагүй, банк бэлэн мөнгийг нэхэмжлэгчид өгөөгүй, нэхэмжлэгч орон сууцаа худалдан борлуулсан 92.000.000 төгрөгний орлогоос Худалдаа хөгжлийн банкин дахь орон сууцны зээлийг хаасан 62.535.403,56 төгрөгийг зээл хаасан Номин-Эрдэнэд төлсөн талаар тайлбарлаж, зохигчид маргаагүй тул орон сууц худалдан борлуулсаны үнийн үлдэгдэл 29.464.597 төгрөгийг гаргуулахаар шаардсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн болно.

 

Томилогдсон иргэдийн төлөөлөгч С.Цогтбаярт шүүх хуралдааны товыг мэдэгдэхээр хаягаар шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн боловч тухайн хаягт амьдардаггүй, нүүсэн талаар тайлбар ирж, түүний 88000388 дугаарын утсаар 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, зохигчид иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдаан явуулахыг зөвшөөрсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар иргэдийн төлөөлөгчийн оролцоогүйгээр шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Х.М нь 2016 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Буянт-Ухаа боомтоор улсын хилээр гарч 2016 оны 10 дугаар сарын 21-нд улсын хилээр орж ирсэн, 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр мөн улсын хилээр гарч 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр улсын хилээр орж ирсэн, 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Замын-Үүд боомтоор улсын хилээр гарч 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр улсын хилээр орж ирсэн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Хил хамгаалах ерөнхий газрын 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 2-5А/2307 дугаартай албан бичиг, хавсралтаар тогтоогдож байгааг дурдав /хх-71-72/.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8, 115 дугаарзүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1-д заасныг баримтлан хариуцагч “Х” ХХК-иас хохиролд 29.464.597 /хорин есөн сая дөрвөн зуун жаран дөрвөн мянга таван зуун ерэн долоон/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 305.272 төгрөгийг гаргуулан улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х ХХК-иас 305.272/гурван зуун таван мянга хоёр зуун далан хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Мд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.Я

 

                         ШҮҮГЧИД                                    Б.М

                    

                                                                            Д.М