Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баатарын Адъяасүрэн |
Хэргийн индекс | 128/2019/0035/З |
Дугаар | 128/ШШ2019/0863 |
Огноо | 2019-12-03 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 128/ШШ2019/0863
2019 оны 12 сарын 03 өдөр Дугаар Улаанбаатар хот
128/ШШ2019/0863
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч: Г г ХХК
Хариуцагч: А М Г Т Г К Х Д
Нэхэмжлэлийн шаардлага: “А М Г Т Г К Х Д 2014 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн Тусгай зөвшөөрөл цуцлах тухай 81 дүгээр шийдвэрийн Г г ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 413.9 гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээсэн шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах”
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж Д шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А М Г Т Г К Х Д 2014 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 81 дүгээр шийдвэрийн Г Б ГХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож 413 м.кв гектар талбайд ашиглалтын хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч талаас А М Г Т Г хандахдаа бид нар тусгай зөвшөөрлөө төлөхгүй байх хүндэтгэн үзэх шалтгаантай байсан. Хүндэтгэн үзэх шалтгааныг хүлээнэ авч тусгай зөвшөөрлийн хайгуулын талбайд сэргээж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан боловч А М Г Т Гс хүндэтгэн үзэх шалтгааныг хүлээн авах боломжгүй гэсэн агуулгаар хариу өгсөн учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тодруулж ярихад 2014 оны 02 дугаар сарын 09-ний өдөр тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх эцсийн хугацаа дуусах үед Г г ХХК-ийн хувьцаа эзэмшигч компани нь нэхэмжлэл гаргасан. Улмаар Ж Т гэх хүнийг хэрэгт хариуцагчаар татсан. Тухайн үеийн нэхэмжлэлийн шаардлага Ж Тгаас Г Б ГХХК-ийн тамга, тэмдэг ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүд холбогдох бүх бичиг баримтуудыг Ж Тгаас гаргуулж авах, үүнтэй холбогдуулан Г г ХХК-д холбогдох аливаа хэлцэл хөрөнгийг захиран зарцуулахгүй байх шаардлага гаргаад гүйцэтгэх захирал Ж Тг хариуцагчаар татаад маргаад явж байсан. Хариуцагчаас үйл ажиллагаа зогсоох, битүүмжлэх хүсэлт гаргаад үүний дагуу Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2452 гэсэн захирамж гарсан. Уг захирамжийн хоёр дахь заалтаар Г г ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны данс битүүмжлээд үл ажиллагаа зогсоосон захирамж гарсан. Энэ захирамжийн дагуу компани үйл ажиллагаа зогсож дансны болон зарлагын гүйлгээ хийх боломжгүй нөхцөл байдал хүрсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд 2014 оны 02 дугаар сард эцсийн хугацаа дуусах үед гүйлгээ хаагдаж үйл ажиллагаа дууссан талаарх нотлох баримт хэрэгт авагдсан. Энэхүү нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзээд тусгай зөвшөөрлийг сэргээх боломжтой гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад авагдсан нотлох баримтуудаас иргэний хэргийн нотлох баримт шүүхэд ирсэн. Иргэний хэргийг харахад гүйцэтгэх захирал Ж Т нь компанийн бүх бичиг баримтыг авч явсны үндсэн дээр компани үйл ажиллагаа зогсож зарлагын гүйлгэхээ хийх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Бодит байдал дээр ямар ч гүйлгээ хийх боломжгүй байсан. Процессын явцад хайгуулын талбайд цуцлагдах хүртэл 2013, 2014 оны бүх хайгуулын ажлын тайлан өгөөд явж байсан. Нийтдээ 296,000,000 сая төгрөгийн хайгуулын ажлын зардал гаргасан. Хэргийн нөхцөл байдлыг харах юм бол хайгуул ашиглаад явах үйл явц үргэлжилж байсан. Иргэний хэргийн шүүхийн шийдвэр 12 дугаар сард гарсан. Он гараад 3 дугаар сард тусгай зөвшөөрөл цуцалсан. Энэ хугацаанд компанийн хувьцаа эзэмшигчид хоорондоо маргалдсан. Гүйцэтгэх захирал бүх тамга тэмдэг аваад явсан байсан. Хэдийгээр компанийн дотоод үйл ажиллагаа боловч бодит байдал дээр тусгай зөвшөөрөл хэн төлөх вэ? зүгээр ажилтан төлөх үү гэдэг нөхцөл байдлууд байсан.Энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С Дшүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна. Шүүхээр явж байсан маргаан нь ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөхөд ямар нэгэн холбогдол байгаагүй. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тухайн үед иргэний хэргээр маргаж байсан тал нь “Гүн билэг гоулд” ХХК-ийн дансыг хаалгах хүсэлт гаргасан боловч шүүгчийн захирамж гараад тухайн захирамжийг сарын дараа давж заалдах шатны шүүхийн тогтоолоор хүчингүй болгосон баримт хэрэгт авагдсан. Ийм учраас хүндэтгэн үзэх шалтгаан биш. Мөн хэрэгт авагдсан баримтаас харахад нэхэмжлэгч тал төрийн захиргааны байгууллагад ямар нэгэн маргаантай байсан талаар хүсэлт ирүүлж байгаагүй. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т тусгай зөвшөөрлийн төлбөр гэж юу вэ? гэдэг талаар тодорхой тайлбарлаж өгсөн. Тусгай зөвшөөрлийн төлбөр гэж тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байлгах зорилгоор эзэмшигчээс хуульд заасны дагуу төлөх төлбөрийг хэлнэ гэж заасан. Тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээд өөрийнхөө төлбөрийг цаг хугацаанд нь төлөх үүрэгтэй. Ашигт малтмалын тухай хуулийн 31, 34 дүгээр зүйлд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь төлбөрөө хугацаанд төлөөгүй бол хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу цуцална гэж заасан. Хуулийнхаа дагуу тусгай зөвшөөрлийг цуцалсан. Энэ эрх нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлд кадастрын хэлтсийн эрх үүргийн хуульчлаад өгсөн. Иймд тусгай зөвшөөрөл цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй. Мөн 2014 оны 02 дугаар сарын 09-ээс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд тусгай зөвшөөрөл цуцлагдсан байсныг мэдээд шүүхэд хандах боломж нээлттэй байсан. Тухайн үед хүчин төгөлдөр байсан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл болон одоо хүчин төгөлдөр байгаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдаж байгаа учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж Дгээс “А М Г Т Г К Х Д 2014 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн Тусгай зөвшөөрөл цуцлах тухай 81 дүгээр шийдвэрийн Г г ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 413.9 гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээсэн шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн тайлбарт нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах хуулийн хугацаа хэтрүүлсэн гэж дурдсан боловч тус газрын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1/8132 дугаар албан бичгээр Г г ХХК-ийн гомдлыг урьдчилан шийдвэрлэхдээ хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн талаар дүгнээгүй тул шүүхээс нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэх боломжгүй байна.
Нэхэмжлэгч тусгай зөвшөөрлийн дагуу 1243 гектар талбайг хайгуулын зориулалтаар эзэмшиж[1] 2014 оны 2 дугаар сарын 09-ны өдрөөс өмнө 9 дэх жилийн төлбөрийн урьдчилж төлөх үүргээ биелүүлээгүй тул А М Г К Х Д 2014 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 81 дүгээр[2] шийдвэрээр Г г ХХК-ийн ХҮ-011329 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалж, 2014 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 6-950 дугаар[3] албан бичгээр тусгай зөвшөөрлийг цуцалсан мэдэгдлийг тус компанид хүргүүлжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн үндэслэлдээ “... компанийн дансны хөдөлгөөнийг шүүгчийн захирамжийн дагуу хориглосноос тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь төлөх боломжгүй байсан, ... хариуцагчаас тусгай зөвшөөрөл цуцалсан тухайгаа мэдэгдээгүй...” гэж,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “... нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр урьдчилан төлөх үүргээ биелүүлээгүй тул цуцалсан. Хариуцагчаас тус компанийн кадастрийн системд бүртгэлтэй албан ёсны хаягаар цуцалсан тухай мэдэгдлийг хүргүүлсэн.” гэж тайлбарлан маргажээ.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон Хан-уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 5452 дугаар[4] бүхий Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжийн тогтоох хэсгийн 2 дахь заалтаар Г г ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь төгрөгийн болон валютын данснуудын зарлагын хөдөлгөөнийг зогсоосон.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2/17925, 1/17935 дугаар[5] албан бичгээр дээрх шүүгчийн захирамжийг биелүүлэхийг холбогдох байгууллагуудад мэдэгдсэн боловч Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 168 дугаар[6] тогтоолоор Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай 5452 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн дансны зарлагын гүйлгээг зогсоосон эрх зүйн үр дагавар арилсан тул маргаж буй хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх боломжгүй нөхцөл байдал үүсээгүй.
Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлд тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг хадгалах талаар 31.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална.” гэж тусгайлан заасан бөгөөд 32 дугаар зүйлийн 32.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө.”, 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө.”, 56 дугаар зүйлийн 56.1.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй;” тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлахаар зохицуулжээ.
Хариуцагч А м г К Х Г г ХХК-ийн ХҮ-011329 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан 2014 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 81 дүгээр шийдвэр дээрх хуульд заасантай нийцсэн байна.
Г г ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах тухайгаа мэдэгдлийг 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдөр, 2014 оны 3 дугаар сарын 07-ны өдөр тус тус[7] “кадастрийн санд бүртгэлтэй хаягаар хүргүүлсэн” гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 04-нд тус компанийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахаас өмнө бүртгэгдсэн[8] Баянгол дүүрэг 2 дугаар хороо, Гранд плаза-106 гэсэн хаягаар хүргүүлсэн нь нотлогдож байх тул нэхэмжлэгчийн “тусгай зөвшөөрөл цуцлагдсаныг мэдэгдээгүй” гэх тайлбар үндэслэлгүй.
Түүнчлэн Г г ХХК-иас Татварын байгууллагад хүргүүлсэн 2014 оны 4 дүгээр улирлын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар тухайн компани үйл ажиллагаа явуулж байсан нь нотлогдож байна.
Эдгээр нөхцөл байдлуудыг дүгнээд Г г ХХК-ийн гаргасан “А М Г Т Г К Х Д 2014 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн Тусгай зөвшөөрөл цуцлах тухай 81 дүгээр шийдвэрийн Г г ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 413.9 гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээсэн шийдвэр гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.2, 56 дугаар зүйлийн 56.1.2 зааснаар нэхэмжлэгч Г г ХХК-ийн гаргасан “А М Г Т Г К Х Д 2014 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн Тусгай зөвшөөрөл цуцлах тухай 81 дүгээр шийдвэрийн Г г ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 413.9 гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээсэн шийдвэр гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН
[1] 1 дэх хавтасны 98 дахь тал
[2] 1 дэх хавтасны 91 дэх тал
[3] 1 дэх хавтасны 92 дахь тал
[4] 1 дэх хавтасны 147 дахь тал
[5] 1 дэх хавтасны 146, 225 дахь тал
[6] 1 дэх хавтасны 151 дэх тал
[7] 1 дэх автасны 103, 104 дэх тал
[8] 1 дэх хавтасны 169 дэх тал