Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2016/0647

 

Сын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч С Ж.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Э, хариуцагч С Б.Г, гуравдагч этгээд З.Э*******ийн өмгөөлөгч Б.П*******, гуравдагч этгээд Э.Ө*******ын өмгөөлөгч Б.С*******, гуравдагч этгээд М.Т*******ы өмгөөлөгч Г.И******* нарыг оролцуулан хийж, Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 14 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн өмгөөлөгч Б.Л*******, гуравдагч этгээд З.Э*******ийн өмгөөлөгч Ч.Э******* нарын гаргасан давж заалдах гомдлоор, Сын нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн анхдугаар хуралдааныг хүчингүй болгож, уг хуралдаанаас гарсан 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн “Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай” 01, “Тооллогын комисс байгуулах тухай” 02, “Тогтоолын төсөл хянан боловсруулах комисс байгуулах тухай” 03, “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай” 04, “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийг сонгох тухай” 05, “Аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 06 дугаар тогтоолуудыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 14 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Сын нэхэмжлэлтэй, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох “анхдугаар хуралдааныг хүчингүй болгуулах, хуралдаанаас гарсан тогтоолуудыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдаанаас гарсан 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн “Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай” 01, “Тооллогын комисс байгуулах тухай” 02, “Тогтоолын төсөл хянан боловсруулах комисс байгуулах тухай” 03, “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай” 04, “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийг сонгох тухай” 05, “Аймгийн засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 06 дугаар тогтоолуудыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өмгөөлөгч Б.Л******* давж заалдах гомдолдоо: “...2016 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийг сонгох сонгуулиар Монгол ардын нам 17, Ардчилсан нам 16 суудал авснаар Монгол ардын нам тус сонгуульд олонхийн суудал авсан.

Сүхбаатар аймгийн Сонгуулийн хороо 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Нэр дэвшигчийн түр үнэмлэх олгох тухай” 15 дугаар тогтоолоор нэр бүхий 32 төлөөлөгчид түр үнэмлэх олгож, Монгол ардын намаас Дарьганга сум буюу 3 дугаар тойрогт нэр дэвшин олонхийн санал авч сонгогдсон Д.Б*******ын төлөөлөгчийн үнэмлэх олгох асуудлыг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд хойшлуулсныг Д.Б*******  эс зөвшөөрч, дээрх тогтоолын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, түр үнэмлэх олгохыг аймгийн сонгуулийн хороонд даалгах нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүхэд гаргасан. Сүхбаатар аймгийн Сонгуулийн хороо Д.Б*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул шүүгчийн 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 10 дугаар захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Дээрх шүүхийн шийдвэр болон Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д заасны дагуу Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн анхдугаар хурлыг зарлан хуралдуулсан нь хууль зөрчөөгүй бөгөөд мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д зааснаар олонхийн саналаар хэлэлцэж баталсан эрхийн актууд хуулийн хүчинтэй.

Хэдийгээр Сонгуулийн хороо Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 10 дугаар захирамжийг шинээр илэрсэн нөхцөл байдлаар дахин хянуулсан ч шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 12 дугаар шийдвэрээр хариуцагчийн Сүхбаатар аймгийн Сонгуулийн хороо Д.Б*******ын 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 15 дугаар тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, Д.Б*******ыг орон нутгийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож, түр үнэмлэх олгохыг аймгийн Сонгуулийн хороонд даалгаж шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүх Сын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ Сонгуулийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.3, 161.4, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д заасныг тус тус буруу тайлбарлан хэрэглэж, анхдугаар хуралдааныг процессын алдаатай болсон гэж дүгнэснийг зөвтгөх боломжгүй.

Учир нь Сүхбаатар аймгийн Сонгуулийн хороо Сонгуулийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.3, 161.4-д заасан ажиллагааг хэрэгжүүлэхдээ хууль зөрчсөн болохыг Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 12 дугаар шүүхийн шийдвэр нотолдог.

Мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8-д “Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийн хугацаа тухайн Хурлын шинээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрснөөр дуусгавар болно” гэж заасан, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хуралдаж, анхдугаар хуралдааныг хойшлуулж, 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хуралдуулахаар тогтоол гаргасан үйлдэл нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д заасныг зөрчсөн байхад шүүх энэ талаар талууд маргаагүй гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т заасныг зөрчсөн.

Иймд анхан шатны шүүх хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан үзэж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд З.Э*******ийн өмгөөлөгч Ч.Э******* давж заалдах гомдолдоо: “... аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 1/83 тоот албан бичгийг хүлээж аваад Монгол ардын намаас 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн “Шаардлага хүргүүлэх тухай” 01/15 тоот албан бичгийг хүргүүлж, анхдугаар хуралдааныг хуулиар тогтоосон хугацаанд хийхийг шаардсан, хэрэгт аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн хуралдааны тэмдэглэл нотлох баримтаар авагдаагүй, Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэж хойшлуулсан нь нотлогдоогүй байхад шүүх “анхдугаар хуралдааны товыг хойшлуулсантай Монгол ардын нам маргаагүй, хүлээн зөвшөөрсөн” мэтээр дүгнэлт хийсэн нь бодит байдалтай нийцэхгүй байна.

Сонгуулийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.3-д “аймаг, нийслэл, сум дүүргийн сонгуулийн хороо сонгогдсон нэр дэвшигчид орон нутгийн хурлын төлөөлөгчийн түр үнэмлэх олгоно” гэж заасан боловч Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 10 дугаар захирамжаар Д.Б*******ын “аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 15 тоот тогтоолын 2 дахь заалтыг хууль бус болохыг тогтоолгон хүчингүй болгуулах, түр үнэмлэх олгохыг аймгийн Сонгуулийн хороонд даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон давж заалдах гомдол гаргах эрхгүйгээр шийдвэрлэсэн.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д “шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болно”, 12 дугаар зүйлийн 12.2-т “захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг захиргааны байгууллага, албан тушаалтан заавал биелүүлэх үүрэгтэй” гэж заасан. Гэтэл аймгийн Сонгуулийн хороо шүүхийн хүчин төгөлдөр 10 дугаар захирамжийг үл биелүүлж, Д.Б*******т төлөөлөгчийн түр үнэмлэх олгох үүргээ биелүүлэхээс зайлсхийж, санаатайгаар түр үнэмлэхийг олголгүй Д.Б******* болон түүнд саналаа өгсөн сонгогчдын эрхийг зөрчсөн.

Шүүх Сонгуулийн хорооны дээрх үйлдэлд дүгнэлт хийгээгүй атлаа 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр анхдугаар хуралдаан хуралдсанаас хойш буюу 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр шинээр илэрсэн нөхцөл байдлыг хянуулахаар гаргасан хүсэлтийг шийдвэрлэснийг “Захиргааны хэргийн шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 03 дугаар тогтоолоор захирамжийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан” гэж дүгнэлт хийсэн. Шүүх дахин хэлэлцээд Д.Б*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Гэтэл уг шүүхийн шийдвэрийг нотлох баримтаар үнэлж, дүгнэлт хийгээгүй, хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн.

Сонгуулийн тухай хуульд зааснаар төлөөлөгчийн түр үнэмлэх олгох үүрэгтэй байгууллага нь Сонгуулийн хороо юм. Гэтэл шүүх Сонгуулийн хорооны Сонгуулийн тухай хууль, шүүхийн шийдвэрийг үл биелүүлж төлөөлөгчийн түр үнэмлэх олгоогүй буруутай үйлдлийг Д.Б*******ыг буруутгах, анхдугаар хуралдаанд төлөөлөгчийн олонхи оролцоогүй гэж дүгнэн анхдугаар хуралдааныг хүчингүй болгох үндэслэл болгосон нь хуульд нийцэхгүй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь шүүн таслах ажлын төрлөөр хэрэг маргааныг хянан шийдвэрлэх эрүү, иргэний хэргийн танхимтай байна”, 19 дүгээр зүйлийн 19.3-д “давж заалдах шатны шүүгч энэ хуулийн 19.2-т заасан танхимын аль нэгэнд харъяалагдах бөгөөд өөр танхимын шүүн таслах ажиллагаанд оролцохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Байгалмаа шүүх бүрэлдэхүүнд орж, хууль бус бүрэлдэхүүнтэйгээр хийсэн шүүх хуралдаанаас 10 дугаар магадлал гарсан. Гэтэл захиргааны хэргийн шүүх хууль бус бүрэлдэхүүний гаргасан магадлалыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь шүүх нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэн заалтыг зөрчсөн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй.

Ийнхүү шүүхийн шийдвэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Монгол ардын намаас нэр дэвшиж олонхийн санал авсан төлөөлөгчдийн эрх ашиг, тэдэнд саналаа өгсөн сонгогчдын нийтлэг эрх ашгийг зөрчиж байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал анхдугаар хуралдаанаа 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 17 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр нийт төлөөлөгчийн 51,5 хувийн ирцтэй хийж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн 21 тойрог тус бүрт олонхийн санал авсан 33 төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч, улмаар зохион байгуулалтын бусад асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн байна.

Гэтэл анхдугаар хуралдаанд оролцсон 17 төлөөлөгчийн нэг болох аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 3 дугаар тойрогт нэр дэвшиж хамгийн олон санал авсан Д.Б*******ыг Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1 /мөнгө, эд зүйл тараах/-д заасан зөрчил гаргасан болохыг Сүхбаатар аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 10 дугаар магадлалаар тогтоож, захиргааны хариуцлага хүлээлгэсэн байх бөгөөд энэ тохиолдолд Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.3 дахь хэсэгт зааснаар уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн хороо нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс уг нэр дэвшигчид холбогдох хэсгийг хүчингүй болгохоор байна.

Тодруулбал, нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасагдах зөрчил гаргаж, энэ нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон Д.Б*******ыг оролцуулан тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонхи хүрэлцэн ирсэн гэж үзэж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг хийсэн нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонхи нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно” гэж заасантай нийцээгүй, хууль бус байна.

Иймээс нийт төлөөлөгчийн олонхи хүрэлцэн ирээгүй байхад хуралдсан Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан, тус хуралдаанаас гарсан 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн “Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай” 01, “Тооллогын комисс байгуулах тухай” 02, “Тогтоолын төсөл хянан боловсруулах комисс байгуулах тухай” 03, “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай” 04, “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийг сонгох тухай” 05, “Аймгийн засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 06 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй.

Харин хариуцагчийн “Тухайн үед Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 10 дугаар захирамжаар Д.Б*******ын “Сонгуулийн хорооны 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 15 дугаар тогтоолын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, түр үнэмлэх олгохыг аймгийн сонгуулийн хороонд даалгах” нэхэмжлэлийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байсан, харин аймгийн Сонгуулийн хороо уг шийдвэрийг биелүүлээгүй” гэх тайлбар, гомдол үндэслэлгүй.

Учир нь Д.Б*******ыг Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д заасан зөрчил гаргасан гэх маргаан Сүхбаатар аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаатай холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хуралдуулахаар товлосон анхдугаар хуралдааныг хойшлуулж, 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр товлосон боловч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Монгол ардын намаас нэр дэвшиж сонгогдсон 17 төлөөлөгч 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр анхдугаар хуралдааныг хуралдуулсан, мөн шүүгчийн дээрх захирамжийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянаж, 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 03 дугаар тогтоолоор хүчингүй болгосон байна.

Түүнчлэн захиргааны хэргийн шүүх хуулийн хүчин төгөлдөр болсон Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хянаж, дүгнэлт өгөх эрхгүй тул гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн “Д.Б*******ын зөрчлийг хэлэлцсэн шүүх бүрэлдэхүүнд иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч орсон нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19.2, 19.3-д заасныг зөрчсөн байхад уг магадлалыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.

Дээрх байдлаар анхан шатны шүүх Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны ирц Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай 23 дугаар зүйлийн 23.7-д заасан шаардлагад хүрээгүй талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, анхдугаар хуралдаан, уг хуралдаанаас гарсан тогтоолуудыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 14 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Б.Л*******, гуравдагч этгээд З.Э*******ийн өмгөөлөгч Ч.Э******* нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг тус тус баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргуулан буцаан олгож, гуравдагч этгээд З.Э*******ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                       ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ

                       ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ

                       ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН