Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2020/00485

 

Э.А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 131/ШШ2019/00655 дугаар шийдвэр,

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 213/МА2019/00022 дугаар магадлалтай,

Э.А-ийн нэхэмжлэлтэй,

Б-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, ээлжийн амралтын зөрүүд 863 345 төгрөгийг олгуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч П.Өлзийбаярын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бурмаа, хариуцагчийн өмгөөлөгч Н.Энхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч Э.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бийн захирлын 2018 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/76 дугаар тушаалаар бага ангийн багшаар томилсон. Гэтэл ажил үүргээ гүйцэтгээд явж байтал Бийн захирлын 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Б/24 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар бүлгийн 37.1.3, 37.1.1 дэх заалт, Бага дунд боловсролын тухай хуулийн 5 дугаар бүлгийн 20.1.1, 20.1.2 дахь заалтуудыг үндэслэн ажлаас чөлөөлсөн.

Иймд Бийн захирлын 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Б/24 дугаартай тушаалыг хүчингүй болгож, бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, ээлжийн амралтын мөнгөний зөрүү 863 345 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бурмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ажил үүргийн талаар огт тусгаагүй байдаг. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулахаар хуульчилсан байдаг. Э.Аийн ажлаас чөлөөлсөн байдлуудыг үгүйсгэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

Ажил олгогчийн зүгээс Э.Аийг ажлаас чөлөөлөх гээд зүтгээд байгаа нь хувийн сонирхол байгаа гэж үзэж байна гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч  Д.Цэцэгжаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Тус сургууль нь бага боловсролын 3 багшийн сонгон шалгаруулалтыг явуулж өгөх хүсэлтийг 2018 оны 08 дугаар сард аймгийн Боловсрол соёлын газарт хүргүүлсний дагуу Ц.Отгончимэг, Д.Өлзийхишиг нар орж тэнцсэн. Бага боловсролын 1 багш дутагдалтай байсан тул дахин хүсэлт хүргүүлж сонгон шалгаруулалтыг явуулсан. Тус шалгаруулалтад Э.А оролцсон боловч шалгалтандаа тэнцээгүй байдаг. Аймгийн Боловсрол соёлын газраас өөр оролцогч байхгүй тул дараагийн сонгон шалгаруулалт хүртэл түр томилон ажиллуулж болох юм гэсэн саналыг ирүүлсэн. Үүний дагуу сургалтын менежер болон Э.Атэй ярилцаж хөдөлмөрийн гэрээг хичээлийн жилийг дуустал хугацаагаар байгуулан ажиллуулсан.

Бага, дунд ангийн багш нарын 2018-2019 оны хичээлийн жилийн ээлжийн амралтыг 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс эхлүүлсэн бөгөөд хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон. Э.Аийг ажлаас нь чөлөөлөх тушаал гарсан. Уг тушаалд ажлаас чөлөөлөх хугацаа 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс гэж заасан нь ажил хүлээлцэх хугацааг оруулж тооцсон болно.

Э.А нь тус сургуульд нийт 9 сар тасралтгүй ажилласан бөгөөд тухайн хугацаанд харгалзах ээлжийн амралтыг гүйцэт тооцож, Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажил хүлээлцэх хугацаа, тэр хугацааны цалин хөлсийг хуульд зааснаар бодож олгосон болно.

Ажлаас чөлөөлөх тушаал, шийдвэрийг гаргахдаа ямар нэгэн хууль зөрчөөгүй бөгөөд сонсох үйл ажиллагааг зохион байгуулж, түүнд Э.А өөрийн биеэр оролцож хүлээн зөвшөөрсөн тул шүүхэд гаргасан Э.Аийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Мөн багш Э.Аийн ур чадвар, заах арга, мэдлэг, туршлага хангалтгүй, хүүхдүүдэд зохих суурь мэдлэгийг олгож чадахгүй байгаа талаар сурагчдын эцэг эхчүүдээс гомдол, санал ирсэн тул энэ бүх байдлыг харгалзан ажлаас нь чөлөөлсөн нь үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 131/ШШ2019/00655 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Бийн захирлын 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Б/24 тоот тушаалыг хүчингүй болгож, Э.Аийг Бийн бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.2-т тус тус зааснаар Биас ээлжийн амралтын дутуу тооцогдсон мөнгө 498 542 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Ат олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 364 803 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д зааснаар нэхэмжлэгч Э.Аийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Бьд даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7-р зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25 270 төгрөгийг төвлөрсөн төсвийн санд хэвээр үлдээж, хариуцагч Биас 15 606 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Ат олгож шийдвэрлэжээ.

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 213/МА2019/00022 дугаар магадлалаар: Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 131/ШШ2019/00655 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Баянхонгор аймаг Бийг төлөөлж тус сургуулийн захирал Д.Цэцэгжаргалын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч тус сургуулийн захирал Д.Цэцэгжаргалаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 131/ШШ2019/00655 дугаар шийдвэр, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 213/МА2019/00022 дугаар магадлалыг эс зөвшөөрч, гомдол гаргаж байна.

Тус шүүхийн шийдвэр, магадлалаар Э.Аийг Бийн бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч Э.Аийн хувьд 2018 оны 09 дугээр сарын 09-ний өдөр Б/76 дугаар тушаалаар өвчний учир чөлөө авсан багшийн орон тоон дээр түр хугацаагаар томилогдсон байдаг.

Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жил нь Боловсрол соёл шинжлэх ухааны яамны сайдын тушаалаар батлагдсанаар 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр дууссан тул Э.Аийг ажлаас чөлөөлсөн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар Э.А нь ажилд орохдоо түр орон тоон дээр ажиллаж байгаа гэдгээ мэдэж байсан бөгөөд хичээлийн жил дуустал ажиллана гэдгээ харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг түр хугацаагаар байгуулсан, хугацааны талаар ямар нэгэн маргаангүйгээр гарын үсэг зурж баталгаажуулжээ.

Улмаар харилцан тохирсон ёсоор хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй байхад энэ талаар анхан шатны шүүхээс байнгын ажлын байран дээр хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс хэвээр үлдээсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Учир нь Э.Аийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд ямар үндэслэлээр ажилдаа эгүүлэн тогтоолгох гээд байгаа нь тодорхой бус байхад шүүх хүлээн авч шийдвэрлэсэн байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т нэхэмжлэлийн бүрдүүлбэрт нэхэмжлэлийн үндэслэл шаардлага заавал бичигдсэн байх талаар заасан, хэрэв энэ шаардлагыг хангаагүй бол энэ хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байтал хүлээн авч шийдвэрлэсэн нь мөн давж заалдах шатны шүүхээс хянахдаа эдгээр байдлыг анхаараагүй орхигдуулсан байна гэж үзэж байна.

Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч Э.А Бьд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, ээлжийн амралтын зөрүүд 863 345 төгрөгийг олгуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг хариуцагчид даалгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх Э.Аийг Бийн бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, ээлжийн амралтын дутуу тооцогдсон мөнгө 498 542 төгрөгийг хариуцагчаас гаргаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, хариуцагчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...шүүх нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэлгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, ...тул шийдвэр,магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлтэй байна.

Б-ин захирлын 2018 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/76 тушаалаар Баянхонгор аймагт зарлагдсан бага ангийн сонгон шалгаруулалтад орсон Э.Аийг Боловсрол Соёл Урлагийн Газрын санал болгосноор 2018 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн бага ангийн багшаар түр томилж, Э.Атэй хичээлийн жил дуустал түр хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулж, 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Б/24 тушаалаар гэрээний хугацаа дууссан үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3., 37.1.1.-д зааснаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Нэхэмжлэгч Э.А нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...ажил үүргээ гүйцэтгээд явж байтал ажлаас чөлөөлсөн тул ...ажилд эгүүлэн тогтоож өгнө үү...” гэж тайлбарласан, 

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч: “...тус сургууль бага боловсролын 3 багшийн сонгон шалгаруулалтыг явуулж өгөх хүсэлтийг аймгийн БСУГ-т хүргүүлсний дагуу сонгон шалгаруулалт явагдаж, 2 багш тэнцсэн, дахин нэг багш дутагдалтай байсан тул дахин хүсэлт хүргүүлж, сонгон шалгаруулалт явуулахад тус сонгон шалгаруулалтад Э.А оролцсон боловч шалгалтандаа тэнцээгүй. БСУГ-аас “өөр оролцогч байхгүй тул дараагийн сонгон шалгаруулалт хүртэл түр томилон ажиллуулж болох юм гэсэн санал”-ыг үндэслэн тухайн хичээлийн жилийн хугацаанд түр ажиллуулахаар тушаал гаргаж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд гэрээний хугацаа дууссан тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зөрчөөгүй...” гэж маргажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1.-д байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна гэж, 23.2.2.-т энэ хуулийн 23.2.1.-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулахаар зохицуулжээ.

Анхан шатны шүүх “...шинээр ажилд орж байгаа ажилтантай туршилтын журмаар ажиллуулах зохицуулалтыг баримтлаагүй, ...хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах зайлшгүй шаардлага байсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, ...хөдөлмөрийн гэрээг цуцлахаар харилцан тохиролцоогүй атлаа Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1. дэх заалтыг тушаалд заасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн, хуульд нийцээгүй...” гэх үндэслэл зааж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1., 23.2.2. дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс засаагүй байна.

Тухайлбал: Нэхэмжлэгчийн ажиллаж байсан бага ангийн багшийн албан тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1.-д заасан хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах байнгын ажлын байр мөн боловч хариуцагчийн тайлбарт дурдсан “...нэхэмжлэгч нь сонгон шалгаруулалтад тэнцээгүй боловч сургуульд бага ангийн багшийн орон тоо дутуу байсан, хичээлийн жил эхэлсэн, өөр оролцогч байхгүй тул дараагийн сонгон шалгаруулалт зарлагдтал ажиллуулах тухай аймгийн БСУГ-аас ирүүлсэн саналыг үндэслэн Э.Аийг бага ангийн багшийн ажилд түр хугацаагаар томилсон, хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсан...” гэх тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь ажилд түр томилсон тушаал, ажилтантай хөдөлмөрийн хугацаатай гэрээг байгуулсанд гомдол гаргаагүй үйл баримт тогтоогджээ.

Ажил олгогч  шалгаруулалтад тэнцээгүй, ажлын байрны шаардлага хангаагүй хүнийг түр хугацаагаар ажилд томилсон бөгөөд түүнтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсныг нэхэмжлэгч үгүйсгээгүй тул ажил олгогчийг ажилтантай харилцан тохиролцсоны үндсэн дээр Хөдөлмөрийн тухай хуулийн  23 дугаар зүйлийн 23.2.2.-т зааснаар хугацаатай гэрээ байгуулсан, гэрээний хугацаа дууссан, цаашид сунгагдахгүй болсон гэх үндэслэлээр мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3.-д зааснаар  ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр, шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцээгүй гэж үзнэ. 

Иймд хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 131/ШШ2019/00655 дугаар шийдвэр, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 213/МА2019/00022 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул Бьд холбогдох Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, ээлжийн амралтын зөрүүд 863 345 төгрөгийг олгуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг хариуцагчид даалгуулахыг хүссэн Э.Аийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгч П.Өлзийбаярын гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн өмгөөлөгч П.Өлзийбаяраас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД