Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2020/00620

 

Б.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн       

          2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 184/ШШ2019/02289 дүгээр шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2089 дүгээр магадлалтай,

          Нэхэмжлэгч: Б.О-

          Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар

          Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Э.Э-

          Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Энхболдын гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.Шаравнямбуу, нарийн бичгийн даргад Х.Билгүүн нар оролцов.

          Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Шүүгчийн 2017-03-13-ны өдрийн 184/ШШ2017/00528 дугаар захирамжаар Б.О-ээс 37,041,683 төгрөгийг гаргуулж Э.Э-од олгохоор шийдвэрлэж, төлбөр төлөгч Б.О-ийн 44.59 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг битүүмжилж, 2019-03-13-ны өдрийн 4/6664 тоот мэдэгдлээр төлбөр төлөгчөөс үнийн санал хүргүүлэхийг мэдэгдсэний дагуу 78сая төгрөгөөр санал өгсөн. Төлбөр авагч уг үнийг зөвшөөрөөгүй тул шинжээч томилогдсон. 2019-03-26-ны өдрийн 100 дугаар тогтоолоор “Мөнх оргил трейд” ХХК-г шинжээчээр томилж, дүгнэлтийг 2019-04-08-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч Г.Ганбаатарт өгсөн. Төлбөр авагч 2019-04-08-ны өдөр дүгнэлттэй танилцсан ч төлбөр төлөгч Б.О-т 2019-04-08-ны өдөр мэдэгдлийг хүргүүлснийг Б.О- 2019-04-17-ны өдөр хүлээн авсан. ШШГТХ-н 55.3, 55.7-д заасны дагуу Б.О- нь дээрх мэдэгдлийг 2019-04-17-ны өдөр авснаараа хуульд заасан гомдол гаргах эрхээ алдсан учраас хууль бус шинжээчийн дүгнэлт хүчин төгөлдөр болсон тул 37,400,000 төгрөгөөр зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

         Хариуцагч тайлбартаа: ..төлбөр төлөгч Б.О-т 2017, 2018, 2019 онд дугаар мэдэгдлүүдээр шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдэж анхааруулсан боловч төлбөрийг төлөөгүй тул түүний өмчлөлийн хөрөнгийг хаягаар очиж, битүүмжилж, хураасан. ИХ-н 177-д заасны дагуу үнийн санал авахад Б.О- 78сая төгрөг гэснийг Э.Э- хүлээн зөвшөөрөөгүй учраас шинжээчээр үнэлүүлэхэд 37,400,000 төгрөгөөр тогтоож уг үнэлгээг талуудад мэдэгдсэн. ИХ-н 177.1-д заасны дагуу 37,400,000 төгрөгийн 50%-р тооцон 18,700,000 төгрөгөөр хоёрдахь албадан дуудлага худалдаанд оруулахад худалдан борлогдсон байна. ШШГТХ-н 55.7-д зааснаар үнэлгээний талаарх гомдлоо 55.3-т зааснаар мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргасан байсан боловч 2019-04-08-с хойш 51 хоногийн дараа нэхэмжлэл гаргасан байна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

        Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд тайлбартаа: Шүүхийн шийдвэр гарснаас хойш 2 жил 6 сар өнгөрч байхад үүргээ биелүүлэхгүй, хугацаа сунжруулж, улмаар үнэлгээний талаар гомдол гаргаад байгааг зөвшөөрөхгүй. Өөрсдөө 78сая төгрөгөөр зарж болох байсан атал байраа зарж, төлбөрөө төлөөгүй шийдвэр гүйцэтгэхээс зайлсхийдэг. Хуулийн хугацаа хэтрүүлээд шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Тусгай зөвшөөрөлтэй хөрөнгийн үнэлгээний байгууллага үнэлгээг гаргасан бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

        Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 184/ШШ2019/02289 дүгээр шийдвэр гаргаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасныг баримтлан, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, .. дугаар байрны .. тоотод байрлах орон сууцыг үнэлсэн үнэлгээ тогтоосон ажиллагааг хүчингүй болгох тухай Б.О-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2089 дүгээр магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 184/ШШ2019/02289 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн байна.

        Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Энхболд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ..Шинжээчийн дүгнэлтийг 2019-04-08-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч Г.Ганбаатарт хүлээлгэн өгсөн бөгөөд төлбөр авагч Э.Э-од 2019-04-08-ны өдөр дүгнэлтийг танилцуулсан. Харин төлбөр төлөгч Б.О-т 2019-04-08-ны өдөр хүргүүлсэн мэдэгдлийг Б.О- 2019-04-17-ны өдөр хүлээн авсан. Гэтэл ШШГТХ-н 55.3-т “Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулах мөн хуулийн 55.7 “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу Б.О- нь дээрх мэдэгдлийг 2019-04-17-ны өдөр буюу гомдол гаргах хуулийн хугацаа дууссаны дараа хүлээн авсныг анхан шатны шүүх ШШГТХ-н 55.3-т заасныг зөрчөөгүй гэснийг эс зөвшөөрч гомдсон ч давж заалдах шатны шүүх ШШГТХ-н 55.3-т дүгнэлт хийлгүй шийдвэрлэсэн. Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

        Б.О- 2019-05-29-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, Сонгинохайрхан дүүргийн ..-р хороо, ..-р байр .. тоот 2 өрөө нэг хүний буюу нэхэмжлэгчийн өмчлөлийн эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгохыг шаардсан байна.

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

        Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Б.О- 36,956,000 төгрөг төлөхөөр Э.Э-той эвлэрсэн тул Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 2017-03-13-ны өдөр 184/ШШ2017/00528 дугаар захирамж гаргаж захирамжийг сайн дураар эс биелүүлвэл шийдвэрийн нэгэн адил биелүүлэх талаар /хх1-н 5-6/- д заажээ. 

        Төлбөр төлөгдөөгүй тул албадан гүйцэтгэх ажиллагаа эхэлж, хариуцагч нь нэг хүний буюу Б.О-ийн өмчлөлийн орон сууц болох Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, .. дугаар хороо, ..-р байр .. тоот 2 өрөө орон сууцыг битүүмжлэх, хураах, үнийн санал авах, үнэлүүлэх ажиллагаа явуулахдаа хууль зөрчөөгүй, нэхэмжлэлийг хангах үндэслэл тогтоогдоогүй талаарх шүүхийн дүгнэлт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зохицуулалтад нийцсэн байна.   

       Эд хөрөнгийн үнэлгээг тогтоохдоо хариуцагч нь хууль зөрчсөн гэх байдал нотлогдоогүй, үнэлгээг зах зээлийн ханшнаас хэт доогуур тогтоосон гэж үзэх баримтгүй байх тул шүүх хэргийг шийдвэрлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.  

        Өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтыг гаргаж өгөх, цуглуулах үүргийг талууд хүлээнэ. Шүүх зохигчийн гаргаж өгсөн баримтын хэмжээнд нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэнэ.

         Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан шаардлага, түүний үндэслэлийг баримтаар нотлож чадаагүй тул шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 116 дугаар зүйлийн 116.2,116.3-т нийцсэн байна. 

       Хоёр шатны шүүх хэрэгт байгаа баримт, нэхэмжлэлийн шаардлага, зохигчийн тайлбарын талаар дүгнэлт хийхдээ хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн  холбогдох зохицуулалтыг тайлбарлан хэрэглэхдээ алдаа гаргаагүй байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн  өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.         

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 184/ШШ2019/02289 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2089 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Энхболдын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР          

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ