Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 184/ШШ2019/02289

 

 

 

 

 

 

 

2019 оны 9 сарын 18 өдөр                                                Дугаар 184/ШШ2019/02289                                                                 Улаанбаатар хот

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн  дугаар хороо, Хилчин хотхон  дугаар байрны  тоотод оршин суух, эмэгтэй, Ч овогт Б О-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар /Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 3, өөрийн байранд байрлах/-т холбогдох,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Сүхбаатар дүүргийн  дүгээр хороо, тоотод оршин суух, эрэгтэй, С овогт Э Э-г оролцуулан

Үнэлгээг хүчингүй болгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, гуравдагч этгээд Э.Э, түүний өмгөөлөгч М.Ш, гэрч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баянжаргал нар оролцов.  

                     

                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Э.Эдүү нартайгаа нийлж, өөрийн өмч болох Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхоний 44.59 м.кв байраа барьцаанд тавьж, 13 500 000 төгрөгийн зээл авсан бөгөөд тухайн зээлийн хүүгээ цаг тухайд нь төлж байсан боловч дүү нарын маань ажил зогссоноос болж хүү, алданги, торгуульд орж 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 184/ШШ2017/00528 тоот захирамж гарч, Э.Эод зээлийн үүрэгт 36 956 000 төгрөг төлөх болсон. Үүний дараа Э.Эын гуйсны дагуу 20 263 705 төгрөгийн нүүрсийг нь миний дүү Б.О замын зардлаа өөрөө гарган 4 удаа Олон овоот өртөөнд очиж вагон тавиулан 1 428 610 төгрөгийн ажлын хөлсийг авахгүй ачиж өгсөн.

Нэхэмжлэгч Э.Э 36 956 000 төгрөгийг миний данс руу шилжүүлээрэй, Шүүхийн шийдвэрийн данснаас авахад төвөгтэй байдаг гэсний дагуу миний дүү Б.О өөрийн данснаас Э.Эын ХААН банкны ......тоот дансанд 7 600 000 төгрөгийг шилжүүлж, 2 000 000 төгрөгийг бэлнээр нийт 9 600 000 төгрөгийг Э.Эод өгсөн.

Тус шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, миний өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2201028150 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхон 15 дугаар байрны 64 тоотод байрлах, 44.59 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг нийт 37 400 000 төгрөгөөр үнэлж, үнэлгээ тогтоосон байна.

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 4/5637 дугаартай үнэлгээ тогтоосон мэдэгдлийг би 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр гардаж авсан. Уг мэдэгдэлд дурдсан үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байсан тул Сонгинохайрхан дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Б.Даваадоржид гомдол гаргасан боловч 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 4/31 дугаар тогоолоор гомдлыг хангахаас татгалзсан хариу өгсөн.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 4/8637 тоот мэдэгдэлд дурдсан орон сууцны үнэлгээ нь өнөөгийн зах зээлийн үнэ ханшнаас хэтэрхий доогуур байгаа. Иймд Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилсон шинжээчийн үнэлсэн 37 400 000 төгрөгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.      

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШШ2017/00528 дугаар захирамжаар Б.Оээс 37 041 683 төгрөгийг гаргуулж Э.Эод олгохоор шийдвэрлэж, төлбөр төлөгч Б.Оийн улсын бүртгэлийн Ү-2201028150 дугаар бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхон 15 дугаар байрны 64 тоотод байршилтай, 44.59 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг битүүмжилж, 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 4/6664 тоот мэдэгдлээр төлбөр төлөгч Б.Оээс дээрх хөрөнгийн үнийн саналыг хүргүүлэхийг мэдэгдсэний дагуу 78 000 000 төгрөгөөр үнэлэх санал мэдэгдэхэд төлбөр авагч Э.Э эс зөвшөөрч хөрөнгийн үнэлгээний шинжээч томилуулах хүсэлт гаргасны дагуу 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 100 дугаар шинжээч томилох тогтоолоор “Мөнх оргил трейд” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээчийн дүгнэлтийг 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч Г.Гт хүлээлгэн өгсөн бөгөөд төлбөр авагч Э.Эод 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр дүгнэлтийг танилцуулсан. Харин төлбөр төлөгч Б.От 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр мэдэгдлийг хүргүүлснийг Б.О нь 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авсан. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.3-т шийдвэр гүйцэтгэгч үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3  өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулах, 55.7-д талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу Б.О нь дээрх мэдэгдлийг 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр авснаараа хуульд заасан гомдол гаргах эрхээ алдаж, улмаар хууль бус шинжээчийн дүгнэлт хүчин төгөлдөр болсон тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.      

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Оийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Сонгинохайрхан дүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШШ2017/00528 дугаар захирамжаар Б.Оээс 37 041 683 төгрөгийг гаргуулж Э.Эод олгохоор шийдвэрлэжээ. Төлбөр төлөгч Б.От 2017 оны 170/21, 170/02, 170/05, 17271224/02, 2018 оны 170/25, 170/10, 170/30, 17271224/28, 2019 оны 170/07, 17271224/13 дугаар мэдэгдлээр шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдэж, анхааруулсан боловч төлбөрийг төлөөгүй тул түүний өмчлөлийн хөрөнгийг хаягаар оичж, 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 17271224/28 дугаар битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хураах тогтоолоор хураасан байна. Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу талуудыг үнийн санал өгөхийг мэдэгдэхэд төлбөр төлөгч Б.О 78 000 000 төгрөгөөр, Э.Э нь тус үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй мэргэжлийн шинжээчээр үнэлгээ хийлгэх хүсэлт гаргасан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу шинжээчээр үнэлүүлэхэд 37 400 000 төгрөгөөр тогтоож, 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 4/8637, 4/8638 дугаар мэдэгдлээр хөрөнгийг үнэлгээг талуудад мэдэгдсэн байна. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнэлгээсний тогтоосон зах зээлийн үнэ болох 37 400 000 төгрөгийн 50 хувиар тооцон 18 700 000 төгрөгөөр хоёрдахь албадан дуудлага худалдаанд оруулахад худалдан борлогдсон байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргах байсан боловч 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр мэдэгдэл хүлээн авснаас хойш 51 хоногийн дараа нэхэмжлэл гаргасан байна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                                                                                                                                                                                           

Гуравдагч этгээд Э.Э шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.О нь зээлийн болон барьцааны гэрээний дагуу зээлээ төлж чадахгүй бол байраа зарж төлнө гэж үүрэг хүлээсэн. Шүүхийн шийдвэр гарснаас хойш 2 жил 6 сар өнгөрч байхад үүргээ биелүүлэхгүй, хугацаа сунжруулж, улмаар үнэлгээний талаар гомдол гаргаад байгааг зөвшөөрөхгүй. Өөрсдөө 78 000 000 төгрөгөөр зарж болох байсан атал байраа зарж, төлбөрөө төлөөгүй шийдвэр гүйцэтгэхээс зайлсхийж, гэрт нь очихоор оруулахгүй саад учруулсаар ирсэн. Харин ч тухайн орон сууц нь уурын зуухаар халдаг, хотын захад байрлалтай боловч өндөр үнэлэгдсэн байгаа. Иймд түүнийг төлбөрөө төлөхөөс зайлсхийж байгаа гэж үзэж байна. Мөн хуулийн хугацаа хэтрүүлээд шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Тусгай зөвшөөрөлтэй хөрөнгийн үнэлгээний байгууллага үнэлгээг гаргасан бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.    

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр, нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан, хуульд заасан хугацаанд шүүхэд гомдол гаргаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй” гэж маргажээ.

 

Хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар дараах нөхцөл байдлууд тогтоогдов.

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШШ2017/00528 дугаартай захирамжаар нэхэмжлэгч Э.Эын 36 956 000 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.О бүхэлд нь зөвшөөрч, 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн дотор хуваарийн дагуу төлөхөөр эвлэрсэн, зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, уг шийдвэрийн дагуу төлбөр төлөгч Б.О нь төлбөр авагч Э.Эод 36 956 000 төгрөгийг дурьдсан хугацаанд төлөх үүрэгтэй бөгөөд уг үүргээ биелэгдээгүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

/хх-ийн 14-15 дугаар тал/

 

Дээрх шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай мөн шүүхийн шүүгчийн 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 184/ШЗ2017/08585 дугаар захирамж гарч, 2017 оны 8 дугаар сарын 24-ний  өдөр 1002 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэн байх ба уг гүйцэтгэх хуудсанд төлбөр төлөгч Б.Оээс 36 956 000 төгрөгийг гаргуулан төлбөр авагч Э.Эод олгохоор заажээ.   

/хх-ийн 67, 68 дугаар тал/

 

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь дээрх гүйцэтгэх баримт бичгийг хүлээн аваад 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 17271224 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасантай нийцсэн байна.

/хх-ийн 72 дугаар тал/

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь төлбөр төлөгчийн өмчлөлийн эд хөрөнгийг битүүмжлэх,  хураах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсны дараа үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар өмчлөгч нараас санал авч, уг үнэлгээг төлбөр авагчийн зүгээс хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд шинжээч томилж, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг гаргуулж, уг үнэлгээний 70 хувиар анхны дуудлага худалдааны доод үнийг тогтоох ажиллагааг хийхээр заажээ.

 

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжилгээ хийж, дүгнэлт гаргах тусгай мэдлэг бүхий, хувийн ашиг сонирхолгүй этгээдийг шинжээчээр томилон оролцуулж, шинжээч нь хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтлана гэжээ.

 

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу нэхэмжлэлд дурдсан Б.Оийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр битүүмжлэн,  2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар төлбөр төлөгч, өмчлөгч нараас үнийн санал авах талаар удаа дараа мэдэгдэхэд өмчлөгч Б.О нь орон сууцыг 78 000 000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч Э.Э тухайн саналыг татгалзаж, хөндлөнгийн шинжээч томилуулж үнэлүүлэх хүсэлт гаргасан байх тул шийдвэр гүйцэтгэгч нь 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 100 дугаартай ‘Шинжээч томилох тухай” тогтоолоор “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг шинжээчээр томилж, хөндлөнгийн шинжээч “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 36/Ш дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 37 400 000 төгрөгөөр үнэлсэн ажиллагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцжээ.

/хх-ийн 126-127, 132-133, 137, 138, 141, 142, 143, 151-170, 171-173, 174-175, 176 дугаар тал/

 

Шинжээч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтлах бөгөөд мөн зүйлд заасан шинжээч томилох эрх бүхий этгээд болох шийдвэр гүйцэтгэгч нь 2019 оны 3 дүгээр сарын 26-ны өдрийн 100 дугаартай шинжээч томилох тухай тогтоолоор “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг шинжээчээр томилж, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хийлгэхдээ хуулийн дээрх заалтыг мөрдлөгө болгосон, дээрх ажиллагаа Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулна”, 9 дүгээр зүйлийн 9.2-т “Энэ хуулийн 9.1-д заасан ажиллагааг явуулсны дараа харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна” гэж заасантай нийцсэн байна.

 

Мөн шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд зааснаар төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогчдод мэдэгдэн тэмдэглэл хөтөлж, 55.2.2-т зааснаар үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй бол шинжээчээр үнэлүүлнэ, хуулийн 55.3-т зааснаар шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш шийдвэр гүйцэтгэгч нь ажлын 3 хоногийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэж заасны дагуу шинжээчийн үнэлгээний тайланг нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч Б.От  2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 4/8637 тоот  мэдэгдлээр мэдэгдэн, шинжээчийн үнэлсэн үнэ болох 37 400 000 төгрөгийн 70 хувиар тооцон 26 180 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох болсныг, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62.1-д заасны дагуу хөрөнгийн үнэлгээний талаар талууд гомдол гаргаагүй тохиолдолд шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногийн дотор өөрийн хөрөнгийг уг шийдвэрт зааснаас багагүй үнээр бие даан худалдан борлуулах тухай санал гаргаж, энэ талаар хариуг бичгээр ирүүлэхийг мэдэгдсэн, уг мэдэгдлийг нэхэмжлэгч Б.О нь 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авсан болох нь хавтас хэрэгт авагдсан 4/8638, 4/8637 дугаартай мэдэгдэл, мэдэгдлийг хүлээлгэн өгсөн тухай шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл гэх төлбөр төлөгч Б.Оийн гарын үсэг бүхий баримтуудаар тус тус тогтоогдож байх хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасныг зөрчөөгүй байна.

 

Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Энхболдын “Б.О нь дээрх мэдэгдлийг 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр авснаараа хуульд заасан гомдол гаргах эрхээ алдаж, улмаар хууль бус шинжээчийн дүгнэлт хүчин төгөлдөр болсон” гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

Төлбөр төлөгч Б.О нь орон сууцны үнэлгээний талаарх гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргах байтал 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр буюу 42 хоногийн дараа хуульд заасан дээрх хугацааг хэтрүүлэн гаргасан байх ба тэрээр дээрх хугацааг хэтрүүлсэн талаарх хүндэтгэн үзэх шалтгаанаа, мөн “орон сууцны үнэлгээ нь өнөөгийн зах зээлийн үнэ ханшнаас хэтэрхий доогуур байгаа” гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлд зааснаар нотлоогүй, уг үнэлгээг зах зээлийн ханштай харьцуулсан баримт хавтас хэрэгт байхгүй тул нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлгүй байна.

/хх-ийн 1 дүгээр тал/

 

Иймд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШШ2017/00528 дугаартай захирамжийн дагуу явуулж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Оийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ хийлгэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч Б.Оийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Оээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасныг баримтлан Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхон 15 дугаар байрны 64 тоотод байрлах орон сууцыг үнэлсэн үнэлгээ тогтоосон ажиллагааг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч Б.Оийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Оээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш  14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Н.БАТЧИМЭГ