| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Очирбатын Чулуунцэцэг |
| Хэргийн индекс | 106/2018/0866/Э |
| Дугаар | 94 |
| Огноо | 2019-01-29 |
| Зүйл хэсэг | 10.1.1, |
| Улсын яллагч | Б.Батсайхан |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 94
Б.Т-ад холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Оюунчулуун, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Батсайхан,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Баясгалан, түүний өмгөөлөгч Д.Энхбаяр,
шүүгдэгч Б.Т-ын өмгөөлөгч Г.Батбаяр,
нарийн бичгийн дарга Д.Нямдаваа нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Дайрийжав, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 77 дугаартай шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Батсайханы бичсэн эсэргүүцлээр Б.Т-ад холбогдох эрүүгийн 1705012090164 дугаартай хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б.Т- нь 2017 оны 11 дүгээр сарын 3-наас 4-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, “ВИП” караокед С.Лхагвасүрэнтэй маргалдаж, улмаар түүнийг түлхэн унагааж алсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Т-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Т-ад холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ. Үүнд:
Шүүгдэгч Б.Т-ад 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд амь хохирогч С.Л-монетон гинж хулгайлсан талаар тусгагдаагүй байна. Гэтэл 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Эрүүгийн хэргийг нэгтгэх, тусгаарлах тухай тогтоол үйлдэж, С.Л-монетон гинж хулгайд алдагдсан гэх үйлдлийг тусгаарласан нь шүүгдэгч Б.Т-ад амь хохирогч С.Л-монетон гинж хулгайлсан үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгээгүй байж тусгаарласан байна. Түүнчлэн 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн Эрүүгийн хэргийг тусгаарлах тогтоол нь эх хувиараа бус тамга тэмдэг дарагдаж баталгаажаагүй зэргээс үзэхэд хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй гэж шүүх үзлээ. Иймд амь хохирогч С.Л-монетон гинж хулгайлсан гэх үйлдлийг хамтад нь нэг мөр шалгаж мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийсний дараа хэргийг эцэслэн шийдвэрлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдалд чухал ач холбогдолтой юм.
Шүүгдэгч Б.Т-ын холбогдсон хэрэг нь 2017 оны 11 дүгээр сарын 3-наас 4-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Вип” караокед үйлдэгдсэн байх ба тухайн үед шүүгдэгч Б.Т- нь “Вип” караокед хөдөлмөр эрхэлж байсан гэж мэдүүлж байх тул мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийж шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан “Вип” караоке буюу зохих аж ахуйн нэгжийг иргэний хариуцагчаар тогтоож хохирол хариуцуулах ажиллагааг хийж гүйцэтгэх шаардлагатай.
2017 оны 11 дүгээр сарын 3-наас 4-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Вип” караокед ажил үүрэг гүйцэтгэж байсан хүмүүсийн ажил үүргийн хувиар болон тухайн аж ахуйн нэгжийн дотоод журмыг гаргуулж, хэн ямар үүрэг гүйцэтгэх ёстой, тухайн үед ажиллаж байсан ажилчид зохих ёсоор ажил үүргээ гүйцэтгэсэн эсэхийг шалгаж тогтоох нь хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтооход ач холбогдолтой бөгөөд Эрүүгийн хуульд заасан өөр гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэх, хэрэв байгаа бол хэнтэй хэрхэн хамтран үйлдсэн талаар нэг мөр шалгах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан “...Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө...гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн зорилгод нийцэх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13 дахь заалтад заасан асуудлыг шалгаж тодруулах шаардлагатай гэж үзээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Т-ад холбогдох эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.
Прокурор Б.Батсайхан бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Мөрдөн байцаалтын явцад Б.Т- нь хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2, 4 дэх заалтад заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн караокены хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, сидиг эд мөрийн баримтаар тооцсон талаарх баримтууд, хохирогч Д.Баясгалан, гэрч С.Алтантүлхүүр, П.Ням, А.Оргилбаяр, Ж.Онон, Ш.Орхон, шинжээч эмч Б.Ганзориг нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 740, 86, 2191 дугаартай дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон.
Прокуророос тогтоогдсон нөхцөл байдалд дүгнэлт хийж, нотлох баримтад үндэслэн яллагдагч Б.Т-ыг хүнийг алсан үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан бөгөөд уг тогтоолд түүнийг талийгаач С.Л-монетон гинжийг хулгайлсан талаар дурдаагүй байна гэж шүүх үзсэн. Сэжигтэн Б.Т- нь “...би талийгаачийг сэрээх гэж хувцаснаас татаж байхад гарт гинж татагдаж тасарсан...” гэж мэдүүлснийг гэрч Д.Жаргалмаа, А.Оргилбаяр нар давхар нотолж мэдүүлсэн бөгөөд гэрчүүд нь Б.Т-ын гартаа барьсан гинжийг хулгайлсныг нотлоогүй тул талийгаач С.Л-хүзүүнд байсан монетон гинж алдагдсан хэргийг хяналтын прокурор М.Мөнхзул нь 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдөр тусгаарлан, эрүүгийн 180503030 дугаартай хэрэг хэрэг нээж тогтоол үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 8-д “Прокурор нь яллагдагч гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай болохыг мөрдөн байцаалтын явцад хангалттай нотолсон, тухайн хэргийг шүүхээр хянан шийдвэрлүүлэх боломжтой гэж үзвэл яллагдагчид холбогдох зарим хэргийг тусгаарлан шүүхэд шилжүүлж болно” гэж заасныг зөрчөөгүй байна.
Өөрөөр хэлбэл, талийгаачийн зүүж явсан монетон гинжийг Г. гэгч нь хулгайлсан байж болзошгүй үндэслэл тогтоогдоод байгаа бөгөөд уг гэмт хэрэгт сэрдэгдсэн Г.ийг олж тогтоох зорилгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.1 дүгээр зүйлд заасан хэрэг бүртгэлтийн ажиллагаа явагдаж байна.
1. Дээр дурдсан үндэслэл тогтоогдсон байсан тул дүүргийн прокурорын газраас яллагдагч Б.Т-ын хүнийг алах гэмт хэргийг шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүх хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд буюу хүнийг алах гэмт хэргийн хэмжээнд хэлэлцэх байтал тусгаарласан хэргийг шалгуулахаар буцааж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасныг зөрчсөн.
2. Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Вип” караокед үйлдэгдсэн нь хяналтын камерын бичлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон боловч Б.Т- нь “Вип” караокег Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд зааснаар иргэний хариуцагчаар татах үндэслэл тогтоогдоогүй байна.
Учир нь, Б.Т- нь зөөгчийн ажлыг гүйцэтгэсэн байна. Түүнчлэн шүүх нь “Вип” караокег иргэний хариуцагчаар татах хууль зүйн үндэслэлтэй гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь заалтад шүүх тогтоол, шүүгч захирамж гаргахаар заасан тул уг ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой.
Шүүгдэгч Б.Т- нь ганцаараа хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд түүнтэй хамтран гэмт хэрэг үйлдсэн хэн гэж хүнийг шалгах нь тодорхойгүй байна.
Түүнчлэн “Вип” караокед ажил үүрэг гүйцэтгэж байсан хүмүүсийн ажил үүргийн хувиар болон тухайн аж ахуй нэгжийн дотоод журмыг гаргуулж, хэн ямар үүрэг гүйцэтгэх ёстой, тухайн үед ажиллаж байсан ажилчид зохих ёсоор ажил үүргээ гүйцэтгэсэн эсэхийг шалгаснаар ямар нөхцөл байдлыг тогтоох, яллагдагч Б.Т-ыг өөр ямар гэмт хэрэг үйлдсэн гэж шалгах нь ойлгомжгүй байгаа нь шүүхийн тогтоол ойлгомжтой байх хуулийн шаардлагыг хангаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь заалтад заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн заалтыг зөрчсөн байна. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 77 дугаартай шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, гэм буруугийн шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлж өгнө үү” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Д.Энхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа. Прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр шүүхийн тогтоолыг өөрчлөх, хүчингүй болгох хууль зүйн ямар нэгэн үндэслэл байхгүй. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан үндэслэл тогтоогдсонгүй гэж үзэж байна. Прокурор анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд яригдаж байсан зүйлийг ярьж байгаа болохоос биш өөрөөр нотлосон зүйл ярьсангүй. Гинж хулгайлсан үйлдэл дээр эрүүгийн хэрэг үүсгээгүй байж тусгаарласан нь хуулийг зөрчсөн гэж анхан шатны шүүх дүгнэлт хийсэн. Гэтэл прокурор хууль зөрчсөн эсэхэд тайлбар хийгээгүй, мөн эрүүгийн хэрэг үүсгээгүй байж тусгаарласан нь процессийн том алдаа юм. Дараагийн асуудлын хувьд гэвэл “Вип” караоке баарыг түрээслэн ажиллуулдаг ба “Т-” ХХК-ийн нэр дээр үйл ажиллагаа явуулдаг талаарх баримт хэрэгт авагдсан. Мөрдөн байцаалтын шатанд уг компанийг иргэний хариуцагчаар татаад, хохирлыг барагдуулж өгнө үү. Өнөөдрийг хүртэл хохирлыг төлөх ямар нэгэн оролдлого хийсэнгүй, хохирлыг барагдуулж өгнө үү гэх хүсэлтүүдийг удаа дараа гаргасан боловч бүх хүсэлтүүдийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож, хариу хэлнэ гээд өгдөггүй байсан. Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа болон прокурорын хяналт хангалтгүй явсан. Хэргийн хугацааг сунгадаг боловч тогтоол дээр бичигдсэн ажиллагаа биелэгддэггүй. Монетон гинжний талаар шалгах ажиллагаа хийгдээгүй тул шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төрбат гэх залууд маш их гомдолтой байна. Би Эрдэнэт хотод амьдардаг. Ирэх болгонд ийм зүйл ярьж, хэрэг шийдвэрлэгдэхгүй сунжруулж байна” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тухайн хэргийн газарт байсан гинжийг олох нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой юм. Учир нь, үйлдэл үр дагавар хоёрын хооронд шалтгаант холбоо байдаг ба үүнийг тодруулах үүргийг прокурор өөрөө хэрэгжүүлээгүй. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэм бурууг гарцаагүй нотлох” гэж заасан байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг хэн үйлдсэн, түүний сэдэлт, шалтгаан нөхцлийг заавал тогтоох ёстой. Тэгэхээр тухайн гинжийг хэн хулгайлсан гэдгийг тогтоох нь миний үйлчлүүлэгчийг тухайн гэмт хэргийг санаатайгаар, шунахайн сэдэлтээр үйлдээгүй гэдгийг тогтоох юм. Ер нь бол энэ гэмт хэргийг өмгөөлөхдөө Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасныг баримталж байгаа. Болгоомжгүйгээр буюу компаний эрх ашгийг хамгаалж, тухайн этгээдийн хууль бус үйлдлийг таслан зогсоохын тулд үйлдэгдсэн үйлдэл. Тэрнээс биш хүнийг санаатай алах хүсэл зоригоор үйлдээгүй юм. Тийм учраас гинж хулгайд алдагдсан үйлдлийг тогтоож, Г.ийг яллагдагч, шүүгдэгчээр татах нь зүйтэй. Мөн ажил үүргийн хуваарийг тодорхой болго гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв. Учир нь, ажил үүргийн хуваарийг тодорхой болгосноор үйлчлүүлэгчээс төлбөр тооцоог хэн авах ёстой байсан нь тодорхой болно. Төлбөр тооцоог авахын тулд хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдэгдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал үүсэж байна гэж үзэж байна. Тэгэхээр хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулах нь Эрүүгийн хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан хохирогчийн зөрчигдсөн хууль ёсны эрхийг сэргээж, хохирлыг нөхөн төлөхөд чухал ач холбогдолтой. Анхан шатны шүүхээс хэргийг буцаасан нь зөв хэдий ч хулгайн гэмт хэргийг Төрбат хулгайлсан болохыг шалга гэсэн агуулгаар бичигдсэн тул үүнд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүхийн тогтоолд дурдсан үндэслэлээр хэргийг буцааж мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагагүй.
Шинэчлэн найруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэд хэдэн яллагдагч... , эсхүл ... нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн үйлдэл тус бүрд нь эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, мөрдөн байцаалт явуулна”, 2 дахь хэсэгт “Хэд хэдэн яллагдагч нэг, эсхүл хэд хэдэн гэмт хэргийг хамтран үйлдсэн, эсхүл нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно”, 3 дахь хэсэгт “Хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохгүй бол зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлаж болно” гэж заажээ.
Хэрэгт буй баримтаас үзэхэд, Б.Т-ад холбогдох эрүүгийн хэргээс “амь хохирогч С.Л-хүзүүнээс 1.864.800 төгрөгийн үнэ бүхий монетон гинж хулгайд алдагдсан” гэх үйлдлийг тусгаарласан прокурорын тогтоол /1хх-248/ байх ба тухайн үйлдэлд Б.Т-ыг яллагдагчаар татаагүй байж хэргийг тугаарласан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчжээ.
Хэдийгээр дээрх нөхцөл байдал тогтоогдож байх боловч, уг хулгайн үйлдлийг Б.Т-ыг үйлдсэн гэдгийг нотолсон үйл баримт хэрэгт байхгүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагаагаар зөвхөн Б.Т-ад эрүүгийн хэрэг үүсгэн гинжийг хулгайлсан эсэхийг шалгаж байгаа биш хэн гинжийг хулгайлсан эсэхийг шалгаж байгаа тул Б.Т-ад холбогдох “хүнийг алах” гэмт хэргийг шийдвэрлэхэд саад болохгүй байна.
Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах ажиллагааны явцад гинжийг Б.Т- хулгайлсан гэх үйл баримт тогтоогдсон ч гэсэн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй, тус тусад нь шийдвэрлэх, ялыг нэмж нэгтгэх хуулийн зохицуулалтын хүрээнд шийдвэрлэх боломжтой.
Анхан шатны шүүхийн тогтоолд “Вип” караоке буюу зохих аж ахуй нэгжийг иргэний хариуцагчаар тогтоож, хохирол хариуцуулах ажиллагааг хийж гүйцэтгэх шаардлагатай” гэж дурдсан ба “Вип” караоке нь хуульд заасан цагийг хэтрүүлэн ажилласан зөрчил байж болох ч тухайн байгууллагад ажиллаж байсан шүүгдэгч Б.Т-, амь хохирогч С.Лхагвасүрэн нарын хоорондын таарамжгүй харьцаа, маргааны улмаас хүний амь нас хохироосон үйлдэлд “Т-” ХХК-ийн нэр дээр үйл ажиллагаа эрхлэн явуулдаг “Вип” караокег эрүүгийн хэрэгт иргэний хариуцагчаар заавал татан оролцуулах шаардлага байхгүй байна.
Түүнчлэн “Т-” ХХК-ийг тухайн хэрэгт буруутай гэж үзэж, иргэний хариуцагчаар татан хохирлыг барагдуулах ёстой гэж үзвэл иргэний журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй.
Анхан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх шаардлагагүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг “шүүх хэргийн бодит байдлыг мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн заалтын хүрээнд шийдвэрлэх, түүнчлэн хэрэгт цуглуулж, бэхжүүлэгдсэн нотлох баримтын хүрээнд үнэлэлт, дүгнэлт өгч, прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хэлэлцэж, Б.Т-ын гэм буруугийн талаар шүүх дүгнэлт хийх боломжтой гэж үзэв.
Иймд прокурор Б.Батсайханы бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, шүүхийн тогтоолыг хүчингүй болгон, анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 77 дугаартай шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, Б.Т-ад холбогдох хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх хүртэл шүүгдэгч Б.Т-ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Д.ОЮУНЧУЛУУН
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ