Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
Хэргийн индекс | 102/2019/00008/И |
Дугаар | 001/ХТ2020/00618 |
Огноо | 2020-10-01 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2020 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 001/ХТ2020/00618
“.. пэинт” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2019/01237 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 1182 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч: “.. пэинт” ХХК
Хариуцагч: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар Банк, хадгаламж зээлийн хоршооны төлбөр барагдуулах ажлын алба
Үнэлгээ болон дуудлага худалдааны тогтоолоос эзэмшлийн 20.000м2 газартай холбоотой хэсгийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг
Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Болдбаатарын гомдлыг үндэслэн
Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015-03-04-ний өдрийн 01484 дугаар шүүгчийн захирамжаар .. пэинт ХХК-с 139,936,380 төгрөгийг гаргуулж Баянгол дүүргийн татварын хэлтэст олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад .. пэинт ХХК-н эзэмшлийн БЗД-н 11-р хороонд байрлалтай үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар 2014-08-06-ны өдрийн Нийслэлийн засаг даргын А/643 тоот шийдвэрээр олгогдсон 20.000 м.кв газрыг битүүмжлэн хураан авч, хөндлөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлгээ тогтоолгон, дуудлага худалдаанд оруулахаар болсон. Шийдвэр гүйцэтгэлийн албанаас явуулсан шинжээч газрыг 408,877,200 төгрөгөөр үнэлж ирүүлсэн. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны үеэр манай компаний зүгээс анхны дуудлага худалдааны үнийг 2 тэрбум төгрөг байхаар санал хүргүүлсэн. Гэтэл зах зээлийн үнээс хэд дахин хямдаар үнэлсэн байсан. Гэвч уг газрыг анх эзэмшилдээ авахын тулд газрын албанд газрын хураамж гэж 220,000,000 төгрөгийг төлсөн. Шийдвэр гүйцэтгэлийн албанаас томилсон тогтоолд дурдсаны дагуу дан ганц газрыг үнэлсэн гэдгээ шинжээч хэлсэн. Шүүхэд нэхэмжлэл гаргасан гэдгийг мэдсээр байж Шийдвэр гүйцэтгэлийн албанаас 2018-11-18, 2018-12-25-ны өдрүүдэд тус тус дуудлага худалдааг явуулсан. Гэтэл 2 дуудлага худалдааг зохион байгуулсан үйл явдал нь төлбөр төлөгчийн эрхийг зөрчсөн зүйл юм. ШШГТХ-н 27.1.4-т зааснаар үнэлгээнд гомдол гаргасны дагуу тухайн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахгүй түдгэлзүүлнэ гэсэн зохицуулалттай. Ийм учраас шүүхэд үнэлгээнд гомдол гаргаснаас хойш зохион байгуулагдсан 2018-11-18, 2018-12-25-ны өдрүүдэд зохион байгуулсан дуудлага худалдааны ажиллагаанаас .. пэинт ХХК-тай холбоотой, компаний эзэмшлийн газрын дуудлага худалдаатай холбоотой хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг гаргаж байна гэжээ.
Хариуцагч тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны дугаар шүүхийн 2015-03-04-ний өдрийн 1484 тоот шийдвэрээр .. пэинт ХХК-с 139,936,380 төгрөгийг гаргуулж, БЗД-н Татварын хэлтэст олгохоор шийдвэрлэсэн. Энэ ажиллагааг 2016-04-02-ны өдөр үүсгэсэн. Дээрх шийдвэрийн дагуу тус алба шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгчийн эзэмшлийн 20.000 м.кв үйлдвэрийн зориулалттай газрыг битүүмжлэн хурааж, үнэлгээ тогтоох ажиллагаа явуулахад ИХ-н 177.1-д заасны дагуу талууд үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул ШШГТХ-н 55.2.2-т заасны дагуу шинжээч томилж, үнэлгээг тогтоосон. ШШГТХ-н 27.1.4-т шүүгч түдгэлзүүлэхээр захирамж гаргасан тохиолдолд ажиллагааг түдгэлзүүлэхээр заасан байгаа. Шүүгчийн захирамж гараагүй байсан учраас ажиллагааг явуулсан. 2 дахь дуудлага худалдааны дэнчин нь 2018-12-24-ний өдөр болсон. Дуудлага худалдаа нь 2018-12-25-ны өдөр болсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх захирамж 2018-12-25-ны өдөр 198 дугаар захирамж ирсэн байгаа. Тухайн үед төлбөр төлөгч өөрөө байлцаж, хураасан акт дээр гарын үсэг зурсан учраас үнийн дүнгийн талаар саналаа хэлэх боломжтой байсан гэжээ.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 102/ШШ2019/01237 дугаар шийдвэр гаргаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, 55.3, 55.7, 71 дүгээр зүйлийн 71.6, 72 дугаар зүйлийн 72.1, 75 дугаар зүйлд зааснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдуулан, үнэлгээг хүчингүй болгох, үнэлгээ тогтоосонтой холбоотой гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгох, 2018-11-18,25-ны өдрийн дуудлага худалдааны ажиллагаанаас 20.000м2 газартай холбоотой хэсгийг хүчингүй болгуулах тухай .. пэинт ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн байна.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 1182 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2019/01237 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Болдбаатар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалын хянавал хэсэгт “... шүүх ШШГТХ-н 49.1, 56.4-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэгчийн бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр ашигласан байна гэж үзсэн нь үндэслэлтэй байна...” гэж шийдвэрлэсэн байна. Битүүмжлэх, хураан авах гэсэн ажиллагаа нь 2 тусдаа хуулийн зүйл заалтаар зохицуулагдсан үйл ажиллагаа юм. Эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа нь ШШГТХ-н 49.1-д “..хөрөнгийг битүүмжлэх гэж ..тухайн хөрөнгийг захиран зарцуулах эрхийг хязгаарлах ажиллагааг ойлгоно ..” гэж заасны дагуу төлбөр төлөгчөөр төлбөрийг төлүүлэхийн тулд нэр дээрх эд хөрөнгийг нь бусдад зарж, үрүүлэхгүй байх зорилгоор хийгдсэн гэж ойлгож байна. Харин эд хөрөнгө хураах ажиллагаа нь ШШГТХ-н 54.1-д шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн эд хөрөнгийг худалдан борлуулах, эсхүл.. төлбөр авагчид шилжүүлэх зорилгоор..хөрөнгийг хураан авна...” гэж заасан. 2018-10-02-нд шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор тухайн газрыг хураах тогтоол үйлдэгдсэн байх бөгөөд энэ үед тухайн газар дээрх хөрөнгө оруулалтын ажлууд бүгд хийгдсэн, бетон зуурмагын үйлдвэр үйл ажиллагаагаа эхэлсэн байсан байна. Гэтэл шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ дан ганц “битүүмжлэх” тогтоол үйлдсэнээс хойш хөрөнгө оруулсан нь төлбөр төлөгчийн буруутай үйл ажиллагаа гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас эд хөрөнгийг хураан авах ажиллагаа хийсний дараа үнэлгээ тогтоолгосон байх бөгөөд энэ үед газар дээр хөрөнгө оруулалтаар хийгдсэн эд хөрөнгөнүүдийг үнэлгээнд оруулах бүрэн боломжтой байсан юм. ШШГТХ-н 66.4-т үл хөдлөх эд хөрөнгөнөөс салгаж үл болох бүрдэл хэсэг, эсхүл бусдын өмчлөлд шилжээгүй уг үл хөдлөх эд хөрөнгөтэй хамт байгаа хөдлөх эд хөрөнгийг үл хөдлөх эд хөрөнгөтэй хамт дуудлага худалдаагаар худалдана...” гэж заасан бөгөөд Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас эд хөрөнгийг хураан авах ажиллагаа 2018-10-02-нд газар дээр хөрөнгө оруулалтаар хийгдсэн эд хөрнгөнүүдийг үнэлгээнд оруулах бүрэн боломжтой байсан юм. Гэтэл шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ ШШГТХ-н 66.4-г баримтлалгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэн, тайлбарласан гэж үзэж байна. Нэхэмжлэгч хөрөнгө оруулалтыг нотолсон баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд шүүхээс уг баримтуудыг үнэлэхгүйгээр шийдсэн нь “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий ” шийдээгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ “...нэхэмжлэлийн 2 дахь шаардлага нь шийдвэр гүйцэтгэх газраас 2018-11-18, 2018-12-25-нд тус тус зохион байгуулагдсан дуудлага худалдааны ажиллагаанаас “.. ПЭИНТ” ХХК-н эзэмшлийн ..20,000м.кв газартай холбоотой хэсгийг хүчингүй болгож өгнө үү..” гэсэн шаардлага гаргасан юм. ШШГТХ-н 55.7-д “..Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно..” гэж заасны дагуу шийдвэр гүйцэтгэгч нь 2018-11-02-нд шинжээчийн дүгнэлттэй танилцуулж, албадан дуудлага худалдаагаар худалдах тухай “мэдэгдэл”-ийг гардуулж өгсөн тул 2018-11-07-нд манай компанийн зүгээс үнэлгээнд гомдол гарган, шүүхэд нэхэмжлэлээ гаргасан юм. Гэтэл тус шүүхийн 2018-11-14-өдрийн 102/Ш32018/15273 тоот Шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн тул 2018-11-20-нд гомдол гарган, улмаар 2018-12-06-нд Захирамжийг хүчингүй болгон, 2018-12-21-нд Иргэний хэрэг үүсгэсэн юм. Энэ хугацаанд шийдвэр гүйцэтгэх албанаас 2018-11-18, 2018-12-25-нд тус тус анхны болон 2 дахь дуудлага худалдаа явагдан өнгөрсөн байсан. Төлбөр төлөгч талаас шүүхэд гомдол гаргасан тохиолдолд ШШГТХ-н 27.1.4-т заасны дагуу шүүхийн маргаан дуусах хүртэлх хугацаанд шийдвэр гүйцэтгэлийн ямар ч ажиллагаа хийгдэхгүй, түтгэлзэх хуулийн зохицуулалттай юм. Манай компанийн зүгээс Иргэний хэрэг үүсгэсний дараа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг, үүсгэсэн даруйд Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түтгэлзүүлж өгөхийг хүссэн хүсэлтийг шүүхэд гарган, тус шүүхийн 2018-12-25-ны өдрийн 00198 тоот шүүгчийн захирамжаар шийдвэрлэж, 12-26-нд Шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсэн боловч нэг болон хоёр дахь дуудлага худалдаа болж өнгөрсөн байсан. ШШГТХ-н 63.1-д “... хуульд өөрөөр заагаагүй бол ...үнэлгээг тогтоосноос хойш 2 сарын дотор, төлбөр төлөгчийн өөрийн хөрөнгийг бие даан худалдан борлуулах саналыг хүлээн авсан тохиолдолд 3 сарын дотор албадан худалдан борлуулах ажиллагааг явуулна...” гэж хуульчилсан байтал Шийдвэр гүйцэтгэх албанаас төлбөр төлөгчийн хуулиар олгогдсон эрх болох “үнэлгээнд гомдол гаргах”, “өөрийн эд хөрөнгийг бие даан худалдан борлуулах санал гаргах” зэрэг эрхийг ноцтойгоор зөрчин дуудлага худалдааг зохион байгуулсан. Мөн анхан шатны шүүх нь ХХША-ны журмыг зөрчин 2018-11-14-өдрийн 102/Ш32018/15273 тоот Шүүгчийн захирамжаар “нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж” шийдвэрлэсний улмаас хугацаа алдан, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түтгэлзүүлэх тухай хүсэлт гарган шийдвэрлүүлэх боломжгүй байдлыг ашиглан, Шийдвэр гүйцэтгэх албанаас дуудлага худалдааг зохион байгуулан, төлбөр төлөгч манай компанийн хуулиар олгогдсон эрх болох үнэлгээнд гомдол гаргах, санал гаргах зэрэг эрхийг нь эдлүүлээгүй явдал нь ШШГТХ-н 4.1-д “..шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөө , хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, хүний эрх , эрх чөлөөг зөвхөн хуульд зааснаар хязгаарлах, энэрэнгүй, шуурхай байх зарчмыг баримтална ...” гэж заасныг ноцтойгоор зөрчсөн. Шүүхээс хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ Шийдвэр гүйцэтгэлийн газраас зохион байгуулсан дуудлага худалдааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн мөртлөө шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг ямар баримт материалыг үндэслэн шийдвэрлэсэн талаар огт дурьдаагүй, дүгнэлт хийгээгүй явдал нь ИХШХШТХ-н 118.4-т шүүхийн шийдвэрийн “..үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана...” гэсэн заалтыг зөрчиж хэрэг маргааныг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
.. пэинт ХХК 2018-11-07-ны өдөр Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдуулан, үнэлгээ хүчингүй болгохыг шаардсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээ нэмэгдүүлж , 2018-11-18, 2018-12-25-ны өдрийн дуудлага худалдаанаас Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 хороонд байрлах үйлдвэр, үйлчилгээний зориулалттай 20.000м2 газартай холбоотой хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн байна. /хх1-н 1, 92/
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
1. .. пэинт ХХК нь Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн нэхэмжилсэн 139,936,380 төгрөгийг төлөхийг зөвшөөрснийг Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2-р шүүхийн шүүгч 2015-03-04-ний өдрийн 102/ШШ2015/01484 дугаар захирамжаар баталж, захирамжийг сайн дураар эс биелүүлвэл албадан гүйцэтгэхийг заасан байна.
Нэхэмжлэгч төлбөрийг төлөөгүй тул гүйцэтгэх хуудас бичигдэж, төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэн хурааж, талуудаас үнийн санал авч шинжээч томилж үнэлгээ тогтоосон байх бөгөөд эдгээр ажиллагааг явуулахдаа хууль зөрчөөгүй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нийцсэн байна.
Төлбөр төлөгч нь шийдвэрийг албадан гүйцэтгэж эхэлснээс хойш эд хөрөнгийн үнэлгээ тогтоогдох буюу шинжээчийн дүгнэлт гаргуулах хүртэлх хугацаанд шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаа, гаргасан шийдвэрт гомдол гаргаж байгаагүй тул шүүх хэргийг шийдвэрлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-г зөрчөөгүй гэж үзнэ.
2. Хэрэгт авагдсан баримтаар, хариуцагчийн тогтоолоор Нийслэлийн Баянзүрх дүүрэг, 11 хороонд байрлах, үйлдвэрийн зориулалттай, .. пэинт ХХК-д олгосон эзэмших эрх бүхий 20.000 кв.м. газрыг битүүмжилж, хураан авсан бөгөөд уг эд хөрөнгөд хөрөнгө оруулалт хийхгүй, хэвийн байдлыг өөрчлөхгүй, захиран зарцуулахгүй байхыг хариуцагч мэдэгдсэн нь нотлогджээ. Уг газар дээр гүний худаг, цахилгаан дамжуулах дэд станц, бетон зуурмагийн үйлдвэрийн барилга байгууламж зэрэг баригдаж буй нь нэхэмжлэлийг хангах нөхцөл болохгүй юм.
Эд хөрөнгийг битүүмжлэх гэдэгт тухайн хөрөнгийг захиран зарцуулах, түүнчлэн эзэмших, ашиглах эрхийг хязгаарласан ажиллагааг ойлгох бөгөөд битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэгчийн бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр ашиглах, бусдад шилжүүлэхийг хориглоно. Тус шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 56 дугаар зүйлийн 56.4-г зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.
3. Эд хөрөнгийн үнэлгээг тогтоохдоо хариуцагч тал хууль зөрчсөн гэх байдал нотлогдоогүй, үнэлгээг зах зээлийн ханшнаас хэт доогуур тогтоосон гэж үзэх баримтгүй байх тул шүүх хэргийг шийдвэрлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтыг гаргаж өгөх, цуглуулах үүргийг талууд хүлээнэ. Шүүх хэрэгт байгаа баримт, зохигчийн гаргаж өгсөн баримтын хэмжээнд нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэнэ.
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан шаардлага, түүний үндэслэлийг баримтаар нотлож чадаагүй тул шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 116 дугаар зүйлийн 116.2,116.3-т нийцжээ.
4. Хоёр шатны шүүх хэрэгт байгаа баримт, нэхэмжлэлийн шаардлага, зохигчийн тайлбарын талаар дүгнэлт хийхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хяналтын гомдолд заасан үндэслэлийг хангах боломжгүй байх тул шийдвэр,магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2019/01237 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 1182 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Болдбаатарын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Б.УНДРАХ