Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2020/00619

 

 “Б..” ХХК, Ж.Б-, М.Б- нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн        

          2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШШ2019/00775 дугаар шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 994 дүгээр магадлалтай,

          Нэхэмжлэгч: “Б..” ХХК

          Нэхэмжлэгч: Ж.Б-

          Нэхэмжлэгч: М.Б-

          Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар

          Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: “Цог тулга трейд” ХХК

          Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг буюу эд хөрөнгө битүүмжилсэн, хураасан тогтоол болон  үнэлгээг тус тус хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч нарын гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Сувд-Эрдэнэ, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Нямдорж, нарийн бичгийн даргад Х.Билгүүн нар оролцов.

         Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлдээ: Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017-06-02-ны өдрийн 183/ШШ2017/01270 дугаар шийдвэрийн дагуу иргэн Ж.Б-, М.Б- нараас 1,126,973,027 төгрөгийг гаргуулж “Цог тулга трейд” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн ба тус шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд манай компанийн өмчлөлийн эд хөрөнгийг хурааж, битүүмжилсэн. НШШГ-с 2018-11-17-ны өдөр Эд хөрөнгө битүүмжлэх тухай 18290282/02, 18290282/03 тоот тогтоол, 12 дугаар сарын 11-ний өдөр Эд хөрөнгө хураах тухай 18290282/04, 18290282/05 тоот тогтоолуудыг тус тус үйлдэн улмаар битүүмжилж, хураасан эд хөрөнгүүдэд шинжээч томилон үнэлүүлээд байна. НШШГГ-с төлбөр төлөгч Ж.Б-, М.Б- нарын нэр дээр хилээр бараа бүтээгдэхүүн импортолсон эсэх талаарх лавлагааг авсан бөгөөд Гаалийн ерөнхий газраас 2018-04-05-ны өдрийн 03-2/1470 тоот албан бичигт хариу өгч хавсралт ирүүлсэн байна. Хавсралтаас харахад төлбөр төлөгч иргэн М.Б-гийн нэр дээр хамгийн сүүлд 2017-10-03-ны өдөр гаалийн бүрдүүлэлт хийгдэж Иран Исламын бүгд найрамдах улсаас тодорхой тооны буйдан, кресло, түшлэгтэй сандал, ширээ, гэрлийн бүрхүүл импортлон оруулж ирж байсан. Төлбөр төлөгч М.Б-гийн 2017-10-р сард оруулж ирсэн тавилгууд нь худалдан борлогдсоноос гадна “Илланай” ББСБ-д төлөх төлбөртөө нийт хоёр удаагийн нийлүүлэлтээр 117 ширхэг буйдан, кресло, түшлэгтэй сандал, ширээ, гэрлийн бүрхүүл зэргийг өгч эд хөрөнгийн үлдэгдэлгүй болсон. Шийдвэр гүйцэтгэгчийн битүүмжлэн хураасан эд хөрөнгө нь дээр дурдсанаар М.Б-гийн 2017-10-03-ны өдөр гаалийн бүрдүүлэлт хийж оруулж ирсэн тавилгууд биш бөгөөд харин “Б..” ХХК-ийн 2018-04-08-ны өдөр, 08-25-ны өдрийн гаалийн бүрдүүлэлт хийн импортолж оруулж ирсэн тавилгууд юм. Уг эд хөрөнгө тавилгууд нь “Б..” ХХК-ийн өмч болох талаар тайлбар, холбогдох бүх баримтуудыг шийдвэр гүйцэтгэгчид өгсөөр байтал манай компанийн өмчлөлийн хөрөнгөнд халдаж байгаа нь хууль бус үйлдэл юм. Хэрэгт авагдсан баримтаар 2018- 04, 08 дугаар сард “Б..” ХХК-ийн нэр дээр орж ирсэн эд хөрөнгүүдийг битүүмжилсэн байгаа. Тиймээс гуравдагч этгээдийн өмчид халдсан хууль бус ажиллагааг хүчингүйд тооцож, уг эд хөрөнгийг үнэлэхээр томилсон шинжээчийн дүгнэлт, үнэлгээтэй холбоотой ажиллагааг хүчингүй болгох буюу 2018-02-12-ны өдрийн 18290282 дугаартай шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолын дагуу хийгдсэн ажиллагааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Гуравдагч этгээдийн хөрөнгө битүүмжилсэнтэй холбоотой тогтоолууд нь хууль бус шинжтэй байна. Гуравдагч этгээд төлбөр төлөх үүрэгтэй этгээд биш учир түүний хөрөнгөнд нь халдаж байгаа нь хууль бус гэж үзэж байна. Иймд 2018-02-12-ны өдрийн 18290282 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолын дагуу явагдсан эд хөрөнгө битүүмжилсэн, хураасан тогтоол, эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг тус тус хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

        Хариуцагч тайлбартаа: 2017-06-02-ны өдрийн 01270 дугаар шийдвэрээр М.Б- болон Б- нараас 1,121,209,032 төгрөг гаргуулж “Цог тулга трейд” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2018-02-12-ны өдрийн 18290282 дугаар тогтоолоор үүсгээд, төлбөр төлөгч нарын эзэмшил буюу өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгө байгаа эсэх талаар холбогдох байгууллагаас лавлагаа ирж, бүртгэлтэй хөрөнгүүд нь гуравдагч этгээд буюу ББСБ болон банкны барьцаанд бүртгэлтэй байсан нь тогтоогдсон. Төлбөр төлөгч М.Б-, Ж.Б- нар Монгол улсын хилээр бараа бүтээгдэхүүн нэвтрүүлсэн эсэх талаар гаалийн ерөнхий газраас 2018-04-05-ны өдрийн 1470 дугаар албан бичгээр тогтоогдсон байдаг. Уг лавлагааны дагуу дээрх оруулж ирсэн тавилга, гэрлийн бүрхүүлийг битүүмжлэн, хураах ажиллагааг 2018 оны 11, 12 дугаар саруудад хийж гүйцэтгэсэн. Төлбөр төлөгч М.Б-гийн хилээр оруулж ирсэн буюу гаалийн байгууллагын лавлагааг үндэслэж эд хөрөнгө хураах ажиллагаа явуулсан. ..Шийдвэр гүйцэтгэх газрын зүгээс эрх бүхий байгууллага буюу Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн лавлагааг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан. Шийдвэр гүйцэтгэгч тухайн үед өөрийн нүдээрээ үзэж битүүмжилсэн, лавлагаатай тулгалт хийсэн байдаг учир энэ нь ямар нэгэн байдлаар гуравдагч этгээдийн хөрөнгө байх боломжгүй. М.Б-гийн Монгол улсын хилээр оруулж ирсэн бараа бүтээгдэхүүнд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан байгаа. Гуравдагч этгээд нь өөрийнх нь өмчлөх эрхтэй холбоотой асуудлаар битүүмжилсэн тогтоолоос эд хөрөнгийг хасуулахаар тусдаа хүсэлт гаргах эрхтэй. Маргаад байгаа энэ хөрөнгө нь гуравдагч этгээдийн хөрөнгө мөн эсэх нь тодорхойгүй байгаа. Нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй байна гэжээ.

        Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Цог тулга трейд” ХХК тайлбартаа: ШШГТХ-н 122.1-д нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй буюу тухайн битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах буюу чөлөөлүүлэх шаардлагыг шүүхэд гаргана гэж тодорхой заасан байхад нэхэмжлэлийн зүгээс тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулахаар шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлага бол битүүмжилсэн тогтоол, хураасан тогтоол, эд хөрөнгөнд шинжээч томилуулан үнэлсэн үнэлгээг тус тус хүчингүй болгуулах гэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагад шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

       Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 183/ШШ2019/00775 дугаар шийдвэр гаргаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4, 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг тус тус баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 18290282 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолын дагуу явагдсан эд хөрөнгө битүүмжилсэн, хураасан тогтоол, эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг тус тус хүчингүйд тооцуулахыг хүссэн Б.. ХХК, Ж.Б-, М.Б- нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Биура” ХХК, М.Б- нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 421.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

         Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 994 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 183/ШШ2019/00775 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 421 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсэн байна.

         Нэхэмжлэгч Б.. ХХК болон Ж.Б- нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ..183/ШШ2017/01270 дугаар шийдвэрийн дагуу иргэн Ж.Б-, М.Б- нараас 1.126.973.027 төгрөгийг гаргуулж “Цог тулга трейд” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн ба тус шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд манай компанийн өмчлөлийн дээрх эд хөрөнгийг хурааж битүүмжилсэн юм. Тухайлбал НШШГГ-с 2018-11-17-ны өдөр Эд хөрөнгө битүүмжлэх тухай 18290282/02, 18290282/03 тоот тогтоол, 12-11-нийы өдөр Эд хөрөнгө Хураах тухай 18290282/04 18290282/05 тоот тогтоолуудыг тус тус үйлдэн, улмаар битүүмжилж хураасан эд хөрөнгөнүүдэд шинжээч томилон үнэлүүлсэн. НШШГГ-с төлбөр төлөгч Ж.Б-, М.Б- нарын нэр дээр хилээр бараа бүтээгдэхүүн импортолсон эсэх талаарх лавлагааг 2018-04-03-ны өдрийн 4/5837 тоот, 2018-11-12-ны өдрийн 4/18627 тоот албан бичгээр тус тус авсан байдаг бөгөөд Гаалийн ерөнхий газраас 2018-04-05-ны өдөр 03-2/1470 тоот албан бичгээр НШШГГ-н 2018-04-03-ны өдрийн албан бичигт хариу өгч хавсралт ирүүлж байжээ. Хавсралтаас харахад төлбөр төлөгч иргэн М.Б-гийн нэр дээр хамгийн сүүлд 2017-10-03-ны өдөр гаалийн бүрдүүлэлт хийгдэж Иран /Исламын Бүгд Найрамдах/ улсаас тодорхой тооны буйдан, кресло, түшлэгтэй сандал, ширээ, гэрлийн бүрхүүл импортлон оруулж ирж байсан байна. Харин НШШГГ-н 2018-11-12-ны өдрийн 4/18627 тоот албан бичгийн хариу Гаалийн ерөнхий газар одоог болтол өгөөгүй байдаг. М.Б-гийн 2017-10-р сард оруулж ирсэн тавилгууд нь худалдан борлогдсоноос гадна “Илланай” ББСБ-д төлөх төлбөртөө нийт 2 удаагийн нийлүүлэлтээр нийт 117 ширхэг буйдан, кресло, түшлэгтэй сандал, ширээ, гэрлийн бүрхүүл зэргийг өгч түүний нэр дээр орж ирсэн түүний өмчлөлийн эд хөрөнгийн үлдэгдэлгүй болсон талаарх баримтыг гаргаж өгсөн. Шийдвэр гүйцэтгэгчийн битүүмжилж хураасан эд хөрөнгө нь дээр дурдсанаар М.Б-гийн 2017-10-03-ны өдөр гаалийн бүрдүүлэлт хийж оруулж ирсэн тавилгууд биш бөгөөд харин “Б..” ХХК-ны 2018-04-08-н болон мөн оны 08-25-ны өдрийн гаалийн бүрдүүлэлт хийн импортолж оруулж ирсэн тавилгууд юм. М.Б-гийн нэр дээр орж ирсэн түүний өмчлөлийн тавилга эд хөрөнгүүд нь худалдан борлогдсон, бусдад төлбөрт тооцон өгсөн талаарх, мөн хурааж битүүмжлээд байгаа хөрөнгө нь төлбөр төлөгч бидний хөрөнгө бус харин “Б..” ХХК-н өмч болох талаарх тайлбар, холбогдох бүх баримтуудыг шийдвэр гүйцэтгэгчид өгсөөр байтал ийнхүү манай компанийн өмчлөлийн хөрөнгөнд халдаж байгаа нь хууль бус үйлдэл 183/ШШ2017/01270 дугаар шийдвэрт төлбөр төлөх үүрэг бүхий этгээд нь Ж.Б-, М.Б- нар байхаар тодорхой заасан байтал төлбөр төлөгч биш этгээд болох “Б..” ХХК-н өмчлөлийн эд хөрөнгөнд халдах эрхгүй юм. ИХ-н 25.1-д “Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ” гэж заасан бол Компанийн тухай хуулийн 3.1-д “Хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан эд хөрөнгөтэй, үндсэн зорилго нь ашгийн төлөө хуулийн этгээдийг компани гэнэ” гэж заажээ.Мөн Компанийн тухай хуулийн 9.2-т “Компани нь хувьцаа эзэмшигчийн хүлээх үүргийг хариуцахгүй” гэж заасан байна. Компанийн тухай хуулийн 9.2-д заасны дагуу “Б..” ХХК нь хувьцаа эзэмшигч М.Б-гийн бусдын өмнө хүлээх үүргийг хариуцахгүй юм. ШШГТХ-н 122.1-д “Төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно” гээд мөн хуулийн 122.3-д “Энэ хуулийн 44.3, 63.4-т заасан нь бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд өөрийн эрх хөндөгдсөн асуудлаар гомдлоо шүүхэд гаргахад хамаарахгүй” гэж тус тус заажээ. НШШГГ-с манай компанийн өмчлөлийн эд хөрөнгийг битүүмжилсэн 2018-11-17-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай 18290282/02, 18290282/03 тоот тогтоол болон 12-11-ны өдрийн Эд хөрөнгө хураах тухай 18290282/04 18290282/05 тоот тогтоолууд, мөн дээрх эд хөрөнгүүдийг шинжээч томилуулан үнэлүүлсэн үнэлгээг тус тус хүчингүй болгон шийдвэрлэх үндэстэй байтал нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байгаад гомдолтой байна. Иймд магадлалд өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

        Б.. ХХК, Ж.Б-, М.Б- нар 2019-01-22-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, эд хөрөнгө битүүмжлэх тухай 2018-11-17-ны өдрийн 18290282/02, 18290282/03 дугаар тогтоол., эд хөрөнгө хураах тухай 2018-12-11-ний өдрийн 18290282/04, 18290282/05 дугаар тогтоол, эдгээр тогтоолын дагуу хураасан эд хөрөнгийн үнэлгээг тус тус хүчингүйд тооцуулахыг шаарджээ. /хх1-н 156/   

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ.

        Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгч Ж.Б- болон “Б..” ХХК-н гомдол /хх2-н 15-17/ -г хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        1. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017-06-02-ны өдрийн 183/ШШ2017/01270 дугаар шийдвэрээр Ж.Б-, М.Б- нараас 1.121.209.032 төгрөг Цог тулга трейд ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байна /хх1-н 58-70/ 

        Дурдсан шийдвэрийг төлбөр төлөгч нар биелүүлээгүйгээс албадан гүйцэтгэх ажиллагаа эхэлж, хариуцагч эд хөрөнгө битүүмжлэн хурааж үнэлгээ хийлгэсэн байх бөгөөд эдгээрийг нэхэмжлэгч нар эс зөвшөөрч шүүхэд ханджээ. 

        Тодруулбал, Ж.Б-, М.Б- нар 2019-01-22-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг буюу эд хөрөнгө битүүмжлэх тухай 2018-11-17-ны өдрийн 18290282/02, 18290282/03 дугаар тогтоол., эд хөрөнгө хураах тухай 2018-12-11-ний өдрийн 18290282/04, 18290282/05 дугаар тогтоол, эдгээр тогтоолын дагуу хураасан эд хөрөнгийн үнэлгээг тус тус хүчингүйд тооцуулахыг шаардсан байна. /хх1-н 156/     

        Мөн “Б..” ХХК 2019-01-22-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, эд хөрөнгө битүүмжлэх тухай 2018-11-17-ны өдрийн 18290282/02, 18290282/03 дугаар тогтоол., эд хөрөнгө хураах тухай 2018-12-11-ний өдрийн 18290282/04, 18290282/05 дугаар тогтоол, эдгээр тогтоолын дагуу хураасан эд хөрөнгийн үнэлгээг тус тус хүчингүйд тооцуулахыг хүссэн /хх1-н 1-3/ байна. “Б..” ХХК нь нэг үүсгэн байгуулагч-хувьцаа эзэмшигчтэй бөгөөд тэр нь төлбөр төлөгч М.Б- болох нь тогтоогдсон. /хх 1-н 5, 36 /

        Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргахдаа 2019-02-20-ны өдөр хүсэлт гаргасан, үүний дагуу шүүх Ж.Б-, М.Б- нарын болон “Б..” ХХК-ийн нэхэмжлэлтэй хоёр иргэний хэргийг 2019-03-01-ний өдрийн 183/ШЗ2019/02576 дугаар захирамжаар нэгтгэсэн /хх 188,189/ байна.

        Төлбөр авагч Цог тулга трейд ХХК 2019-03-04-ний өдөр хүсэлт /хх1-н 190/ гаргаж, хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцжээ.

        2. Хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        Ж.Б-, М.Б- нар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 183/ШШ2017/01270 дугаар шийдвэрийн дагуу 1.121.209.032 төгрөгийг Цог тулга трейд ХХК төлөөгүйгээс албадан гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн, эд хөрөнгө битүүмжлэн  хурааж үнэлгээ хийлгэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.8,44.2.9 дахь хэсэгт заасан ажиллагаа байх бөгөөд энэ талаар шүүх дүгнэлт хийхдээ  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.6., 56 дугаар зүйлийн 56.2.,64 дүгээр зүйлийн зохицуулалтыг зөрчөөгүй байна.     

       Битүүмжлэн хураагдсан хөрөнгө нь хуулийн этгээдийнх болох нь тогтоогдоогүйгээс гадна шүүх “Б..” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2., Компанийн тухай хуулийн 9-р зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлд нийцжээ.   

       Өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтыг гаргаж өгөх, цуглуулах үүргийг талууд хүлээнэ. Шүүх хэрэгт байгаа баримт, зохигчийн гаргаж өгсөн баримтын хэмжээнд нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэнэ.

       Хэрэгт авагдсан баримтаар, хяналтын гомдолд заасан нөхцөл байдал нотлогдоогүй байна. Хоёр шатны шүүх хэрэгт байгаа баримт, нэхэмжлэлийн шаардлага,зохигчийн тайлбарын талаар дүгнэлт хийхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр,магадлалыг тус тус   хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхив.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШШ2019/00775 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 994 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Б..” ХХК болон Ж.Б- нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч талаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 421,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ