Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 122

 

 

 

 

 

 

 

 

 

Л.Ц-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

 

прокурор Б.Мөнгөншагай,

шүүгдэгч Л.Ц-, түүний өмгөөлөгч Б.Цэнгүүн,

хохирогч О.Арслангийн өмгөөлөгч Ж.Хандсүрэн,

нарийн бичгийн дарга Д.Оргил нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 953 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Ц-ын өмгөөлөгч Б.Цэнгүүний гаргасан давж заалдах гомдлоор Л.Ц-д холбогдох 1803007200387 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ө овгийн Л-н Ц-, 1961 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, зээ охины хамт Сэлэнгэ аймгийн ....... оршин суух бүртгэлтэй, одоо Баянгол дүүргийн ...... тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй /РД:...../;

 

Л.Ц- нь 2018 оны 8 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнийн 00 цаг 30  орчим Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 3 дугаар эмнэлгийн баруун талын замд “Тоёота Приус” загварын, ..... УНХ улсын дугаартай автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч О.Арслан, Д.Цэрэнчимэд нарыг мөргөж, О.Арслангийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас: Л.Ц-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ө овогт Л-н Ц-ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Л.Ц-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ц-д оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3, 499.4 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Л.Цогзолмаагаас 1.410.000 төгрөг гаргуулж хохирогч О.Арсланд олгож, хохирогч нь бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Л.Ц- цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Л.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч түүний эдлэх ялыг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тоолж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Л.Ц-ын В ангиллын 626498 дугаартай жолооны үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шилжүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Л.Ц-ын өмгөөлөгч Б.Цэнгүүн гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасны дагуу анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хохирлыг тодорхой хэмжээнд нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Л.Ц-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Хэдийгээр шүүх дээрх нөхцөлийг үнэлж ял шийтгэл оногдуулсан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэхээс гадна гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, хохирлыг арилгах, зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог. Шүүгдэгч Л.Ц- нь эхнэр, зээ охины хамт ам бүл гурвуулаа амьдардаг бөгөөд ганцаараа ажил, хөдөлмөр эрхэлж, аж амьдралаа залгуулдаг. Хорих ялаа биечлэн эдэлсэн тохиолдолд ажлаа үргэлжлүүлэн хийх боломжгүй болж түүний гэр бүлийнхний хувьд санхүүгийн хүндрэл үүсэхээр байна. Тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан 3.610.000 төгрөгийг төлж барагдуулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор гаргуулахаар шийдвэрлэсэн 1.410.000 төгрөгийг тогтоол гарсны дараа төлсөн. Шүүгдэгч Л.Ц- нь болгоомжгүйгээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлсэн, хохирогчийн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн буруутай үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Л.Ц-д оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тэнсэж, албадлагын арга хэмжээгээ авч өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч Л.Ц- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.

 

Хохирогч О.Арслангийн өмгөөлөгч Ж.Хандсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Л.Ц- нь 2018 оны 8 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 3 дугаар эмнэлгийн баруун талын замд “Тоёота Приус” загварын автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа хохирогч О.Арсланг мөргөж, түүний биед хүнд гэмтэл учруулсан. Анхан шатны шүүх хуралдаан болох үед Л.Ц- хохирол төлөөгүй байсан учраас түүнд 6 сарын хорих ял оногдуулсан. Шүүх хуралдааны дараа Л.Ц- нь баримтаар тогтоогдсон хохирлыг төлж барагдуулсан. Хохирогч О.Арслангийн бие эдгэрч байгаа боловч 5, 6 сар ажлаа хийж чадаагүй. Л.Ц- нь огт эргэж ирдэггүй, уучлалт гуйдаггүй гэсэн утгатай гомдол гаргадаг. Цалингийн зөрүү нэхэмжилдэг боловч нотлох баримтын шаардлага хангахгүй байсан учраас шүүх иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн. Өнөөдрийн байдлаар гэм хорын хохирол арилаагүй, гомдолтой байгаа талаараа хохирогч хэлсэн...” гэв.

 

Прокурор Б.Мөнгөншагай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Хэрэг анхан шатны шүүхээр шийдвэрлэгдэх үед хохирол бүрэн арилаагүй байсан. Мөн өнөөдрийн байдлаар гэм хорын хохирол бүрэн арилсан гэж үзэх боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

 

Шүүгдэгч Л.Ц- нь 2018 оны 8 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хороо, III дугаар эмнэлгийн баруун талын замд “Тоёота Приус” загварын, 06-75 УНХ улсын дугаартай автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэснийг зөрчин замын зорчих хэсэгт такси барихаар зогсож байсан явган зорчигч О.Арслан, Д.Цэрэнчимэд нарыг мөргөж, О.Арслангийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Шүүгдэгч Л.Ц-ын “...Би тэр хоёр хүнийг зам дээр зогсож байгааг хараагүй, чигээрээ явж байгаад тормос гишгээгүй очиж мөргөөд, мөргөснийхөө дараа тормос гишгээд зогссон. Тухайн үед их сандарсан болохоор тэр доороо  гишгэж амжаагүй, нилээн хол очиж зогссон...” гэх мэдүүлэг /хх 61-62/,

 

хохирогч О.Арслангийн “...бид хоёр зам хөндлөн гараад Д.Цэрэнчимэдэд такси барьж өгөх санаатай замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд Цэрэнчимэд гар өргөөд би утсаар яриад зогсож байтал тас гээд явчихсан. Тэрнээс хойш юу болсныг сайн санахгүй, байгаа...” гэх мэдүүлэг /хх 15-16/,

 

гэрч Д.Цэрэнчимэдийн “...бид хоёр зам хөндлөн гараад замын зүүн талаас такси барих гээд замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд  би гар өргөөд, Арслан миний баруун гар талд утсаар яриад зогсож байтал урдаасаа хойшоо чиглэлтэй явсан “Тоёота Приус” загварын, 0675 УНХ улсын дугаартай автомашин шууд чигээрээ ирээд миний зүүн хөл хэсэг лүү мөргөхөөр нь би арагшаа ухраад нүүрээрээ газар шүргээд босоод иртэл чигээрээ яваад миний баруун гар талд 2-3 метр орчим зайтай зогсож байсан О.Арсланг машиныхаа урд хэсгээр мөргөөд цаашаа нэлээн яваад автобусны буудлын тэнд очиж зогсоод жолооч нь бууж ирсэн...” гэх мэдүүлэг /хх 23-24/,

 

“...“Тоёота Приус” загварын 0675 УНХ улсын дугаартай автомашины жолооч Л.Ц- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасныг, явган зорчигч О.Арслан, Д.Цэрэнчимэд нар нь мөн дүрмийн 3.9б, 3.9г-д заасныг тус тус зөрчсөн...” гэх мөрдөгчийн 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн магадлагаа /хх 37/,

 

 “...О.Арслангийн биед баруун чамархай яс болон суурь яс дайрч үргэлжилсэн зөрүүтэй хугарал, зүүн чамархай суур хэсгийн аалзан бүрхүүл доорх цус хуралт, баруун этмойд хөндийн ар хананд зөрүүгүй, духны баруун зүүн хэсгийн хуйхан доор, баруун зүүн нүдний дээд доод зовхи зүүн чихний дэлбэнгийн ар, урд хэсэгт цус хуралттай, баруун мөр, хэвлий, зүүн шилбэнд зулгаралт бүхий хүнд гэмтэл учирсан...” болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 10521 дугаартай дүгнэлт /хх 39/,

 

зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх 2-7/ болон бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон  тогтоогджээ.

 

Жолооч Л.Ц- нь автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчин явган зорчигч О.Арсланг мөргөж, түүний биед хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжтэй байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Л.Ц-ыг  авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

 

 

Шүүгдэгч Л.Ц-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, тухайн зүйлд заасан хорих ялын доод хэмжээгээр буюу 6 сарын хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх тул өмгөөлөгч Б.Цэнгүүний гаргасан “...Л.Ц-д оногдуулсан хорих ялыг тэнсэж, албадлагын арга хэмжээгээ авч өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 953 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Ц-ын өмгөөлөгч Б.Цэнгүүний гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.ПҮРЭВСҮРЭН

 

                        ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                        ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН