Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2020/00711

 

О.Оын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2019/00843 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 1181 дүгээр магадлалтай,

О.Оын нэхэмжлэлтэй

Ш.Нт холбогдох

Худалдсан махны үнэ 1 700 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч П.Амгаланбаатарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч О.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнхзолбоо шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр бид худалдах, худалдан авах гэрээ хийж, 1 хонийг 22.5 кг-аар тооцож, 1 кг-ыг нь 4.300 төгрөгөөр бодож, нийт 153 ширхэг хонийг 14 802 750 төгрөгөөр худалдаж авъя гэж санал тавьсных нь дагуу би түүнд хэлсэн үнэнд нь 153 ширхэг хонио зарсан. Би махныхаа мөнгийг бэлнээр авна шүү гэхэд Ш.Н надад би таньд маргааш 12 цагийн үед шилжүүлье гэж хэлсэн. Маргааш нь Ш.Н рүү залгахад ...махыг чинь авахаа болилоо, та махаа буцааж ав, танд мөнгө өгөхгүй" гэсэн. Уулзаад би Ш.Нээс би махаа буцааж авъя гэтэл миний махыг зарчихсан байсан. Ингээд надад махыг маань буцааж өгөөгүй, мөнгө ч өгөхгүй байсан учраас би арга буюу 102 утсанд цагдаад дуудлага өгсөн. Цагдаа Ш.Нийг баривчилж, тэр дор нь цагдаагийн хэлтэс рүү авч яваад бичиг баримтыг нь хурааж, миний гомдлыг шалгаж эхэлсэн. Гэтэл Ш.Н маргааш нь цагдаа дээр намайг очиход би танд 12.300.000 төгрөгийг нь одоо өгье, та надад гомдолгүй гээд бичээд өгчих, би хэрэгт холбогдмооргүй байна гэж надаас гуйгаад, тэр дор нь надад 12.300.000 төгрөг бэлнээр өгөөд, надаар цагдаад гомдолгүй гэж би цагдаагаас гомдлоо буцааж авсан. Гэвч өнөөдрийг хүртэл Ш.Н надад 2.502.750 төгрөг өгөөгүй байгаад гомдолтой байна. Тиймээс би Ш.Нээс мал мах худалдах, худалдан авах гэрээний үлдсэн төлбөр 2.502.750 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Нэхэмжилсэн шаардлагаас 802 750 төгрөгөөс татгалзаж 1 700 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ш.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр бид худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Миний бие нийт 153 ширхэг хонины гулууз махыг 1 кг-ыг нь 4.000 төгрөгөөр тооцож худалдаж авсан. Ингээд нийт үнэ 12.301.200 төгрөг болсон. Энэ мөнгийг бүгдийг бэлнээр өгсөн. Одоо бидний дунд өр авлага байхгүй учраас энэхүү асуудлыг шударгаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2019/00843 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан Ш.Нээс 1.700.000 төгрөгийг гаргуулж О.От олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54.994 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 42.150 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 1181 дүгээр магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2019/00843 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч П.Амгаланбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 42 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч П.Амгаланбаатар хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Учир нь 2018.09.27-ны өдөр О.О, Ш.Н нарын хооронд “Худалдах худалдан авах гэрээ” байгуулагдсан. Ш.Н нь нийт 153 ш хонины гулууз махыг 1 кг-ыг нь 4000 /дөрвөн мянга/ төгрөгөөр тооцож худалдаж авсан. Ингээд нийт үнэ 12.301.200 төгрөг болсон. Энэ мөнгийг бүгдийг О.От бэлнээр өгсөн. Одоо бидний дунд өр авлага байхгүй гэдэг. Худалдах худалдан авах гэрээ хийхдээ гэрээний үнийг яг хэрхэн тохирсон тодорхойгүй буюу тухайн үнийг тодорхой болгож байгаа ганц баримт нь талуудын хооронд санал гомдол, тооцоо байхгүй гэдэг баримт ба 2018.10.12-ны өдрийн 2857 дугаартай прокурорын тогтоол юм. Энэ нь гомдол санал байхгүй гэдгээ илэрхийлсэн гэсэн байдлаар нотлогдоно. Хэргийг шийдвэрлэхдээ зөвхөн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын үндсэн дээр шийдвэрлэх учиртай. Гэтэл анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүх шийдвэрээ гаргахдаа зөвхөн нэг талын тайлбар болон прокурорын тогтоол гарахаас өмнөх талууд эцсийн байдлаар тохироогүй байсан үеийн цагдаад өгсөн тайлбарыг үндэслэж шийдвэр гаргасан нь буруу тул анхан шатны шүүхийн шийдвэр давж заалдах шатны магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч О.О нь хариуцагч Ш.Нт холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 2 502 750 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 1 700 000 төгрөгийг нэхэмжилжээ.

Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргахдаа гэрээний дагуу худалдан авсан махны үнийг бүрэн төлсөн гэсэн тайлбар гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаад хэвээр үлдээжээ.

Шүүх зохигчийн хооронд үүссэн маргааны талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, маргаантай харилцааг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлжээ.

Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Талууд 2018 оны 9 сарын 27-ны өдөр гэрээ байгуулж, 153 ширхэг хонины гулууз махыг худалдаж, худалдан авахаар тохирч, О.О нь эд хөрөнгийг шилжүүлсэн, Ш.Н нь 12 300 000 төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогдсон ба гэрээний төрөл, гэрээ хүчин төгөлдөр болохыг дүгнэсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна. Гэрээ хүчин төгөлдөр тул гэрээний талууд үүргээ харилцан биелүүлэх үүрэгтэй.

О.О нь 1 кг махны үнийг 4 300 төгрөг, 1 хонийг 22,5кг-аар тооцож 153 ширхэг хонины гулууз махыг нийт 14 802 750 төгрөгөөр худалдсан гэсэн бол хариуцагч нь 1 кг махны үнийг 4 000 төгрөгөөр тохирч, 12 301 200 төгрөгийг төлсөн гэж маргаснаас үзэхэд гэрээний гол нөхцөл болох эд хөрөнгийн үнэ маргааны зүйл болсон байна. Ш.Н нь 2018 оны 10 сард 12 300 000 төгрөгийг О.От өгчээ.

Шүүх Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2018 оны 10 сарын 12-ны өрийн 2857 дугаар прокурорын тогтоол, О.Оын гэрчийн мэдүүлэг, 2018 оны 09 сарын 28-ны өдөр Ш.Нийн гэрчээр өгсөн мэдүүлэг гэх баримтын агуулгыг үнэлж, нэхэмжлэлийг хангах үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт нийцээгүй байна. Эдгээр баримт нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрдсэн баримт бөгөөд гэм буруу тогтоогдсон эсэх үйл баримтад шууд хамааралтай юм.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд талууд нотлох үүргээ биелүүлж, тэдгээрийн гаргасан баримтын хэмжээнд шүүх дүгнэлт өгөх тул шүүх эрүүгийн хэрэгт байсан баримтын агуулгыг тогтоогдсон гэж үзэх үндэслэлгүй ба хэргийн үйл баримтыг зохигч нотлох үүрэгтэй болно.

Хэрэгт байгаа баримтаас үзвэл О.О нь 2018 оны 9 сарын 27-ны өдөр 153 ширхэг хонины гулууз махыг Ш.Нт хүлээлгэн өгсөн байх ба Ш.Н нь 1 хонины жин 22 кг-аас доош байгаа талаар худалдагч талд гомдол гаргаж байгаагүй, 1 кг махны үнийг 4000 төгрөгөөр тогтоосон гэдгээ нотлоогүй байв.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2019/00843 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 1181 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                           Х.СОНИНБАЯР

                    ШҮҮГЧ                                                                     П.ЗОЛЗАЯА