Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 135

 

 

 

 

 

 

 

 

 

А.Д-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Э.Бадрал,

шүүгдэгч А.Д-ийн өмгөөлөгч Ц.Өлзийбаяр,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 831 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч А.Д-ийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 1711011940880 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

М овгийн А-ын Д-, 1997 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Архангай аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн ...... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:....../,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 271 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон;

 

А.Д- нь 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Тэнгис” кинотеатр дотор хохирогч Б.Гэрэлцэцэгийг “гар утсаар чинь ярьчихаад өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, 450.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг галакси Жи7” загварын гар утсыг нь залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: А.Д-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М овгийн А-ын Д-ийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон эд зүйлийг нь залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д-ийн цагдан хоригдсон  55 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Д-ээс 450.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Гэрэлцэцэг /РД: МУ89091760/-т олгож, хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Д-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч А.Д- тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Би гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын талаар ямар нэгэн гомдол, санал байхгүй, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Намайг цагдан хоригдож байхад анхан шатны шүүх хуралдаанаас өмнө буюу 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр миний ээж У.Амгалан хохирогч Б.Гэрэлцэцэгт хохирлын мөнгийг өгч, хохирлыг барагдуулж хор уршгийг арилгасныг шүүх хуралдааны дараа мэдсэн. Хохирогчийн зүгээс хохирлоо авсан, нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэдгээ бичгээр илэрхийлсэн байна. Иймд энэ нөхцөл байдлыг харгалзан, миний эдлээгүй үлдсэн хорих ялыг тэнсэж, үүрэг хүлээлгэж өгнө үү. ...” гэжээ.

 

Шүүгдэгч А.Д-ийн өмгөөлөгч Ц.Өлзийбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...А.Д-ийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. 450000 төгрөгийн хохирлыг гэрийнхэн нь төлж барагдуулсан. А.Д- анхан шатны шүүх хуралдаан болоход энэ талаар мэдээгүй байсан бөгөөд хохирол барагдуулсан талаарх баримтыг шүүгдэгчийн ар гэрийнхэн шүүхэд өгөөгүйн улмаас анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг хэрэглээгүй. А.Д- нь учруулсан хохирлоо төлж барагдуулсан, хохирогчийн зүгээс “хохирлоо бүрэн авсан, нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй” гэдгээ бичгээр илэрхийлсэн. Энэ нөхцөл байдлыг шүүх бүрэлдэхүүн харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг хэрэглэж, А.Д-ийн эдлээгүй үлдсэн хорих ялыг тэнсэж, үүрэг хүлээлгэж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Э.Бадрал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэж болно гэж заасан болохоос заавал хэрэглэнэ гэсэн ойлголт байхгүй. Харин тухайн зүйл, хэсгийг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

 

Шүүгдэгч А.Д- нь 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Тэнгис” кинотеатр руу хохирогч Б.Гэрэлцэцэгийг дагуулан орж “гар утсаар чинь ярьчихаад өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, 450.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг галакси Жи7” загварын гар утсыг аваад буцааж өгөлгүйгээр захиран зарцуулж, Б.Гэрэлцэцэгийг залилсан болох нь:

 

Хохирогч Б.Гэрэлцэцэгийн өгсөн “...А.Д- “хоёулаа манайх руу очьё, манайх “Тэнгис” кино театрын тэнд хамаатныхаа байранд орчихсон байгаа” гэж хэлсэн. ...“Тэнгис” кино театрын гадаа ирээд “манай эгч энд ажилладаг, би эгчээсээ мөнгө аваад ирье, чи хүлээж бай” гэж хэлээд миний утсыг барьсан чигтээ “Тэнгис” кино театр луу орчихсон. Би үүдний өрөөний сандал дээр сууж хүлээгээд гарж ирээгүй, ...ор сураггүй алга болчихсон. ...” гэх мэдүүлэг /хх 25-26/,

гэрч Д.Хосбаярын “...2017 оны 10 дугаар сарын 21-ний орой А.Д- гэх залуу шаргал өнгийн “Самсунг галакси Жи7” загварын 2017 онд үйлдвэрлэгдсэн гар утсыг барьж ирээд 400.000 төгрөгөөр барьцаанд тавих гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд би утсыг нь шалгаж өөрөөр нь кодыг нь онгойлгуулахад мэдэж байсан ба дотор нь өөрийнх нь нэг охинтой авахуулсан зураг байсан. ... 370.000 төгрөгөөр барьцаалсан. ...” гэх мэдүүлэг /хх 33/,

А.Д-ийн яллагдагчаар өгсөн “...Тэр үед би найзтайгаа ярьсан чинь шоудаж байна гэхээр нь тийшээ очихын тулд Б.Гэрэлцэцэгийн “Самсунг галакси Жи7” загварын гар утсыг нь ярьчихаад өгье гэж аваад “Тэнгис” кино театрын баруун талын хаалгаар гараад шууд Модны 2 орж, утсыг нь ломбарданд 370.000 төгрөгөөр тавьсан. ...” гэх мэдүүлэг /хх 45-46/, эд зүйлийн үнэлгээ /хх 36/ болон бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон  тогтоогджээ.

 

Шүүгдэгч А.Д- нь хохирогч Б.Гэрэлцэцэгээс “Самсунг галакси Жи7” загварын утсыг нь “ярьчихаад өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож аваад буцааж өгөлгүй, ломбарданд 370.000 төгрөгийн барьцаанд тавьсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.Д-ийг  бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүхээс түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд тухайн зүйлд заасан хорих ялын доод хэмжээгээр буюу 6 сарын хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгч А.Д-ийн гаргасан “...хорих ялыг тэнсэж, албадлагын арга хэмжээ авч өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 831 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Д-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР                                           

                                    ШҮҮГЧ                                                             М.АЛДАР

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН