Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 114

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, шүүгч С.Батгэрэл, Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Иргэдийн төлөөлөгч Ц.Нарантуяа,

            Нарийн бичгийн дарга О.Болормаа,

            Улсын яллагч Д.Нямсүрэн,

            Шүүгдэгч Ш.Баянмөнх, түүний өмгөөлөгч Б.Зулбаяр,

            Хохирогч Б.Хангал, түүний өмгөөлөгч Д.Туяа,

            Иргэний хариуцагч байгууллагын төлөөлөгч Ж.Болормаа нарыг оролцуулан,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шатарын Баянмөнхөд холбогдох 2015 2503 1198 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1985 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Дундговь аймгийн Хулд суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ “Н” ХХК-ийн “Доргио” бааранд хамгаалалтын туслах ажилтан байсан, ам бүл 5, эхнэр 3 хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Цайз 16а гудамжны 451 б тоотод оршин суух хаягтай, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Олдох овгийн Шатарын Баянмөнх (РД:ЗМ85062310),

нь (яллах дүгнэлтэд тэмдэглэснээр) 2015 оны 8 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо “Доргио” баарны гадна Б.Хангалын хэвлийн тус газарт цохьж амь биед нь аюултай хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, бичгийн бусад нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүгдэгчээс шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ:-2015 оны 8 дугаар сарын 21-ний шөнө “Доргио” нэртэй баарны үүдний такс дээр зогсож байсан. Хамгаалагч нар дотор хэдэн залуучууд зодолдоод байна гээд, хэдэн согтуу залуучуудыг гаргаж ирсэн. Намайг такс дээр зогсож байхад Мэргэн гэдэг залуу нөгөө залуучуудтай муудалцах гээд дайраад байсан. Тэгэхээр нь би Мэргэнд хандаж одоо орж хэрэггүй, зодолдоод асуудалд орно гэж хэлээд оруулаагүй. Тэгээд байж байтал Ганзориг гэдэг залуу бас орж маргаан үүсгэх гээд дайраад байсан. Тэр үед манай хамгаалагч Түвшин дотроос гарч ирээд Ганзоригийг одоо больчих гээд гаргаж ирсэн. Би Мэргэнийг гаргасан. Гадаа гаргахад буцаж орох гээд дайраад байсан. Тэгэхэд Баатарбатын араас арай өндөр залуу нь бооход нь Баатарбат түүнийг үүрээд унагаасан. Энэ үед Ганзориг хажуунаас нь Баатарбат руу бас дайрахад нь тэр Ганзоригийг хавсраад унагаах үед нь би очиж салгасан. Мэргэний гар утас нь газар унасан байхаар нь авч Мэргэнд өгөөд, одоо ингээд больцгоо гэж хэлээд салгасан. Ийм л юм болж өнгөрсөн. Тэр үеийн камерийг шалгаж өгнө үү. Би тэр үед дотроо хар футболктой, гадуураа цэнхэр яктай байсан. Би энэ хүмүүсийг цохиогүй, үүрч шидээгүй гэв.

            Шүүх хуралдаанд хохирогч Б.Хангалаас мэдүүлэхдээ:-2015 оны 8 дугаар сарын 21-нд шилжих шөнө “Доргио” гэдэг бааранд Дэлгэр, Ганзориг, Мэргэн гэх гурван найзтайгаа орсон. Дотор ороод удаагүй байж байтал манай гурван найз алга болсон. Тэгээд дотор хайгаад байхгүй болохоор нь би гадаа гартал гадаа бөөн асуудал болж байсан. Мэргэн газар хэвтэж байсан. Дэлгэр, Ганзориг хоёрыг нэг нэгээр нь түлхэж унагааж байсан. Би дараа нь гэрч болох Цэрэннадмидтай ярилцсан. Одоо болимоор юм гэхээр нь харин тиймээ гээд хойш алхах гэтэл гэнэт наймайг цохьсон. Тэгээд ерөнхийд нь салгаад бүх юм дууссаны дараа шүүгдэгч хүрч ирээд юу ч хэлэлгүй намайг баруун хэвлий буюу элэг рүү гараараа цохьсон. Намайг цохиж байхыг зөндөө хүн харсан. Би цохиулчихаад доошоо суусан. Тэр үед цагаан машинтай таксины жолооч надаас зүгээр үү гэж асууж байсан. Би явж чадахгүй газар сууж байгаад найз нар дээрээ очсон. Намайг цохьсон хүн нь цэнхэр яктай байсан. Таниулах ажиллагаагаар би шууд таньсан. Баянмөнх Мэргэнийг 2 удаа үүрч шидсэн. Тэр үед Мэргэний утас унасан байсан. 1,0 сая орчим төгрөгийн эмчилгээний зардал гарсныг нэхэмжилнэ. Цаашдаа шинжилгээ хийлгэх шаардлагатай. Гомдолой байна. Үнэн зөвөөр нь шийдвэрлэж өгнө үү гэв.

Хохирогчоос мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:-2015 оны 8 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө найз нар болох Мэргэн, Ганзориг, Дэлгэр нарын хамт "Доргио" бааранд шөнийн 01 цаг өнгөрөөгөөд орсон. Бид нар юм яриад бүжиглээд байж байсан. Би угаалгын өрөө орох гээд явж байтал Мэргэнийг нэг хар хувцастай хамгаалагч боогоод гарч байхаар нь би араас нь дагаад гарсан. Мэргэн тэр үед зүв зүгээр байхад яагаад намайг боогоод гаргаж байгаа юм бэ? гэхэд хамгаалагч нь юм дугарахгүй Мэргэнийг түлхээд унагачихсан. Мэргэн босч ирээд яаж байгаа юм бэ? гээд урагшаа алхсан чинь түүнийг үүрч аваад газарт унагасан. Хар өнгийн хамгаалалтын албаны хувцастай том биетэй сахалтай хамгаалагч нь надад хандан найзуудыгаа болиулаач ээ, аваад яваач ээ гэхээр нь би за гээд тэд нарыг салгах гээд дийлээгүй. Тэгэхэд Ганзориг бас гараад ирчихсэн байсан ба түүнийг мөн хар өнгийн хамгаалалтын хувцастай дунд зэргийн нуруутай туранхай биетэй хамгаалагч боож байсан. Дэлгэр нэлээн зайдуу 1-2 хамгаалагчтай зууралдаж байсан. Тэгээд үйл явдал тарж задарч байхад би Мэргэнийг тэндээс холдуулчихаад эргээд харахад цэнхэр өнгийн жинсэн яктай цэвэрхэн царайтай, дундаж өндөртэй булчинлаг биетэй 26-30 орчим насны хамгаалагч миний хэвлий хэсэг рүү нэг удаа цохьсон. Тэгээд би шоконд ороод тэнд зогсч байсан цагаан өнгийн машины араар ороод машины ард нуугдсан. Тэгээд жаахан амьсгаа ороод 3 найз дээрээ очоод би цохиулчихлаа гэж хэлсэн. Тэгээд Ганзориг Дэлгэр 2 гэр рүүгээ яваад Мэргэн бид хоёр түүний 2 эмэгтэй найзтай уулзаад "Ривер бийч" гэдэг амралтын газар очиж агаар амьсгалчихаад "Пийс бридж" зочид буудалд орсон. Буудалд ороход миний бие өвдөөд 1 дүгээр эмнэлэг рүү таксидаад ганцаараа яваад яаралтай түргэн тусламжийн тасагт очиж үзүүлэхэд таны элэг бяцарсан байна, дотуур цус алдаж байна гэсэн тул шууд эмнэлэгт хэвтсэн. Би бааранд орохоос өмнө эрүүл байсан.бааранд хүнтэй муудалцаж маргалдаагүй. Тэгтэл тэр цэнхэр яактай залуу аль гараараа цохисныг мэдээгүй нэг удаа цохьсон. Намайг цохиулах үед гадаа таксины жолооч нар болон тамхи татаад зогсч байсан хүмүүс байсан. Гэхдээ намайг цохисныг харсан эсэхийг мэдэхгүй байна. Миний таньдаг хүмүүс болон найз нар бол байгаагүй гэжээ.

Шүүх хуралдаанд гэрч Б.Ганзоригоос мэдүүлэхдээ:-Бид нарын ширээний хажууд нэг хамгаалагч ирээд зогсож байсан. Тэгээд хүмүүстэй юм ярьж байхад бид нарыг шууд өчөөд гаргасан. Тэгээд яагаад ингэж байгаа юм бэ гэхэд бид нарыг шууд чирээд шидээд гаргасан. Тэгээд гадаа 15 минут гаран боож зогссон. Би арай гэж тавиулаад та хэн бэ гэхэд би эд нарын ахлах нь гэж хэлсэн. Тэгээд хартал Мэргэнийг аваад шидэж байсан. Манай бас нэг найзыг бас аваад шидэж байсан. Бид нар тэгээд больсон. Тэгтэл Б.Хангал хамгаалагч намайг цохьчихлоо гэж ирсэн. Бид нар тэгтлээ согтоогүй байсан. Шүүгдэгч цэнхэр хүрэмтэй байсан гэв

Гэрч Б.Ганзориг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:-Мэргэн, Дэлгэр, Хангал бид 4 бааранд ороод 50,50 грамм виски болон пиво уусан. Мэргэн үүдний текэн дээр үл таних 2-3 залуутай юм яриад зогсч байсан, намайг тэдэн рүү яваад очиход Мэргэн 00 ороод ирье гээд явсан. Намайг тэр залуучуудтай юм яриад байж байхад Дэлгэр ирээд намайг угаалгын өрөө рүү дагуулаад явсан. Тэгээд Мэргэн, Дэлгэр бид 3 буцаж ширээ рүүгээ явж байхдаа нөгөө залуучуудтай таарсан чинь нөгөө залуу нь миний мөрөн дээр гараа тавиад намайг гараад үзчих үү гэхээр нь би өөрөөсөө холдуулаад зогсч байтал хажууд зогсч байсан хар футболктой намхан бор залуу бид нарыг маргалдаж байна гэж бодоод, шууд намайг өчөөд үүдний хэсэгт аваачсан. Тэгээд би та нар чинь яагаад зүгээр байхад гаргаж байгаа юм бэ бид нар мөнгөө төлсөн ш дээ гэсэн чинь намхан халзан толгойтой 40-45 насны орчим залуу ирээд шууд заамдаад гадаа гаргасан. Тэгсэн чинь тэр хооронд Мэргэн Дэлгэр 2 араас хамт гарч ирсэн байсан. Тэгээд намайг боож гаргасан хамгаалагч болон Мэргэнийг гаргаж ирсэн цэнхэр яактай хамгаалагч залуу Мэргэн бид хоёрыг барьж аваад тонгороод газар савуулаад байсан. Тэгээд байж байхад Хангал гараад ирсэн байсан. Тэгээд бид нар хамгаалагч нараас салаад баарны хаалганы хойд хэсэгт шатан дээр суухад Хангал хамгаалагчид цохиулчихлаа гэсэн. ... Бид нар бааранд ямар нэг зодоон цохион хийгээгүй, хамгаалагч нар бид нарыг зүй бусаар баарнаас гаргасан. Гадна 4 хамгаалагч байсан. Бэлтгэлийн өмд цамцтай сахалтай хамгаалагч нь бид нарт ойртоогүй, харин цэнхэр яактай эрүүн доороо сахалтай хурц царайтай залуу болон намайг анх гаргаж ирдэг бор царайтай намхан булчинлаг хамгаалагч болон шар царайтай хамгаалагч 3 бид нарыг гаргасан. Бид нар хамгаалагч гартай зодолдсон асуудал байхгүй. Би яг тухайн үед Хангалыг хараагүй, сүүлд эмнэлэгт байхад нь асуухад Мэргэнийг цэнхэр яактай хамгаалагч хоолойг нь боогоод гаргахад яагаад ингэж байгаа юм бэ гэхэд нь нөгөө хамгаалагч зодолдох гэж байгаа юм шиг өрөлт аваад хэвлий хэсэг рүү нь цохьчихсон гэж Хангал өөрөө хэлсэн гэжээ.

Гэрчүүдээс мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:

1.Б.Солонгоос:-...Тэр шөнө найз Нямрагчаагийн хамт шөнийн 03-04 цаг өнгөрч байхад танил Хангал Мэргэн хоёртой Энхтайваны гүүрэн дор байдаг Пийс бридж нэртэй буудалд орсон ба ороод нэг их удаагүй байхад үүр цайсан. Өглөө 09 цагийн үед сэрэхэд Хангал орон дээрээ суучихаад бие өвдөөд байна гээд байсан. Тэр хоёртой тааралдахад согтуу байсан, гадна ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Зодоон хийсэн гэж ярихгүй байсан гэжээ.

2.Б.Мэргэнээс:-...Тэр залуу манай найз Ганзоригтой маргалдах гээд зогсч байхаар нь би болиулаад за баяртай гээд явах гэтэл нөгөө залуу Ганзоригийн мөрөн дээр нь гараа тавьтал хар хувцастай намхан хамгаалагч залуу бид нарыг зодолдох гэж байна гэж бодоод ирээд Ганзоригийг боогоод үүд рүү гаргасан. Би бас боолгосондоо бухимдаад жаахан хэл ам хийхэд нөгөө хамгаалагч нар нь онгироод түлхээд байсан. Ганзориг нөгөө хамгаалагчтай хэрэлдэж байсан, Дэлгэр, Хангал 2 юу хийж байсныг бол анзаараагүй. Тэгээд хажуу талын шатан дээр бөөнөөрөө сууж байхад Хангал хажуунаас намайг нэг хамгаалагч цохьчихлоо гэж байсан, яг ямар хамгаалагч хааш нь цохьсон гэдгийг хэлээгүй. Тэгээд ч Хангалын биед ил гэмтэл байгаагүй болохоор нэг их тоогоогүй юм. 2 охинтой буудалд хоноод өглөө 09 цагийн үед босоод 00 орох гэтэл Хангал орон дээрээ атиралдаад хэвтэж байсан. Удалгүй Хангал намайг сэрээгээд би явлаа миний бие их муу байна гээд явсан өдөр нь Хангалыг эмнэлэгт хэвтсэн байна гэхэд нь мэдсэн гэжээ.

3.Э.Дэлгэрээс:-...нөгөө голлоод байсан 2 хамгаалагч Мэргэн Ганзориг хоёрыг үүрч шидээд байсан. Тэгж байтал цэнхэр өнгийн яактай хамгаалагч нь карма урчихлаа гэж уурлаад хүн болгон руу дайраад, намайг машины хамар дээр хэвтүүлээд цохих гээд байхаар нь би болиулаад холдсон юм, тэр хооронд л Хангал цохиулсан байх. Бид нар маргалдахаа болиод шат руу очиж суухад Хангал нэг хамгаалагч элэг рүү цохьсон гэж хэлсэн. Тэгээд бид нар харахад зүгээр байсан болохоор тоогоогүй. Хангал хүнтэй муудалцаж, зодолдож цохилцоогүй, бид нарыг салгах гэж байгаад л цохиулсан байх гэжээ.

Шүүх хуралдаанд иргэний хариуцагч “Н” ХХК-ийн төлөөлөгч Ж.Болормаагаас мэдүүлэхдээ:-Манай ажилтан Ш.Баянмөнх өөрөө цохиогүй гэж хэлж байна. Хэрвээ үнэхээр манай ажилтан хохирогчийг цохьсон гэдэг нь батлагдаад, Ш.Баянмөнхийн буруу гэсэн шийдвэр гарах юм бол манай компанийн зүгээс хохирлыг хариуцна. Цаашдын эмчилгээний зардлыг бол төлөхгүй гэв.

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2015.8.26-ны ¹12236 тоот актын дүгнэлтэд:

1.Б.Хангалын биед хэвлийн битүү гэмтэл, элэгний няцрал, элэгний капсул доорхи цусан хураа, хэвлийн хөндийд шингэн хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна гэжээ.

Шинжээч эмч Н.Туяаг байцаасан тэмдэглэлд:-Б.Хангалын биед хэвлийн битүү гэмтэл, элэгний няцрал, элэгний капсул доорхи цусан хураа, хэвлийн хөндийд шингэн хуралт гэмтэл тогтоогдсон байна. Уг гэмтлийг яг ямар үйлчлэлээр үүссэнийг ялгах боломжгүй. Аль ч нөхцөлд үүсэх боломжтой. Гэмтэл авснаас хойш хэвлийн байдалд байх хугацааг тогтоох боломжгүй. Элэг няцарсан учир байнга өвдөлт мэдрэгдэнэ. Хэвлийн хөндийд цус алдалт байхгүй учир удаан хугацаанд эмнэлгийн тусламж авахгүйгээр явах боломжтой. 1 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой гэжээ.

Шүүх дээрх баримтуудыг дүгнэн үзэхэд шүүгдэгч Ш.Баянмөнх нь 2015 оны 8 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших “Доргио” бааранд хамгаалалтын туслах ажилтнаар ажиллаж байх үедээ тус бааран дотор маргаан үүсгэлээ гэх шалтгаанаар уг баарны гадна талд Б.Хангалын хэвлийн тус газарт нь гараараа цохьсоноос хохирогчийн биед хэвлийн битүү гэмтэл, элэгний няцрал, элэгний капсул доорхи цусан хураа, хэвлийн хөндийд шингэн хуралт бүхий хүнд гэмтэл учруулсан болох нь хохирогч Б.Хангалын “…Мэргэн, Ганзориг, Дэлгэр нарын хамт "Доргио" бааранд шөнийн 01 цаг өнгөрөөгөөд орсон. Мэргэнийг нэг хар хувцастай хамгаалагч боогоод гарч байхаар нь би араас нь дагаад гарсан. Ганзориг бас гараад ирчихсэн байсан ба түүнийг мөн хар өнгийн хамгаалалтын хувцастай дунд зэргийн нуруутай туранхай биетэй хамгаалагч боож байсан. Дэлгэр нэлээн зайдуу 1-2 хамгаалагчтай зууралдаж байсан. Тэгээд үйл явдал тарж задарч байхад би Мэргэнийг тэндээс холдуулчихаад эргээд харахад цэнхэр өнгийн жинсэн яктай цэвэрхэн царайтай, дундаж өндөртэй булчинлаг биетэй 26-30 орчим насны хамгаалагч миний хэвлий хэсэг рүү нэг удаа цохьсон” гэх мэдүүлэг, гэрч Б.Ганзоригийн “…нөгөө залуу нь миний мөрөн дээр гараа тавиад намайг гараад үзчих үү гэхээр нь би өөрөөсөө холдуулаад зогсч байтал хажууд зогсч байсан хар футболктой намхан бор залуу бид нарыг маргалдаж байна гэж бодоод, шууд намайг өчөөд үүдний хэсэгт аваачсан. ... намхан халзан толгойтой 40-45 насны орчим залуу ирээд шууд заамдаад гадаа гаргасан. Тэгсэн чинь тэр хооронд Мэргэн Дэлгэр 2 араас хамт гарч ирсэн байсан. Тэгээд намайг боож гаргасан хамгаалагч болон Мэргэнийг гаргаж ирсэн цэнхэр яактай хамгаалагч залуу Мэргэн бид хоёрыг барьж аваад тонгороод газар савуулаад байсан. Тэгээд байж байхад Хангал гараад ирсэн байсан. Тэгээд бид нар хамгаалагч нараас салаад баарны хаалганы хойд хэсэгт шатан дээр суухад Хангал хамгаалагчид цохиулчихлаа гэсэн” гэх мэдүүлэг, гэрч Б.Солонгын “…Өглөө 09 цагийн үед сэрэхэд Хангал орон дээрээ суучихаад бие өвдөөд байна гээд байсан” гэх мэдүүлэг, гэрч Б.Мэргэний “Би бас боолгосондоо бухимдаад жаахан хэл ам хийхэд нөгөө хамгаалагч нар нь онгироод түлхээд байсан. Ганзориг нөгөө хамгаалагчтай хэрэлдэж байсан Дэлгэр, Хангал 2 юу хийж байсныг бол анзаараагүй. Тэгээд хажуу талын шатан дээр бөөнөөрөө сууж байхад Хангал хажуунаас намайг нэг хамгаалагч цохьчихлоо" гэж байсан” гэх мэдүүлэг, гэрч Э.Дэлгэрийн “…нөгөө голлоод байсан 2 хамгаалагч Мэргэн Ганзориг 2-ыг үүрч шидээд байсан. Тэгж байтал цэнхэр өнгийн яактай хамгаалагч нь карма урчихлаа гэж уурлаад хүн болгон руу дайраад намайг машины хамар дээр хэвтүүлээд цохих гээд байхаар нь би болиулаад холдсон юм тэр хооронд л Хангал цохиулсан байх. Бид нар маргалдахаа болиод шат руу очиж суухад Хангал нэг хамгаалагч элэг рүү цохьсон гэж хэлсэн. Хангал хүнтэй муудалцаж, зодолдож цохилцоогүй, бид нарыг салгах гэж байгаад л цохиулсан байх” гэх мэдүүлэг, хүн таньж олуулсан ажиллагааны тухай тэмдэглэл (хх-11-12, 219), гэрэл зургийн үзүүлэлт (хх-13-14), хохирогчийн биед үзлэг хийсэн 2015.8.26-ны ¹12236 тоот акт, шүүгдэгчийн “Н” ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, хохирогчийн өвчний түүх, хохирогчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.

Иймд шүүгдэгч Олдох овгийн Шатарын Баянмөнхийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Б.Хангалаас эмчилгээний зардалд гарсан 985.000 төгрөгийн баримтыг шүүхэд ирүүлсэн ба шүүгдэгч нь “Н” ХХК-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж, албан үүргээ гүйцэтгэх явцдаа бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг Иргэний хууль болон хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу ажил олгогч “Н” ХХК-иас хариуцуулахаар шийдвэрлэлээ.

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангид заасны дагуу хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн, мөн шүүгдэгчийн хувьд бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан мөн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1--д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан ялын доод хэмжээнээс доогуур хөнгөрүүлэх боломжтой гэж үзлээ.

Түүнчлэн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, түүний хувийн байдлыг харгалзан хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлэхээр шийдвэрлэв.

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Олдох овогт Шатарын Баянмөнхийг бусдын эд бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар шүүгдэгч Ш.Баянмөнхийг 3 (гурав) жил 5 (тав) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан, мөн зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ш.Баянмөнхөд оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар иргэний хариуцагч “Н” ХХК-иас 985.000 (есөн зуун наян таван мянга) төгрөгийг гаргуулж, хохирогч Боржигон овогт Батсайханы Хангал (РД:УХ88110813)-д олгосугай.

6.Шүүхийн тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ш.Баянмөнхөд урьд авсан бусдын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

Шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

Иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ

 

              ШҮҮГЧИД                                          С.БАТГЭРЭЛ

 

     Б.ХАЛИУН