Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2018/ШЦТ/206

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2018/0022/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч И.Атарбямба, Н.Баярмаа,

Шүүгдэгч Д.Х-, Ц.Б- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т- овогт Д-ийн Х-, Ц- овогт Ц-ийн Б- нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1718000000170 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Монгол Улсын иргэн, 1965 оны 2 дугаар сарын 7-ны өдөр Булган аймгийн Бүрэгхангай суманд төрсөн, 53 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, Дархан-Уул аймгийн Дархан сумын .... тоотод түр оршин суух хаягтай, Т- овогт Д-ийн Х- / /.

2. Монгол Улсын иргэн, 1967 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, токарьчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, Мангирт 1 дүгээр хэсэг, 3 дугаар брак гудамжны 3 тоотод оршин суух албан ёсны хаягтай, одоо оршин суух тодорхой хаяггүй, Дархан сумын ... гэх, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Ц- овгийн Ц-ийн Б- / /.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/.

 

Шүүгдэгч Д.Х-, Ц.Б- нар нь бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 13 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын ... тоотод оршин суух иргэн Д.Д-ийн гэрт нэвтрэн “Ай-пөүн 5 эс” загварын гар утас нэг ширхэг, нэхий дотортой богино түрийтэй эрэгтэй хүний гутал 1 хос зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 400,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Х-, Ц.Б- нар нь бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 13 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг, 15 дугаар байрны 70 тоотод оршин суух иргэн Д.Д-ийн гэрт нэвтрэн “Ай пөүн 5 эс” загварын гар утас нэг ширхэг, нэхий дотортой богино түрийтэй эрэгтэй хүний гутал 1 хос зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 400,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Д.Д-ийн “...Би 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өөрийн амьдран суух Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг, 15 дугаар байрны 70 тоотод өдөр цайны цагаар буюу 12:30 цагийн алдад ирээд үүдний коридор хэсэгт нэхий дотортой ажлын хагас түрийтэй хүрэн гутлаа тайлж тавиад гал зуухны өрөөндөө орж утсаар ярьж байгаад галын өрөөний хоолны ширээн дээр өөрийн хэрэглэдэг “Ай пөүн 5 эс” маркийн гар утсаа тавиад том өрөөний буйдан дээрээ хэвтэж байтал унтчихсан байсан. Тэгээд 14 цаг өнгөрч байхад сэрээд босоход үүдний бүргэд хаалга бага зэрэг онгойсон зайтай байсан. Тэгээд би хаалгаа дотор талаас нь татаж хаачхаад ажилдаа явахаар гутлаа өмсөх гэхэд гутал байхгүй байхаар нь утсаар ярих гээд гал зуухны өрөөний ширээн дээр тавьсан утсаа авах гэхэд миний гар утас байхгүй байсан. Ингээд гэрээ цоожлоод хэсгийн цагдаадаа хэлж мэдэгдсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21/,

 

Гэрч Б.П-гийн “...2017 оны 11 дүгээр сарын 17-ны орой 17-18 цагийн хооронд байрны 14 дүгээр байрны үйлчлэгч Шинээ эхнэртэйгээ хамт манай дэлгүүрт орж ирсэн. Нөхөр Шинээ нь лаа аваад гараад явсан чинь эхнэр Х- ганцаараа дэлгүүрт үлдээд эгчид нь ийм утас байна гээд “Ай пөүн 5 эс” маркийн гар утас гаргаж ирсэн. Тэгээд үзсэн чинь кодтой байхаар нь хэдэн төгрөгөөр зарах юм бэ гэсэн чинь нэг шил архи өгчих гэхээр нь 0,5-ын нэг шил архи өгөөд гар утсыг нь авсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13/,

 

“Капитал зууч” ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн “...“Ай пөүн 5 эс” маркийн гар утас, ОХУ-д үйлдвэрлэсэн эрэгтэй хүний нэхий дотортой богино түрийтэй гутал 1 хос зэрэг эд зүйлийн зах зээлийн өнөөгийн ханш 400,000 төгрөг” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 28/,

 

Шүүгдэгч Д.Х-, Ц.Б- нарыг 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр нүүрэлдүүлж байцаасан байцаалтад Ц.Б-ийн өгсөн “...Одоо би үнэнээ хэлье. Тэр өдөр Х- 15-р байрны 6-р орц руу орж орцны хог авна, айлуудаас цэвэрлэгээний мөнгөө авна гэж байсан. Тэгээд Х- 6-р орц руу түрүүлээд орсон. Намайг араас нь дээш гарч байхад 3 билүү 4 давхрын айлын хаалгыг татаад Х- орсон байсан. Тэгээд намайг очиход намайг нааш ир гэж Х- дуудаад тухайн айл руу би орсон. Тэр айлд нэг эрэгтэй хүн том өрөөний диван дээр ганцаараа унтаж байсан. Тухайн айлд өөр хүн байгаагүй. Тэгсэн Х- намайг утсыг авчих гэсэн. Би бас үүдэнд байсан гутлыг нь аваад тухайн айлаас гарсан. Тэр айлаас авсан гутлыг хажуугийн орчны үйлчлэгч Сайнаагийн гэрт оруулж тавиад гар утсыг нь Х-гийн хамт Хана дэлгүүр лүү орж гар утсыг нь зарахаар асуухад худалдагч эмэгтэй нь энэ гар утасны кодыг нь мэдэхгүй бол авахгүй гэсэн. Х- надад тэр зүйлүүдийг орцноос олсон гэж хэлээрэй гэсэн” гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Э-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Б- надад ярихдаа “Х- орц цэвэрлэдэг айлаасаа цэвэрлэгээний мөнгөө авах гэж айл руу орсон. Ингээд Х- тэр айлдаа орчхоод намайг дуудаад тэр айлд хамт ороход эзэн нь том өрөөндөө унтаж байсан. Х- намайг гар утсыг нь авчих гэж байгаад гар утсыг нь авахуулсан. Ингээд тэр айлаас гарч яваад гутлыг нь нэг хүнд оруулж өгөөд гар утсыг нь дэлгүүрт архиар солих гэхэд худалдагч нь кодыг нь асуугаад мэдэхгүй гэхэд аваагүй. Ингээд гар утсыг Олон улсын худалдааны төв явж зарах гээд зарж чадаагүй.Ээжийг харих гэхэд Х- нь миний цэвэрлэдэг орцны айлаас наад гар утсаа авсан биздээ, надад өг гэж хэлээд тэр гар утсыг Х- аваад үлдсэн гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 192/,

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 199-203/,

 

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 51-54/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Д.Х- “...Би хулгайн хэрэгт хамтран оролцоогүй, Б- худлаа ярьж байна, уг гар утас, гутлыг хогон дээрээс олсон гэж хэлсэн” гэж мэдүүлж байх боловч шүүгдэгч нарыг нүүрэлдүүлэн байцаахад шүүгдэгч Ц.Б-ийн өгсөн “...Одоо би үнэнээ хэлье. Тэр өдөр Х- 15-р байрны 6-р орц руу орж орцны хог авна, айлуудаас цэвэрлэгээний мөнгөө авна гэж байсан. Тэгээд Х- 6-р орцруу түрүүлээд орсон. Намайг араас нь дээш гарч байхад 3 билүү 4 давхрын айлын хаалгыг татаад Х- орсон байсан. Тэгээд намайг очиход намайг нааш ир гэж Х- дуудаад тухайн айл руу би орсон. Тэр айлд нэг эрэгтэй хүн том өрөөний диван дээр ганцаараа унтаж байсан. Тухайн айлд өөр хүн байгаагүй. Тэгсэн Х- намайг утсыг авчих гэсэн. Тэгэхээр нь би бас үүдэнд байсан гутлыг нь аваад тухайн айлаас гарсан, ... Х- надад тэр зүйлүүдийг орцноос олсон гэж хэлээрэй гэсэн” гэх мэдүүлэг, гэрч Б.Эрдэнэтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Б- надад ярихдаа “Х- орц цэвэрлэдэг айлаасаа цэвэрлэгээний мөнгөө авах гэж айл руу орсон. Ингээд Х- тэр айлдаа орчхоод намайг дуудаад тэр айлд хамт ороход нь эзэн нь том өрөөндөө унтаж байсан. Х- намайг гар утсыг нь авчих гэж байгаад гар утсыг нь авхуулсан. Ингээд тэр айлаас гарч яваад гутлыг нь нэг хүнд оруулж өгөөд гар утсыг нь дэлгүүрт архиар солих гэхэд худалдагч нь кодыг нь асуугаад мэдэхгүй гэхэд аваагүй. Ингээд гар утсыг Олон улсын худалдааны төв явж зарах гээд зарж чадаагүй. Ээжийг харих гэхэд Х- нь миний цэвэрлэдэг орцны айлаас наад гар утсаа авсан биз дээ, надад өг гэж хэлээд тэр гар утсыг Х- аваад үлдсэн гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг, Д.Б-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, Б.Пүрэвсамбуугийн мэдүүлэг зэргээр үгүйсгэгдэж байна.

 

Гар утас болон гутлыг “хогон дээрээс олсон” байх үндэслэл тогтоогдоогүй ба шүүгдэгч Ц.Б- шүүхийн хэлэлцүүлэгт болон мэдүүлгийг шалгах ажиллагаанд хохирогчийн унтаж байсан өрөө, ор, өрөөнд байсан эд хогшлын байрлал, гар утас, гутал байсан газар зэргийг тодорхой мэдүүлж байх ба дээрх байдлыг тааж мэдүүлэх боломжгүй юм.

 

Шүүгдэгч Ц.Б-ийн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Ц.Б-, Д.Х- нарыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Х- “гэрч Пүрэвсамбуу гэртээ байхад орж ирээд нөгөө утас чинь байгаа юу гэхээр нь би гарч утсыг Пүрэвсамбууд өгч нэг шил архиар сольсон, Пүрэвсамбуу манайх руу орж ирснээ мэдүүлээгүй, худлаа мэдүүлэг өгч байна” гэж мэдүүлж байх боловч Д.Х- нь гар утсыг архиар сольсон талаар маргахгүй байх тул Пүрэвсамбуу Д.Х-гийн гэрт орсон эсэх нь хэрэгт ач холбогдолгүй гэж үзэв.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч Д.Д- нь мөрдөн байцаалтын шатанд эд зүйлээ биет байдлаар нь хүлээн авсан, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Ц.Б-, Д.Х- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд  “гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах ялыг хөнгөрүүлж болохоор заасан ба шүүгдэгч Ц.Б- нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар түүнд оногдуулах ялыг хөнгөрүүлж мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгтэй тэнцэх хэмжээний хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.Х-гийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй боловч үйлдсэн хэрэг нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдсон байх тул түүний хувийн байдал, үйлдсэн хэргийн шинж чанар, төлбөргүй зэргийг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг зэргийг харгалзан оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.Х-, Ц.Б- нар энэ хэрэгт тус тус 118 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10-р зүйлд зааснаар цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон эдлэх ялаас хасаж, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн, хураасан хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т- овогт Д-ийн Х-, Ц- овогт Ц-ийн Б- нарыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Д.Х-, Ц.Б- нараас гаргуулах төлбөргүй болохыг дурдсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар Т- овогт Д-ийн Х-д 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дах хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар Ц- овогт Ц-ийн Б-д 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Х-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих, Ц.Б-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Д.Х-, Ц.Б- нарын энэ хэрэгт тус тус цагдан хоригдсон 118 хоногийг хорих ялын 118 хоногоор тооцож эдлэх ялаас хассугай.

6. Энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн, хураасан хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.ГЭРЭЛТ-ОД