Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2020/00639

 

“... арвин групп” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн       

          2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 184/ШШ2019/01191 дүгээр шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 1480 дугаар магадлалтай,      

          Нэхэмжлэгч: “... арвин групп” ХХК

          Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар

          Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: “Капитал банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч

          Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.А-ийн гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нараа, нарийн бичгийн даргад Б.Уранзаяа нар оролцов.

          Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: ... арвин групп ХХК нь Капитал банк ХХК-д 1,083,916,598 төгрөгийг төлөх шийдвэр гарсан. Нэхэмжлэгчийн саналыг хариуцагч  харгалзахгүй, 2 өрөө орон сууцыг 127,500,000 төгрөгөөр, газар болон байшинг 73,168,000 төгрөгөөр, Баянгол дүүрэгт байрлах байгууламжийг 513,600,000 төгрөгөөр, Сонгинохайрхан дүүрэгт байрлах Фермийг 249,067,000 төгрөгөөр гэх мэтчилэн зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн нь хууль зөрчсөн. Эд хөрөнгийг үнэлэхдээ төлбөр төлөгч, төлбөр авагч болон өмчлөгч нарыг харилцан тохиролцуулах арга хэмжээг аваагүй, хөрөнгө үнэлэхэд төлбөр төлөгч болон өмчлөгчийг байлцуулаагүйгээр үнэлсэн, нэхэмжлэгч талын саналыг хариуцагч байгууллага нь харгалзан үзээгүй нь хууль зөрчсөн. Нэхэмжлэгчээс хүсэлт гаргаж мөн шүүхийн журмаар хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн боловч нэхэмжлэгч байгууллагад хүлээн зөвшөөрөгдөхөөр үнэлгээ гараагүй. Мөн уг хоёр үнэлгээ нь хоорондоо зөрүүтэй байгаа учраас хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцуулах үндэслэлтэй. 2017-06-06-ны өдрийн 3/16273 тоот хариуцагч байгууллагаас ирүүлсэн албан бичгийн дагуу хөрөнгийн үнэлгээг мэдсэн байгаа. Ингэж мэдсэнээс 7 хоногийн дотор гомдол гаргасан байгаа. Энэ талаарх баримтыг хэрэгт хавсаргасан. Нийтийн жишиг үнийн байдлаар хөрөнгийг үнэлэх нь зүйтэй. Тухайн үнэлгээг бүхэлд нь үнэлэхэд шүүхийн шийдвэрт дурдсан төлбөрөөс дээгүүр гарна. Тийм учраас нэхэмжлэгч талаас хамгийн том хөрөнгөө худалдан борлуулаад өр төлбөрөө төлөх саналтай байгаа. Хоёр үнэлгээ нь нийт үнийн дүнгээр болон эд хөрөнгө бүрд хийгдсэн үнэлгээ нь зөрүүтэй байгаа. Шүүхэд Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-иар үнэлүүлсэн үнэлгээг хүчингүй болгуулах хүсэлттэй байгаа. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

        Хариуцагч тайлбартаа: Шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчээс 1,083,916,598 төгрөгийг гаргуулан Капитал банк ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу 2017-01-26-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн. Нэхэмжлэгч талд төлбөр барагдуулахыг мэдэгдсэн боловч төлбөр барагдуулаагүй. Ингээд нэхэмжлэгч байгууллагын хөрөнгийг битүүмжилсэн. Хөрөнгийн үнэлгээг хөндлөнгийн байгууллага болох Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-иар хийлгэсэн. Шинжээчид эрх, үүрэг тайлбарлан өгч, ашиг сонирхлын зөрчилгүй болох талаар мэдэгдэл авсан. Шинжээч нь хуульд заасны дагуу хөрөнгийг үнэлсэн. Нэхэмжлэгч байгууллагад үнэлгээг мэдэгдсэн байдаг. Төлбөр төлөгч ... арвин групп ХХК-ийн захирал Д.А- болон хамтран өмчлөгч Ц.Оюунтунгалаг, А.Буянтогтох, А.Болор нарт 2017-06-06-ны өдрийн 3/16273 тоот үнэлгээний мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлсэн. Хуульд заасны дагуу үнэлгээтэй холбоотой гомдлыг шүүхэд 7 хоногийн дотор гаргах ёстой байтал гаргаагүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж хөрөнгийг хэт багаар үнэлсэн гэдэг талаарх баримтыг гаргаж өгөөгүй. Ийм учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

        Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд тайлбартаа: ..Шүүхийн журмаар болон шийдвэр гүйцэтгэх газраас хөрөнгийг үнэлүүлж хөрөнгийн үнэлгээг тогтоосон... Эдгээр хоёр дүгнэлт их зөрүү байхгүй. Мэдээж цаг хугацааны хувьд зөрүүтэй тул зах зээлийн үнэлгээ хэлбэлзэх боломжтой. Нэхэмжлэгч тал хөрөнгөө өөрсдөө худалдан борлуулах бүрэн боломжтой. Гуравдагч этгээд талаас заавал барьцаа хөрөнгийг авах сонирхол байхгүй. Капитал банк ХХК-ийг татан буулган эрх хүлээн авагч томилогдсон байгааг бүгд мэдэж байгаа. Хэрэг удаашрах нь банкны хадгаламж эзэмшигчдийн эрх ашиг давхар хөндөгдөж байгаа. Хөрөнгийн үнэлгээ болон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан журмын дагуу хийгдсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Эд хөрөнгөө худалдан борлуулаад төлбөрөө барагдуулах ажиллагааг талуудтай хамтарч хийх бүрэн боломжтой гэжээ.

        Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 184/ШШ2019/01191 дүгээр шийдвэр гаргаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай ... арвин групп ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 351,000 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 280,800 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж ... арвин групп ХХК-д олгож, шүүхээс томилсон шинжээчийн зардал болох 1,500,000 төгрөгийг нэхэмжлэгч ... арвин групп ХХК-аас гаргуулж Итгэлт эстимэйт ХХК /Капитрон банк дахь 3022005743 тоот данс/-д олгохоор шийдвэрлэжээ.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 1480 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 184/ШШ2019/01191 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн байна.

        Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.А- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байхад давж заалдах шатны шийдвэрийг хэвээр үлдээсэн нь ИХШХШТХ-ийн 168.1.1-г зөрчсөн. Нийслэлийн шүүхийн шийдвэр биелүүлэх газар нь компанийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэх, бусад ажиллагаа явуулахдаа хуулиар тогтоосон журмыг зөрчиж, төлбөр төлөгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хохироосон нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлийн барьцаанд тавьсан хөрөнгүүдийг анх барьцаалсан үнээс хэд дахин доогуур үнэлж, дуудлага худалдаанд оруулахаар болсон нь талуудын тохиролцсон үнийг шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагаагаар өөрчилж, төлбөр авагчид ашигтай байдалд хүргэж байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

       ... арвин групп ХХК 2017-06-27-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, үнэлгээ хүчингүй болгохыг шаардсан байна.

       Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ.

       Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       Хэрэгт авагдсан баримтаар ... арвин групп ХХК-с 1,083,916,598 төгрөг гаргуулж Капитал банк-д олгох, төлбөрийг сайн дураар эс төлбөл шийдвэрт заасан хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангах тухай 184/ШШ2016/01165 дугаар шийдвэрийг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016-10-04-ний өдөр гаргасан, уг шийдвэр биелэгдээгүй тул албадан гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн нь тогтоогдсон байна.

       Төлбөр төлөгч хүчин төгөлдөр шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйгээс шүүхээс захирамж гарч, хариуцагч албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж, нэхэмжлэлд дурдсан эд хөрөнгийг битүүмжилж, хураан авч, төлбөр төлөгч мөн өмчлөгч нараас үнийн санал авч  үнэлгээ хийлгэхээр шинжээч томилсон нь хуульд заасан ажиллагаа байх бөгөөд энэ талаар шүүх дүгнэлт хийхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул хяналтын гомдолд заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хангах боломжгүй юм.

      Хэрэгт авагдсан баримтаар, дурдсан эд хөрөнгийн үнэлгээг тогтоохдоо Эд хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг зөрчсөн гэх үйл баримт нотлогдоогүй, үнэлгээг зах зээлийн ханшнаас хэт доогуур тогтоосон гэж үзэх баримтгүй байна.

       Талууд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэг хүлээнэ. Шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хянан шийдвэрлэнэ.

       Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан шаардлага, түүний үндэслэлийг баримтаар нотлож чадаагүй байх тул шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 116 дугаар зүйлийн 116.2,116.3-т нийцсэн байна.  

       Хоёр шатны шүүх хэрэгт байгаа баримт, нэхэмжлэлийн шаардлага, зохигчийн тайлбарын талаар дүгнэлт хийхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулжээ.

       Харин шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо үнэлгээг шинжээчээр үнэлүүлэх талаарх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зохицуулалтыг баримталсан нь оновчгүй болсон байх тул энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, гомдлыг хангахгүй орхив. 

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 1480 дугаар магадлалын тогтоох хэсгийн нэг, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 184/ШШ2019/01191 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтын “...55.2.2..” гэснийг “...55.7...” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтуудыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.А-ийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 09 дүгээр сарын 09-ниц өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ