Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 2793

 

 

 

 

 

 

 

2018 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 184/ШШ2018/02793

 

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярмаа би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: АА ХХК/-ийн,

Хариуцагч: НШШГГт холбогдох

Хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2017 оны 06 дугаар 27-ны өдөр хүлээн авч, мөн оны 07 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч             М.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, Д.А, Ч.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Дамба нар оролцов.  

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч АА ХХКшүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч АА ХХКнь КБ-иас зээл авсны үндсэн дээр 1.083.916.598 төгрөгийг төлөхөөр шүүхийн шийдвэр гарсан. Ингээд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж нэхэмжлэгч байгууллагын хөрөнгийг битүүмжлээд хөрөнгийг үнэлсэн байдаг. Нэхэмжлэгч талаас уг хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй учраас нэхэмжлэл гаргасан байгаа. Зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэдэг үндэслэлээр нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч талын саналыг хариуцагч байгууллага нь харгалзан үзээгүй. Мөн тухайн хөрөнгө болох 2 өрөө орон сууцыг 127.500.000 төгрөгөөр, газар болон байшинг 73.168.000 төгрөгөөр, Баянгол дүүрэгт байрлах байгууламжийг 513.600.000 төгрөгөөр, Сонгинохайрхан дүүрэгт байрлах Фермийг 249.067.000 төгрөгөөр гэх мэтчилэн зах зээлийн ханшнаас хэт доогуур болон нэхэмжлэгч байгууллагын саналыг харгалзан үзэлгүйгээр үнэлсэн нь үндэслэлгүй хууль зөрчсөн гэж үзэж байгаа. Эд хөрөнгийг үнэлэхдээ төлбөр төлөгч, төлбөр авагч болон өмчлөгч нарыг харилцан тохиролцуулах арга хэмжээг аваагүй, хөрөнгө үнэлэхэд төлбөр төлөгч болон өмчлөгчийг байлцуулаагүйгээр үнэлсэн, нэхэмжлэгч талын саналыг хариуцагч байгууллага нь харгалзан үзээгүй нь хууль зөрчсөн. Нэхэмжлэгчээс хүсэлт гаргаж мөн шүүхийн журмаар хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн боловч нэхэмжлэгч байгууллагад хүлээн зөвшөөрөгдөхөөр үнэлгээ гараагүй. Мөн уг хоёр үнэлгээ нь хоорондоо зөрүүтэй байгаа учраас хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцуулах үндэслэлтэй. 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 3/16273 тоот хариуцагч байгууллагаас ирүүлсэн албан бичгийн дагуу хөрөнгийн үнэлгээг мэдсэн байгаа. Ингэж мэдсэнээс 7 хоногийн дотор гомдол гаргасан байгаа. Энэ талаарх баримтыг хэрэгт хавсаргасан. Нийтийн жишиг үнийн байдлаар хөрөнгийг үнэлэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Тухайн үнэлгээг бүхэлд нь үнэлэхэд шүүхийн шийдвэрт дурдсан төлбөрөөс дээгүүр гарна гэж үзэж байгаа. Тийм учраас нэхэмжлэгч талаас хамгийн том хөрөнгөө худалдан борлуулаад өр төлбөрөө төлөх саналтай байгаа. Мөн нэхэмжлэгч нь гуравдагч этгээдэд төлбөр төлөх ёстой боловч нэхэмжлэгч байгууллага нь ямар ч төлбөр төлөх боломжгүй байдал нилээд удаан үргэлжилж байгаа учраас тухайн хөрөнгүүдийг худалдан борлуулаад төлбөрийг төлөх хүсэлтэй байгаа. Хоёр үнэлгээ нь нийт үнийн дүнгээр болон эд хөрөнгө бүрт хийгдсэн үнэлгээ нь зөрүүтэй байгаа. Шүүхэд “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-иар үнэлүүлсэн үнэлгээг хүчингүй болгуулах хүсэлттэй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчээс 1.083.916.598 төгрөгийг гаргуулан КБ-д олгохоор шийдвэрлэсэн байдаг. Үүний дагуу 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн. Үүний дагуу нэхэмжлэгч талд төлбөр барагдуулахыг мэдэгдсэн боловч төлбөр барагдуулаагүй. Ингээд нэхэмжлэгч байгууллагын хөрөнгийг битүүмжилсэн. Хөрөнгийн үнэлгээ хийлгэхдээ хөндлөнгийн байгууллагаар хийлгэсэн. Нэхэмжлэгч байгууллагад үнэлгээг мэдэгдсэн байдаг. Хуульд заасны дагуу үнэлгээтэй холбоотой гомдлыг шүүхэд 7 хоногийн дотор гаргах ёстой байтал гаргаагүй. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-ыг зөрчсөн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Шийдвэр гүйцэтгэгч шууд үнэлгээ хийх боломжгүй бол талуудаас саналыг нь авдаг. Хэрэв санал ирүүлээгүй бол шийдвэр гүйцэтгэгч үнэлгээ хийлгэдэг. Төлбөр төлөгч АА ХХК-ийн захирал Д.Алтангэрэл болон хамтран өмчлөгч Ц.Оюунтунгалаг, А.Буянтогтох, А.Болор нарт 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 3/16273 тоот үнэлгээний мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж хөрөнгийг хэт багаар үнэлсэн гэдэг талаарх баримтыг гаргаж өгөөгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд КБ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, Ч.Н нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч байгууллагаас хөрөнгийн үнэлгээ зах зээлийн ханшнаас хэт доогуур, нэхэмжлэгч талын үнийн саналыг харгалзан үзээгүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэл гаргасан байдаг. Нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байна гэж үзэж байна. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа гэсэн боловч бас дэмжихгүй байгаа юм шиг тайлбар хэлээд байна. Шүүхийн журмаар болон шийдвэр гүйцэтгэх газраас хөрөнгийг үнэлүүлж хөрөнгийн үнэлгээг тогтоосон. Гэтэл энэ нь холбогдох хуулийг зөрчөөд гаргасан юм шиг зүйл яриад байна. Нэхэмжлэгч тал хөрөнгөө өөрсдөө худалдан борлуулах бүрэн боломжтой. Гуравдагч этгээд талаас заавал барьцаа хөрөнгийг авах сонирхол байхгүй. Шийдвэр гүйцэтгэх журмаар тогтоогдсон үнэлгээг зах зээлийн ханшнаас хэт доогуур байна гэдэг нэхэмжлэл гаргасан байдаг боловч шүүхийн журмаар үнэлүүлсэн үнэлгээ бас хүчингүй болгуулах гэж байгаа юм шиг зүйл яриад байна. Тэгэхээр нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн зүйл байхгүй. Банкны хувьд нэхэмжлэгч талын эд хөрөнгийг авах сонирхол байхгүй төгрөгөө авах л сонирхолтой байгаа. Тийм учраас эд хөрөнгөө худалдан борлуулаад төлбөрөө барагдуулах ажиллагааг талуудтай хамтарч хийх бүрэн боломжтой гэв.         

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч АА ХХКнь хариуцагч НШШГГт холбогдуулан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Нэхэмжлэгч АА ХХКнь хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын томилсон шинжээч барьцаа хөрөнгүүдийн үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн, эд хөрөнгийг үнэлэхдээ төлбөр төлөгч, төлбөр авагч болон өмчлөгч нарыг харилцан тохиролцуулах арга хэмжээг аваагүй, хөрөнгө үнэлэхэд төлбөр төлөгч болон өмчлөгчийг байлцуулахгүйгээр үнэлсэн, нэхэмжлэгч талын саналыг хариуцагч байгууллага нь харгалзан үзээгүй нь хууль зөрчсөн, барьцаа хөрөнгүүдийг бүхэлд нь үнэлэхэд шүүхийн шийдвэрт дурьдсан төлбөрөөс дээгүүр үнэлгээ гарах боломжтой, нэхэмжлэгч талаас хамгийн том хөрөнгөө худалдан борлуулаад өр төлбөрөө төлөх саналтай байгааг харгалзан үзээгүй, хариуцагчаас ирүүлсэн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 3/16273 дугаартай мэдэгдлийг хүлээн аваад 7 хоногийн дотор хуульд заасан хугацааны дотор гомдлоо гаргасан, цаашид барьцаа хөрөнгөөс худалдан борлуулаад төлбөрийг төлөх хүсэлтэй байгаа, НШШГГ болон шүүхээс томилсон шинжээч нарын хөрөнгийн үнэлгээ зөрүүтэй байгаа тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилсон шинжээч “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-иар үнэлүүлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж тайлбар гаргадаг.

Хариуцагч НШШГГ нь Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу явагдаж, нэхэмжлэгч талд төлбөр барагдуулахыг мэдэгдсэн боловч төлбөр барагдуулаагүй тул барьцаа хөрөнгийг битүүмжилэх болох хураан авах ажиллагааг явуулж, албадан дуудлага худалдаанд оруулах хөрөнгийн үнэлгээ хийлгэхээр хөндлөнгийн шинжээч томилон хөрөнгийн үнэлгээг хийлгэсэн. Уг үнэлгээг нэхэмжлэгчид баталгаат шуудангаар мэдэгдсэн боловч үнэлгээтэй холбоотой гомдлыг шүүхэд 7 хоногийн дотор гаргах ёстой атал гаргаагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2-т заасныг зөрчөөгүй эд хөрөнгийг хэт багаар үнэлсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж татгалздаг.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах нөхцөл байдлууд тогтоогдов.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 184/ШШ2016/01065 дугаартай шүүхийн шийдвэрээр КБ-ийн нэхэмжлэлтэй АА ХХК-д холбогдох Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.512.679.945,03 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар КБ болон АА ХХКнарын хооронд 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан 401 тоо зээлийн гэрээний 3.15 дахь заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцон, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар хариуцагч АА ХХК-иас үндсэн зээл 1.000.000.000 төгрөг, зээлийн хүү 69.930.498,40 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13.986.099,68 төгрөг, нийт 1.083.916.598,08 төгрөг гаргуулан нэхэмжлэгч КБ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 428.763.346,95 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Мөн тус шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч АА ХХКнь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 19 дүгээр байрны 372 тоот 48 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, Хилчин 4 дүгээр гудамжны 35/А тоот 607 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрх бүхий газар, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, Хилчин 4 дүгээр гудамжны 35/А тоот 160 м.кв талбай бүхий орон сууц, Баянгол дүүрэг 20 дугаар хороо, 168030/0063 нэгж талбарын дугаар бүхий 1152 м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газар,  Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 326 тоот /Хархорин худалдааны төвийн хүнсний захын барилгын Б корпус/ 336 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Баян Өндөрийн ар /18411/, гудамжны Ф213 тоот хаягт байрлах 190 м.кв талбайтай ферм, 20.25 м.кв талбайтай худаг, Сонгинохайхан дүүрэг 21 дүгээр хороо, Фермер /Баян-Өндрийн ар/, 798/5078 нэгж талбарын дугаар бүхий 22452 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, Төв аймгийн Баянцогт сумын Баян-Өндөрийн ард байрлалтай 80 га талбайтай, үр тарианы зориулалттай эзэмших эрхтэй газар, Тоёота маркийн Ланд круйзер 200 маркийн автомашин, УБЗ 05-00 улсын дугаартай суудлын автомашин зэргийн  үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ./ХХ-ийн 38-42, 103-109 дүгээр хуудас/

Дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр  2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 184/ШЗ2017/00365 дугаартай шүүгчийн захирамжийг үндэслэн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 184/ГХ2017/0070 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэн байх ба уг гүйцэтгэх хуудсанд АА ХХК-иас 1.083.916.598,40 төгрөг гаргуулан нэхэмжлэгч КБ-д олгож, хариуцагч АА ХХКнь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 19 дүгээр байрны 372 тоот 48 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, Хилчин 4 дүгээр гудамжны 35/А тоот 607 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрх бүхий газар, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, Хилчин 4 дүгээр гудамжны 35/А тоот 160 м.кв талбай бүхий орон сууц, Баянгол дүүрэг 20 дугаар хороо, 168030/0063 нэгж талбарын дугаар бүхий 1152 м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газар,  Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 326 тоот /Хархорин худалдааны төвийн хүнсний захын барилгын Б корпус/ 336 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Баян Өндөрийн ар /18411/, гудамжны Ф213 тоот хаягт байрлах 190 м.кв талбайтай ферм, 20.25 м.кв талбайтай худаг, Сонгинохайхан дүүрэг 21 дүгээр хороо, Фермер /Баян-Өндрийн ар/, 798/5078 нэгж талбарын дугаар бүхий 22452 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, Төв аймгийн Баянцогт сумын Баян-Өндрийн ард байрлалтай 80 га талбайтай, үр тарианы зориулалттай эзэмших эрхтэй газар, Тоёота маркийн ланд круйзер 200, УБЗ 05-00 улсын дугаартай суудлын автомашин зэргийн  үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж болохыг НШШГГт зөвшөөрсөн байна./ХХ-ийн 37 дугаар хуудас/

НШШГГ нь дээрх гүйцэтгэх баримт бичгийг хүлээн аваад 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 17270307 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль/2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан/-ийн 12 дугаар зүйлд нийцжээ./ХХ-ийн 43 дугаар хуудас/

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь төлбөр төлөгчийн өмчлөлийн эд хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсны дараа үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар өмчлөгч нараас санал авч, уг үнэлгээг төлбөр авагчийн зүгээс хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд шинжээч томилж, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг гаргуулж, уг үнэлгээний 70 хувиар анхны дуудлага худалдааны доод үнийг тогтоох ажиллагааг хийхээр заажээ.

НШШГГ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр дээрх шүүхийн шийдвэрээр хүлээсэн үүргийг 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор биелүүлэх мэдэгдлийг хүргүүлсэн, 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр шүүхийн шийдвэрт дурдсан барьцаа хөрөнгүүдийг битүүмжлэх тухай 1/128-6/128 хүртэлх дугаартай тогтоолуудыг үйлдэж, барьцаа хөрөнгүүдийг хураах болохыг анхааруулж Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдсэн байна./ХХ-ийн 44-51, 53-57 дугаар хуудас/

Мөн НШШГГ нь 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Д.Алтангэрэлд 2/128 дугаартай шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай мэдэгдлийг хүргүүлж, 2017 оны 03 сарын 31, 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн дотор биелүүлэхгүй бол албадан гүйцэтгэхийг мэдэгджээ./ХХ-ийн 52, 69 дүгээр хуудас/

Түүнчлэн НШШГГ нь 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 7/128-10/128 дугаартай эд хөрөнгө хураасан тогтоолууд үйлдэн шүүхийн шийдвэрт дурдсан барьцаа хөрөнгүүдийг хураах ажиллагааг гүйцэтгэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулсан байна./ХХ-ийн 58-64, 66-68 дугаар хуудас/

Хариуцагч нь 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 19 дүгээр байрны 372 тоотод оршин суух Д.Алтангэрэл, Ц.Оюунтунгалаг, А.Буянтогтох, А.Болор нарт 3/16064 дугаартай мэдэгдлийг хүргүүлсэн байх ба 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн дотор төлбөр авагчтай зөвшилцөн барьцаа хөрөнгүүдийн үнийг тогтоож  шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдэхийг, хэрэв тохиролцож чадаагүй бол үнэлгээчнээр зах зээлийн үнийг тогтоолгон, үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоон явуулах тухай мэдэгджээ./ХХ-ийн 65 дугаар хуудас/

Үүнтэй холбоотойгоор төлбөр авагч КБ нь 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр төлбөр төлөгчийн зүгээс ирүүлсэн үнэлгээг зах зээлийн бодит үнэлгээнээс хэт давсан үндэслэлээр 01/1617 дугаартай албан бичгээр барьцаа хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулах үнийг саналыг НШШГГт ирүүлж байжээ./ХХ-ийн 72 дугаар хуудас/

Түүнчлэн барьцаа хөрөнгийн өмчлөгч болох А.Буянтогтох, А.Болор нар нь албадан дуудлага худалдаанд дуудах үнэлгээг хөндлөнгийн шинжээчээр тогтоолгох хүсэлтүүдийг НШШГГт гаргаж байсан байна./ХХ-ийн 70-71 дүгээр хуудас/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т зааснаар шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн эд хөрөнгөнөөс төлбөр гаргуулах үйл ажиллагааг явуулж, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2.2 дахь хэсэгт зааснаар төлбөр төлөгч, төлбөр авагч болон өмчлөгч нар нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй бол үл хөдлөх хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэхээр заасан байна.

Үүний дагуу НШШГГ 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 24 дугаартай “Шинжээч томилох тухай тогтоол” үйлдэж, барьцаа хөрөнгүүдийн зах зээлийн бодит үнэлгээ тогтоож, дүгнэлт гаргахыг “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-д үүрэг болгожээ./ХХ-ийн 74 дүгээр хуудас/

Ингээд 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 323 дугаартай албан бичгээр “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн хөрөнгө үнэлсэн тухай тайланг НШШГГт ирүүлж, барьцаа үл хөдлөх хөрөнгийн нийт үнийг 1.163.335.000 төгрөгөөр үнэлжээ./ХХ-ийн 75-86 дугаар хуудас/ 

Үүний дараа НШШГГ нь 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 3/16273 дугаартай мэдэгдлийг Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 19 дүгээр байрны 372 тоотод оршин суух Д.Алтангэрэл, Ц.Оюунтунгалаг, А.Буянтогтох, А.Болор нарт хүргүүлсэн байх ба хөндлөнгийн шинжээчийн тогтоосон үнэд үндэслэн барьцаа хөрөнгүүдийг нэг бүрчлэн тус үнийн 70 хувиар тооцон анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох болсон тухай мэдэгдлийг баталгаат шуудангаар мөн өдөр хүргүүлж, шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл үйлдэж баталгаажуулжээ./ХХ-ийн 10-11, 87-88 дугаар хуудас/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар төлбөр төлөгч эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болохоор заасан.

Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 19 дүгээр байрны 372 тоот хаягаар тус мэдэгдлийг хүргүүлэхэд 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 09 цаг 25 минутад А.Буянтогтох хүлээн авсан байна./ХХ-ийн 89 дүгээр хуудас/

Мэдэгдэл хүлээн авснаас хойш нэхэмжлэгч АА ХХКнь Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан Хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр гаргасан боловч тус шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2, 63 дугаар зүйлийн 63.1, 63.1.3, 65 дугаар зүйлийн 65.1, 65.1.1, 65.1.11 дэх заалтуудыг удирдлага болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэсэн байдаг/ХХ-ийн 12-14 дүгээр хуудас/

Иймд нэхэмжлэгч уг шалтгаанаар тус шүүхэд 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр дахин нэхэмжлэлийн шаардлага гаргасан болох нь тогтоогдож байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль/2002 оны/-ийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасан хугацааны дотор нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж үзэх үндэслэлтэй, уг хугацаа шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар тасалдсан байна. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.2-т зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулахаар шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжээч оролцуулж болохоор заасан байх ба шинжээч оролцуулж байгаа бол шинжээч нь шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтлахаар заажээ.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар төрийн эрх бүхий байгууллага шүүхийн шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж үзвэл хүсэлт гаргах эрхтэй гээд мөн хуулийн 9 дүгээр зүйлд Шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх шинжилгээний журмыг хуульчилжээ. Уг зүйлийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, ур чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулахаар заажээ.

Дээрх ажиллагааг явуулсны дараа харшлах шалтгаан байхгүй бол Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т зааснаар шинжилгээ хийлгэх тогтоолыг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг урьдчилан сануулж, гарын үсэг зуруулах журмыг хуульчилсан байна.

Хариуцагч НШШГГ нь “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилсон, тус хуулийн этгээдийн хөрөнгийн үнэлгээчин Ж.Уртнасан хөрөнгийн үнэлгээ хийсэн байх ба үнэлгээчин Ж.Уртнасан хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй болох нь тогтоогддог./ХХ-ийн 172 дүгээр хуудас/

“Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн үнэлгээчин Ж.Уртнасанд Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13,14 дүгээр зүйл болон Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 13,14 дүгээр зүйлд заасан эрх, үүргийг тайлбарласан шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлджээ/ХХ-ийн 173 дугаар хуудас/

Гэвч хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзвэл хариуцагч нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан ямар ажиллагаа хийсэн нь тодорхойгүй, тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүн болохыг үнэлгээчин Ж.Уртнасангаас тодруулсан эсэх нь тодорхойгүй, мөн түүнчлэн шинжээчид Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан ажиллагааг хийхдээ зөвхөн Хөрөнгийн үнэлгээний тухай болон Шүүхийн шинжилгээний тухай хуулийн эрх, үүрэг хэсгийг танилцуулсан нь учир дутагдалтай байна.

Учир нь Эрүүгийн хууль/2002 оны/-ийн 254 дүгээр зүйлийн 254.1, 254.2-т “... шинжээч зориуд худал дүгнэлт гаргасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу  дахин  нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх...”,  “..энэ хэргийг шунахайн болон хувийн бусад сэдэлтээр үйлдсэн, ...түүнчлэн энэ хэргийн улмаас хүнд хор уршиг учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёроос дээш таван жил хүртэл хугацаагаар хорих”, Эрүүгийн хууль/2002 оны/-ийн 255 дугаар зүйлийн 255.1-д “... шинжээч дүгнэлт гаргахаас хууль бусаар татгалзсан, зайлсхийсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэх” талаарх Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг тайлбарласан гэх боловч энэ талаар баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд хариуцагчийн томилсон “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК болон хөрөнгийн үнэлгээчин Ж.Уртнасан нарыг тус хэрэгт хувийн сонирхолгүй гэж үзэх үзэх үндэслэл тогтоогдохгүй байхын зэрэгцээ Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг сануулаагүй, гарын үсэг зуруулаагүй байх тул хавтаст хэргийн 75-86 дугаар хуудсанд авагдсан 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 323 дугаартай хөрөнгө үнэлсэн тухай “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэл бүхий хөрөнгийн үнэлгээ гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймээс Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль/2002 оны/-ийн 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар АА ХХК-ийн нэхэмжлэлтэй НШШГГт холбогдох Хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 323 дугаартай хөрөнгө үнэлсэн тухай “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгон шийдвэрлэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 351.000 төгрөгөөс 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 280.800 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч АА ХХК-д тус тус олгож, шүүхээс томилсон шинжээчийн зардал болох 1.500.000 төгрөгийг хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гаргуулан “Итгэлт эстимэйт” ХХК-ийн “Капитрон банк”-ны  3022005743 тоот дансанд төлүүлэхээр шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

1.Иргэний хуулийн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасныг баримтлан АА ХХК-ийн нэхэмжлэлтэй НШШГГт холбогдох Хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 323 дугаартай хөрөнгө үнэлсэн тухай “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 351.000 төгрөгөөс 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 280.800 төгрөгийг Сүхбаатар дүүргийн татварын 1165105733 тоот данснаас буцаан гаргуулан нэхэмжлэгч АА ХХК-д олгож, хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч АА ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар шүүхээс томилсон шинжээчийн зардалд 1.500.000 төгрөгийг хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гаргуулан “Итгэлт эстимэйт” ХХК-д олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

             

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.БАЯРМАА