Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2019/0117

 

 

 

 

 

 

2019 оны 02 сарын 20 өдөр                 Дугаар                                     Улаанбаатар хот

                                                      128/ШШ2019/0117

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т.М

Хариуцагч: А Т Г, М Х Е Г

Нэхэмжлэлийн шаардлага: “А Т Грын 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 05/10254 тоот албан бичгийг хүчингүй болгуулах, М Х Е Грын даргын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/185 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Т.Мийг урьд эрхэлж байсан Төв аймгийн М*******рын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг нөхөн олгохыг М Х Е Грын даргад даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.М, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагч А Т Грын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О, З.Э, хариуцагч М Х Е Грын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.М шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: “А Т Гнь надад холбогдуулан шалгасан зөрчлийг дүгнээд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т гэж заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй болох нь тогтоогдлоо гэжээ.

Би удирдах албан тушаалтны хувьд байгууллагын албан хаагчдын нийгмийн асуудлыг үе шаттай сайжруулах зорилгоор 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр А/26 дугаар тушаалаараа уг асуудлыг шийдвэрлэх хөтөлбөр гаргаж баталсан юм.

Гэхдээ энэ нь миний ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг биш бөгөөд ийнхүү шийдвэрлэсэн нь миний зүгээс нийтийн албанд хувийн ашиг сонирхлыг бий болгож байгаа явдал биш юм.

Нөгөө талаас Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т “нийтийн ашиг сонирхол”, 3.1.2-т “хувийн ашиг сонирхол”, 3.1.3-т “ашиг сонирхлын зөрчил” гэдгийг тус тус хуульчилсан.

Хуулийн эдгээр заалтаас үзвэл албан тушаалтан “албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед”-ээ нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх нөхцөл байдал бий болгох үйл баримтыг ойлгох юм.

Иймд би байгууллагынхаа ажилтнуудыг орон сууцжуулахаар барилгын компанитай болон газар эзэмшигчтэй гэрээ байгуулсан нь нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн харилцаа биш, энэ нь Иргэний хуулийн дагуу хийгдсэн хувийн эрх зүйн харилцаа бөгөөд энэ нь ч Барилгын ажил гүйцэтгэх гэрээ, түүнд туссан зохицуулалтаар бүрэн нотлогдоно.

Тухайлбал, уг гэрээг Иргэний хууль болон Барилгын тухай хуулийн дагуу байгуулж байгаа болохыг гэрээний 1.1-т тусгасан, мөн гэрээнд хамтран захиалагч Төв аймгийн м*******рын хүлээх эрх, үүрэг, ямар нэг оролцоо огт байхгүй, зөвхөн “орон сууц захиалсан байгууллагын ажилтангууд л гэрээгээр тохирсон үнийг төлөх тухай зохицуулалтыг 5 дугаар зүйлд заасан” байгаа юм.

Уг гэрээнд Т ө ХХК, иргэн Н.Г нарын хооронд газраа өгөх, газрын төлбөрт нь 80 метр квадрат талбай бүхий орон сууц авахаар тохирсон харилцаа нь иргэний эрх зүйн харилцааны субъектүүдийн хоорондын асуудал болно.

Энд дахин хэлэхэд энэхүү гэрээг нийтийн албаны хүрээнд байгуулсан харилцаа биш буюу олон нийтийн итгэлийг эвдэж, хуулиар олгосон бүрэн эрхээ тэгш бусаар, шударга бусаар хэрэгжүүлсэн харилцаа бий болгоогүй, миний албан тушаалын чиг үүрэгт хамаарахгүй асуудлыг шийдвэрлэсэн, ингэхдээ төсвийн хөрөнгө захиран зарцуулсан, эсхүл байгууллагад эд хөрөнгө бий болгосон асуудал огт байхгүй гэдгийг анхаарна уу.

Тодруулбал, би байгууллагын албан хаагчдаас судалгаа авахад манайд орон байргүй, түрээсийн байранд амьдардаг албан хаагч, өрх толгойлсон ганц бие албан хаагч олон байсан тул Т Ө ХХК 2018 онд 56 айлын барилга барихыг санал болгосныг зөвшөөрч, холбогдох газрын асуудлыг шийдвэрлүүлэхээр хөөцөлдсөн боловч газар олдоогүй учраас Н.Г*******ийн өмчлөлийн 2 айлын газар дээр барилга барихаар тохирсон болно.

Энд ямар нэг манай байгууллагын албадлага, эсхүл миний зүгээс ашиг хонжоо олох зорилго байгаагүй болохыг манай албан хаагчдын хүсэлтээс харж болно.

Гэтэл А Т Гнь намайг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т заасныг зөрчсөн гэж дүгнэж байгаа нь хууль бус байна.

А Т Гнь нийтийн албанд үүссэн ашиг сонирхол байгаа эсэхэд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй, мөн хуулийн энэ заалтаар уг заалтад заасан зөрчлүүдийг “удаа дараа” гаргасан байх шаардлагыг тогтоосон зэрэг нөхцөлийг харгалзан үзээгүй байна.

Өөрөөр хэлбэл, албан тушаалтан оффшор бүсэд данс эзэмших, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хуулийн этгээд байгуулах, өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхолд нийцүүлэн захиргааны шийдвэр гаргах, албан үүргээ гүйцэтгэсний төлөө аливаа төлбөр, бэлэг авахыг хориглох зөрчлүүдийг 2-оос дээш удаа гаргасан байвал халах хүртэл арга хэмжээ авахаар хуульчлан тогтоосон байдаг.

Т.М нийтийн албанд ажиллаж байхдаа эдгээр зөрчлүүдээс аль нэгийг давтан, эсхүл олон зөрчлүүдээс 2-оос дээшхийг нь удаа дараа гаргасан тохиолдол байхгүй байхад ийнхүү хариуцагч А Т Гнь хуулийн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т заасны дагуу халахыг шаардсан нь уг хуулийнхаа заалтад өөрт нь нийцээгүй, гаргасан зөрчилд минь тохироогүй хариуцлага хүлээлгэхээр шаардсан тул хууль бус захиргааны акт гэж үзэж байна.

Иймд энэхүү үндэслэлээр Авилгатай тэмцэх газрын 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 05/10254 дүгээр албан бичгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.

Нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа Авилгатай тэмцэх газрын 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 05/10254 дүгээр албан бичгийг үндэслэж М Х Е Грын даргын 2018 оны 12 дугаар сарын 18-ний өдрийн Б/185 дугаар тушаалаар Т.М намайг албан тушаалаас халж шийдвэрлэсэн байна.

М Х Е Грын дарга нь 2018 оны 12 дугаар сарын 18-ний өдрийн Б/185 дугаар тушаалыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1. 13.3-т заасан журмыг биелүүлээгүй зөрчсөнөөс гадна Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26 дугаар зүйлүүдэд заасан тайлбар, нотлох баримт гаргаж өгөх эрхийг минь зөрчсөн байна.

Би удаа дараа хувийн ашиг сонирхлын зөрчил гаргасан тохиолдол байхгүй бөгөөд би талаараа тайлбар гаргах эрхтэй байсан, түүнчлэн миний гаргасан шийдвэр миний ашиг сонирхолд давуу байдал үүсгэсэн үү, би илүү ашиг хонжоо олсон уу, эсхүл байгууллагын жирийн албан хаагчдад ашигтай байсан уу, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн, тэдэнд үр өгөөжөө өгсөн үү гэдэгт Улсын М Х Е Г манай бусад ажилтнаас тайлбар авах, өөр бусад байдлыг шалгаж тогтоох, дүгнэлт хийх эрх хэмжээтэй байсан.

Нөгөө талаас М Х Е Грын дарга нь Авилгатай тэмцэх газрын 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 05/10254 дүгээр албан бичиг нь хуульд нийцсэн эсэхийг хянах бүрэн эрхтэй, хэрэв уг шаардлага нь хуульд нийцээгүй, зөрчилтэй бол заавал биелүүлэх үүрэг үүсэхгүй билээ.

Ийнхүү М Х Е Грын дарга нь иргэн намайг Авилгатай тэмцэх газрын 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 05/10254 дүгээр албан бичиг, гаргасан зөрчилтэйгээ холбогдуулан тайлбар гаргах, нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах эрхийг минь хангахгүйгээр, улмаар Авилгатай тэмцэх газрын хуульд нийцээгүй албан бичгийг үндэслэн намайг Төв аймгийн М*******рын даргын албан тушаалаас чөлөөсөн нь “гаргасан зөрчилдөө тохирсон хариуцлага хүлээх” эрх зүйн зарчмыг зөрчин төрийн албанаас халж, миний төрийн албан тушаал эрхлэх эрхийг минь хөндөж байгаа тул М Х Е Грын даргын 2018 оны 12 дугаар сарын 18-ний өдрийн Б/185 дугаар тушаалыг хүчингүй болгож, намайг урьд эрхэлж байсан ажилд минь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг нөхөн олгохыг М Х Е Грын даргад даалгаж өгнө үү.” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А Т Граас хяналт шалгалтыг Төв аймгийн Мэргэжлийн хяналтын хэлтэст явуулсан байдаг. Шалгалтын үр дүнг хэлэлцсэн ажлын хэсгийн тэмдэглэлээс үзвэл Т.Мэд холбогдох зөрчлийг хурлын явцад огт буруугаар ойлгосон. Өөрөөр хэлбэл шалгалтын үр дүнг буруугаар хэлэлцэж тайлбарласан нь нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчсөн гэж үзэж байна. Удирдамжид Авлигын хэргийн үндэсний хэрэгжилтийг хөтөлбөрийг шалгах хүрээнд хяналт шалгах явуулах зорилготой байсан. Өөрөөр хэлбэл удирдамжид заагаагүй байхад Т.Мийг хувийн ашиг сонирхолтой хэмээн шалгаж эхэлсэн байгаа. Тухайн үед нэхэмжлэгч хууль зөрчсөн гэдгээ тайлбартаа хэлж орон сууц хамтран захиалагчийн гэрээнээс татгалзахаа илэрхийлсэн. Энэ тайлбарыг нь Авлигатай эсрэг хуулийн 14 дүгээр зүйлд заасныг зөрчсөн гэж ойлгож болохгүй.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн зохицуулалтыг огт буруугаар хэрэглэсэн. Энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн гэдэг. Албан үүрэг гэдэг нь ажлын байрны чиг үүрэгтэй холбоотой ойлголт. Гэрээ байгуулсан нь захиргааны шийдвэр биш юм. Иргэний эрх зүйн харилцаанд оролцож гэрээ байгуулсан. М Х Е Граас ашиг сонирхлын зөрчил үүссэн гэдгээ мэдүүлэх ёстой байсан гэж тайлбарладаг. Гэрээний агуулгад барилга барихаар л заасан болохоос төсвийн хөрөнгөөр аймгийн М*******ар барилгатай болох гээгүй. Өөрөөр хэлбэл энэ зохицуулалт аймгийн Мэргэжлийн хяналтын хэлтэст үүрэг хүлээлгэсэн зүйл нэг ч байхгүй. Ингээд 15 ажилтан тухайн орон сууцыг захиалаад дарга нь өмнөөс нь гарын үсэг зурсан. Болсон үйл баримтын талаар зөвөөр дүгнэхгүй Т.Мийг ээжтэйгээ нийлж байгууллагын ажилчиддаа орон сууц худалдсан гэж ойлгосон.

Байгууллагын ажилчдад Т Ө ХХК давуу байдал үүсгэх боломжгүй юм. М Х Е Г энэ барилгыг захиалаагүй. А Т Грын шалгалтын дүгнэлтэд 15 иргэн тус бүр гэрээ байгуулсан байдаг.

Барилгын компанийн хооронд ч зуучилсан зүйл шалгалтаар тогтоогдоогүй. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн зохицуулалтыг огт буруугаар хэрэглэсэн. Энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 29 дүгээр зүйлийн 29.4, болон маргаан бүхий актад дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлсөн. Гэтэл уг зөрчлийг удаа дараа гаргасан байхыг шаардсан байхад ажлаас нь чөлөөлсөн нь үндэслэлгүй юм. Мөн А Т Г илэрсэн зөрчлийг бүх талаас нь шалгаж дүгнэх ёстой. Харин нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа Т.Мийг ажлаас нь чөлөөлсөн. М*******ар хууль сахиулдаг байгууллага. Өөрсдөө нотлох баримт бүрдүүлэх эрхтэй байхад А Т Грын албан бичгийг үндэслэж маргаан бүхий актыг гаргасан нь хууль зөрчсөн юм. Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хувьд нэхэмжлэгчийн эрхийг мөн зөрчсөн.” гэв.

Хариуцагч А Т Грын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А Т Граас 2018 оны 10 дугаар сард Төв аймгийн төрийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаанд Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжилт, тус байгууллагаас авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийг хянаж, хяналт шалгалтыг зохион байгуулсан.

Хяналт шалгалтын явцад тус аймаг дахь М*******рын дарга Т.М нь тухайн байгууллагын даргын нэрийн өмнөөс захиалагчийн хувиар өөрийн төрсөн эх Н.Г*******ийн өмчлөлийн газарт 56 айлын орон сууцны барилга барьж ашиглалтад оруулах, борлуулах асуудлаар гүйцэтгэгчтэй тохиролцож, газрын үнийн дүнд тухайн барилгын 80 м2 талбай бүхий орон сууцыг шилжүүлэн авах агуулга бүхий “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулах ажиллагаанд оролцож, улмаар 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Т Ө ХХК-тай байгуулж гарын үсэг зурж, баталгаажуулсан баримтаар тогтоогдсон.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйл 11.1 дэх хэсэгт “Апбан тушаалтан апбан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарап бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно." гэж заасан.

Иймд Т.М нь М*******рын даргын хувиар хамаарал бүхий этгээд болох өөрийн эхийн өмчлөлийн газар дээр орон сууцны барилгын ажил гүйцэтгүүлэхээр эхтэйгээ хамтран захиалга өгч гэрээ байгуулсны дээр гэрээ байгуулах ажиллагаанд оролцсоноороо хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байх тул хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр Төв аймаг дахь М*******рын даргыг томилох эрх бүхий этгээдэд дээрх нөхцөл байдлын талаар мэдэгдсэн болно.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсэгт “Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно.” гэж заасан. Т.Мийн ашиг сонирхлын зөрчил бүхий хууль бус үйлдэлд хариуцлага тооцуулахаар түүнийг томилох эрх бүхий этгээдэд хандсан АТГ-ын 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 05/10254 дугаар захиргааны акт нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан зарчмыг баримтлан, Захиргааны ерөнхий хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөочлөөс урьдчилан сэргийлэх хуульд заасан үндэслэл, журамд нийцсэн, хуульд заасан шаардлагыг хангаж байгаа.

 Т.Мтэй холбоотой мэдээллийг зайлшгүй шалгах шаардлага гарсан. Өөрөөр хэлбэл төрсөн ээжийнхээ газар дээр Төв аймгийн М*******рын ажилчдын барилгыг барьж байна гэсэн мэдээллийг хянах шаардлага гарсан учраас манай эрх бүхий албан тушаалтан тухайн газар дээр ажиллаж байсны хувьд шалгаж дүгнэлт гаргасан.

Шалгах явцад М*******рын даргын хувьд өөрийн ээжийн эзэмшлийн газар дээр барилга барих, худалдан борлуулах, 80 м2 байрыг олгохоор гэрээ байгуулсан. Харин гэрээ байгуулсан, гэрээнд гарын үсэг зурсан гэдгээ нэхэмжлэгч үгүйсгэдэггүй. Манай байгууллага ганц тайлбар авч нөхцөл байдлыг тогтоодоггүй. Холбогдох нотлох баримтын хүрээнд ажиллагаа хийж 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 0510/254 дугаартай албан бичгээр Т.М нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан хэсгийг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргаж тухайн шаардлагыг хүргүүлсэн. Энэ шалгалтаар юуг тодруулсан гэвэл Т.М төрсөн ээжийн эзэмшлийн газарт  56 айлын орон сууц бариулахаар гүйцэтгэгчтэй тохиролцон газрын үнэд тухайн барилгаас 80 м2 орон сууцыг шилжүүлэн авах тухай гэрээг 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан.

Нийтийн албан тушаалтан хуульд заасан хориглосон хязгаарлалтыг заавал мөрдөж ажиллахыг үүрэг болгосон байдаг. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т “Энэ хуулийн 11.3-т заасан захиргааны шийдвэр гаргах хязгаарлалт нь төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх, хяналтын байгууллагын гишүүн байсан албан тушаалтанд хамаарахгүй” гэж заасан байгаа. Дээрх зохицуулалтуудыг зөрчсөн гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон тул дүгнэлт гаргаж Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5-д заасны дагуу Т.Мэд сахилгын шийтгэл оноосон. Мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т заасны дагуу сахилгын шийтгэл оноохыг М Х Е Гт хүргүүлсэн байдаг. Маргаан бүхий захиргааны актад ч энэ талаар тодорхой дурдсан.

Т.М нь нийтийн албан тушаалтны хувьд хувийн ашиг сонирхлын үүднээс гэрээ байгуулсан эсэхийг шалгах ёстой. “Хувийн ашиг сонирхол гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг”, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1-д ”хяналт шалгалт” гэж иргэн, хуулийн этгээдийн явуулж байгаа үйл ажиллагаа /үйлдэл, эс үйлдэхүй/, түүнчлэн үйлдвэрлэж байгаа болон борлуулж байгаа бараа, бүтээгдэхүүн, үзүүлж байгаа ажил, үйлчилгээ хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг дүгнэхэд чиглэсэн хянан шалгах арга хэмжээний цогцолборыг” хэлнэ гэж тус тус заасан. М Х Е Грын дарга нь Улсын ахлах байцаагч зэрэг дэвтэй байдаг.

Мөн улсын байцаагч нь Барилгын тухай хуульд зааснаар барилга байгууламжийн зураг, төсөлд хяналт тавих, барилга байгууламжийн төлөв байдал, аюулгүй байдалд хяналт тавих, “барилга байгууламжийн зураг төслийн хөгжлийн геологийн судалгааны чанарт хяналт тавих” гэсэн үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх ёстой хүн нь ээжийнхээ эзэмшлийн газар дээр баригдаж байгаа барилгад гэрээ байгуулан хамтран захиалагчаар оролцсон нь хувийн ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлтэй.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т “...хариуцлага хүлээлгэх зөрчлийг удаа дараа гаргасан бол нийтийн албанаас халах” гэж заасны дагуу дээр дурдсан зөрчлүүдийг удаа дараа гаргасан байхыг шаардах ёстой гэж маргадаг. Мөн нэхэмжлэгч миний ажлын байрны тодорхойлолтод хамаарахгүй, хяналт шалгалт хийх эрхгүй гэдэг. Өөрөөр хэлбэл ажилчдын нийгмийн хамгаалалтай холбоотой төлөвлөгөө гаргадаг гэсэн мөртлөө миний ажлын чиг үүрэгт байхгүй гэж тайлбартаа хэлж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь улсын байцаагчийн чиг үүрэгт байхгүй эрхийг хүлээн зөвшөөрөгдсөн эрхтэй хамтад нь хэрэгжүүлсэн. Т.Мийн ажлын байрны тодорхойлолтод ч гэсэн авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байхыг зааж өгсөн байгаа.  М*******рын даргын нэр, тамгыг ашиглаж хамтран захиалагчаар гэрээ байгуулсан нь хууль бус үйлдэл юм. Иргэн н.Г*******ийн ээжийн эзэмшлийн газарт барилга барих гээд барилгын зураг гарчихсан байсан. Ингээд 56 айлын орон сууц барихаар болж Т Ө ХХК-ийг сонгон шалгаруулалт зарлаад сонгочихсон, гэрээ байгуулсан гэсэн 119 дугаартай албан бичгийг хүргүүлсэн. Энэ албан бичиг хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа. Үүнээс үзвэл Т Ө ХХК-тай аль хэдийн гэрээ байгуулчихсан. Түүнээс биш ээжийнхээ эзэмшлийн газар дээр барилга барих гээд иргэний журмаар гуйгаад 14 айлд орон сууц олгоод байгаа биш юм. Гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.3-т заасныг үндэслэж захиалга хийгдсэн. Тайлбар аваад гэрээг цуцалсан гэж үзэхгүй тул хууль зөрчсөн гэж манай байгууллага шийдвэрээ гаргасан.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Энэ хуулийн 23.8-д заасан журамд заасны дагуу албан тушаалтан захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцохын өмнө тус бүр ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл гаргана” гэж заасны дагуу М Х Е Г мэдэгдэл гаргасан эсэхийг тодруулсан. Ингээд мэдэгдэл гаргаад гарын үсэг зуруулсан байдаг. Харин дараа нь нөхөж гаргасан байдаг. Хууль зүйн байнгын хорооны 07 дугаар тогтоолд Албан тушаалтан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасныг дор дурдсанаар ойлгоно. Үүнд 3.8.1-д Ашиг сонирхлын зөрчилтэй буюу зөрчил үүсч болзошгүй гэж үзвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Их Хурлын түвшинд батлагдах шийдвэр буюу шийдвэр гаргахад оролцоход, Ашиг сонирхлын зөрчилтэй буюу зөрчил үүсч болзошгүй гэж үзвэл Засгийн газар, Засгийн газрын гишүүн, яам агентлаг, бүх шатны Засаг даргын түвшинд ажлын төслийг боловсруулах шийдвэр гаргахад оролцох, Төрийн болон орон нутгийн өмчийн бараа, ажил, үйлчилгээ худалдан авах, шалгаруулах, төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах түвшинд гарах шийдвэр, гэрээ хэлцлийн төсөл боловсруулах болон шийдвэр гаргаж оролцоход 8.1-д заасан мэдэгдлийг гаргана. Өөрөөр хэлбэл Т.М нь 8.1-д заасан албан тушаалтан биш харин энэ түвшинд шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцоогүй учраас хэрэгжих боломжгүй юм. Тиймээс шалгалтын явцад цугларсан нотлох баримтын хүрээнд манай байгууллага хуулийн дагуу шийдвэр гаргасан гэж үзэж байна. “гэв.

Хариуцагч М Х Е Грын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“А Т Граас ирүүлсэн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “Хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай” 05/10254 дүгээр албан бичигт Төв аймгийн М*******рын дарга Т.М нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан хязгаарлалтыг зөрчсөн тул мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй болох нь тогтоогдлоо хэмээн ажлаас халах хариуцлага оногдуулахыг шаардсан.

Дээрх албан бичгийн дагуу манай байгууллагаас дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн.

1. Дээрх албан бичгийг Төв аймгийн М*******рын дарга Т.Мэд 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 16.00 цагт М Х Е Грын 201-А тоот өрөөнд танилцуулсан.

Дээрх албан бичгийг хэрэгжүүлэх хүрээнд М Х Е Грын даргын шийдвэр гарах нөхцөл байдал бий болж байгааг танилцуулж, санал, тайлбараа гаргаж ирүүлэхийг мэдэгдэж энэхүү үйл ажиллагааг дуусгасан.

2. А Т Грын дээрх албан бичгийг хэрэгжүүлэх зорилгоор Т.Мийг нийтийн албанаас халах М Х Е Грын даргын шийдвэр гарах гэж байгаатай холбогдуулан энэ асуудлаар сонсох ажиллагааг 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулах гэж байгаа тухай мэдэгдлийг 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №03/4063 дугаар албан бичгээр нэхэмжлэгч Т.Мэд өгсөн.

М Х Е Грын дээрх мэдэгдэлд сонсох ажиллагааг 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 09.00 цагт М Х Е Грын 201-А тоот өрөөнд зохион байгуулахаар тусгасан болно.

3. Нэхэмжлэгч Т.М 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн өглөө хүрэлцэн ирж, М Х Е Грын даргад хүсэлт гаргасан тул сонсох ажиллагааг хойшлуулах хүсэлт гаргасны дагуу сонсох ажиллагааг 09.00 цагт явуулалгүй хойшлуулж, мөн өдрийн 16.20 цагт М Х Е Грын 201-А тоот өрөөнд сонсох ажиллагааг явуулж, М Х Е Грын даргын шийдвэр гарах болж байгаа шалтгаан, нөхцөл, хууль зүйн үндэслэлийн талаар танилцуулсан. Сонсох ажиллагаанд нэхэмжлэгч Т.М оролцож, санал тайлбараа хэлсэн бөгөөд сонсох ажиллагааг тэмдэглэлээр баримтжуулсан.

Мөн нэхэмжлэгч Т.Мэд М Х Е Грын даргын шийдвэрийн төслийг танилцуулсан болно.

Дээрх сонсох үйл ажиллагааг Захиргааны өрөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу хэрэгжүүлж, тэмдэглэлийг хөтөлсөн болно.

4. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхпын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг холбогдох байгууллага, албан тушаалтан хэрхэн дагаж мөрдөж байгаа үйл ажиллагаанд буюу хэрэгжилтэд мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-т зааснаар А Т Г хяналт тавихаар хуульчилсан байна.

А Т Граас ирүүлсэн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “Хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай” 05/10254 дүгээр албан бичигт “...Т.М нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д ... заасныг зөрчсөн байх тул түүнд мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй болох нь тогтоогдлоо.” хэмээн дүгнэн бичсэн байдаг.

Дээрхээс үзэхэд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, шалгах чиг үүрэг, эрх хуулиар гагцхүү А Т Гт олгогдсон тул Төв аймгийн МХГ-ын дарга Т.Мийг ашиг сонирхлыг зөрчил гаргасан эсэхийг тогтоох, энэ талаар нотлох баримт цуглуулах, нөхцөл байдлыг үнэлэх эрх М Х Е Гт хуулиар олгогдоогүй байна.

А Т Г хуулиар олгогдсон чиг үүргийнхээ дагуу хянаж, шалгаад тогтоосон нөхцөл байдлыг М Х Е Г дахин шалгах боломжгүй, хуулиар энэ эрх олгогдоогүй гэдгийг сонсох ажиллагааны явцад Т.Мэд тайлбарласан.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т “Захиргааны байгууллагын үйл ажиллагааг тухайлсан хуулиар зохицуулаагүйгээс бусад харилцааг энэ хуулиар зохицуулна.” гэж заасныг дурьдах нь зүйтэй гэж үзэж байна.

М Х Е Грын даргын шийдвэрийг гаргахдаа нэхэмжлэгчийн тайлбар гаргах, нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах эрхийг хангаагүй, А Т Грын бичгийг хянан шалгаагүй, уг бичигт дурьдсан нөхцөл байдлыг шалган тогтоох эрхээ хэрэгжүүлээгүй гэснийг дээрх үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Мээс “А Т Грын 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 05/10254 тоот албан бичгийг хүчингүй болгуулах, М Х Е Грын даргын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/185 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Т.Мийг урьд эрхэлж байсан Төв аймгийн М*******рын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг нөхөн олгохыг М Х Е Грын даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үнэлж, дараах үндэслэлээр А Т Грын 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 05/10254 тоот албан бичиг, М Х Е Грын даргын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/185 дугаар тушаалыг тус тус  Авилгатай тэмцэх газраас зөрчлийг дахин хянаж,  шинээр акт гарах хүртэл 2 /хоёр/ сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэв.

А Т Граас явуулсан хяналт шалгалтын явцад Төв аймгийн М*******рын дарга Т.Мийг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйл 11.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэн тус газрын 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 05/10254 дүгээр албан бичгээр дээрх хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т заасан хариуцлага хүлээлгэхийг М Х Е Грын даргад мэдэгдсэн байна.

Авилгатай тэмцэх газрын ирүүлсэн мэдэгдлийн дагуу М Х Е Грын даргын  2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/185 дугаар тушаалаар Төв аймгийн М*******рын дарга Т.Мийг нийтийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Нэхэмжлэгч Т.М “...Би удирдах албан тушаалтны хувьд байгууллагын албан хаагчдын нийгмийн асуудлыг үе шаттай сайжруулах зорилгоор 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр А/26 дугаар тушаалаар уг асуудлыг шийдвэрлэх хөтөлбөр баталсан. Гэвч энэ нь миний ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг биш бөгөөд ийнхүү шийдвэрлэсэн нь миний зүгээс нийтийн албанд хувийн ашиг сонирхлыг бий болгож байгаа явдал биш юм. ... нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн харилцаа биш, хувийн эрх зүйн харилцаа ... “ гэж,  

Хариуцагч А Т Граас “...Т.М нь тухайн байгууллагын даргын нэрийн өмнөөс захиалагчийн хувиар өөрийн төрсөн эх Н.Г*******ийн өмчлөлийн газарт 56 айлын орон сууцны барилга барьж ашиглалтад оруулах, борлуулах асуудлаар гүйцэтгэгчтэй тохиролцож, газрын үнийн дүнд тухайн барилгын 80 м2 талбай бүхий орон сууцыг шилжүүлэн авах агуулга бүхий “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулах ажиллагаанд оролцож, улмаар 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Т Ө ХХК-тай байгуулж гарын үсэг зурж, баталгаажуулсан баримтаар тогтоогдсон.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйл 11.1-д заасныг зөрчсөн тул хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр Төв аймаг дахь М*******рын даргыг томилох эрх бүхий этгээдэд дээрх нөхцөл байдлын талаар мэдэгдсэн.“ гэж тус тус маргажээ.

Хариуцагч Авилгатай тэмцэх газраас Төв аймгийн М*******рын дарга Т.Мийг албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн төрсөн эх Н.Г*******тэй гэрээ байгуулж, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйл 11.1-д “11.1.Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно.” гэж заасныг зөрчсөн гэж үзэж, хуульд заасан гаргасан хариуцлага хүлээлгэхээр томилох эрх бүхий этгээдэд мэдэгдэхээр шийдвэрлэснийг үндэслэл бүхий гэж үзэх боломжгүй байна.

Учир нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11.1-т заасан “албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ” гэдэг ойлголтыг Төрийн албаны /2002 оны/ тухай хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн агуулга, үзэл баримтлалын хүрээнд авч үзэхэд,

Т.М нь Төв аймгийн М*******рын даргын үүрэгт ажлыг Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т заасны дагуу эрхэлж байгаа төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд энэхүү албан тушаалын чиг үүргээ хэрэгжүүлэх хүрээнд эсхүл улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх ажил, үйлчилгээтэй холбогдуулан  Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй, харин байгууллагын ажилтнуудыг өөрсдийнх нь хөрөнгөөр орон сууцтай болгох зорилгоор гэрээ байгуулсныг шууд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан хориглолт хязгаарлалтад хамааруулж үзэх үндэслэлгүй юм.

Харин нэхэмжлэгч Т.М нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Төв аймгийн М*******рын даргын албан тушаалын нэр, тамга тэмдгийг дээрх гэрээнд ашигласан буруутай болохоо хүлээн зөвшөөрдөг бөгөөд энэ үйлдэлдээ тодорхой хариуцлага хүлээх ёстой гэдгээ үгүйсгээгүй.

Түүнчлэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 “ашиг сонирхлын зөрчил” гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг;” ойлгохоор,

Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 “нийтийн ашиг сонирхол” гэж нийтийн албан тушаалтан Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар олгогдсон бүрэн эрхээ хувийн ашиг сонирхлоосоо ангид тэгш, шударгаар хэрэгжүүлнэ гэх олон нийтийн итгэлийг;” 3.1.2 “хувийн ашиг сонирхол” гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг;” ойлгохоор зохицуулсан бөгөөд хариуцагчаас Т.Мийн хувьд нийтийн албаны ямар чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа хувийн ямар ашиг сонирхол нь хэрхэн зөрчилдсөн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйл 11.1-д “11.1.Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно.”, гэж заасныг зөрчсөн тохиолдолд мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т “энэ хуулийн ... 11, дугаар зүйлд заасныг зөрчсөн, ... бол нийтийн албанаас халах.” хариуцлага хүлээлгэхээр, Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 27 дугаар зүйлийн  27.2.1-д “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх;” нэмэгдэл баталгаагаар хангагдахаар зохицуулжээ.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд хориглолт хязгаарлалтыг зөрчсөн зөрчил нь төрийн албан хаагчийг төрийн албанаас халах хэмжээний хариуцлага хүлээлгэхээр хуульчлан тогтоосон байгаагаас үзэхэд уг хариуцлагыг ногдуулахдаа зөрчлийн шинж байдал, гэм бурууг нарийвчлан тогтоосны үндсэн дээр шийдвэрлэх  шаардлагатай болох нь дээр дурдсан хуулийн зохицуулалтаас харагдаж байна.

Түүнчлэн Барилгын ажил гүйцэтгэх гэрээг цуцлах талаар Төв аймгийн м*******рын дарга Т.Мээс гэрээний оролцогч Т Ө ХХК болон иргэн Н.Г*******эд 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр мэдэгдэл хүргүүлж, гэрээ цуцлагдсан байна.

Эдгээр нөхцөл байдлуудад дүгнэлт хийж, нэхэмжлэгч Т.Мийн гаргасан зөрчлийн шинж байдлыг дахин хянаж, шинээр акт гаргах хүртэл А Т Грын 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 05/10254 дугаар албан бичгийг 2 /хоёр/ сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Авилгатай тэмцэх газрын мэдэгдлийн дагуу Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг хэрэгжүүлж, Төв аймгийн М*******рын дарга Т.Мийг нийтийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан М Х Е Грын даргын  2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/185 дугаар тушаалыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байгаа боловч тушаалын үндэслэл болсон А Т Грын 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 05/10254 дугаар албан бичгийг түдгэлзүүлж шийдвэрлэсэнтэй холбогдуулан Авилгатай тэмцэх газраас шинээр акт гарах хүртэл, уг тушаалыг түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад А Т Грын 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 05/10254 дугаар албан бичгийн биелэлтийг хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл түдгэлзүүлсэн болно.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11, 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйл 11.1-д заасныг баримтлан А Т Граас нэхэмжлэгч Т.Мийн гаргасан зөрчлийн шинж байдлыг дахин хянаж, шинээр акт гаргах хүртэл А Т Грын 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 05/10254 дугаар албан бичгийг 2 /хоёр/ сарын хугацаатай түдгэлзүүлж, М Х Е Грын даргын  2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/185 дугаар тушаалыг А Т Граас шинэ акт гарах хүртэл тус тус түдгэлзүүлсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг   шүүхэд хянан   шийдвэрлэх тухай  хуулийн   114  дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.АДЪЯАСҮРЭН