Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 128/ШШ2019/0092

 

 

 

 

 

 

2019 оны 02 сарын 11 өдөр                 Дугаар                                     Улаанбаатар хот

128/ШШ2019/0092

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: И Ө ХХК

Хариуцагч: Н З Д

Гуравдагч этгээд: Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар

            Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн А/862 дугаар захирамжийг хүчингүй болгох”

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, П.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Алтанцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.У шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ:

“Нэхэмжлэгч И Ө ХХК нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 дугаар байрны хойд талд 2000 м.кв газарт дээрээ тохижилт бүхий газар доорх авто зогсоол барих төсөл хэрэгжүүлэхээр 2015 онд Н З Дд хандан хүсэлт гаргасан бөгөөд Нийслэлийн Газар, барилгажилтын зөвлөлийн 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн хурлаар дээрх байршил дэмжигдэн манай байгууллага энэ төслийг хэрэгжүүлэхээр болсон билээ.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 175 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд авто зогсоол төлөвлөх, барьж байгуулах журмын 1.5-д заасны дагуу манай компанийн төсөл хэрэгжүүлэх Баянзүрх дүүргийн 15-р хорооны нутат дэвсгэрт 5 дүгаар байрны хойд талд 2000 м.кв газрыг тохижилт бүхий авто зогсоолын зориулалтаар Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж шийдвэрлэсэн. Энэхүү захирамж гарснаар манай байгууллага дээрх төслийг хэрэгжүүлэхээр 2018 оны 8 дугаар сарын 14-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газартай Хамтран ажиллах гэрээ байгуулж ажиллаж байсан билээ.

Манай компани нь энэ төслийг хэрэгжүүлэхээр хууль журамд заасны дагуу хүсэлт гаргаснаас хойш өнөөдрийн хүртэл бүхий л үйл ажиллагааг хуулийн хэрэгжүүлж ирсэн бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын эскиз зургаа батлуулж, барилгын зураг төсөлдөө магадлал ерөнхий дүгнэлт гаргуулан, бүхий техникийн нөхцөл, зөвшөөрлүүдийг авч хөрөнгө оруулалтаа шийдвэрлэн 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 22******* дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг авч ажлаа эхлэж байсан болно.

Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн А/862 дугаар захирамжаар эзэмшил газраа 2 жил дарааллан ашиглаагүй гэсэн үндэслэлээр манай төсөл хэрэгжүүлэх газар эзэмших эрхийг цуцалсныг мэдээд тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна. Уг маргаан бүхий актаар эзэмшил газраа гэрээнд заасан зориулалтаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэж Газрын тухай хуулийн дагуу цуцалжээ.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 175 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд авто зогсоол төлөвлөх, барьж байгуулах журмын зохицуулалтаар газар эзэмших эрх нь дүүргийн Засаг даргын Тамгын газарт байх бөгөөд төсөл хэрэгжүүлж дууссаны дараа төсөл хэрэгжүүлэгч компанид шилжихээр зохицуулагдсан байдаг. Дүүргийн Тамгын газрын хувьд дээрх журам болон хамтран ажиллах гэрээний дагуу газар дээр хэрэгжил төслийн явцад хяналт тавьж оролцох эрх хэмжээтэй, төсөл хэрэгжүүлэгч нь барилгын ажлын гүйцэтгэх эрх, үүрэгтэй байдаг билээ.

Манай компанийн хувьд Газар, барилгажилтын зөвлөлийн хурлаар хэлэлцэгдсэнээс хойш өнөөдрийг хүртэл барилгын ажил гүйцэтгэхэд шаардлагатай бүхий бичиг баримтыг бүрдүүлж, төсөл хэрэгжүүлэгчийн үүргээ бүрэн биелүүлж ирсэн билээ. Маргаан бүхий актаар газрыг ашиглаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй бөгөөд уг газарт баригдах тохижилт бүхий авто зогсоолын архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын зураг, техникийн нөхцөл, барилгын ажлын зөвшөөрөл гэх мэт бүхий л ажиллагаа нь газар дээр суурилж хийгдсэн байхад газраа ашиглаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй юм.

Энэхүү актын улмаас манай компани төсөл хэрэгжүүлж авто зогсоол барих ажил зогсож, үргэлжлэх боломжгүй болох үр дагавар гарч манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна. Мон дээрх захирамжийн улмаас манай компани өнөөдрийг хүртэл энэ төсөлд зориулж зарцуулсан 100 гаруй сая гөгрөгийн хөрөнгөөрөө хохирох нөхцөлд хүрээд байна. Нийслэлийн Засаг даргын зүгээс энэ захирамжийг гаргахдаа бодит нөхцөл байдлыг шалган тогтоож, төсөл хэрэгжүүлэгчээс тайлбар, баримт гаргуулах зэрэг шаардлагатай ажиллагааг хийгээгүйд гомдолтой байна.

Иймд үндэслэлгүйгээр манай компанийн эрхийг зөрчиж гарсан Нийслэлийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн А/862 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

И ӨХХК Нийслэлийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/862 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч И ӨХХК нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 дугаар байрны хойно байрлах 2000 м.кв газарт дээрээ тохижилт бүхий авто зогсоол барих төсөл хэрэгжүүлэхээр 2015 онд Н З Дд хандаж хүсэлт гаргасан бөгөөд Нийслэлийн Газар, барилгажилтын зөвлөлийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн хурлаар дээрх байршил дэмжигдэж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 175 дугаар тогтоолоор батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд авто зогсоол төлөвлөх, барьж байгуулах журам-д заасны дагуу И ӨХХК нь тус төслийг хэрэгжүүлэхээр шалгарсан байдаг.

Дээр дурдсан журмаар уг авто зогсоолын төслийг хэрэгжүүлж, авто зогсоол барьж байгуулах хугацаанд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт газар эзэмших эрхийг нь олгоод, уг төсөл хэрэгжиж дууссаны дараа төсөл хэрэгжүүлэх газрын эрх шилжихээр 175 дугаар тогтоолоор баталсан журмаар журамласан Н З Дас И ӨХХК-ийг шалгаруулаад, шалгарсантай нь холбоотой Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт 2000 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Үүний дагуу И ӨХХК 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргатай Хамтран ажиллах гэрээ байгуулж, барилгын төслийн ажил эхэлсэн.

2015 оноос хойш манай компани уг төслийг хэрэгжүүлэхээр маргаан бүхий газарт хуульд заасан журмын дагуу барилгын Архитектур төлөвлөлтийн даалгавар хийх, судалгаа хийх, шаардлагатай техникийн нөхцөл хангах, скийз зураг батлуулах, барилгын ажлын магадлалын болон техникийн нөхцөлүүд зэргийг холбогдох хууль тогтоомжуудад заасан журмын дагуу хийгээд, 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 22******* дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ авч үйл ажиллагаагаа явуулах гээд байж байтал маргаан бүхий акт болох А/862 дугаар захирамж гарсан. Тус захирамжаар Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газарт олгосон газрын газар эзэмших эрхийг цуцалсан.

Газрын эрхийг цуцалсан шийдвэр гарсан нь И ӨХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн үйлдэл юм. Бид хууль дүрэмд заасны дагуу тодорхой хөрөнгө гаргаад тус барилгын ажлыг Барилгын тухай хууль болон бусад холбогдох журамд заасны дагуу эхнээс нь дуустал хийгээд бүх зураг, төсөл, техникийн нөхцөл, бичиг баримт бүгд бэлэн болоод, хөрөнгө оруулалтаа авч барилгын ажил эхлэх гэж байсан боловч ямар нэгэн сонсох ажиллагаа явуулж, нөхцөл байдлыг тогтоохгүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан газраа ашиглаагүй гэх үндэслэлээр газар эзэмших эрхийг цуцалсан байдаг. Захиргааны ерөнхий хууль болон Газрын тухай хуульд нийцээгүй хууль бус захирамж болсон тул тус захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагчийн хэлснээр Хамтран ажиллах гэрээг 2016 онд хийсэн. Түүнээс хойш хуанлийн 2 жилийн хугацаа өнгөрсөн гэдэг нь үндэслэлгүй. Бид 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Хамтран ажиллах гэрээг үргэлжлүүлэн сунгасан. Хамтран ажиллах гэрээ гэдэг бол төсөл хэрэгжүүлэгч И ӨХХК болон газар эзэмших эрх хадгалагдаж байгаа Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар 2-ын хооронд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 175 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу байгуулсан гэрээ юм. Тус гэрээ нь газар эзэмших эрхийг цуцлах талаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасан үндэслэлд шууд хамаарах гэрээ биш гэдгийг хариуцагч ялгаж ойлгох хэрэгтэй. Хариуцагчийн тайлбарт дурдаж байгаа шиг газар эзэмших гэрээ биш.

Хариуцагч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасан үндэслэлээр газар эзэмших эрхийг цуцалсан. Ингэж цуцлахдаа Улсын Дээд Шүүхийн тайлбарыг иш татаж байна. Улсын Дээд Шүүхийн тайлбарын агуулга нь газар эзэмшүүлэх гэрээ байгуулагдсанаас хойш хуанлийн 2 жилийн хугацаа гэдгийг маш тодорхой заасан байдаг.

Гэтэл өнөөдөр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 484 дүгээр захирамж нь 175 дугаар тогтоолыг үндэслээд Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газарт Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 5 дугаар байрны хойд талд байрлах 2000 м.кв газрыг эзэмших эрхийг олгоод, Нийслэлийн Өмчийн Харилцааны Газарт хууль журмын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг даалгаж шийдвэрлэсэн байдаг. Өөрөөр хэлбэл Нийслэлийн Өмчийн Харилцааны Газар нь Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газартай гэрээ байгуулж, гэрчилгээ олгох үүрэгтэй байсан боловч тус үүргээ биелүүлээгүй. Газар эзэмших гэрээгээ зохих журмын дагуу байгуулаагүй байж, гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдэг зохицуулалтыг хариуцагч хэрэглэх боломжгүй. Нэгэнт газар эзэмших захирамж гарсан байхад уг захирамжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгох үүрэг хариуцагч буюу Н З Д, түүний харьяа байгууллага болох Нийслэлийн Газрын албаны үүрэг юм.

Гэрээ байгуулж, гэрчилгээ олгоогүй байж гэрээнд заасны дагуу газраа эзэмшээгүй гэж Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсгийг хэрэглэх боломжгүй. Барилгын тухай хуульд заасны дагуу барилга баригдахаас урьдач нөхцөл, судалгаа, зураг төсөл, барилгын зөвшөөрөл олгох зэрэг ажлууд 2015, 2016, 2017, 2018 онуудад барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ гарах хүртэл үргэлжилж байсан. Дээрх нөхцөлд Улсын Дээд Шүүхийн тогтоол эсвэл Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасныг хэрэглэх боломжгүй.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт явуулсан албан бичгээ сонсох ажиллагаа явуулсан гэж үзээд Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсгийг маргаан бүхий захиргааны актад дурдсан байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд нөхцөл байдлыг тогтоох, 26 дугаар зүйлд оролцогчийг сонсох талаар тодорхой заасан байдаг. Оролцогчийг сонсох гэдэг нь захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахаас өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгохыг хэлнэ. 175 дугаар тогтоолын дагуу олгогдсон учир тус тогтоолын зохицуулалтын дагуу төсөл хэрэгжүүлэгчийг сонсох, үйл ажиллагаа ямар шатандаа явж байгаа талаар нөхцөл байдлыг тогтоосны дараа захиргааны акт гаргах ёстой байсан. Иймээс тус захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуульд заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий бодит нөхцөлд нийцсэн байх шаардлагыг хангаагүй гарсан гэж үзэж байна.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/684 дүгээр захирамжаар батлагдсан Газар, барилгажилтын зөвлөлийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны хурлаас гарсан дүгнэлтээр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 5 дугаар байрны хойд талд 2000 м2 газрыг тохижилт бүхий авто зогсоолын зориулалтаар Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт 15 жилийн хугацаатай эзэмших эрхийг олгож, нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/484 дүгээр захирамжийг гаргасан.

И Ө ХХК нь Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газартай 2016/09 дугаартай Хамтран ажиллах гэрээг 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэл нийслэлийн Засаг даргын 2015 оны А/933 дугаар захирамжийг үндэслэн гэрээг байгуулсан байна. Үүний дараа 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Хамтран ажиллах гэрээг дахин шинээр байгуулсан байна.

Тус газар дээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй учраас Газрын тухай хуулийн 4.1.2, 4.1.4, 40.1.6, 40.2 зэрэг заалтыг үндэслэн нийслэлийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/862 дугаар захирамжаар дээрх газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон болно.

Нийслэлийн Засаг даргын 2014 оны 684 дүгээр захирамжаар батлагдсан Газар, барилгажилтын зөвлөлийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн хурлаас гарсан дүгнэлтээр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 5 дугаар байрны хойно байрлах 2000 м.кв газрыг тохижилт бүхий авто зогсоолын зориулалтаар Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт 15 жилийн хугацаатай эзэмших эрхийг олгож, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/484 дүгээр захирамжийг гаргасан. И ӨХХК нь тус газар дээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй учраас Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 40.2 дугаар зүйл заалтуудыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/862 дугаар захирамжаар дээрх газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон.

Нэхэмжлэгч И ӨХХК нь Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газартай 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр гэрээгээ сунгасан байдаг. Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газарт 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр уг газрыг олгосон байхад 2 жилийн хугацаа өнгөрсний дараа гэрээ байгуулсан байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч 2018 оны 06 дугаар сард бүх бичиг баримт нь бүрдсэн гэж хэлсэн. 2018 оны 09 дүгээр сард тус газрын эрхийг хүчингүй болгосон. Монгол Улсын Иргэний хуулийн 77 дугаар зүйлд өдөр, хоног, цаг хугацааг тооцохоор заасан байдаг. Нийслэлийн Засаг даргын захирамж гарч олгосон тус газарт 2 жилийн хугацаанд ямар ч үйл ажиллагаа явуулаагүй. Мөн Улсын Дээд Шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн 1.10 дахь хэсэгт зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй бол газар эзэмшүүлэх тухай гэрээ хийснээс хойш хуанлийн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй, барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй гэх мэт байхыг ойлгоно гэж заасан байна. Ийм учраас тус захирамжийг гаргасан.” гэв.

Гуравдагч этгээд шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

Нийслэлийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн А/484 дүгээр захирамжаар Нийслэлийн газар барилгажилтын зөвлөлийн 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн хурлаас гарсан дүгнэлтийг үндэслэн тус дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 5 дугаар байрны хойд талд 2000 м.кв газрыг тохижилт бүхий авто зогсоолын зориулалтаар Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт 15 жилийн хугацаатай эзэмших эрх олгосон.

Нийслэлийн Засаг даргын дээрх захирамжийг үндэслэн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 175 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд авто зогсоол төлөвлөх, барьж байгуулах журам”-ын дагуу нэхэмжлэгч И ӨХХК-тай тус дүүргийн Засаг даргаас 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 2016/09 дугаартай ажиллах гэрээг байгуулсан.

Нэхэмжлэгч И ӨХХК нь дүүргийн Засаг даргатай хамтран ажиллах гэрээ байгуулснаас хойших хугацаанд 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Дугаар: ГБЗХ 2016/******* “Архитектур төлөвлөлтийн даалгавар”-ын хүрээнд Барилгын хөгжлийн төвийн магадлал бүхий АКТ8-17/17-03 дугаар батлагдсан зураг төсөвтэй, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 0001******* 22******* дугаар бүхий барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тус тус авсан байсан.

Улмаар төсөл хэрэгжүүлэгч И ӨХХК нь тус дүүргийн Засаг даргын Тамгын газарт хандан хамтран ажиллах гэрээг сунгах хүсэлтийг 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр ирүүлснийг хянан үзэж гуравдагч этгээдийн зүгээс 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 1/12 дугаартай Хамтран ажиллах гэрээг байгуулан ажилласан болно

Гэтэл маргаан бүхий акт болох Нийслэлийн Засаг даргын Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн А/862 дугаар захирамжаар “...тухайн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жилээс дээш хугацаагаар дараалан ашиглаагүй” хэмээх үндэслэлээр хүчингүй болгосон байх бөгөөд газар эзэмших гэрээг цуцалж, гэрчилгээг хүчингүй болгохыг нийслэлийн газрын албанд даалгасан байна.

Нийслэлийн Засаг даргын 2016 оны Газар эзэмших эрх олгох тухай А/484 дүгээр захирамжаар газар эзэмших эрх олгосон байршлуудад газар эзэмших эрхийн гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг тухайн үеийн Нийслэлийн өмчийн харилцааны газар буюу одоогийн Нийслэлийн газрын албанд үүрэг болгосон байдаг.

Гэтэл тодорхойгүй шалтгаанаар тус дүүргийн Засаг даргын Тамгын газартай газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгоогүй.

Улмаар Нийслэлийн газрын албанд хандан дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 1/1474 дугаартай “Хамтран ажиллах тухай” албан бичгээр 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 5 дугаар байрны хойд талд 2000 м.кв газарт газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг хүссэн боловч өнөөдрийг хүртэл тодорхой хариу өгч, гэрчилгээ өгөхгүй байсаар өдийг хүрсэн болно.

Гуравдагч этгээд болон төсөл хэрэгжүүлэгчийн зүгээс газар эзэмших эрх үүссэнээс хойш тухайн газар дээр дээрээ тохижилт бүхий газар доорх авто зогсоол барих үйл ажиллагаанд хамтран ажиллаж, холбогдох шат шатны байгууллагуудаас даалгавар, зөвшөөрөл авсан байхад маргаан бүхий газрыг ашиглаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй юм.

Газар эзэмших эрх үүссэнээс хойш газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгоогүй атлаа маргаан бүхий актаар газар эзэмших гэрээг цуцалж, гэрчилгээг хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан утга агуулгын илэрхий алдаатай, 47.1.6 дахь хэсэгт заасан иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй илт хууль бус захиргааны акт байна. Илт хууль бус захиргааны актын үр дагавар нь тус хуулийн 47.2-т зааснаар гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байх юм.

Нийслэлд тулгамдаж буй авто зогсоолын асуудлыг шийдвэрлэх уг ажил нь Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Н З Д бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтот ажил бөгөөд хуулийн дагуу газар эзэмших эрх авч, үйл ажиллагаагаа эхлүүлсэн байхад хууль бус үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосонд гомдолтой байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, маргаан бүхий актыг хүчингүй болгож өгөхийг хүсье.” гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/484 дүгээр захирамжаар Нийслэлийн Газар барилгажилтын зөвлөлийн шийдвэрийг үндэслээд Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 5 дугаар байрны хойд талд 2000 м.кв газрыг тохижилт бүхий авто зогсоолын зориулалтаар Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газарт 15 жилийн хугацаатай эзэмших эрх олгосон. Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас хамтран ажиллах тухай бичгийг Баянзүрх дүүргийн Засаг даргад ирүүлсэн. Тус бичигт төсөл хэрэгжүүлэгчтэй хамтран ажиллах гэрээ байгуулж, ажиллана уу гэсэн байсан.

Улмаар дүүргийн Засаг даргаас 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2/1474 дугаартай албан бичгээр Нийслэлийн Өмчийн Харилцааны Газарт хандаад 484 дүгээр захирамжаар батлагдсан 2 байршил дээр газар эзэмшүүлэх гэрээ байгуулж өгөөч гэсэн хүсэлтийг гаргасан боловч хариуцагчийн зүгээс өнөөдрийг хүртэл гуравдагч этгээдтэй газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, хамтран ажиллаагүй байдаг.

Нэхэмжлэгч И ӨХХК нь дүүргийн Засаг даргатай Хамтран ажиллах гэрээ байгуулснаас хойших хугацаанд 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 20161704 дугаартай Хамтран ажиллах гэрээ байгуулж, ажиллаж байсан. Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Архитектур төлөвлөлтийн даалгавартай, барилгын ажлын зөвшөөрөлтэй үйл ажиллагаагаа явуулж байсан.

И ӨХХК нь тус дүүргийн Засаг даргын тамгын газарт хандан хамтран ажиллах гэрээг сунгах хүсэлтийг 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр ирүүлсэн байдаг. Тус хүсэлтийн дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргаас 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 1/12 дугаартай Хамтран ажиллах гэрээг бичгээр байгуулан ажилласан. Гэтэл маргаан бүхий актад тухайн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жилээс дээш хугацаагаар дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч тал Газар барилгажилтын зөвлөлөөс гарсан шийдвэрийг үндэслээд Архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын ажлын зөвшөөрлөө аваад, үйл ажиллагаагаа явуулж байсан гэж дээр хэлсэн. 2016 оноос хойш 2018 оныг хүртэл тухайн газрыг эзэмших, ашиглах чиглэлээр гуравдагч этгээд болон төсөл хэрэгжүүлэгчийн зүгээс тодорхой үйл ажиллагаануудыг явуулж байсан гэж үзэж байгаа.

Нийслэлийн Засаг даргын 2018 оны 862 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг зохих журмын дагуу явуулаагүй гэж гуравдагч этгээдийн зүгээс үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд сонсох ажиллагаа явуулах журам, хэлбэрүүдийг тодорхой зааж өгсөн. Сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаараа хариуцагч захиргааны байгууллага баримтжуулах үүрэгтэй. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.7 дахь хэсэгт сонсох ажиллагааны явцад гарсан саналыг захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд тусгаагүй тохиолдолд тусгаагүй шалтгаанаа захиргааны байгууллага өөрөө нотлох үүрэгтэй гэж заасан байдаг.

Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр газар эзэмших эрхийг хүчингүй болгох талаар судалж байгаа тул саналаа ирүүлж, газар ашиглах хэлтсийн мэргэжилтэнтэй ирж уулзана уу гэсэн бичиг ирсэн. Тус бичгийг үндэслээд 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 2016 оноос хойш бид тухайн газрыг ашиглах чиглэлээр бодитой үйл ажиллагаа явуулж ирсэн учраас энэ саналыг дэмжихгүй байна гэдэг хариу тайлбараа өгсөн. Бидний гаргасан саналыг захиргааны шийдвэр гаргах ажиллагаандаа яагаад тусгаагүй шалтгаанаа хариуцагч Н З Дас өнөөдрийг хүртэл бидэнд албан ёсоор тайлбарлаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан шийдвэр гаргахын өмнөх сонсох ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй гэж үзэж байгаа учир маргаан бүхий актыг хүчингүй болгож өгнө үү гэсэн саналтайгаар шүүх хуралдаанд оролцож байна.

484 дүгээр захирамж гарснаас хойш уг захирамжийн хэрэгжилт хангалтгүй явж ирсэн. Газар эзэмших эрх олгосон байгууллагатай Газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олго гэж Нийслэлийн Газрын албанд даалгасан байдаг. Гэтэл Нийслэлийн Газрын албанаас тодорхой бус шалтгаанаар Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газартай гэрээ байгуулж, гэрчилгээ олгоогүй. Бид газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгооч гээд албан бичгээр болон албан бусаар олон удаа хандаж байсан. Өнөөдрийг хүртэл Газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгоогүй хэрнээ гэрээнд заасан зориулалтын дагуу газраа ашиглаагүй гэх үндэслэлээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсгийг үндэслэж байгаа нь ойлгомжгүй байна.

Мөн дээрээ тохижилт бүхий доороо авто зогсоолын зориулалттай барилга барих ажил нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 175 дугаар тогтоолоор батлагдсан журмаар хэрэгжиж байгаа. Төсөл хэрэгжүүлэгч нь дүүргийн Засаг даргатай Хамтран ажиллах гэрээ байгуулж ажиллана. Захиргааны ерөнхий хуульд заасан нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа хийгээгүй нь төсөл хэрэгжүүлэгчийн эрх ашиг хөндөж байна. Учир нь дүүргийн Засаг дарга төсөл хэрэгжүүлэгчтэй Хамтран ажиллах гэрээ байгуулснаас хойших хугацаанд төсөл хэрэгжүүлэгч тал тухайн газарт биет болон биет бусаар олон сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Төсөл хэрэгжүүлэгчийн эрх, ашгийг хамгаалах, саналыг авах талаар сонсох ажиллагаа явуулаагүй. Иймээс Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/862 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч И ӨХХК-ийн Н З Дд холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн А/862 дугаар захирамжийг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч И ӨХХК нь Н З Дд хандаж Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 дугаар байрны хойно байрлах 2000 м.кв газарт дээрээ тохижилт бүхий авто зогсоол барих төсөл хэрэгжүүлэхээр хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн газар, барилгажилтын зөвлөлийн 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн хурлаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 175 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд авто зогсоол төлөвлөх, барьж байгуулах журам”-д заасны дагуу И ӨХХК-ийг төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэжээ.

 Дээрх хурлаас гарсан дүгнэлтийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн А/484 дүгээр захирамжаар Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 5 дугаар байрны хойд талд 2000 м.кв газрыг тохижилт бүхий авто зогсоолын зориулалтаар Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт 15 жилийн хугацаатай эзэмших эрх олгож, Нийслэлийн өмчийн харилцааны газарт хууль журмын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг даалгаж шийдвэрлэсэн байдаг.

Гэтэл хариуцагч нийслэлийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн А/862 дугаар захирамжаар “...тухайн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жилээс дээш хугацаагаар дараалан ашиглаагүй” гэх үндэслэлээр Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газарт олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болгож, газар эзэмших гэрээг цуцалж, гэрчилгээг хүчингүй болгохыг нийслэлийн газрын албанд даалгасан нь үндэслэлгүй байна.

Тодруулбал, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй.” тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор зохицуулжээ.

Гэтэл Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар нь И ӨХХК-тай 2016 оны 8 дугаар сарын 16 ны өдөр 2016/09 дугаартай Хамтран ажиллах гэрээ байгуулснаар тус компани 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ГБЗХ 2016/******* “Архитектур төлөвлөлтийн даалгавар”, 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдөр Барилгын эскиз зураг, 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 714/2017 дугаар магадлалын ерөнхий дүгнэлт, 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр техникийн нөхцөл, АКТ8-17/17-03 дугаар зураг төсөв зэргийг батлуулж, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 0001******* 22******* дугаар бүхий Барилгын ажлын зөвшөөрлийг тус тус эрх бүхий байгууллагуудаас авч байснаас үзэхэд “газрыг 2 жил дараалан зориулалтын дагуу ашиглаагүй” гэж үзэх нөхцөл байдал үүсээгүй байна.

И ӨХХК нь дээрх Хамтран ажиллах гэрээний үндсэн дээр хэрэгжүүлэхэд шаардлагатай бичиг баримт, зөвшөөрлийг хуульд заасан хугацаа, журмын дагуу эрх бүхий байгууллагуудаас авч, бүрдүүлж байсан талаарх нөхцөл байдлыг хариуцагч Н З Д Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ.” гэж заасны дагуу үнэлж, дүгнэлгүйгээр газар эзэмших эрхийг цуцалсан нь нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

Түүнчлэн хариуцагч нь Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн ... газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ.”,  34.8-д “Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ.” гэсэн зохицуулалтын дагуу хариуцагч газар эзэмших гэрээ байгуулах үүргээ биелүүлээгүй.

Энэ талаар гуравдагч этгээд Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газраас “Нийслэлийн газрын албанд хандан 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 1/1474 дугаар албан бичгээр газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг хүссэн боловч хариуцагч гэрээ байгуулж, гэрчилгээ олгоогүй. Тэгсэн атлаа маргаан бүхий актаар газар эзэмших гэрээг цуцалж, гэрчилгээг хүчингүй болгосон нь “...Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан утга агуулгын илэрхий алдаатай, 47.1.6 дахь хэсэгт заасан иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй илт хууль бус захиргааны акт ...” гэж тайлбарласан нь үндэслэлтэй боловч, нэхэмжлэгч И ӨХХК-ийн маргаан бүхий актыг хүчингүй болгуулах шаардлагын хүрээнд нэхэмжлэлийг шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймээс нэхэмжлэгч И ӨХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн А/862 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр газар эзэмших эрхийг хүчингүй болгох талаар мэдэгдсэн бөгөөд Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газраас 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн албан бичгээр ”2016 оноос хойш тухайн газрыг ашиглах чиглэлээр бодитой үйл ажиллагаа явуулж ирсэн учраас энэ саналыг дэмжихгүй” гэдэг хариу өгсөнийг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1 .Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.8, 40 дүгээр зүйлийн 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч И ӨХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн А/862 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.АДЪЯАСҮРЭН