Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2020/00472

 

М.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 139/ШШ2019/00398 дугаар шийдвэртэй,

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 218/МА2019/00028 дугаар магадлалтай,

М.Б-ын нэхэмжлэлтэй,

Дундговь аймгийн ГБ, Х, З Х гт холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан  цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Б-, түүний өмгөөлөгч М.А, хариуцагчийн төлөөлөгч Ц.Г-, түүний өмгөөлөгч Ж.Ч, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Б-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие 2004 оны 12 сарын 15-ны өдрөөс хойш аймгийн ГБ, Х, З Х гт жижүүр, жолоочоор ажиллаж байгаад 2007 оноос нярав, жолоочийн ажлыг хавсран гүйцэтгэж ирсэн. Гэтэл энэ оны 01 дүгээр сараас газрын дарга Ц.Г- нь намайг ардчилсан намын хүн гэж хавчих болсон. Би ямар ч намын харьяалалгүй, дэмжигч бус хүн, Хуульд зааснаар төрийн албан хаагчийн ёс зүйг баримталж, ажиллаж ирсэн төрийн албан хаагч. Би хууль бус үйлдлийг нь эсэргүүцэж, саналаа шударгаар нягтлан болон даргадаа хэлсний төлөө ингэж хавчигдах болсон. Намайг эрүүл мэндийн байдлаас шалтгаалан (сахар ихэсч, даралт өсөөд) эмнэлгийн магадлагаагаар эмчилгээ хийлгэж, акттай байх хугацаанд буюу 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Б/10 тоот тушаал гаргаж ажлаас халсан. Уг тушаалыг намайг актны хугацаа дуусч, 05 сарын 13-ны Даваа гаригт ажилдаа очиход гардуулж өгсөн ба би тушаалыг хууль зүйн үндэслэлгүй, МУ-ын Үндсэн хууль, Төрийн албаны болон Хөдөлмөрийн хуулийг зөрчсөн тушаал хэмээн эс зөвшөөрч хуульд заасны дагуу хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил буюу Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын нярав, жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...М.Б- нь огт яригдаагүй асуудлыг үндэслэл болгон гүтгэж байна. Эмнэлгийн магадлагаа нь засвартай өөрөөр хэлбэл 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийг 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр болгон зассан, Ерөнхий эмчийн гарын үсэг зурагдаагүй, Эмнэлэгийн магадлагаа 5 хоногоос хэтэрвэл лист бичигдэх ёстой байтал одоогоор ажил олгогчид ирсэн лист байхгүй. Иймд эрүүл мэндийн шалтгаантай байсан нь худлаа, эмнэлэгийн магадлагааг хуурамчаар үйлдсэн гэж үзэж байна. М.Б- нь өвчтэй байсан гэх хугацаа буюу 2019 оны 05 сарын 03-наас 13-ны өдрүүдэд согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байсан. М.Б-т 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хөрөнгийн дахин үнэлгээтэй холбоотой газрын дэргэдэх Бүрдийн уянга хүүхдийн зуслангийн барилга байгууламжийн зураг авч ирэх үүрэг даалгавар өгч явуулсан боловч, 2019 оны 01 сарын 11, 12, 14-ний өдрүүдэд удирдлагаас чөлөө зөвшөөрөл авалгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасдаж, Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг зөрчиж, сахилгын зөрчил гарган, 2019 оны 01 дүгээр сарын 14-ий өдрийн газрын даргын Б/03 тоот тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан болно. Байгууллагын Дотоод хяналт, шалгалтын нэгжээс жилийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр газрын даргаар дотоод хяналт, шалгалт зохион байгуулах удирдамж батлуулан, дүнг даргын дэргэдэх зөвлөлийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 03 дугаар хуралдаанд танилцуулж, 2 дугаар сард ажлын 6 хоног, 3 дугаар сард ажлын 4 хоногтус тус ажил хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасласан. Энэ зөрчилд нь газрын даргын 2019 оны 05 сарын 10-ны өдрийн Б/10 тоот тушаалаар ажлаас халсан. М.Б-ыг ажпаас халсан тушаал нь Хөдөлмөрийн тухай хууль, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журам болон бусад хууль тогтоомжинд бүрэн нийцсэн гэж үзэж байна. Иймд нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 139/ШШ2019/00398 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Мойног овгийн Монхойн Батбаатарыг /ЗЮ71111875/ Дундговь аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын нярав, жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч М.Б-ын ажилгүй байсан хугацааны олговор 2655264 /хоёр сая зургаан зуун тавин таван мянга хоёр зуун жаран дөрвөн/ төгрөгийг хариуцагч Дундговь аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас гаргуулан нэхэмжлэгч М.Б-т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгчид олговол зохих олговроос хуульд заасан хувь хэмжээгээр эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж, ажил олгогч төлвөл зохих хэмжээгээр мөн эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл төлж нэхэмжлэгчийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 57434 /тавин долоон мянга дөрвөн зуун гучин дөрөв/ төгрөг нөхөн гаргуулж төсвийн орлогод оруулж, хариуцагчаас 127634 /нэг зуун хорин долоон мянга зургаан зуун гучин дөрөв/ төгрөгийг гаргуулж 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод, 57434 /тавин долоон мянга дөрвөн зуун гучин дөрөв/ төгрөгийг нэхэмжлэгч М.Б-т тус тус олгож шийдвэрлэжээ.

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 218/МА2019/00028 дугаар магадлалаар хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 сарын 26-ны өдрийн 139/ШШ2019/00398 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Хариуцагч Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас улсын тэмдэгтийн хураамж 127634 /нэг зуун хорин долоон мянга зургаан зуун гучин дөрөв/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн төлөөлөгч Ц.Г-ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Анхан шатны шүүх нэхэмжлэгч М.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн бөгөөд давж заалдах шатны шүүх уг шийдвэрийг зохигчдын эрх ашгийг хамгаалж гарсан хэрэглэх ёстой хуулийг үндэслэлтэйгээр хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчим, журмыг зөрчөөгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, болсон үйл баримт, бодит байдлаас өөрөөр дүгнэлт хийж хэт нэг талыг буюу нэхэмжлэгчийн талд шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Давж заалдах шатны шүүх ажилтан М.Б-ыг магадлагаа ирүүлсэн байхад засвартай байсан учир ажлаас чөлөөлсөн мэтээр ташаа ойлгож дүгнэлт хийсэн. Ажил олгогчийн зүгээс ажил таслаад архи уугаад явсан ажилтанд сахилгын зөрчлийг давтан гаргасан үндэслэлээр ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Эмнэлгийн магадлагаатай байсныг ажил олгогч мэдээгүй байсан гэдгийг анхаарч үзсэнгүй. М.Б-т бичигдсэн эмнэлгийн магадлагааг хүчин төгөлдөр хууль ёсны нотлох баримтын шаардлага хангаагүй, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаж байхад шүүх хүлээн аваагүй. Эмнэлгийн магадлагааг хуурамч засвартай эсэхэд ажил олгогч өөрөөр нотлох ямар нэг бололцоо байхгүй. Мөн анхан шатны шүүх шийдвэртээ нэхэмжлэгч М.Б-ыг ажил олгогч сахилгын зөрчил гаргасан гэж үзэн ажлаас халсан нь буруу биш байна гэж зөрчилтэй дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй болжээ гэж дүгнэсэн нь мөн л үндэслэлгүй болсон гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн буруу үнэлэлт дүгнэлтийг няцаасан бол бодитой үнэлэлт дүгнэлт өгөх ёстой. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч Х.Хишигбат, С.Чинбат нараас мэдүүлэг авахдаа хариуцагчийг байлцуулаагүй, асуулт асуух эрхээр хангаагүй, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөөр байхад зөрчөөгүй зохигчдын эрх ашгийг хамгаалсан гэж дүгнэж байгаа нь ойлгомжгүй байна. Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

М.Б- Дундговь аймгийн ГБ, Х, З Х гт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэл гаргасныг, хариуцагч зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

...Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж, ...хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаалгахыг хүссэн хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй байна.

Нэхэмжлэгч М.Б-, Дундговь аймгийн ГБ, Х, З Х гт нярав, жолоочийн ажил эрхэлж байгаад тус газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/10 тоот тушаалаар ажлаас халагджээ.

Б/10 тоот тушаалд “М.Б- 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/03 тоот тушаалаар хүлээсэн сахилгын шийтгэлтэй байх хугацаанд 2019 оны 02 дугаар сарын 11-18 болон 03 дугаар сарын 25-28-ны өдрүүдэд ажил тасалж сахилгын зөрчлийг давтан гаргасан” гээд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн дотоод журмын 10.1.1, хөдөлмөрийн гэрээний 5.1.1, даргын дэргэдэх зөвлөлийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаар хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэсэн байна.

Дээрх тушаалаас үзвэл М.Б-ыг ажил олгогч сахилгын давтан зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас халжээ.

Анхан шатны шүүх М.Б-ыг тушаалд заасан зөрчлийг гаргасан нь тогтоогдсон гэж үзсэн нь үндэслэлтэй бөгөөд энэхүү дүгнэлтийг давж заалдах шатны шүүх үгүйсгэсэн нь учир дутагдалтай болжээ. Учир нь М.Б-ын цалинг 20 хувиар, 3 сарын хугацаагаар хасах тухай ажил олгогчийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/03 тоот тушаалын талаар болон 2019 оны 02 дугаар сарын 11-18, 03 дугаар сарын 25-28-ны өдрүүдэд ажил тасалснаа нэхэмжлэгч маргаагүй байна.

Хариуцагч Дундговь аймгийн ГБ, Х, З Х г нь ажилчдын цагийн бүртгэлд хяналт шалгалт хийж, 2019 оны 2, 3 дугаар сард ажил тасалсан М.Б-ын зөрчлийг 2019 оны 04 дүгээр сард илрүүлж, тухайлбал, хурууны хээний цахим бүртгэлийг жижүүрийн бүртгэлтэй тулгаж тогтоосон тухай баримтууд хэрэгт авагджээ. Эдгээрийг нэхэмжлэгч няцаагаагүй тул ажил олгогчийн Б/10 тоот тушаалд заасан сахилгын давтан зөрчлийг М.Б- гаргасан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Харин давж заалдах шатны шүүх, Дундговь аймгийн ГБ, Х, З Х г нь М.Б-ыг ажлаас халахдаа түүний 2019 оны 05 дугаар сарын 06-12-ны өдрүүдэд өвчтэй байсан хугацааг ажил тасалсан гэж үзэн ажлаас халах үндэслэл болгосон мэтээр дүгнэлт хийсэн тухай хариуцагчийн гомдолд заасан нь үндэслэлтэй боловч энэ  нь магадлалын шийдэлд нөлөөлөөгүйг дурдах нь зүйтэй байна.

М.Б-ын нэхэмжлэлийг хангах дараах нөхцөл тогтоогдсон талаархи хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.

Ажил олгогч тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т заасныг зөрчжээ.

2019 оны 05 дугаар сарын 06-12-ны өдрүүдэд М.Б- ажилдаа ирж ажил үүргээ гүйцэтгээгүйг зохигч маргаагүй ба ажил олгогч Б/10 тоот тушаалыг 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гаргасан, энэ хугацаанд нэхэмжлэгч өвчтэй байсан нь тогтоогдсон байна.

Эмчийн магадлагаагаар чөлөөтэй байгаа үед ажилтны ажлын байрыг хадгалахыг Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т заасан байна.

Ажилтан өвчтэй болохоо тухайн өдрөө ажил олгогчид мэдэгдээгүй нь буруу боловч эмчийн магадлагааг 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гэхэд ажил олгогчид хүргүүлсэн нь хэргийн баримтаар нотлогджээ.

Иймд нэхэмжлэгч М.Б-ыг өвчтэй байх хугацаанд ажлаас халсан нь хууль зөрчсөн тул нэхэмжлэлийг хангасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлд заасантай нийцсэн гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т зааснаар ...нотлох баримтыг хууль бусаар бүрдүүлсэн, цуглуулсан гэж үзвэл шалгуулах буюу нотлох баримтаас хасуулах ...эрхийг зохигч эдлэх хэдий ч М.Б-ын өвчтэй байсан тухай эмнэлгийн магадлагаа хуурамч болох нь тогтоогдоогүй тул нотлох баримтаас хасуулах хариуцагчийн хүсэлтийг шүүх хүлээн аваагүйг буруутгах үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч тухайн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр эмнэлэгт үзүүлж, эмнэлэгийн магадлагаа авсан нь өвчтөний картын тэмдэглэл, гэрчээр асуугдсан эмч Х.Хишигбатын мэдүүлгээр тогтоогдсон тухай шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй байна. 

Хэргийн баримтаас үзвэл, нэхэмжлэгч тал Х.Х-ыг, хариуцагч тал С.Ч-ыг тус тус гэрчээр асуулгах хүсэлт гаргаж хэн аль нь асуух зүйлээ шүүхэд бичиж өгсний дагуу шүүх гэрч нараас тухайн асуултын хэмжээнд мэдүүлэг авчээ. Шүүх хуралдааны өмнө буюу 2019.09.20-ны өдөр зохигч, тэдгээрийн өмгөөлөгч нар хэргийн баримттай танилцсан нь хэргийн 108 дугаар талд авагдсан ба шүүх хуралдаанд зохигч гэрчээс мэдүүлэг авсан ажиллагааны талаар аливаа хүсэлт гаргаагүй байна.

Дээр дурдснаар “хуурамч нотлох баримтыг нотлох баримтаас хасах хүсэлтийг хүлээж аваагүй, гэрчээс мэдүүлэг авахдаа байлцуулаагүй” гэх хариуцагчийн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэлгүй тул гомдлыг хангахгүй орхиж, тэдгээрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнд дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 139/ШШ2019/00398 дугаар шийдвэр, Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 218/МА2019/00028 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Ц.Г-ийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 127.634 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ