Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 128/2015/0128/З |
Дугаар | 221/МА2015/0502 |
Огноо | 2015-11-04 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 221/МА2015/0502
2015 оны 11 сарын 04 өдөр | Дугаар 221/МА2015/1502 | Улаанбаатар хот |
И ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, хариуцагч С. гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Б.Бнарыг оролцуулан хийж, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 517 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нийн гаргасан давж заалдах гомдлоор, И ХХК-ийн нэхэмжлэлтэй, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Улсын ерөнхий байцаагчид холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч И ХХК ХХК-ийн захирал Н.Б шүүхэд гаргасан тайлбартаа:...Ц.С өдөр бүр ажил үүрэг гүйцэтгэдэггүй, түүнчлэн түүнд тогтмол цалин хөлс огт олгодоггүй байсан тул цалингаас нь суутгал хийж, нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргийг захиргаа хүлээж байгаагүй байна. Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ амаар байгуулагдсанаар иргэний эрх зүйн харилцаа үүсч, тээвэр хийсэн тохиолдолд хөлс олгож байсан байна. Иргэн М.Шг нь өөрийнхөө данснаас иргэн Ц.Сүрт ажлын хөлс төлсөн байх бөгөөд "И" ХХК-иас иргэн Ц.Ст 2014 онд ямар нэг төлбөр, хөлс огт төлөөгүй байна. Гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаад, улсын ахлах байцаагч Л.Эн 02-01/10 тоот актаар дүгнэлтийг 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүчингүй болгосон. Гэтэл улсын байцаагчийн 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн акт нь холбогдох хэм хэмжээг зөрчиж гарсан байна хэмээн дүгнэсэн мөртлөө улсын ахлах байцаагчийн 02-01/10 тоот актыг хүчингүй болгосон улсын ерөнхий байцаагчийн 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 01/001/01 шийдвэр нь хууль зүйн хувьд үндэслэлгүй юм. 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 01/001/01 шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд уг шийдвэрийн Шийдвэрлэх нь хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Шийдвэрлэх нь хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан тайлбартаа: ...Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч П.Бгийн гаргасан 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн дүгнэлт нь Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага, стандартын 12.1 -д заасан улсын байцаагчийн дүгнэлтийн хэвлэмэл хуудсан дээр гаргаагүй, нэгдсэн дугаар аваагүй байсан. "АД" ХХК-ийн Баянгол салбарын захирал Д.Дэ, "И" ХХК-ийн захирал М.Ш нарын баталсан 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн №201213ОС71 тоот "Даатгалын гэрээ"-ний 13.2.2-д Ц.Сыг даатгалд даатгуулсан байгаа болон хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд түлш хүргэх ажил гүйцэтгэснийхээ төлөө цалин хөлс авч байхаар тохиролцож ажил гүйцэтгүүлж байсан нь "М-ойл Групп" ХХК-ийн зарлагын падаанууд болон шатах, тослох материалын хүлээн авалтын бүртгэлээр тогтоогдож байгаа бөгөөд энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай" Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 тоот тогтоолын 4-д "Ажилтан болон ажил олгогч амаар тохиролцсоны дагуу ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлсэн ба хөдөлмөрийн гэрээг бичгээр нөхөн байгуулахаар харилцан тохиролцсон нөхцөлд хөдөлмөрийн эрхийн харилцааг амаар тохиролцсон үеэс эхэлсэн гэж тооцож болно гэж тайлбарласан, мөн дээрх осол нь Засгийн газрын 2009 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 1.5.1-д "Ажилтан ажлын үндсэн болон туслах байранд, эсхүл гэрээ хэлэлцээр, эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу албан томилолт, дайчилгаагаар бусад газарт ажил үүргээ гүйцэтгэж байхдаа гэсэн заалтанд хамаарагдаж байна. Улсын ахлах байцаагч Л.Эрдэнэчулуун нь 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 02-01/10 тоот шийдвэрийг гаргахдаа дээрх үндэслэл болох холбогдох хууль тогтоомж, үйл баримтыг бүрэн шалгаж тодруулалгүй, шинжээчийн дүгнэлт гэж буруу дүгнэж шийдвэрлэсэн. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
Гуравдагч этгээд С. авын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: ...Иргэн Ц.С нь "И" ХХК-ийн үндсэн ажилтан байсан бөгөөд 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж яваад зам тээврийн осолд орж амь насаа алдсан болно. "И" ХХК-ийн байгуулсан 201213DC71 тоот даатгалын гэрээний 13.2-т Ачаа тээврийн нэмэлт мэдээлэлд 01-62 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.С гэсэн, мөн гэрээний 15.3.2.6-д Даатгуулагч байгууллагатай хөдөлмөрийн буюу ажил гүйцэтгэх гэрээгүй хүн жолоодож явах үед гарсан аливаа хохирол гэсэн хэсэг, мөн 15.4.7.2-д Жолоочийн нэр, тээвэрлэх тээврийн хэрэгслийн улсын дугаар гэсэн хэсгүүдээр талийгаач Ц.С нь И" ХХК-ийн үндсэн ажилтан байсан ба ямар нэгэн шалтгааны улмаас нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй байсан болохыг нь ашиглан "И" ХХК нь хариуцлагаас мултрах оролдлого хийж байна гэж үзэх бүрэн үндэстэй. Л.Эрдэнэчулуун нь улсын байцаагч П.Бгийн гаргасан үйлдвэрлэлийн ослын дүгнэлтийг хүчингүй болгосон. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйл "захиргааны акт илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргах" гэсэн зүйлийн 9.1.5-д "хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан" гэсэн байх бөгөөд харин дээрх хамтарсан тушаалын 3.12-т "Улсын байцаагчийн захиргааны хэрэг бүртгэлийн үйл ажиллагаанд тавих дотоодын хяналтыг дээд шатны улсын байцаагч хууль эрх зүйн мэргэжилтэн өдөр тутмын хяналт тавьж, хууль эрх зүйн туслалцаа үзүүлнэ" гэсэн байна. Дээрх актыг хүчингүй болгон шийдвэрлэх болсон үндэслэл нь бүхэлдээ ойлгомжгүй, Хан-Уул дүүргийн байцаагч П.Б нь хэнийг ямар хууль бус үйлдэл хийхийг шахан шаардсан болох нь тодорхойгүй, мөн дотоодын хяналтыг хэрхэн хийсэн, ямар зөрчил илэрсний улмаас ямар хууль зүйн туслалцаа үзүүлсэн болох нь тодорхойгүй байх тул илт хууль бус шийдвэр байсан болно. "И" ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 517 дугааршийдвэрээр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10, 10.12.6, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9, 29 дүгээр зүйлийн 29.4.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан И" ХХК-ийн нэхэмжлэлээс Мэргэжлийн хяналтын улсын ерөнхий байцаагчийн 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 01/001/01 тоот шийдвэрийн Шийдвэрлэх нь хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгуулах шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, Мэргэжлийн хяналтын улсын ерөнхий байцаагчийн 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 01/001/01 тоот шийдвэрийн Шийдвэрлэх нь хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н давж заалдах гомдолдоо: Ц.Сын насбарсан шалтгаан нь үйлдвэрлэлийн осол биш хэмээн нэхэмжлэгч тал маргаж байгаа ба үндэслэл нь замтээврийн ослын улмаас Ц.С нас барсныг Төв аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2014 оны 4 дүгээр сарын 07-ны 26 тоот дүгнэлт, Төв аймгийн Прокурорын газрын 176 дугаар тогтоолоор тус тус үгүйсгэл маань нотлогдоно. Ц.С нь "И" ХХК-д ажиллаж байгаагүй хэмээнмаргаж байгаа ба Дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс ирүүлсэн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хүмүүсийн лавлагаа, Дүүргийн татварын хэлтсээс ирүүлсэн татварын тайлан зэрэг баримтаар тус тус үгүйсгэлмаань нотлогдоно. Мэргэжлийн хяналтын улсын ерөнхий байцаагчийн 2015 оны 01 дүгээр сарын 16-ны 01/001/01 тоот шийдвэрийн шийдвэрлэх нь хэсгийн хууль зүйн үндэслэл нь гаргаж буй шийдвэртэй тохирохгүйбайна. Өөрөөр хэлбэл улсын байцаагч журмын заалт зөрчиж акт гаргасныг нь улсын ахлах байцаагч тогтоож, хүчингүй болгосныг нь улсын ерөнхий байцаагч хүчингүй болгосон нь буруу юм. Дахин шийдвэр гаргахаардаалгасныгаа эс үйлдэхүй байсан учраас хэмээн тайлбарлаж байгаа ч эс үйлдэхүй гэдэг ойлголтод уг даалгахшийдвэр нь хамаарахгүй тул хууль бус юм. Нэхэмжлэлийг хангасан өөрчлөлтийг шийдвэрт оруулж өгнө үү.гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх нэхэмжлэгч И ХХК-ийн Мэргэжлийн хяналтын улсын ерөнхий байцаагчийн 2015 оны 01/001/01 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нийн давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.
Улсын ерөнхий байцаагч нь үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсан Ц.Сын хүү С.Лхагважавын гомдлыг хянаж, 2015 оны 01/001/01 дүгээр шийдвэрийн нэг дэх заалтаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2014 оны 8 дугаар сарын 21-ний дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй боловч дугааргүй, хэвлэмэл хуудсан дээр гаргаагүй (хэлбэрийн хувьд алдаатай) тул хууль, стандартад нийцүүлэн гаргахыг даалгасан, хоёр дахь заалтаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга, төвийн бүсийн ахлах байцаагчийн 2014 оны 02-01/10 дугаар шийдвэрийг хууль зүйн үндэслэлгүй, утга агуулгын алдаатай гэж үзэж хүчингүй болгожээ.
Нэхэмжлэгч нь дээрх улсын ерөнхий байцаагчийн шийдвэрийн хоёр дахь заалтыг хүчингүй болгуулах нэхэмжлэлээсээ татгалзсан байна.
Нэхэмжлэгч И ХХК-ийн захирал Шү нь Ц.Саар эвдэрсэн машиныг засаж, шатахууныг цааш тээвэрлэж Оюу толгойд хүргэх ажил гүйцэтгүүлэхээр тохиролцон авч явах замдаа зам тээврийн осол гаргасны улмаас Ц.С нь нас баржээ.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.5-д хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нь үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх, ослын шалтгаан, хүчин зүйлийг тогтоосон байдалд хяналт тавих, энэ хуульд заасны дагуу үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын талаар дүгнэлт гаргах бүрэн эрх хэрэгжүүлэхээр заасны дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч П.Б нь 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр уг ослыг үйлдвэрлэлийн осол гэж тогтоож дүгнэлт гаргасан нь мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.20-д үйлдвэрлэлийн осол гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг ойлгоно гэж; мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.8-д заасны дагуу Засгийн газрын 2009 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 14 дүгээр тогтоолоор баталсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм-ийн 1.5-д Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дараах нөхцөл байдалд гарсан ослыг үйлдвэрлэлийн осолд тооцно: 1.5.4. ажилдаа ирэх, буцах замдаа аливаа тээврийн хэрэгслээр ... явж байхдаа; гэж тус тус заасанд нийцсэн байх бөгөөд энэ талаарх улсын ерөнхий байцаагчийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо Ц.Сын нас барсан шалтгаан нь үйлдвэрлэлийн осол биш зам тээврийн осол гэдэг нь шинжээчийн дүгнэлт, прокурорын тогтоолоор нотлогдоно гэжээ.
Шүүхийн шийдвэрээр уг ослыг зам тээврийн осол биш гэж дүгнээгүй, гагцхүү Ц.С нь уг зам тээврийн осолд орж нас барсныг үйлдвэрлэлийн осол гэж тооцсон улсын байцаагчийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн улсын ерөнхий байцаагчийн шийдвэрийг хуульд нийцсэн гэж дүгнэжээ.
2. Мөн гомдолд Ц.С нь И ХХК-д ажиллаж байгаагүй нь нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан хүмүүсийн лавлагаа, татварын тайлан зэргээр нотлогдоно гэжээ.
Ц.С болон И ХХК-ийн хооронд хөдөлмөрийн харилцаа байсан болох нь хэрэгт авагдсан даатгалын гэрээ, шатахуун тээвэрлэх, тээвэрлүүлэх гэрээ, М-Ойл групп ХХК-ийн зарлагын падаанууд болон шатах, тослох материалын хүлээн авалтын бүртгэлүүдэд жолооч Ц.С гэж тэмдэглэсэн, нэхэмжлэгчээс Хас банкинд гаргаж өгсөн цалингийн тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдсон байна.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д Ажил олгогч нь даатгуулагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг түүнд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого олгох бүртээ энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ гэж заасан бөгөөд И ХХК-ийн Ц.Ст олгосон ажлын хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэл суутган шилжүүлэх хуульд заасан үүргээ гүйцэтгэж байгаагүй нь тэдгээрийн хоорондын хөдөлмөрийн харилцааг үгүйсгэх үндэслэл болохгүй.
3. Давж заалдах гомдолд ... ерөнхий байцаагчийн шийдвэрийн шийдвэрлэх нь хэсгийн хууль зүйн үндэслэл нь гаргаж буй шийдвэртэй тохирохгүй байна ... эс үйлдэхүй гэдэг ойлголтод уг даалгах шийдвэр нь хамаарахгүй тул хууль бус юм гэжээ.
Мэргэжлийн хяналтын улсын ерөнхий байцаагчийн 2015 оны 01/001/01 дүгээр шийдвэрт улсын байцаагч П.Бгийн 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн атлаа Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1.3-д захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус эс үйлдэхүй нь иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол зохих акт гаргахыг ... даалгах гэж заасныг баримталж дүгнэлтээ хууль, стандартад нийцүүлж гаргахыг улсын байцаагч П.Бд даалгасан нь буруу байна. Энэ талаарх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй боловч нэхэмжлэлийг хангаж, ерөнхий байцаагчийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй. Учир нь үүний улмаас нэхэмжлэгч И ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүйгээс гадна улсын байцаагч П.Бгийн 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж, уг дүгнэлтийг хүчингүй болгосон ахлах байцаагчийн хууль бус шийдвэрийг хүчингүй болгон С.Лвын гомдлыг хангаж шийдвэрлэсэн ерөнхий байцаагчийн шийдвэр нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.6-д Улсын ерөнхий байцаагч нь улсын байцаагчийн үйл ажиллагаа болон хяналт шалгалттай холбогдуулан гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх бүрэн эрх хэрэгжүүлэх-ээр заасанд нийцсэн байна.
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 517 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч И ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д зааснаар магадлалыг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ