Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 176

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2016/0171/Э/

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, шүүгч Т.Батжаргал, Т.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй,
Иргэдийн төлөөлөгч Т.Ганбаатар, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,  
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,   
Хохирогч Б.Г***, 
Хохирогчийн өмгөөлөгч Б.Ч***, 
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.О***, 
Шүүгдэгч Д.Б*** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан гэмт хэрэгт Д.Б***од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн **** дугаартай хэргийг 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Д.Б*** /РД:****/, ********* төрсөн, ********* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ******ажилтай, *****ийн хамтаар ***** ** тоотод оршин суух бүртгэлтэй, “******” тэмдгээр шагнуулж байсан, урд:
-*****онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 169.б-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж мөн хугацаагаар ял хойшлуулж байсан, 
-***** өдрийн 56 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109.б-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан. 

Шүүгдэгч Д.Б*** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 23 цагийн орчим *** ** тоотод оршин суух иргэн С.М***ын гэрт өөрийн эхнэр О*** өмөөрөн Б.Г***ийн цээжний зүүн хэсэгт нэг удаа хутгалж бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

-Шүүхийн хэлэлцүүлэгт:

-Шүүгдэгч Д.Б***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2016 оны 2 дугаар сарын 14-ний өдөр С.М***ын гэрт ороход манай эхнэр зодолдсон байдалтай байсан. Би салгах гэж оролдоод чадаагүй тул хажууханд нь багажны саван дотор байсан отвёрткыг аваад Б.Г***ийг айлгах гэсэн боловч хатгачихсан. Миний буруу.
…Хохирогчийг эмнэлгийн зардлыг бүгдийг нь өгсөн. Нийт 750000 төгрөг өгсөн. Сүүлд 100000 төгрөг өгсөн.” гэх мэдүүлэг,  

-Хохирогч Б.Г***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Хавтаст хэрэгт байгаа мэдүүлгээс зөрүүтэй байгаа зүйл байхгүй. Нэхэмжлэх зүйл гомдол, санал байхгүй. Эмчилгээний зардлыг Д.Б***оос авсан.” гэх мэдүүлэг,  

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 4-5 дахь тал/, 
-Согтуурал шалгасан тухай тэмдэглэл /хэргийн 8 дахь тал/, 
-Эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тухай тогтоол /хэргийн 11 дэх тал/, 

-Хохирогч Б.Г***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 2 дугаар сарын 14-ний өдөр би 22 цагийн орчим багын найз М***ын гэр болох ****** тоотод очоод байж байхад миний гар утас дуугарч дуудлага ирсэн. 
...ингээд тухайн дугаарыг аваад Н***“энэ хэний дугаар вэ?” гэхэд “Ш*** буюу Б***ын дугаар” гэсэн. Дугаарыг аваад ярьтал “Ш*** байна” гэсэн ба намайг “хаана байна” гэтэл “М***ынд байна, М*** авгайдаа валентины баяр гээд шоколад өгсөн” гэж хэлсэн ба “М*** бид хоёр 0.33-тай архи задлаад хувааж уух гээд байж байна” гэтэл Ш*** “байж байгаарай” гэсэн. 
...Б***ын эхнэр хаалгаар орж ирээд М*** гэрийн үүдэнд байх угаалтуурын хажууд байсан хуванцар сандал аваад үгийн зөрүүгүй намайг “алнаа чамайг” гээд над руу шидсэн. Шидсэн сандал нь миний цээжний хэсэг рүү оносон. Би гайхаад Б***ын О*** гэх хүүхэн рүү “хүүе ээ, чи хүн андуураад байгаа юм уу” гэхэд хүрч ирээд миний өмссөн хувцасны цээж хэсгээс зуураад гартаа байсан түлхүүр юм уу эсхүл отвёртка ч юм уу богинохон зүйлээр миний дух хэсэгт 3 удаа хатгасан. Хатгасан хэсгээс цус гарсан, энэ хооронд О*** нүүр маажаад ноцолдоод байсан. Би О***г болиулах санаатай гарт нь барьж байх үед эхнэр нь Б***ыг “наадахаа ал”  гээд Б***ыг хэлэхэд Б***  өмссөн байсан хувцасныхаа ханцуйнаас хар хуванцар иштэй, нилээд урт ир үзүүртэй хутга гаргаж ирээд миний хэвлий хэсэгт хутгалах гэхэд зүүн гараараа хутганы үзүүр хэсгээс барьж гараа зүссэн. Ингээд дахин Ш*** тухайн хутгаараа миний цээж хэсэг рүү хутгалах үед би барьж чадаагүй. Миний суган доогуур цээжний зүүн хэсэг зүрхэн тус газар хутгалсан. Ингээд дахин Ш*** хутгаа сугалж аваад намайг хутгалсан гэхэд М*** том хүү Б*** нь Ш*** араас нь татаж хориглож болиулсан. 
...таарамжгүй болон өш хонзонгийн харилцаа Б*** бид хоёрт огт байхгүй. О*** бол миний духны хэсэгт 3 удаа иртэй зүйлээр дээрх өдөр хатгаж гэмтээсэн. Нүүрний хэсэгт хумсаараа маажиж гэмтэл учруулсан. Харин Б*** бол цээжний зүүн хэсэг зүрхэн тус газарт хутгалж гэмтээсэн юм. Хутгалсан асуудал нь Б***ын үйлдэл. 
...М*** хутга биш, Б*** өөрөө хутгатай гаднаас ирсэн. Тэр хутгаа Б*** яасан аа хэлэх байх, би мэдэхгүй байна. Би 30 грамм орчим архи уусан, эрүүл байсан. М*** нэг их согтуу байгаагүй халамцуу л байсан. Н***Б*** 2 эрүүл байсан. Б*** нилээд их согтуу мөн О*** маш их согтуу байсан. Би бодохдоо М*** эхнэрээ Ш*** харддаг, Ш*** эхнэр нөхрөө Н*** харддаг байсан. Тэд нарын ийм муухай зүйлд би өртсөн байх гэж бодож байгаа. Яг дээрх хэрэг болох үед бол ямар ч хэрүүл маргаан зодоон болоогүй. Харин энэ хэрэг болохын өмнө нилээд урьд нь хардалтаас болж О*** нь Н*** зодож байсан асуудал яригддаг байсан. Хагалгааны гэмтэл эдгээгүй, биеийн байдал тийм ч сайн биш, тамирдуу ядарсан байдалтай байна. Би маш их гомдолтой байна. Энэ хэргийг О*** л эхэлсэн, нөхрийгөө ал гэж хэлсэн. Нөхрөөрөө намайг хутгалуулсанд О***д гомдолтой байна. Мөн Б***, О*** 2 намайг ямар ч шалтгаангүйгээр хутгалж, хатгаж гэмтээж ийм болгосонд би маш их гомдолтой байна. Эмчилгээний зардал нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг /хэргийн 13-18 дахь тал/,  

-Хохирогч Б.Г***ийн өвчний түүх /хэргийн 23-41, 43-49, 51-57 дахь тал/, 
-Сэжигтэн Д.Б***ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 59-63 дахь тал/, 

-“…Б.Г***ийн биед цээжний хөндийд нэвтэрсэн шарх тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй багажийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох зааврын 3.1.11-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. Б.Г***д учирсан дээрх гэмтэл нь цаашдын хөдөлмөрийн чадвар, эрүүл мэндэд нөлөөлөхгүй.” гэх 2016 оны 2 дугаар сарын 24-ний 246 дугаар шинжээчийн дүгнэлт /хэргийн 65 дахь тал/, 

-“…Шинжилгээнд авсан Б.Г***ийн цусны бүлэг нь BIII байна.” гэх 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 46 дугаар шинжээчийн дүгнэлт /хэргийн 69 дэх тал/, 

-“…Б.Г***ийн биед духны өнгөц шарх, дух, баруун хацрын зулгаралт, зүүн гарын 3 дугаар хурааны 3 дугаар үеийн дотор хэсгийн сорви тогтоогдлоо. Дээрх өнгөц шарх, зулгаралт, сорви нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх өнгөц шарх, зулгаралт, сорви нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй, хамрагдах талбай бага тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно. Б.Г***д учирсан уг өнгөц шарх, зулгаралт, сорви нь цаашдын хөдөлмөрийн чадвар, эрүүл мэндэд нөлөөлөхгүй болно.” гэх 2016 оны 2 дугаар 24-ний өдрийн 340 дугаар шинжээчийн дүгнэлт /хэргийн 73 дахь тал/, 

-“…Б.О***гийн биед бугалга, шуу гуя, умдагны дээр зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 254 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 78 дахь тал/, 

-“…Урьд гаргасан шүүх эмнэлгийн үзлэгийн ¹254 тоот дүгнэлтийн 1, 2, 4 дүгээр заалтууд үндэслэлтэй. Шинжээч эмч С.Б***ын урьд гаргасан ¹254 тоот дүгнэлтийн 3 дугаар заалт үндэслэлгүй байна. Учир нь Б.О***гийн биед учирсан гэх зөөлөн эдийн няцралтай гэмтэл нь хамрагдах талбай багатай, мөчдөөр байрласан эрүүл мэндийг сарниулахгүй болно. Б.О***гийн биед зүүн бугалга, зүүн шуу, баруун гуя, умдаг орчмын зөөлөн эдийн цус хуралт тогтоогдлоо. Дээрх цус хуралт нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг цус хуралт нь хамрагдах талбай бага, эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Б.О***гийн биед илэрсэн дээрх цус хуралт нь 2016 оны 2 дугаар сарын 14-ний өдөр үүссэн байх боломжтой. Б.О***гийн биед тогтоогдсон зөөлөн эдийн цус хуралт нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх 2016 оны 3 дугаар сарын 24-ний 397 дугаар шинжээчийн дүгнэлт /хэргийн 86 дахь тал/, 

-“…Д.Б***ын биед гэмтэл тогтоогдсонгүй.” гэх 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 253 дугаар шинжээчийн дүгнэлт /хэргийн 91 дэх тал/, 

-“…Шинжилгээнд ирүүлсэн хувцсанд уранхай, цоорхой гарсан байна. Шинжилгээнд ирүүлсэн хувцасны дөрвөлжин хээтэй цамцанд үүссэн 1.3 см, цэнхэр цамцанд үүссэн 1.3 см хэмжээтэй уранхай хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байна. Уг уранхайны зах ирмэг цусаар бохирлогдсон байх тул шинээр үүссэн эсэхийг тогтоох боломжгүй байна. Уг хоёр цамцанд үүссэн уранхайны байрлал ойролцоо байх тул нэг удаагийн үйлчлэлээр, нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цэнхэр цамцанд үүссэн 8*3см, 4*4см, 7*4см хэмжээтэй цоорхой татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн хуучин цоорхой байна. Хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэн болохыг тогтоох боломжгүй байна. Цэнхэр цамцанд үүсэн 5*4см, 4*3 см хэмжэээтэй уранхай хатуу үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн хуучин цоорхой байна. Нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байж болно.” гэх 2016 оны 3 дугаар сарын 4-ний 1542 дугаар шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт  /хэргийн 95-98  дахь тал/,  

-“…Шинжилгээнд ирүүлсэн цагаан цэнхэр өнгийн хөндлөн судалтай дугуй захтай урт ханцуйтай цамц, бор эрээн өнгийн дөрвөлжин хээтэй босоо захтай цамцан дээр цус илэрсэн. Бусад биологийн гаралтай ул мөр илрээгүй. Цагаан цэнхэр өнгийн хөндлөн судалтай дугуй захтай урт ханцуйтай цамц, бор эрээн өнгийн дөрвөлжин хээтэй босоо захтай цамцан дээр илэрсэн цус нь ABO системээр B/III/ бүлгийн харьяалалтай байна.” гэх 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 1905 дугаар шинжээчийн дүгнэлт /хэргийн 99 дэх тал/, 
    
-Хохирогчийн өмсөж явсан хувцсанд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 102-105 дахь тал/,     
    
-Гэрч Ц.Н*** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б***ын эхнэр О*** гэдэг хүүхэн маш их хартай. Хэнтэй ч хамаагүй нөхрөө харддаг. Б*** манай нөхөртэй найзууд учраас хаяа манай гэр орноор орж гарахаар нь л надтай нөхрийгөө ор үндэсгүй харддаг. 
…О*** манай гэрт согтуу орж ирээд юу ч хэлэлгүй Г***рүү чи муу яагаад манай нөхрийг дарамтлаад байдаг юм гэснээ үүдэнд байсан сандал аваад Г*** руу /Г***хүрэл/ шидсэн. Г*** манай гэрийн ширээний тэнд хойморын хавьд сууж байсан. Гэтэл Г*** О*** руу “юу вэ, юу болж байна” гэхэд О*** Г*** руу явж очоод зуураад байсан.  Тэгээд би “хүүш ээ болиоч ээ та нар, гарч зодолд, би цагдаа дуудлаа” гээд гар утсаа аваад гэрээсээ гараад явсан. Манай нөхөр ч гэсэн миний араас гадаа гараад ирсэн. Хүү Б*** уйлаад гэрээс гарч ирсэн. Тэгсэн л удалгүй том хүү Б*** “ээж Г***аа ахыг Ш*** ах хутгалчихлаа ш дээ” гээд орилоод гэрээс гараад ирсэн. Тэгээд Г*** өөрийнхөө цээжийг гараараа дарсан цээжний хэсгээс цус гарсан гэрээс гарч ирээд манай хажууд байх ээжийн гэрт орсон.  Г*** намайг Ш*** хутгалчихлаа гээд байсан. Тэгээд түргэн дуудаад, цагдаа дуудсан. Түргэн ирээд Г***ийг эмнэлэг рүү аваад явсан. Намайг гэрээс цагдаа дуудлаа гээд гарах үед Ш*** гартаа хар хуванцар иштэй хутга барьсан байсан. Тэр хутга бол манай хутга биш. Ш*** өөрөө л манай гэрт авч орж ирсэн байх. Тэр хутгаа Ш*** өөрөө гэрээс хэрэг болсны дараа аваад гарч явсан байх. Түргэн цагдаа дуудаж байх хооронд Ш*** гэрээс хутгаа аваад гараад зугтаад явсан байсан. …Г*** манайд тэр орой ирэхдээ хацар нүүрэндээ шинэ шархтай ирээгүй. Харин хэд хоногийн өмнө Г*** хүнтэй зодолдсон гээд өрөөсөн нүд бага зэрэг хөхөрсөн ирснээс өөр бол нүүрэндээ гэмтэлгүй байсан.
…Энэ хэрэг болдог өдөр манай нөхөр М*** Улаанбаатараас гэртээ ирээд машинаасаа ногоон саарал төмөр савтай багажаа байшингийн үүдэнд /дотор хэсэгт/ оруулж тавьсан байсан. Энэ багажийг сүүлд цагдаа ирэхийн өмнө сандраад би шалны алчуураар шалан дээр гоожсон Г***хүрэлийн цусыг арчихдаа багажны хайрцагийг үүдэнд гаргаж тавьсан юм. Багажных нь хайрцаганд цаасны хутга, отвёртка, мөн ганц 1 юм хусдаг муу хар иштэй хутга байдаг байсан. Харин одоо багажны хайрцаганд байсан муу хутга нь байхгүй болсон байна лээ.” гэх мэдүүлэг /хэргийн 107-109 дэх тал/, 

-Гэрч С.М*** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Валентины баярын өдөр байсан юм. Би Улаанбаатар хотод очиж хүний машин засчихаад эргээд Дарханд тэр жолоочийн машинаар ирсэн. Тэр жолооч Дарханд ирээд манай гэрт орж ганц архи ууя гэхээр нь хамт орж тэр айлд бууз жигнүүлж идээд нэг шил сархад нэртэй 0.75 литрийн архийг айлын хүнтэй нь хувааж уугаад ажлын хөлсөө аваад 22 цагийн орчмын үед айлаас гарсан. …Ингээд гэртээ орж ирээд Г***бид 2 хоол идээд нөгөө 0.33гр архиа хувааж уугаад байж байхад Ш*** над руу залгаад танайд очиж явна гэж байсан. Тухайн үед би уусан архиндаа нилээд согтоод ухаан санаа орж гараад байсан. Тэгсэн Ш*** эхнэр О*** манай гэрт ганцаараа түрүүлж орж ирээд л Г***рүү чи яасан том юм бэ? гээд дайраад орилоод зуураад байсан. Тухайн үед би буруу харсан пийшин налаад зогсож байсан. Тэгсэн эхнэр цагдаа дуудна гарцгаа гээд тэд нарыг хөөгөөд байсан.  Араас нь Ш*** орж ирж байсан. Тэгээд эхнэр гараад явсан. Би цагдаа дуудна боль гээд эхнэрийн араас гэрээс гараад явсан. Тэгээд гэртээ орж ирээд сэргээд хартал гэрийн үүдний хэсгийн цонхны харалдаа газар шалан дээр цус болоод дуслаад гоожсон байсан.  Ш*** хайчсан нь мэдэгдэхгүй нэг харсан цагдаа ирэх хооронд байхгүй болсон байсан. Г***надад Ш*** намайг хутгалчихлаа ш дээ гээд байсан. Тэгээд эмнэлэг цагдаа ирээд Г***ийг аваад явсан Ш***ыг хайж олно гээд цагдаа нар явсан.  Цагдаа дээр би эхнэртэйгээ иртэл намайг драйгердаж үзээд 0.98 хувь гарч байна, согтуу байна гэж хэлээд мэдүүлэг аваагүй, эхнэрээс мэдүүлэг авсан. Миний санаж байгаа зүйл бол энэ л байна. 
…Тэр өдөр намайг гэртээ орой 22 цагийн орчим орж ирэхэд Г***хүрэлийн нүүрэнд ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй ээ. Харин цагаан сарын өмнө бил үү дээ хэд хоногийн өмнө Г***хүнтэй зодолдоод өрөөсөн нүд нь хөхөрсөн байснаас өөр гэмтэлгүй байсан. Тэр нь овоо эдгэрч байсан юм аа.” 
…Энэ хэрэг болохын өмнө би Улаанбаатараас ирэхдээ машины багажны хайрцагаа гэртээ оруулж ирж үүдэнд тавьчихаад явсан. Дээрх миний багажны хайрцаганд хутга болон цаас зүсэгч, отвёртка гэх мэт ир үзүүртэй зүйл байсан. Миний багажны хайрцаганд хар өнгийн иштэй, богино ир үзүүртэй тонгорог шиг, урт нь барагцаалбал 15-18 см орчим урттай хутга байсан. Уг хутга дээрх хэрэг явдал болсноос хойш алга болсон байна. Хаа байгааг нь мэдэхгүй олдохгүй байна. Энэ хутгаар би машины мотор бооход моторын цаасан жийрэг цэвэрлэдэг юм.  гэх мэдүүлэг /хэргийн 110-111, 112-113 дахь тал/,

-Гэрч Х.Н***мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 2 дугаар сарын 14-ний өдөр би Дарханд Улаанбаатараас 22 цаг өнгөрч байхад ирээд гэртээ 23 цагийн орчим ирсэн. Тэгээд би гэрээсээ гараад бие засах гээд хашаандаа гарч 00 ороход манай охин Наранчимэгийн гэрт пижигнээд байсан /манайх нэг хашаанд байдаг/. Тэгээд хашаанд О*** гараад ирсэн байсан ба О***г би яагаад байгаа юм бэ?, миний охин боль гэхэд О*** согтуу над руу нөхрөө алсан авгай гээд байсан. Тэгэхээр нь би энэ хүүхэнд юм хэлээд нэмэргүй юм байна гэж бодоод өөрийнхээ гэрт орж ирэхэд манай гэрт Г***ороод ирсэн байсан. Би цочоод чи энд юу хийж суугаа юм бэ гэхэд Ш*** намайг хутгалчихлаа гээд цээж хэсэг нь цус болсон байсан. Тэгээд би түргэн цагдаа дууд гээд тэгээд удалгүй түргэн цагдаа ирсэн. Тэгээд Г*** эмнэлэг аваад явсан. Би тухайн үед гэрт нь ороогүй.” гэх мэдүүлэг /хэргийн 114 дэх тал/, 

-Насанд хүрээгүй гэрч М.Б*** мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...Ш*** гарт ойролцоогоор хар өнгийн иштэй 20 орчим см урттай хутга харагдсан. Тэгээд О*** эгч Г*** ах 2 дээр Ш*** ах очсон. Тэгсэн нэг харсан Г*** ахын зүрхний орчмоос цус гарч байсан. Ш*** ахын гарт тухайн үед хутга байсан ба би гэрээс гарч гүйгээд ээжид Г*** ахыг Ш*** ах хутгалчихлаа гэсэн. Тэгээд цагдаа дуудсан Ш*** ах эмээгийнд орсон байсан. Ш*** ах цагдаа ирэхэд байхгүй алга болсон байсан. Эмнэлэг рүү Г***ахыг аваад явсан. О*** эгч л манай гэрт орж ирэхдээ Г*** ах руу гэнэт ямар дээрэлхүү юм гээд хашгираад орж ирсэн. Тэгээд О*** эгч Г*** ахын нүүр рүү гараараа нэг удаа цохиод эргэж очиж үүднээс сандал авч шидээд дахин ирж зууралдаж авсан. Шидсэн сандал нь Г*** ахын цээж хэсэг рүү нь оносон байх, би сайн хараагүй. Тэгээд О*** эгч Г*** ахтай зууралдаж байхад Ш*** ах гэрт орж ирээд эхнэр нь Г*** ахтай зууралдаж байхад эхнэрээ өмөөрч Г*** ахыг хутгалсан байх.” гэх мэдүүлэг /хэргийн 115-116 дахь тал/, 
    
-Гэрч Г.Г*** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Энэ өдөр би 113 дуудлагатай ******дугаар багийн нутаг дэвсгэрт ахлах ахлагч О.Г*** хамт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Цагийг нь тодорхой санахгүй байна. Энэ өдөр цаг нэлээд орой болсон байсан байхад 102-н төвөөс ****** тоотоос дуудлага өглөө, яаралтай очоорой гэсэн. Ингээд тухайн хаягаар очиход Г*** гэгч нь цээжний зүүн хэсэгт хутгалуулсан байдалтай байсан ба өөрөө надад Ш*** гэгч нь намайг хутгалсан гэж хэлсэн. Хутгалсан Ш*** гэгч нь байгаагүй хэргийн газраас зугтсан байсан. Ингээд би 103 луу дуудлага өгсөн. Түргэн ирээд хохирогчийг үзээд аваад явсан. Хохирогч надад өөр тодорхой зүйл хэлээгүй. Хохирогч өөрөө хэнд хутгалуулсан талаараа хэлж зааж байсан. Хутгалсан байж болох хутгыг хэргийн газраас хайгаад олоогүй, хэрэг явдал болсон газарт цус гоожсон байсан боловч шалыг арчиж цэвэрлэсэн байдалтай байсан. Жижүүрийн бүрэлдэхүүн дуудаж хэргийн газрыг жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгөөд төлөөлөгч Б*** хамт Ш*** гэгчийг олж баривчлахаар эрэн сурвалжлаад тухайн өдрөө олоогүй. Тухайн хэрэг явдал болох үед тэнд байсан хүмүүс болох М*** нилээд согтуу, харин М***ын эхнэр Н***согтуу байсан эсэхийг мэдэхгүй, илэрхий согтуу нь мэдэгдэхгүй байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 128 дахь тал/, 
    
-Гэрч Г.Н***мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Өвчтөн Б.Г***ийн Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасгийн 847 дугаартай өвчний түүх болон шинжээчийн 246 дугаартай дүгнэлттэй би тус тус уншиж танилцахад уг өвчтөнд  учирсан дээрх гэмтэл нь зүрх уушигны талаас хүндрэл үүсэх гэмтэл биш байна. Энэ гэмтэл нь зүрх болон уушгинд хатгагдаж нэвтэрсэн шарх биш учраас зүрхэнд хүндрэл үүсэх шалтгаан болохгүй. Би өвчтөний түүх шинжээчийн дүгнэлтийн хэмжээнд танилцсан ба тухайн иргэнийг өөрөө үзээгүй учраас тухайн хүн ямар архаг хууч өвчтэй эсэхийг мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хэргийн 130 дахь тал/,   
    
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 180 дахь тал/, 

-2016 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 664 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 216-217 дахь тал/, 

-“…2016 оны 2 дугаар сарын 24-ний 246 дугаартай, 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 340 дугаартай  шинжээчийн дүгнэлтүүд үндэслэлгүй байна. Б.Г***ийн биед тухайн үед дух болон зүүн хөхний доод хэсэгт зүсэгдсэн шарх үүссэн байх ба нүүрэнд үүссэн шарханд хөнгөн гэмтэл тогтоодог тул духны шарх хөнгөн гэмтэлд хамаарна.  Мөн зүүн хөхний доод хэсгийн шарх цээжний хөндийг нэвтэрсэн эсэхийг эмнэлэгт анх үзлэг хийх үед үзлэг шинжилгээгээр шалгаагүй цээжний хөндийд нэвтэрсэн нь нотлогдохгүй байгаа тул Шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Цээжний хатгагдаж зүсэгдсэн шарх цээжний хөндийг нэвтэрсэн эсэхийг шалгахдаа шархыг сэтгүүрдэх, цээжийг гэрэлд харж дотор эрхтэн гэмтсэн эсэхийг оношилдог ба Г***хүрэлийн биед үүссэн шархыг дээрх аргуудаар шалгаагүй байна. 
Хохирогчийн цээжний 1 см зүсэгдсэн шархны улмаас дотор эрхтэн гэмтэж цээжний хөндийд бүлэн буюу сул шингэн үүссэн эсэхийг цээжийг гэрэлд харах шинжилгээгээр оношилно, эхо шинжилгээ нь хэвлийн эрхтнүүдийн оношилгоонд хэрэглэгддэг. Цээжний хатгагдаж зүсэгдсэн шарх цээжний хөндийд нэвтэрч ямар эрхтэнг яаж гэмтээснээс эмчилгээний тактик хамаарах ба дотор эрхтэн гэмтээгүй, цээжний хөндийд хий шингэн хуралдаагүй тохиолдолд цээжний шарханд зөвхөн оёдол тавьж ажиглана.  Гэмтлийн улмаас цээжний хөндийд хий шингэн хуралдсан үед цээжний хөндийд хатгалт хийж хий шингэнийг соруулж авах, урсгуурдах мэс ажилбар хийнэ. Торакотоми буюу цээжний хөндийг нээх мэс ажилбар нь /Г***хүрэлд 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 02 цаг 40 минутад хийгдсэн/ тодорхой заалтаар тухайлбал уушиг ихээр гэмтсэн, уушиг урагдан цээжний хөндийд их хэмжээний цус алдалт үүссэн, цээж, уушигт гадны биет орсон тохиолдолд хийгдэх заалттай ба хэрэв уушигт үүссэн шарх өнгөц бол оёдол тавих, гэмтлийн хэмжээ их том байвал уушгийг хэсэгчлэн тайрах ажилбаруудыг гэмтлийн байдлаас хамааруулан хийдэг.” гэх 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 1155 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 2 дахь хавтасны 35-37 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Б***ыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд хэрэг учрал болох үед хохирогч Б.Г***ийн бие махбодид ямар гэмтэл учирсан талаар тодруулахаар Шүүхийн шинжилгээний  үндэсний хүрээлэнг шинжээчээр томилж, дахин дүгнэлт гаргуулахад “…2016 оны 2 дугаар сарын 24-ний 246 дугаартай, 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 340 дугаартай  шинжээчийн дүгнэлтүүд үндэслэлгүй байна. Б.Г***ийн биед тухайн үед дух болон зүүн хөхний доод хэсэгт зүсэгдсэн шарх үүссэн байх ба нүүрэнд үүссэн шарханд хөнгөн гэмтэл тогтоодог тул духны шарх хөнгөн гэмтэлд хамаарна.  Мөн зүүн хөхний доод хэсгийн шарх цээжний хөндийг нэвтэрсэн эсэхийг эмнэлэгт анх үзлэг хийх үед үзлэг шинжилгээгээр шалгаагүй цээжний хөндийд нэвтэрсэн нь нотлогдохгүй байгаа тул Шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Цээжний хатгагдаж зүсэгдсэн шарх цээжний хөндийг нэвтэрсэн эсэхийг шалгахдаа шархыг сэтгүүрдэх, цээжийг гэрэлд харж дотор эрхтэн гэмтсэн эсэхийг оношилдог ба Г***хүрэлийн биед үүссэн шархыг дээрх аргуудаар шалгаагүй байна...” гэх 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр 1155 дугаартай шинжээчийн дүгнэлт гарсан байна. /хэргийн 2 дахь хавтасны 35-37 дахь тал/

Иймд шүүгдэгч Д.Б***од яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон хөнгөрүүлэн өөрчилж, Д.Б***ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хохирогч Б.Г*** нь “нэхэмжлэх зүйлгүй, цаашид эмчилгээний зардал гарвал төлж өгнө гэж харилцан тохиролцсон байгаа, гомдол саналгүй” гэх мэдүүлэг шүүхийн хэлэлцүүлэгт өгч байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
    Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгч Д.Б***ыг үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж  байгаа гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлөх нөхцөл байдалд харгалзан үзлээ.
    Шүүгдэгч нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэмт хэрэг үйлдсэнээс хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-т заасан 6 сарын хугацаа өнгөрсөн байх тул Д.Б***од холбогдох **** дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Д.Б***ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна.
    Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор саарал өнгийн дөрвөлжин хээтэй ноосон цамц, хөх цагаан өнгийн эрээн хөндлөн судалтай урт ханцуйтай, дугуй захтай цамцыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Б.Г***д буцаан олгохоор шийдвэрлэлээ.
    
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
    
1.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2-т зааснаар Дархан-Уул аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.Б*** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.   
2.Шүүгдэгч Д.Б***ыг бусдын бие махбодод хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасныг журамлан Д.Б** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.1.2-т зааснаар шүүгдэгч Д.Б***од холбогдох **** дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар шүүгдэгч Д.Б*** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор саарал өнгийн дөрвөлжин хээтэй ноосон цамц, хөх цагаан өнгийн эрээн хөндлөн судалтай урт ханцуйтай, дугуй захтай цамцыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Б.Г***д буцаан олгосугай.

 6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.Б***од бусдын батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 7.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.Б***од бусдын батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧ            Я.ТУУЛ

ШҮҮГЧИД                        Т.БАТЖАРГАЛ 

Т.ЭНХЖАРГАЛ