Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 21

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                    Б.Ч-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Н.Анхбаяр,

нарийн бичгийн дарга Д.Оргил нарыг оролцуулан,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1472 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор С.Оюунжаргалын бичсэн эсэргүүцлээр Б.Ч-д холбогдох эрүүгийн 1803007090363 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

Яллагдагч Б.Ч- нь 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 10 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Оргил” супермаркетын зүүн урд замд 02-58 УБИ улсын дугаартай “аеrо сити-540” загварын автобус жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 21.2-д “...жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зорчигч С.Намжилмааг унагааж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас: Б.Ч-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ... Автотээврийн үндэсний төв” Төрийн өмчит үйлдвэрийн газрын /цаашид ТӨҮГ гэх/ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 057658 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Hyundai” маркийн “Aero city-540” загварын автомашин техникийн хувьд, гэрлийн тусгалын эрчим, тохиргоо, нэгдүгээр тэнхлэгийн дугуйнуудад үйлчлэх тоормосны хүч, тэдгээрийн зөрүү, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ стандартын шаардлага хангаж байгаа хэдий ч, хоёрдугаар тэнхлэгийн дугуйнуудад үйлчлэх тоормосны хүч, тэдгээрийн зөрүү, баруун талын хойд дугуйн тоормос барихгүй, зогсоолын тоормос /кардан/ барихгүй, хөдөлгүүрээс гарах утаан дахь тортогжилтын хэмжээ их, хурд хэмжигч ажиллахгүй, хөдөлгүүрийн тос гоожилттой байгаа нь стандартын шаардлагад нийцэхгүй, техник бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна” гэсэн дүгнэлт /хх-52-56/ гаргасан байна.

Гэтэл Тээврийн цагдаагийн албаны №577 дугаартай шинжээчийн: “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ. а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем ажиллахгүй ...бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй гэж /хх-42-44/ дүгнэсэн боловч “Автотээврийн үндэсний төв” Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн техникийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон эвдрэл гэмтэл нь зам тээврийн осол гаргахад нөлөөлсөн эсэх талаар дүгнэлт өгөөгүй орхигдуулсан.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар хавсралтын 3-т “...Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар иргэн, албан тушаалтанд: а/ стандартын шаардлага хангаагүй буюу Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтад заасан техникийн гэмтэлтэй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг үүрэгжүүлжээ.

“Hyundai” маркийн “Aero city-540” загварын 02-58 УБИ улсын дугаартай автобус нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтад заасан техникийн хувьд бүрэн биш ... автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд гаргасан нь “ГБУС” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаатай шууд холбоотой эсэхийг шалгах ажиллагааг хийлгүй орхигдуулсан.

Тодруулбал техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд гаргасан буруутай этгээдийн үйл ажиллагаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл болгоомжгүй учруулах” гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгах шаардлагатай гэжээ.

 

Прокурор С.Оюунжаргал бичсэн эсэргүүцэлдээ: “... Шүүгчийн захирамжид заасан дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. ...” ... Өөрөөр хэлбэл, яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт дурдсан Эрүүгийн хуулийн тодорхой зүйл, хэсгээр зүйлчлэгдсэн гэмт хэргийг ойлгоно. ... шүүх хуралдааны хэмжээ хязгаар нь прокурорын яллах дүгнэлтийн агуулгаар хязгаарлагдана.

Дээрх гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлд, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийхэд яллагдагч Б.Ч-гийн буруутай үйлдэл шууд нөлөөлсөн. Б.Ч- нь 02-58 УБИ улсын дугаартай “Aero city-540” маркийн автобус жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 21.2-т заасан заалтыг зөрчсөний улмаас зорчигч С.Намжилмааг унагааж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан нь осол аваар гарах, түүнээс учрах хохирол, гэмт хэргийн нийгмийн хор аюулыг ихэсгэсэн хүчин зүйл болжээ. Мөн яллагдагч Б.Ч- өөрийн хайхрамжгүй байдлаасаа болж, зорчигч С.Намжилмааг унагааж эрүүл мэндийг хохироосон нь түүний дээрх үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд “...тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах...” гэсэн заалтыг зөрчсөн гэжээ. Гэвч уг зам тээврийн осолд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал нөлөөлсөн болох нь тогтоогдохгүй байна.

 Жолооч Б.Ч- тээврийн хэрэгслээ хөдөлгөх буюу зорчигч буух, суух үйл явцыг хянаж, аюулгүй байдлаа хангасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүргийг биелүүлээгүйн улмаас зорчигч унаж гэмтсэн.

Тодруулбал, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтад заасан техникийн хувьд бүрэн биш автобусыг Б.Ч- нь жолоодож хөдөлгөөнд оролцсон нь зорчигч буулгах, суулгах дүрмээр тогтоосон хэм хэмжээний дараалал, уг байдлыг зохицуулсан заалтыг зөрчсөн буруутай үйлдэлтэй шалтгаант холбоогүй байна.

“Aero city-540” загварын 02-58 УБИ улсын дугаартай автобус нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтад заасан техникийн хувьд бүрэн биш автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд гаргасан хуулийн этгээд болон хариуцсан албан тушаалтны үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 14-д “... ажлын тоормосын систем, жолооны механизм ажиллахгүй, чиргүүлийн холбоос /чиргүүлтэй үед/ эвдэрсэн, эсхүл харанхуй, үзэгдэх орчин хязгаарлагдмал үед гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл нь бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон”, 15-д “...энэ зүйлийн 14 дэх хэсэгт зааснаас бусад ашиглахыг хориглосон бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон...” гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй буруутай байх бөгөөд тэдгээрийн захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдлийг зөрчилд тооцно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд уг “хэргийн гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэгдэх зэрэг нөхцөл байдал нь дээрх бүрэн бус зөрчилтэй автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд гаргасан үйлдэлтэй хамааралгүй байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй гэсэн хууль ёсны зарчимд нийцээгүй байх тул уг үйлдлийг шалгах боломжгүй юм. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

Прокурор Н.Анхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгчийн захирамжид заасан үндэслэлийн гол шинж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж зааснаар хэргийг шийдвэрлэх боломжтой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон. Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, утаа тортог стандартын шаардлага хангаагүй зөрчилтэй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулсан “ГБУС” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар хуулийн этгээдийг 250.000 төгрөгөөр торгож, уг торгуулийг төлсөн баримт нь энэ байна. Тэгэхээр дээрх зөрчлийг Зөрчлийн тухай хуульд зааснаар тусад нь шийдвэрлэсэн. Иймд шүүгчийн захирамжид байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл бий эсэхийг шалгах үндэслэлгүй. Нийтийн тээврийн хэрэгсэлд олон хүн тээвэрлэдэг ба хүн буулгах, суулгах явцдаа хүн унагаах асуудал нийтлэг байдаг учраас Замын хөдөлгөөний дүрэмд энэ талаар тусгайлан заасан. Хүн унагаасан үйлдэл нь жолоочийн хайхрамжгүй байдалтай шууд холбоотой гэж үзсэн. Шүүхээс мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогч, яллагдагчийн мэдүүлгийг шинжлэн судалж, тэдгээрт үнэлэлт, дүгнэлт өгч, шаардлагатай тохиолдолд бусад оролцогчдыг оролцуулж, прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг бүрэн шийдвэрлэх боломжтой. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

 

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлээр хэргийг буцааж мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагагүй.

 

“Тээврийн үндэсний төв” ТӨҮГ, Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн  2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 057658 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: 1. 02-58 УБИ улсын дугаартай “Hyundai” маркийн “Aero city-540” загварын автомашин нь техникийн хувьд гэрлийн тусгалын эрчим, тохиргоо, нэгдүгээр тэнхлэгийн дугуйнуудад үйлчлэх тоормосны хүч, тэдгээрийн зөрүү, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ стандартын шаардлага хангаж байгаа хэдий ч хоёрдугаар тэнхлэгийн дугуйнуудад үйлчлэх тоормосны хүч, тэдгээрийн зөрүү, баруун талын хойд дугуйн тоормос барихгүй, зогсоолын тоормос баруун хойд дугуй зогсоогүй, хөдөлгүүрээс гарах утаан дахь тортогжилтын хэмжээ их, хурд хэмжигч ажиллахгүй, хөдөлгүүр тос гоожилттой байгаа нь стандартын шаардлагад нийцэхгүй, техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. 2. Тоног төхөөрөмжүүдийн хэмжилтийн нэгдсэн дүн, автомашинд хийсэн үзлэгээр хурд хэмжигч /спидометр/ ажиллахгүй, тоормосны тэлэгч аппратуудын битүүмж, ажиллагаа хэвийн хий алдалтгүй үед баруун хойд дугуйнд тоормосны хүч үйлчилж байхад зогсохгүй байгаа нь тоормосны накаладуудад тохиргоо хийгээгүй, утаа хэвийн хэмжээнээс их байгаагаас үзэхэд техникийн ашиглалтын явцад засвар үйлчилгээ, тохируулга, зүгшрүүлэлт цаг тухайд нь хийгээгүйгээс үүссэн байх боломжтой. 3. Уг тээврийн хэрэгслийн хоёрдугаар тэнхлэгийн баруун талын дугуйн тоормос зогсох хэмжээнд хүртэл барихгүй байгаа нь тоормосны замыг уртасгах байдлаар нөлөөлөх боломжтой. Утаан дахь тортогжилт хэт их, хурд хэмжигч ажиллахгүй эвдрэл гэмтлүүд тухайн зам тээврийн осолд хэрхэн нөлөөлснийг тогтоох боломжгүй байна. 4. Тоормосны зам уртсах байдлаар нөлөөлсөн байх боломжтой. 5. Энэ автобус нь хийн тоормосны системтэй. 6. Хий хураалт сайн, хий алдалтгүй, накладууд жигд хэмжээтэй үед баруун хойд талын дугуйн тоормос, зогсоолын ажиллагаа хэвийн бус байна гэдэг маань ашиглалтын явцад үүссэн эдврэл, гэмтэл байж болох ба тохиргоо хэзээ хэрхэн алдагдсаныг тогтоох боломжгүй байна” гэж дүгнэжээ.

 

Мөрдөн байцаагчийн 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолын 3 дахь асуулт буюу “эвдрэл, гэмтэл нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн эсэх”-ийг тодруулсан асуултын хариултыг техникийн шинжээч 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 057658 дугаартай дүгнэлтийн хариулт 3-т заасан дүгнэлтээр хариу өгчээ.

 

Мөн шүүгч захирамжиндаа “ГБУС” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтны үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулах” гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгах  нь зүйтэй гэжээ.

 

Хавтас хэрэгт буй баримтаас үзэхэд, мөрдөн шалгах ажиллагааны явцад “ГБУС” ХХК-нд шалгах механик ажилтай И.Ундармааг энэ хэрэгт иргэний хариуцагчаар тогтоож /хх-28/ мэдүүлэг авсан байх бөгөөд давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Н.Анхбаяр нь “ГБУС” ХХК-ийн гаргасан зөрчил нь эрүүгийн хэрэг биш бөгөөд тус компанид зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 14-т зааснаар хуулийн этгээдийг 250.000 төгрөгөөр торгосон гээд уг торгуулийг төлсөн баримтыг давж заалдах шатны шүүх хуралдаанд танилцуулсан болно.

 

Үүнээс үзэхэд “ГБУС” ХХК-ийн шалгах механик энэ хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан, “ГБУС” ХХК нь хуулийн этгээдийн хувьд Зөрчлийн тухай хуульд зааснаар  хариуцлага хүлээсэн, эрүүгийн хэрэг үүсгэн шалгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларч, бэхжүүлэгдсэн нотлох баримтын хүрээнд үнэлэлт, дүгнэлт өгч, прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хэлэлцэж шийдвэрлэх нь зүйтэй, хэрэв шинжээчийн дүгнэлтэд эргэлзээтэй асуудал байгаа бол  шүүх хуралдаанд тухайн дүгнэлт гаргасан шинжээчийг дуудан оролцуулж шаардлагатай нөхцөл байдлыг тодруулан хэргийг шийдвэрлэх боломжтой байна.

Иймд прокурор С.Оюунжаргалын  гаргасан эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1472 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож,  Б.Ч-д холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хүртэл яллагдагч Б.Ч-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

               ДАРГАЛАГЧ,

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

 

                           ШҮҮГЧ                                                         М.АЛДАР

 

                           ШҮҮГЧ                                                         О.ЧУЛУУНЦЭЦЭГ