Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2020/00469

 

П.Ц-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 151/ШШ2019/00423 дугаар шийдвэртэй,

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 223/МА2019/00020 дугаар магадлалтай,

П.Ц-ийн нэхэмжлэлтэй,

Төв аймгийн Зуунмод сумын ЗД-д холбогдох

Ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор  9.322.424 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлууүлж дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Ц-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А-, түүний өмгөөлөгч А.М- нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Ц-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие Зуунмод сумын ЗД-ын Тамгын газрын даргаар ажиллаж байгаад Зуунмод сумын ЗД- Г.Мөнхбадралын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/02 тоот захирамжаар ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөнийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 221/МА2017/0833 дугаар магадлал, Монгол улсын дээд шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 99 дугаар тогтоолоор тус тус тогтоон захирамжийг хүчингүй болгож, намайг Төв аймгийн Зуунмод сумын ЗД-ын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговрыг олгож, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг үүрэг болгон шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийн дагуу Зуунмод сумын ЗД- Г.Мөнхбадралын 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн П.Ц-ийг эгүүлэн томилох тухай Б/03 тоот захирамжаар  урьд эрхэлж байсан албан тушаалд томилогдож 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны олговорт 7.711.740 төгрөг авч нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн дэвтэрт 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаагаар нөхөн бичилт хийсэн. Миний бие хариуцагчийн дээрх хууль бус тушаалын уршгаар 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нийт 17 сар ажилгүй байсан. Энэ хугацаанд ажил үүргээ гүйцэтгэж олох ёстой байсан орлого 17.034.164 төгрөг байтал хариуцагч зөвхөн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөр хязгаарлан 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговрыг олгоогүй, мөн хугацаанд хамаарах нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхгүй байна. ЗД- нь Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль болон шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй байтал 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр шүүхийн шийдвэрт тусгагдсан мөнгийг олгон, нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн болно гэдэг хариуг бичгээр өгсөн. Иймд Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус үндэслэн 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх 9.322.424 төгрөг нөхөн гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Зуунмод сумын ЗД-ын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/02 дугаар захирамжийг хүчингүй болгон П.Ц-ийг урьд эрхэлж байсан албан тушаалд нь эргүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нийт ажилгүй байсан хугацааны цалин хөлсний дундажтай тэнцэх хэмжээний олговор 7.711.740 төгрөгийг нэхэмжлэгчид олгож, түүний эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Зуунмод сумын ЗД-д даалгасугай гэснийг үндэслэн нэхэмжлэгч П.Ц-т олговол зохих мөнгийг олгосон. Нэхэмжлэгч П.Ц-т холбогдох хэрэг нь хяналтын шатны 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 99 тоот тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдсэн. 2018 оны 6 дугаар сарын 11-ны өдрийн Б/03 тоот тушаал гаргаж, 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс ажилд нь эгүүлэн томилж, ажиллаж байх хугацаанд нь Төв аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс удирдах ажилтны сонгон шалгаруулалт зарлагдаж, тухайн сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэнийг томилж, 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/02 тоот захирамжаар П.Ц-ийг чөлөөлсөн болно. 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр тус шүүхэд хандаж 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор болох 9.322.424 төгрөгийг нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс 3 сарын дотор Хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдлоо гаргах эрхтэй гэж заасан байгаа. П.Ц- 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацааны цалин хөлсний олговрыг нэхэхдээ хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байна. 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдөр ажилдаа орж албан үүргээ гүйцэтгэж эхэлсэн бөгөөд энэ хугацааны цалин хөлсний олговрыг ажил олгогч нь мэдээгүй байсан гэж үзэж байгаа. Эрх зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрийг ажилдаа эргэн орсон өдөр болох 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс тооцож хуульд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд энэхүү эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 сарын 16-ны өдрийн 151/ШШ2019/00423 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5, 129 дүгээр зүйлийн 129.1.-д тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгч П.Ц-ийн Төв аймаг Зуунмод сумын ЗД-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 9.322.424 төгрөг гаргуулах, мөн эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтрийн нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-т зааснаар нэхэмжлэгч П.Ц- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 223/МА2019/00020 дугаар магадлалаар Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 151/ШШ2019/00423 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дахь заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 1-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 8 801 226 төгрөгийг Төв аймгийн Зуунмод сумын ЗД-ын Тамгын газраас гаргуулан нэхэмжлэгч П.Ц-т олгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нөхөн бичилт хийхийг хариуцагч Төв аймгийн Зуунмод сумын ЗД-ын Тамгын газрын санхүүд даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас 521 335 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, тогтоох хэсгийн 2 дах заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжинд хариуцагч Төв аймгийн Зуунмод сумын ЗД-ын Тамгын газраас 155 767 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурьдаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А-, өмгөөлөгч А.М- нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Давж заалдах шатны шүүхийн магадлалд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасан хөөн хэлэлцэх хугацааг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасан цалин хөлс олговрын талаарх шаардлагад хамааруулсан нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно” гэсэн нь эсрэгээрээ давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэсэн нь ажилтныг ажлаас халсан буюу өөр ажилд буруу шилжүүлснээс бусад тохиолдлыг хамааруулсан бөгөөд цалин хөлстэй холбоотой гомдол нь бусад тохиолдолд хамаатай бөгөөд хуульд гомдол гаргах хугацааг 3 сар байхаар зохицуулсан байхад цалин хөлс олговор нь дээрх хөөн хэлэлцэх хугацаанд хамааруулах ёсгүй гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасан маргаан нь мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-д зааснаар шүүхээр хянан шийдвэрлэх маргаан юм. Гэтэл магадлалд “П.Ц-, түүний өмгөөлөгч С.Мөнхцэцэг нарын ...2018 оны 6 дугаар сарын 18, 11 дүгээр сарын 27-ны өдрийн хариуцагчид хандсан бичгийн нотлох баримт хэрэгт авагдсан байхад гэж дүгнэсэн нь журмыг зөрчсөн байна” гэж анхан шатны шүүхийг буруутгасан нь үндэслэлгүй юм. Анхан шатны шүүх нотлох баримтыг хуулийн дагуу үнэлээд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч эрхээ зөрчигдсөнийг мэдсэн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-д зааснаар шүүхээр хянан шийдвэрлэх маргаан байхад шүүхэд хандаагүй хариуцагчид хандсан нь “....гомдол гаргасан болох нь тогтоогдохгүй байх бөгөөд” гэсэн нь хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй юм. Мөн нэхэмжлэгчээс Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т заасан хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тогтоох нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болно. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасны дагуу давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

П.Ц-, Төв аймгийн Зуунмод сумын ЗД-д холбогдуулан ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговорт 9.322.424 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрчээ.

Анхан шатны шүүх, нэхэмжлэгч П.Ц- шүүхэд хандаж шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлоор хэргийг хянаж,  хэргийн үйл баримт болон хууль хэрэглээний талаархи анхан шатны шүүхийн дүгнэлт буруу гэж үзэж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

Давж заалдах шатны шүүх, магадлалдаа “...Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасан хөөн хэлэлцэх хугацааг мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасан цалин хөлсний талаарх шаардлагад хамааруулсан нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн...” гэж анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгасан нь хуульд нийцээгүйгээс гадна зохигчийн маргааны зүйл болсон хөөн хэлэлцэх хугацааны талаар зайлшгүй хийвэл зохих дүгнэлтийг хийгээгүй нь алдаатай болжээ. Гэвч магадлалыг дараах үндэслэлээр хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч П.Ц-ийг Төв аймгийн Зуунмод сумын ЗД-ын Тамгын газрын даргын ажил, албан тушаалаас буруу халсныг тогтоосон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ. Уг шийдвэрийг ажил олгогч Төв аймгийн Зуунмод сумын ЗД- 2018.06.11-ний өдөр биелүүлж, П.Ц-ийг 2019.06.01-ний өдрөөс ажилд томилон Б/03 тоот тушаал гаргаж, шийдвэрт заасан буюу 2017.01.19-ний өдрөөс 2017.08.30-ны өдөр хүртэлхи ажилгүй байсан хугацааны олговор олгосныг зохигч маргаагүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-д зааснаар ажил олгогч, ажилтны хооронд гарсан хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс эсхүл шүүх тус тусын харъяаллын дагуу шийдвэрлэдэг ба ажлаас буруу халагдснаас ажилд эгүүлэн тогтоогдсон бол ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай маргааныг шүүх харъяалан шийдвэрлэхээр мөн хуулийн  128 дугаар зүйлийн 128.1.5-д тодорхойлжээ. Иймээс нэхэмжлэгч П.Ц- 2017.08.31-нээс 2019.06.01-нийг хүртэлхи хугацааны олговор гаргуулахаар шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан нь хэргийн харъяалал зөрчөөгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг олгох”-оор заасан бөгөөд мөн хуулийн 36 дугаар зүйлийн  36.1.2-т ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон гэх нөхцлийг тодорхойлжээ. Дээрх хуулийн дагуу нэхэмжлэгч П.Ц- шүүхийн шийдвэрээр шийдвэрлэгдсэнээс хойш ажилд буцаж томилогдсон  буюу 2017.08.31-нээс 2019.06.01-нийг хүртэлхи  хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговорыг ажил олгогчоос шаардах эрхтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасныг зохигчийн хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих хэм хэмжээ гэж  үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

Учир нь шаардлага гаргах хугацааны талаар хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д “хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдснийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж заасан тул нэхэмжлэгч П.Ц-ийг ажилд томилсон 2018.06.01-ний өдрөөс эхлэн олгогдоогүй   олговорыг шаардах эрх үүссэн, энэ үеэс хугацааг тоолж эхлэх нь хуульд нийцнэ. Уг хугацааны талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Харин анхан шатны  шүүх дээрх хугацаа тасалдсан гэж үзэх нөхцөл байдлыг анхаараагүй, Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7-д заасныг хэрэглээгүйгээс “хугацаа өнгөрсөн“ гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгов.

Шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоогдсон ажилтанд ажилд эргэн орох хүртэлхи хугацааны олговрыг олгох үүргийг ажил олгогч хүлээх бөгөөд уг үүргээ биелүүлэхийг нэхэмжлэгч тал хариуцагчаас шаарджээ. Тухайлбал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Мөнхцэцэг 2018.06.18-ны өдөр, нэхэмжлэгч П.Ц- 2018.11.27-ны өдөр тус тус хариуцагч Төв аймгийн Зуунмод сумын ЗД- Г.Мөнхбадралд хандан шүүхийн шийдвэрээр шийдвэрлэсэн болон шийдвэрлээгүй цалин хөлстэй тэнцэх олговор олгохыг хүсч өргөдөл гаргасан, үүний хариуд ЗД-, “энэ асуудлаар мөнгө шийдвэрлэх боломж, гарц гаргалгааны талаар саналаа танилцуулах”-ыг байгууллагын нябо-д даалгасан, 2018.12.20-ны өдөр шүүхийн шийдвэрт заасан олговрын үлдэх хэсгийг олгож, улмаар 2019.01.14-ний өдөр шүүхийн шийдвэрээр төлбөл зохих олговрыг олгосон тухай албан бичгийг нэхэмжлэгчид хүргүүлсэн эдгээр үйл баримтын талаар зохигч маргаагүй байна. Дээрх байдлаас үзвэл хариуцагч нь нэхэмжлэлд дурдсан хугацааны олговорыг өгөхөөс татгалзаагүй байсан учир шүүхэд хандах хугацааг тасалдсан гэж үзэж, 2019.01.14-ний өдрөөс хугацааг шинээр тоолох нь Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2, 79 дүгээр зүйлийн 79.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасныг зөрчихгүй.  Нэхэмжлэгч  2019.02.01-ний өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байх тул хуульд заасан 3 сарын хугацаа хэтрээгүй гэж дүгнэх үндэслэлтэй. Эдгээр байдалд давж заалдах шатны шүүх дүгнэлт өгөөгүй нь буруу байна.

Харин давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн урьд авч байсан цалингийн дунджийг хэрэгт авагдсан баримтад тулгуурлан хууль болон журмын дагуу тооцож олговрын хэмжээг тогтоосон нь үндэслэлтэй гэж үзэв.

Дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гомдолд дурдснаар магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх боломжгүй тул гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 20 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А-, өмгөөлөгч А.М- нарын гомдлыг хангахгүй орхисугай.   

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ