Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2017/02973

 

    2017 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2017/02973

                 Улаанбаатар хот

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Э”ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “Н” ХХК -д холбогдох

 

55 181 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, хариуцагчийн өмгөөлөгч Л.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

Нэхэмжлэгч “Э”ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э”ХХК болон “Н” ХХК-ийн хооронд 2016 оны 5 дугаар сарын  31-ний өдөр “Газрын тосон бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдсан. Уг гэрээгээр “Э”ХХК нь 1 литрийн үнэ 1380 төгрөг бүхий 100 000 литр дизель түлшийг “Н” ХХК-д нийлүүлэх, “Н” ХХК нь дизель түлшний үнэ болох 138 000 000 төгрөг төлөхөөр тохиролцсон. “Э”ХХК нь гэрээний дагуу Монгол Улсын стандарт болон техникийн нөхцөлд нийцсэн 80 000 литр дизель түлшийг “Н” ХХК-д нийлүүлсэн. Харин “Н” ХХК нь төлбөрийг 2016 оны 8 дугаар сарын 15-ны дотор төлөх байсан боловч хугацаа хэтрүүлж 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 50 000 000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 20 000 000 төгрөгийг тус тус төлсөн. Манай компанийн зүгээс 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр А/02 тоот албан бичгээр үлдэгдэл төлбөр болох 40 400 000 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулах тухай нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч “Н” ХХК энэ хугацаанд төлбөрийн үлдэгдлийг төлж барагдуулаагүй. Талууд “Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ”-ний 3.2-т “ГТБ-ий төлбөр төлөх хугацаа нь ГТБ-ийг хүлээн авснаас хойш буюу 2016 оны 8 дугаар сарын 15-ны дотор төлөх бөгөөд уг хугацааг хэтрүүлсэн тохиолдолд худалдан авагч нь хугацаа хэтрүүлсний хариуцлага болгож гэрээнд заасан алданги төлнө”, 4.1.2-т “худалдан авагч гэрээний төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд алданги төлүүлэх эрхтэй”, 6.3-т “Худалдан авагч нь ГТБ-ий унийг хугацаандаа багтаан төлөөгүй нөхцөлд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.05 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлнө” гэж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “...худалдан авагч худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус хүлээнэ” гэж заасны дагуу “Н” ХХК-иас дизель түлшний төлбөрийн үлдэгдэл болох 40 400 000 төгрөг, талуудын хооронд байгуулсан “Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ”-ний 4.1.2, 6.3-т заасны дагуу 14 781 000 төгрөгийн алданги, нийт 55 181 000  төгрөгийг “Н” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эн, хариуцагчийн өмгөөлөгч Л.О нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 онд хамтран ажиллах гэрээ байгуулж ажилласан. Хариуцагч талаас төлөөгүй үлдэгдэл 40 400 000 төгрөг байгаа. Нэхэмжлэгч талаас гэрээнд заасны дагуу алдан тооцсон байна. Талуудын хооронд тооцоо нийлсэн акт үйлдсэн. Сүүлд нэхэмжлэлийн шаардлагыг 1 939 200 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Үүнийг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь шүүхэд хандсанаар нэхэмжлэлийн шаардлага тооцогдож явдаг тул 1 390 200 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нь үндэслэлгүй. Хариуцагчийн зүгээс үндсэн төлбөрийн үлдэгдэл 40 400 000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Э”ХХК нь хариуцагч “Н” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 40 400 000 төгрөг, алданги 14 781 000 төгрөг, нийт 55 181 000  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “...алданги төлөх үндэслэлгүй” гэж үгүйсгэн маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Талуудын хооронд 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан “Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ”-ээр худалдагч “Э”ХХК нэгж үнэ нь 1380 төгрөгийн үнэтэй, нийт 100 000 литр газрын тосны бүтгээгдэхүүн буюу дизель түлшийг 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл худалдан авагч “Н” ХХК-д шилжүүлэх, худалдан авагч “Н” ХХК нь дизель түлшийг хүлээн авснаас хойш 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлбөрийг төлөх, уг хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.05 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг худалдагчид төлөхөөр харилцан тохиролцсон нь талуудын шүүхэд гаргасан тайлбар, гэрээ болон гэрээний хавсралтаар тус тус нотлогдож байхаас гадна талууд гэрээний хүчин төгөлдөр байдал болон гэрээний хүсэл зоригийн талаар маргаагүй байна.

 

Талууд дээрх байдлаар гэрээний зүйл, үнэ болон төлбөр төлөх нөхцөлийн талаар харилцан тохиролцсон, энэ талаар маргаагүй байх тул тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний үүрэг үүссэн гэж үзэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу дизель түлшийг нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

 

Нэхэмжлэгч нь гэрээний дагуу 110 400 000 төгрөгийн үнэ бүхий 80 000 литр дизель түлшийг хариуцагчид нийлүүлж, 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс хойш дизель түлш нийлүүлээгүй болох нь, мөн хариуцагч нь дээрх 110 400 000 төгрөгөөс 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 50 000 000 төгрөгийг, 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 20 000 000 төгрөгийг тус тус төлсөн, үлдэгдэл 40 400 000 төгрөг төлөөгүй болох нь талуудын шүүхэд гаргасан тайлбар болон нэхэмжлэгчийн 20 дугаартай нэхэмжлэх, талуудын хоорондын тооцооны үлдэгдэлийн баталгаагаар тус тус нотлогдож байна. Түүнчлэн, хариуцагч нь шилжүүлэн авсан дизель түлшний талаар гомдлын шаардлага гаргаагүй, мөн хариуцагч нь үлдэгдэл төлбөр 40 400 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөөгүйг үгүйсгээгүй, энэ талаар маргаагүй байна. Иймд хариуцагчийг гэрээний 5.2.3-т заасан төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснар үлдэгдэл төлбөр болох 40 400 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Гэрээний 6.3-т хариуцагч төлбөр төлөх гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.05 хувийн алданги төлөхөөр заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” гэсэнтэй, мөн зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэсэнтэй тус тус нийцсэн байна. Түүнчлэн, нэхэмжлэгч нь алданги тооцсон хугацаа, хэмжээг гэрээний 3.2-т заасан 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлөх үндсэн төлбөр болох 110 400 000 төгрөгөөс 50 000 000 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хугацаа хэтрүүлж төлсөн алдангид 7 562 400 төгрөг, үлдэх 60 400 000 /110 400 000 – 50 000 000/ төгрөгөөс 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хугацаа хэтрүүлж төлсөн алдангид 3 926 000 төгрөг, үлдэх 40 400 000 /60 400 000 – 20 000 000/ төгрөгт ногдох алдангийн хэмжээ, хугацааг 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүртэл 3 272 400 төгрөгөөр тус тус тооцон, гэрээний хариуцлага буюу алдангийн хэмжээг нийт 14 760 800 төгрөгөөр шаардсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалттай харшлаагүй байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д “Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэжээ. Хариуцагч нь гэрээний төлбөр нийт 110 400 000 төгрөгийн 70 000 000 төгрөгийг буюу 63 хувийг гэрээнд заасан хугацааг хэтрүүлж төлсөн, үлдэгдэл 40 400 000 төгрөгийг 37 хувийг төлөөгүй байгаа нөхцөл байдал зэргийг шүүх харгалзан нийт алдангийн хэмжээг 10 000 000 төгрөгөөр тогтоох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаах хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэх тул хариуцагчийн өмгөөлөгчийн “шүүхэд нэхэмжлэл гаргаснаар алдангийн хэмжээ зогсоно” гэх татгалзал үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн, талууд хариуцагчийн төлөөлөгчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн талаар маргаагүй болно.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчаас гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэлд 40 400 000 төгрөг, алдангид 10 000 000 төгрөг, нийт 50 400 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 781 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч “Н” ХХК-иас 50 400 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Э”ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 781 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 470 138 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 409 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд  шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохийг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.БАЯСГАЛАН