Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2585

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2017/02973 дугаар шийдвэртэй,

 

           Нэхэмжлэгч: “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Н” ХХК-д холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 55 181 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Э нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э” ХХК болон “Н” ХХК-ийн хооронд 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр газрын тосон бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Уг гэрээгээр “Э” ХХК нь 1 литрийн үнэ 1380 төгрөг бүхий 100 000 литр дизель түлшийг “Н” ХХК-д нийлүүлэх, “Н” ХХК нь дизель түлшний үнэ болох 138 000 000 төгрөг төлөхөөр тохиролцсон. “Э” ХХК нь гэрээний дагуу Монгол Улсын стандарт болон техникийн нөхцөлд нийцсэн 80 000 литр дизель түлшийг “Н” ХХК-д нийлүүлсэн. Харин “Н” ХХК нь төлбөрийг 2016 оны 8 дугаар сарын 15-ны дотор төлөх байсан боловч хугацаа хэтрүүлж 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 50 000 000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 20 000 000 төгрөгийг тус тус төлсөн. Манай компанийн зүгээс 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр А/02 тоот албан бичгээр үлдэгдэл төлбөр болох 40 400 000 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулах тухай нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч “Н” ХХК энэ хугацаанд төлбөрийн үлдэгдлийг төлж барагдуулаагүй. Талууд газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний 3.2-т “ГТБ-ий төлбөр төлөх хугацаа нь ГТБ-ийг хүлээн авснаас хойш буюу 2016 оны 8 дугаар сарын 15-ны дотор төлөх бөгөөд уг хугацааг хэтрүүлсэн тохиолдолд худалдан авагч нь хугацаа хэтрүүлсний хариуцлага болгож гэрээнд заасан алданги төлнө”, 4.1.2-т “худалдан авагч гэрээний төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд алданги төлүүлэх эрхтэй”, 6.3-т “Худалдан авагч нь ГТБ-ий үнийг хугацаандаа багтаан төлөөгүй нөхцөлд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.05 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлнө” гэж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “... худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус хүлээнэ” гэж заасны дагуу “Н” ХХК-иас дизель түлшний төлбөрийн үлдэгдэл болох 40 400 000 төгрөг, талуудын хооронд байгуулсан “Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ”-ний 4.1.2, 6.3-т заасны дагуу 14 781 000 төгрөгийн алданги, нийт 55 181 000 төгрөгийг “Н” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энх-Амгалан, хариуцагчийн өмгөөлөгч Л.О нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 онд хамтран ажиллах гэрээ байгуулж ажилласан. Хариуцагч талаас төлөөгүй үлдэгдэл 40 400 000 төгрөг байгаа. Нэхэмжлэгч талаас гэрээнд заасны дагуу алданги тооцсон байна. Талуудын хооронд тооцоо нийлсэн акт үйлдсэн. Сүүлд нэхэмжлэлийн шаардлагыг 1 939 200 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Үүнийг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь шүүхэд хандсанаар нэхэмжлэлийн шаардлага тооцогдож явдаг тул 1 390 200 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нь үндэслэлгүй. Хариуцагчийн зүгээс үндсэн төлбөрийн үлдэгдэл 40 400 000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч “Н” ХХК-иас 50 400 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Э” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 781 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 470 138 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 409 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ гэрээний 4.2.5-д заасан худалдагч нь ГТБ-ийг дутуу нийлүүлсэн тохиолдолд учирсан бодит хохирлыг барагдуулна гэсэн заалтыг анхааралдаа авсангүй. Гэрээний дагуу худалдагч нийт 100 000 литр дизель түлш нийлүүлэх байсан боловч зөвхөн 80 тн ГТБ нийлүүлснээр гэрээний үүргээ зөрчиж, "Н" ХХК-ийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад хүргэсэн. Гэвч манай компани шатахуун тасарсантай холбоотой учирсан хохирлыг 2 компанийн цаашдын хамтын ажиллагааг бодолцон нэхэмжлээгүй бөгөөд харин үлдэгдэл төлбөр болох 40 400 000 төгрөгийг л төлж барагдуулъя гэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дүгээр заалтыг зохих ёсоор өөрчлөхийг хүсье гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч “Н” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр, алданги нийт 55 181 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

 

   Зохигчид 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр газрын тосон бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч “Э” ХХК нь 1 литрийн үнэ 1380 төгрөг бүхий 100 000 литр дизель түлшийг “Н” ХХК-д нийлүүлэх, “Н” ХХК нь дизель түлшний үнэ болох 138 000 000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-ийн 8-11 дүгээр тал/

 

   Гэрээний зүйл болох дизель түлшнээс 80 000 литрийг “Э” ХХК нь хариуцагч “Н” ХХК-д нийлүүлсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, талуудын тайлбараар тогтоогдсон тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсчээ. /хэргийн 6-7 дугаар тал/

 

   Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нийлүүлсэн 80 000 литр дизель түлшний үнэ 110 400 000 төгрөгөөс, хариуцагч “Н” ХХК нь 40 400 000 төгрөгийн үлдэгдэлтэй байгааг тогтоон талууд тооцоо нийлсэн байх бөгөөд үүнд хариуцагч маргаагүй.

            Харин хариуцагч “Н” ХХК-ийн зүгээс алданги төлөхгүй гэж маргасан боловч гэрээний 3.2, 4.1.2, 6.3-т “худалдан авагч нь үнийг хугацаандаа багтаан төлөөгүй нөхцөлд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,05 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөх”-өөр тохиролцсон тул анхан шатны шүүх хариуцагчаас гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл 40 400 000 төгрөг, алдангид 10 000 000 төгрөг нийт 50 400 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсэгт заасантай тус тус нийцсэн байна.

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан алдангийн хэмжээг багасгаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй бөгөөд энэ талаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй болно.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо “... 100 000 литр дизель түлш нийлүүлэх гэрээ байгуулсан атлаа 80 000 литр дизель түлш нийлүүлж, гэрээний үүргээ биелүүлээгүй” гэх боловч нэхэмжлэгч нь нийлүүлсэн 80 000 литр дизель түлшний үнийг нэхэмжилсэн тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

 

            Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2017/02973 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 409 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                               ШҮҮГЧИД                                      М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                  Г.ДАВААДОРЖ