Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Золзаяа |
Хэргийн индекс | 181/2018/02173/и |
Дугаар | 001/ХТ2020/00729 |
Огноо | 2020-10-27 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2020 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 001/ХТ2020/00729
Э.Мын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2019/00785 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 1174 дүгээр магадлалтай,
Э.Мын нэхэмжлэлтэй
“М Д” ХХК-д холбогдох
Даатгалын нөхөн төлбөрт 35 842 656.80 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Оюунсайханы гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Удвал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болортуяа нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Э.Мын төрсөн эх Ш.ЧГоломт банк ХХК-тай 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн ЗГ1170006489 дугаартай орон сууцны зээлийн гэрээгээр 40 600 000 төгрөгийг 20 жил буюу 240 сарын хугацаатай зээлж Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Улаанхуаран гудамж 34 байр 26 тоот хаягт байршилтай 41.04 м.кв талбайтай орон сууцны зориулалттай Ү-2204050968 бүртгэлийн дугаартай орон сууцыг худалдан авсан бөгөөд зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр Э.М хамтран үүрэг хүлээсэн. Улмаар 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр “М Д” ХК-тай Ш.Чөвчний улмаас нас барах эрсдэлээ хамгаалж орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын 1701007968 дугаартай гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан, 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр өвчний учир нас барсан. Даатгуулагчийн хамтран зээлдэгч даатгагчид нөхөн төлбөр гаргуулахыг хүсэж 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хандсан боловч нөхөн төлбөр олгохгүй нөхцөл 8.7-д архаг хууч өвчний улмаас үүдэх хохирол-д нөхөн төлбөр олгохгүй гэж мэдэгдсэнийг эс зөвшөөрч Санхүүгийн зохицуулах хороонд хандахад 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 9/2904 албан бичгээр нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосон хэмжээгээр олго гэсэн боловч одоог хүртэл “М Д” ХК нөхөн төлбөр олгохгүй, та нар шүүхдээд ав гэдэг. Даатгуулагч нь архаг хууч өвчний улмаас нас барсан гэж үзэхгүй. Ярих боломжгүй, ухаангүй эмнэлэгт очсон хүн өөрийгөө сүүлийн хэдэн жил даралт ихсэх өвчнөөр өвдөж байгаа тухайгаа тайлбарлах боломжгүй юм. 3 хоног сэхээнд эмчлүүлж байгаад нас барсан явдал нь архаг хууч өвчтэй байсныг илэрхийлэхгүй. Архаг хууч өвчин бол урдаас эмчлүүлж байсан, эмнэлгийн байгууллагын хяналт дүгнэлтээр тогтоогдсон байхыг хэлэх байх. Даатгалын нөхөн төлбөрийн хувь хэмжээг даатгалын гэрээгээр тохиролцоогүй тул Голомт банк ХХК-ийн зээлийн үлдэгдэл дүнгээр тооцох гэж үзэж байна. Иймд нөхөн төлбөрийг даатгуулагч Ш.Чнас барсан үеийн буюу 2018 оны 4 дүгээр сарын 01-ний байдлаар банканд төлөх үндсэн зээлийн үлдэгдэл 35 842 656.80 төгрөгөөр тооцож хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Оюунсайхан шүүхэд гаргасан тайлбартаа: Зээлдэгчийн гэнэтийн ослын 1703007968 тоот даатгалын гэрээний даатгуулагч Ш.Чнь 2018 оны 3 дугаар сарын 27-ны орой 19:50 минутын орчимд гэртээ байх үедээ бие нь муудаж улмаар бөөлжин ухаан алдаж, комын байдалд орж 103-аар Баянзүрх дүүргийн эмнэлэгт хүргэгдэж тус эмнэлэгт 2018 оны 3 дугаар сарын 27-оос 30-ны өдөр хүртэл 3 хоног Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаад өвчний улмаас нас барсан байна. Даатгуулагч Ш.Чгийн нас барсан шалтгаан нөхцөлийг судлан үзэхэд 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 2630 тоот Өвчний түүх дээр гол зовиур нь Артерийн даралт ихэснэ мөн Өвчний түүх дээр Артерийн даралт ихсэх өвчинтэй, сүүлийн хэдэн жил даралтын эм тогтмол ууж байгаа хэмээн тэмдэглэсэн байна. Мөн Баянзүрх дүүргийн эмнэлгээс ирүүлсэн 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 02/227 тоот албан бичигт Ш.Чнь Артерийн даралт ихсэх өвчин 3-р зэрэг, Тархины аалзавчин хальсны доорх цус харвалт, Амьсгал зүрх судасны хурц дутагдал гэх оношоор нас барсан гэж тодорхойлжээ. Үүнээс үзэхэд даатгуулагчийн үхэлд хүргэсэн аалзавчин хальсан доорх цус харвалтад хүргэх үндсэн шалтгаан нь артерийн даралт ихсэх өвчин ба түүнээс үүдсэн бичил судасны эмгэг, амилиод ангиопати, судасны гажгийн улмаас судас хагарах замаар тархины эдийн дотор, ховдолд цус харван орох замаар үүсдэг буюу үхэлд хүргэх суурь шалтгаан нь даатгуулагчийн өмнөх өвчлөл болох артерийн даралт ихсэх өвчин байсан. Иймд даатгуулагчийг үхэлд хүргэсэн өвчин эмгэг нь архаг хууч эмгэгт хамаарч байна. Үхэлд хүргэсэн суурь шалтгаан нь артерийн даралт байх тул даатгалын гэрээний дагуу даатгалын тохиолдол бий болоогүй гэж үзсэн. Түүнээс гадна даатгуулагчийн даатгуулсан зээл нь хамтран зээлдэгчтэй байсныг хэлмээр байна. Голомт банкны тодорхойлолт болон ипотекийн зээлийн журмын дагуу хамтран зээлдэгч Э.М нь 33.03 хувь, үндсэн зээлдэгч Ш.Чнь 66.97 хувийн үүргийг зээлийн гэрээгээр хүлээсэн болно. Даатгагч нь зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын 1703007968 тоот гэрээний нөхөн төлбөр олгохгүй нөхцөл 8.7-д Архаг хууч өвчний улмаас үүдэх хохирол-д нөхөн төлбөр олгохгүй гэх заалтыг үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзсан тул нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2019/00785 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 9 дүгээр зүйлийн 9.1.9-т заасныг тус тус баримтлан “М Д” ХК-иас даатгалын нөхөн төлбөрт 24 003 827.25 төгрөгийг гаргуулж Э.Мд олгож, Э.Мын нэхэмжлэлийн шаардлагаас 11 838 829.55 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 337 164 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 277 969.1 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд төлбөр гаргуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хуулийн этгээдээс төлбөр гаргуулах журмын дагуу гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 1174 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2019/00785 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277 970 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Оюунсайхан хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч дараах хяналтын гомдлыг гаргаж байна. Магадлалын хянавал хэсэгт “Даатгагч нь ...даатгуулагчийн нас барсан шалтгаан нь дээрх өвчний түүхэд Артерийн даралт ихсэх өвчтэй, сүүлийн хэдэн жил даралтын эм тогтмол ууж байгаа, Артерийн даралт ихсэх өвчин III зэрэг гэж тэмдэглэгдсэнээр Ш.Чнь архаг хууч өвтэй байсан нь тогтоогдож байгаа, энэ нь даатгалын гэрээний нөхөн төлбөр олгохгүй нөхцөлд хамаарна” гэсэн үндэслэлээр нөхөн төлбөр төлөхөөс татгалзсан хэдий ч нэхэмжлэлийг эс зөвшөөрч тайлбараа баримтаар нотлоогүй байна гэжээ. Хариуцагч талаас даатгуулагчийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн №2630 тоот Өвчний түүх дээр тэмдэглэсэн эмчийн тэмдэглэгээг анхан шатны шүүхэд нотлох баримтаар судлуулсан боловч нотлох баримтыг хуульд заасан эргэлзээгүй талаас нь бүрэн үнэлж чадаагүйг давж заалдах шатны шүүх хариуцагч тайлбараа нотлоогүй гэж дүгнэсэн мөн Баянзүрх дүүргийн эмнэлгээс ирүүлсэн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн №02/227 тоот албан бичигт Ш.Чнь “Артерийн даралт ихсэх өвчин 3-р зэрэг, Тархины аалзавчин хальсны доорх цус харвалт, Амьсгал зүрх судасны хурц дутагдал” гэх оношийн улмаас нас барсан хэмээн тодорхойлсон байдаг бөгөөд даатгуулагчийг үхэлд хүргэсэн аалзавчин хальсан доорх цус харвалтад хүргэх үндсэн шалтгаан нь артерийн даралт ихсэх өвчин ба түүнээс үүдсэн бичил судасны эмгэг, амилиод ангиопати, судасны гажгийн улмаас судас хагарах замаар тархины эдийн дотор, ховдолд цус харван орох замаар үүсдэг буюу үхэлд хүргэх суурь шалтгаан нь даатгуулагчийн өмнөх өвчлөл болох артерийн даралт ихсэх өвчин байсан байтал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасны зөрчиж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг Давж заалдах шатны шүүх шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангасан байна гэж дүгнэсэнд гомдолтой байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Э.М нь хариуцагч “М Д” ХХК-д холбогдуулан ээж Ш.Чгийн амь насны даатгалын нөхөн төлбөрт 35 842 656 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, даатгалын тохиолдол бий болоогүй гэсэн үндэслэлээр маргажээ.
Анхан шатны шүүх хариуцагчаас 24 003 827 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаад, хэвээр үлдээсэн байна.
Хоёр шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч даатгалын зүйлийг алдаатай тодорхойлсон шүүхийн дүгнэлтийг зөвтгөж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж үзэв. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй байна.
Зохигч нь мэтгэлцэх эрхээ бүрэн хэрэгжүүлсэн, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулжээ.
Э.М нь ээж Ш.Чгийн хамт 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Голомт банктай орон сууцны зээлийн гэрээг байгуулж, 40 600 000 төгрөгийг 240 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй зээлж авсны зэрэгцээ зээлдэгч Ш.Чнь эд хөрөнгийн даатгалын гэрээ, гэнэтийн ослын даатгалын 1701007968 дугаар гэрээг “М Д” ХХК-тай 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр, 1 жилийн хугацаагаар байгуулж, орон сууцыг 58 000 000 төгрөгөөр үнэлж 69 600 төгрөгийн хураамж, гэнэтийн ослын даатгалын хэмжээг зээлийн үлдэгдэл 36 437 386 төгрөгөөр тооцож, 48 724 төгрөгийн хураамжийг тус тус төлсөн үйл баримт тогтоогджээ. /хх-ийн 4-10 дугаар тал/
Талууд гэрээг бичгээр байгуулж, даатгалын 2 өөр зүйл буюу эд хөрөнгийн даатгал, гэнэтийн ослын улмаас амь насаа алдах, хөдөлмөрийн чадвараа 70 хувь түүнээс дээш алдах эрсдлийн даатгалыг нэг гэрээгээр тохирсон нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.3 дах хэсгийг зөрчөөгүй байна. Даатгуулагч даатгалын хураамжийг төлснөөр даатгагчид гэрээний үүрэг үүсчээ.
Зохигч талууд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээг байгуулсан, гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болсон байна. Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Нэхэмжлэлийн үндэслэл гэнэтийн ослын даатгалын гэрээ болсон байх ба гэрээний 2-т даатгуулагч гэнэтийн осол өвчний улмаас амь насаа алдах, гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 70 хувь түүнээс дээш алдах эрсдлийг даатгалын тохиолдол гэж үзэхийг заасан, гэрээний зүйл нь зээлийн үүрэг бус даатгуулагчийн амь нас, хөдөлмөрийн чадвар алдах эрсдэл байхад шүүх энэ талаар оновчтой дүгнэлт хийгээгүй байв.
Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т “Даатгуулагч нас барсны дараа даатгалын тохиолдол үүссэн бол даатгалын нөхөн төлбөрийг түүний хууль ёсны буюу гэрээслэлээр өв залгамжлагчид олгоно.” гэж заасан тул өв залгамжлагч Э.М нь даатгагчаас нөхөн төлбөр шаардах эрхтэй.
Даатгуулагч Ш.Ч2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр нас барсан байх ба энэ нь даатгалын тохиолдол мөн эсэх асуудал зохигчийн хоорондох маргааны зүйл болсон байна. Даатгалын гэрээний 1.2.17-д гэнэтийн осол гэдгийг даатгуулагчийн бие махбодид гэмтэл учруулах, санаандгүй, урьдчилан харах боломжгүй гэнэтийн үйл явдлыг ойлгоно гэж заажээ
Шүүх даатгуулагчийн нас барсан шалтгаан, даатгалын тохиолдол бий болсон эсэхийг хэрэгт авагдсан Баянзүрх-Эмнэлэг ХХК-ийн 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 02/227 тоот тодорхойлолт, Ш.Чгийн өвчний түүх, нас барсны гэрчилгээ, зохигчийн тайлбар гэх баримтад тулгуурлан дүгнэж, гэрээний үүргийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Даатгалын тухай болон Иргэний хуулийг зөрчөөгүй байна. Даатгалын тохиолдол бий болсон тул “М Д” ХХК нь даатгуулагчийн өв залгамжлагч Э.Мд нөхөн төлбөрийг олгох ёстой байна.
Талуудын байгуулсан гэнэтийн ослын даатгалын гэрээний 6.1.2-т “Даатгуулагч даатгал хийлгэхдээ эсвэл нөхөн төлбөр авахдаа худал хуурмаг мэдүүлэг өгсөн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, хэлэх ёстой зүйлийг хэлэлгүй нуусан”, 6.1.3-т даатгуулагчийн хууль бус үйлдэл болон санаатай үйлдлийн үр дагавар, хохирол буюу даатгалын тохиолдол болох нөхцөл орчныг бүрдүүлсэн /хх-4/ бол нөхөн төлбөр олгохгүй гэж заасан байх ба даатгуулагч артерийн даралт ихсэх архаг өвчний улмаас нас барсан, гэрээг байгуулахаас өмнө нас барах шалтгаан тодорхой байсан тул даатгалын тохиолдол гэж үзэхгүй гэх үндэслэлийг хариуцагч баримтаар нотолж чадаагүй байна. Даатгагч нь гэнэтийн ослын даатгалын гэрээ байгуулж байгаа тул даатгуулагчийн эрүүл мэндийн байдал, архаг өвчтэй эсэх, эрүүл мэндийн талаар бодитой мэдээлэл өгсөн эсэх, улмаар гэрээ байгуулах эсэхийг өөрөө шийдвэрлэх эрхтэй бөгөөд даатгалын гэрээ байгуулсан, хураамж төлөгдсөн тул хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлэх ёстой болно.
Шүүх даатгалын гэрээний 8 дахь хэсэгт заасан нөхөн төлбөр тооцох тохиролцооны дагуу даатгалын нөхөн төлбөрт 24 003 827.25 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2019/00785 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 1174 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277 970 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА