Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2020/00668

 

Л.М-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн     

          2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШШ2019/00660 дугаар шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1086 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: Л.М-

          Хариуцагч: Л.Б-од холбогдох

          Зээлийн гэрээний үүрэгт 3,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Номиндалай, нарийн бичгийн даргад Ш.Мөнхжаргал нар оролцов.

          Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Би 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Л.Б-од 3,000,000 төгрөгийг 4 сарын хугацаатай зээлдүүлсэн. Гэрээний хугацаа дуусч Л.Б- нь зээлийг төлөөгүй байна. Иймд 3,000,000 төгрөгийг Л.Б-оос гаргуулж өгнө үү гэжээ.

          Хариуцагч тайлбартаа: Бид удаан хугацаагаар хамтарч ажиллаж, бие биедээ мөнгө шилжүүлэн өгч авалцаж байсан. 2017-4-27-ны өдөр 1сая төгрөг, мөн оны 05-13-ны өдөр би 2сая төгрөгийг тус тус төлж дуусгасан. Махаа зарахаараа би зээлээ өгдөг. Өнөөдрийн байдлаар дансны хуулганаас харахад 2017-3-20-ны өдөр 240,000 төгрөгийг өгсөн, үүнээс өөр байдлаар мөнгө өгч байсан зүйлгүй. Л.М-ийн данс руу миний данснаас нийт 15,672,000 төгрөгийг 11 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн бөгөөд хамтарч ажиллах хугацаандаа 2 удаа тооцоо нийлсэн байдаг. Эхний удаа 2017-6-19-ний өдөр н.Ганбаагийнд хийсэн тооцоогоор нийт 7,075,000 төгрөгийг Л.М-д өгөх үлдэгдэлтэй гарсан. Үүнээс тухайн өдөрт нь 4,600,000 төгрөг, дансаар 2сая төгрөг, 2017-6-27-ны өдөр 500,000 төгрөг, нийт 7,100,000 төгрөгийг шилжүүлж тооцоо дууссан байдаг. Мөн анхан шатны шүүхэд 2 гэрчийг байлцуулан 2018-01-29-ний өдөр 1,253,000 төгрөгийн тооцоо нийлж, Л.М-ийн хамтран амьдрагч Д.Энхжаргалд өгсөн. Д.Энхжаргал үүнийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Ингээд талуудын хоорондын тооцоо дуусгавар болсон гэжээ.

        Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 182/ШШ2019/00660 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу Л.Б-оос 3 сая төгрөг гаргуулах тухай Л.М-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-р нэхэмжлэгчээс төлсөн 62,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1086 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШШ2019/00660 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан Л.Б-оос 3 сая төгрөг гаргуулан Л.М-д олгож, улсын тэмдэгтийн хураамжийн Л.Б-оос 62 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-р гомдол гаргахдаа төлсөн 62,950 төгрөгийг буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.

  Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Л.М-ийн банкны данснаас 8 удаагийн зарлагын гүйлгээгээр 42,090,000 төгрөг гарсныг хариуцагч авч, буцаан өгөхдөө тодорхой хэмжээний ашиг өгч байсан нь нотлогдсон, талууд дээрх үйл баримтад маргаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй тул дараах тайлбарыг өгч байна. Л.М-ийн данснаас 8 удаагийн гүйлгээгээр гарсан дээрх 42,090,000 төгрөг бүгд Л.Б-ын данс руу орж байсан баримт хэрэгт байхгүй. Эдгээр мөнгийг Л.Б- аваагүй. Хамт хөдөө явахдаа тус тусын мөнгийг гарган мал, мах авдаг, уг мөнгөө мал, мах зарж байгаа малчиндаа өгдөг байснаа Л.М- хэлсэн байгаа. Үүнийг Л.Б- аваад ашиг нэмж өгөөд байсан зүйлгүй. Хөдөөнөөс ирээд хамтдаа сууж тооцоогоо хийгээд ашгаа аваад явдаг талаар аль аль нь шүүхэд мэдүүлсэн байгаа. Энэ 42,090,000 төгрөгийг Л.Б- миний бие авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байсан баримт хэрэгт байхгүй. Анхан шатны шүүхийн 2 удаагийн шүүх хурлын тэмдэглэл болон талуудын шүүхэд гаргаж өгсөн баримтууд, тайлбар дотор ч ийм үг, үсэг, өгүүлбэр байхгүй. Талууд дээрх үйл баримтад маргаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн ХААН банкнаас шилжүүлсэн мөнгийг хариуцагч хэрхэн буцаан төлсөн тухай тайлбар, тооцоолол, банкны депозит дансны хуулгад бичигдсэн мөнгөн шилжүүлгийн агуулга, мөнгө шилжүүлсэн огноо зэргээр тогтоогдож байхаас гадна Л.Б- уг тайлбарыг баримтаар няцааж чадаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй тул дараах тайлбарыг өгч байна. Л.М- нь өөрийн гаргасан худал тооцоог шүүхэд ирүүлсэн бөгөөд үүнийгээ баримтаар нотолж чадаагүй байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүх дээр хийсэн буруу дүгнэлтдээ үндэслэн үүнийг нотлогдсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Эсэргээрээ Л.М- нь надаас мөнгөө буцааж аваагүй гэдгээ ямар баримтаар нотлоод байгаа юм бэ? Түүнд өөрийнх нь хийсэн худал тооцоо, мал, мах авахдаа над руу биш мал, махны эзэн рүү мөнгө шилжүүлсэн зарлагын гүйлгээ, худал тайлбар л байдаг. Ганцхан жишээ дурьдахад сүүлд тооцоо нийлээд гарсан зөрүү буюу нэхэмжлэгчийн хамтран амьдрагч асан Гэрч Д.Энхжаргалд өгсөн 1,253,000 төгрөгийг нэхэмжлэгч авсан гэх тооцоондоо огт оруулж тооцоогүй байдаг. Ийм байдлаар намайг гүжирдэн, тооцоо дууссан байхад авсан мөнгөө аваагүй гэж шүүхэд хандаад байгааг анхан шатны шүүх үндэслэлтэй, зөв тогтоож шийдвэрлэсэн байдаг. Хариуцагч уг тайлбарыг баримтаар няцааж чадаагүй гэсэн байна. Харин эсрэгээрээ Л.Б- миний бие хоёр удаа тооцоо нийлээд өр, авлагаа дуусгасан болохоо нотолж чадсан байгаа. Эхний удаад 2017.06.19-ний өдөр нэхэмжлэгч, хариуцагч нар нь Ганбаа гэдэг хүний хамт сууж байгаад тооцоо нийлсэн бөгөөд үүнийг нэхэмжлэгч нь 2019.04.15-ны өдрийн шүүх хурал дээр хүлээн зөвшөөрсөн байгаа. Энэ нь хэргийн 108-113-р хуудсанд байгаа хурлын 660 тоот тэмдэглэлийн 112-р талд Шүүгч: Тэр өдөр буюу 2017.06.19-ний өдөр тооцоо нийлсэн юм уу? гэхэд Нэхэмжлэгч: Тооцоо нийлсэн гэж хариулсан болох нь тусгагдсан байгаа. Тооцоо нийлсэн баримтаа шүүхэд гаргаж өгсөн байгаа. Дараагийн удаад гэрч Д.Энхжаргал, Д.Насанжаргал нарын дэргэд 2017-11-20-дын орчимд хоёр дахь удаагаа тооцоо нийлсэн байдаг. Үүнийгээ нэхэмжлэгч мөн л хүлээн зөвшөөрдөг. Энэ талаар хэргийн 33-43-р хуудсанд байгаа 2019.03.11-ний өдрийн шүүх хуралдааны 2106 тоот тэмдэглэлд гэрч Д.Энхжаргал, Д.Насанжаргал нарын өгсөн мэдүүлэг болон 41-р талд Нэхэмжлэгч нь гэрч Д.Энхжаргалаас: 1,253,000 төгрөгийн тооцоо байсан гэнээ. Энэ нь өөр мөнгөний тооцоо юм биш үү? гэж асуусан бөгөөд Гэрч Д.Энхжаргал: Тооцоо хийхэд хоёр талыг суулгаж байгаад тооцоо нийлээд 1,253,000 төгрөг болоод, чи намайг нөгөө мөнгөнөөсөө суутгаарай гэхээр нь 1,250,000 төгрөгийг аваад, 3,000 төгрөгийг чамд буцаагаад өгсөн гэхэд нэхэмжлэгч өөр асуултгүй гэсэн байдаг. Энэ нь гэрчийн мэдүүлгийг хүлээн зөвшөөрч байгааг харуулж байгаа. Мөн гэрч Д.Насанжаргал: ...Хэн нь хэрхэн, хэдэн төгрөгийг яаж авсан талаар өөрсдөөс нь асууж байгаад тооцоо хийсэн. Хамгийн сүүлд 1,253,000 төгрөг Б- өгөхөөр өртэй үлдсэн. Тэр мөнгийг нь манай эгчид өгөөд гарын үсэг зуруулаад тооцоо дууссан гэж мэдүүлдэг. Анхан шатны шүүхийн хоёр удаагийн шүүх хуралдаанаар эдгээр хүмүүс мөнгөний маргаантай асуудлаа хөндлөнгийн гэрч нарыг байлцуулан 2 удаа тооцоо нийлсэн, үүнийг нэхэмжлэгч үгүйсгээгүй тооцоо нийлээд гарсан өрийн үлдэгдлийг Л.Б- төлж барагдуулсан болох нь тогтоогдсон байдаг. Үүнийг Л.Б- баримтаар няцааж чадаагүй гэдэг нь мөн л гүтгэлэгийн шинжтэй дүгнэлт байна. Мөн гэрч Д.Энхжаргал, Д.Насанжаргал нарын мэдүүлэг нь талуудын маргаж буй 3,000,000 төгрөгийг буцаан төлсөн гэх үйл баримтад хамааралгүй гэсэн нь ч үндэслэлгүй байна. Гэрч Д.Энхжаргал, Д Насанжаргал нар нь бид хоёрын хоорондох бүхий л тооцоог өөрсдөөс маань асууж байгаад тооцоог хийж өгсөн, үүнд энэхүү 3,000,000 төгрөг ч багтсан, энэ тооцоогоор гарсан 1,253,000 төгрөгийг Л.Б- миний бие Л.М-ийн хамтран амьдрагч Д.Энхжаргалаар дамжуулан өгсөн, нэхэмжлэгч нь өрөндөө 1,250,000 төгрөгийг нь суутгуулсан бөгөөд үлдэгдэл 3,000 төгрөгийг өөрт нь өгсөн гэсэн гэрч Д.Энхжаргалын мэдүүлгийг шүүх хуралд дээр хүлээн зөвшөөрсөн талаар дээр дурьдсан байгаа. Мөн гэрч Д.Насанжаргап ч энэ талаар адил мэдүүлсэн байгаа. Гэтэл Давж заалдах шатны шүүх дээрх гэрчүүдийн мэдүүлгийг маргаж байгаа 3,000,000 төгрөгийг буцаан төлсөн гэх үйл баримтад хамааралгүй гэсэн нь үндэслэлгүй, хүлээн зөвшөөрөх боломжгүй дүгнэлт байна. Биднийг тооцоо нийлэх бүрт энэ 3,000,000 төгрөг болон хөдөө хамт явж мал, мах авсан үеийн оруулсан мөнгө, цааш зарсан үнэ ханш, гаргасан зардал, орсон орлого, хүн тус бүрт оногдох ашиг гээд бүхий л зүйлээ оруулаад тооцоогоо нийлж байсан тул уг тооцоонд дээрх 3,000,000 төгрөг орж тооцогдоод явсан юмаа. Одоо Л.М- бид хоёрын хооронд ямар нэгэн тооцоо байхгүй болно. Л.Б- нь 2017.04.27-ны өдөр 1,000,000 төгрөг, 2017.05.13-ны өдөр 2,000,000 төгрөгийг тус тус Л.М-ийн дансанд “мах” гэж гүйлгээний агуулга бичиж шилжүүлсэн нь ИХ-н 281.1-т заасан үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна гэсэн нь буруу юм. ИХ-ийн 281-р зүйлд заасан Зээлийн гэрээ хийгдсэн гэж үзвэл мөн хуулийн 282.3-д зааснаар хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ, энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан байдаг. Гэтэл нэхэмжлэгч маань Зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй атлаа хүүнд 300,000 төгрөг авсан гэж мэдүүлдэг. Хариуцагч нь 2017.04.27-ны өдөр 1,000,000 төгрөг, 2017.05.13-ны өдөр 2,000,000 төгрөгийг тус тус Л.М-ийн дансанд хийсэн баримт хэрэгт авагдсан байдаг. Гэтэл үүнийг “мах” гэж шилжүүлсэн учраас зээлийн төлбөрт тооцох боломжгүй гэж үзэж болохгүй юм. Учир нь энэ хоёр хүний хооронд хийгддэг бүх гүйлгээ нь “мал”, ”мах” гэсэн шилжүүлгийн утгатай байгаа. Үүнээс үзвэл аль нь зээл, аль хамтран ажилласан болох нь тодорхойгүй боловч эцсийн дүндээ бие биенээ хохироогоогүй байх учиртай. Гэтэл зээл авчихаад мах гээд төлчихсөн байна, тэгэхээр зээлээ төлөөгүй гэж үзэх үндэслэл болохгүй юм. Мөнгө төлсөн нь чухал болохоос, гүйлгээний утга нь чухал биш байх гэж бодож байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

        Л.М- 2019-01-23-ны өдөр нэхэмжлэл гаргаж, Л.Б-оос зээлийн гэрээний үүрэгт 3 сая төгрөг гаргуулахыг шаардсан байна.

        Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, хамтарч ажиллаж байхдаа бие биедээ мөнгө шилжүүлдэг байсан, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангасан байна. 

        Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        1. ”...2017-03-30-ны өдөр 3 сая төгрөг зээлүүлсэн...” гэсэн үндэслэлээр Л.М- нь  Л.Б-оос 3 сая төгрөг гаргуулахыг шаардсан байна.

        Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

       Л.М- мөнгө зээлүүлэх, Л.Б- мөнгө зээлж авах талаар зохигч нар тохиролцож байсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байхад давж заалдах шатны шүүх мөнгө шилжүүлсэн баримтыг үндэслэн талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 41,42,195,196,281 дугаар зүйлийн холбогдох зохицуулалтад нийцээгүй гэж үзнэ.   

       2. Хэрэгт банкны дансны хуулга /хх4,14-18,24-27,53-74,76-77,80,82,84-85,88,92-96/., гараар бичсэн тэмдэглэл /хх 11-12,28-29,75,78,79,81,83,106/., гэрч Д.Энхжаргал, Д.Насанжаргал /хх 40-42/ нарын мэдүүлэг авагдсан бөгөөд хэргийн оролцогчийн тайлбарыг нотлох, үгүйсгэх өөр баримт байхгүй байна.

       Өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтыг гаргаж өгөх, цуглуулах үүргийг талууд хүлээнэ. Шүүх хэрэгт байгаа баримт, зохигчийн гаргаж өгсөн баримтын хэмжээнд нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэнэ.

       Хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн нь тогтоогдоогүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгоно.

       Анхан шатны шүүх хэрэгт байгаа баримт, нэхэмжлэлийн шаардлага, зохигчийн тайлбарын талаар дүгнэлт хийхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хуулийн  холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээв. 

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1086 дугаар магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШШ2019/00660 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 62,950 төгрөгийг захирамжаар буцааж олгосугай.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ