Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 119

 

Ц.Эт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Н.Батсайхан, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Соёлмаа,

шүүгдэгч Ц.Э, түүний өмгөөлөгч Ц.Г,

нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нарыг оролцуулж,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 558 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Эын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1710009860230 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

Ц овгийн Ц.Э, 1991 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Ховд аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ......................... суух хаяггүй, ял шийтгэлгүй, /РД: ..................../;

Ц.Э нь 2017 оны 11 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш хорооллын 31 дүгээр байрны гадаа зогсоолд байсан Б.Нийн эзэмшлийн, 31-03 УНӨ улсын дугаартай, “Toyota Prius 20” загварын автомашиныг хулгайлж, Б.Нд 8.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, 33 дугаар байрны гадаа байсан иргэн Б.Эы эзэмшлийн, 25-70 УНЛ улсын дугаартай, “Toyota Prius 20” загварын автомашиныг хулгайлж, Б.Эд нийт 8.310.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш хотхоны 24 дүгээр байрны гадаа Д.Бг “машинаар чинь Хороолол орчихоод ирье” хэмээн хуурч, улмаар Завхан аймгийн Идэр сумын нутагт иргэн П.Од зарж, Д.Бд 10.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газар: Ц.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ц.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хуурч бусдын эд хөрөнгийг залилсан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож,

Ц.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, Ц.Эын нийт биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сарын хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Эт оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Эын цагдан хоригдсон 267 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ц.Эаас нийт 4.040.000 төгрөг гаргуулж, хохирогч Б.Эд 1.040.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч П.Од 3.000.000 төгрөгийг тус тус олгох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Эт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний анхны өгсөн мэдүүлгийг миний эсрэг болгож өөрчилсөн. Цагдаагийн албан хаагчдын дарамт шахалт, харгис хэрцгий хандаж, доромжилдог байсан талаар хяналт тавьж байсан прокурортоо хэлтэл анхаарч үзээгүй. Цагдаагийн мөрдөгч Б.Чулуунхүү нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 230 дугаартай дүгнэлтэд нөлөөлсөн, прокурортой нийлж худал дүгнэлт гаргуулсан, мөн “чам шиг гуйлгачин ямар үнэтэй хувцас өмсдөг юм” гээд чонын арьсан захтай нэхийг чиний өмсдөг хувцас биш гээд хураан авсан. Тэр нэхийг би энэ гэмт хэргийг үйлдэхээс 1 сарын өмнө 600.000-800.000 төгрөгөөр худалдан авсан. Энэ талаар прокурортоо хэлсэн боловч урьдын адил хандсан.

2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 461 дүгээр анги дээр прокурор нь өмгөөлөгч гэх эмэгтэй, шинэ мөрдөгч нартай хамт ирж байцаалт авахдаа чамайг 10 эзэнгүй хэрэгт унагаж чадна шүү гэж сүрдүүлсэн. Тэгээд хурдан батлан даалтад гарна гэж бодож байвал байцаалт өгөөд, гарын үсэг зур гэсэн. Тухайн үед өгсөн мэдүүлгээ уншаагүй. Гэтэл прокурор намайг хуурч, яллах дүгнэлт гардуулсан байсан.

Би шүүх хуралдаан дээр үнэн зөв яръя гэж бодож байтал прокурорын дагуулж ирсэн өмгөөлөгч нь “чи юм ярьж болохгүй, би прокурортой чинь ярьсан, чи дуугүй байж чадах юм бол ял шийтгэл авахгүй” гэж шүүх хуралдааны үеэр хэлсэн. Гэтэл хохирогч намайг зарим зүйл дээр гүтгэж байсан. Мөн прокурор өмгөөлөгчтэй нийлж 2 дахь удаагаа намайг хуурч байна.

... Би хийсэн хэргээ үнэн зөвөөр хүлээн мэдүүлсэн боловч мөрдөн байцаалт болон мөрдөн шалгах ажиллагаа миний эсрэг, худал хуурмаг явагдсан.   

 Би энэ гэмт хэргийг үйлдсэндээ маш их харамсаж байгаа, дахин гэмт хэрэг үйлдэхгүй, шударга амьдрах болно.

Анх хохирлоо мөрдөн байцаалтын шатанд төлөх боломжтой байсан. Би хохирогч нараас уучлалт гуйж байна. Цаашид хөдөлмөр эрхэлж хохирлоо барагдуулах болно. Энэ байдлыг минь харгалзан үзэж, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ц.Эын өмгөөлөгч Ц.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний үйлчлүүлэгч хохирол төлбөр төлөх боломжтой байсан гэж анх уулзсан үеэс эхэлж хэлсэн. Мөрдөн байцаалтын шатнаас Ц.Э үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүхээс Ц.Эт оногдуулсан ялын хэмжээг багасгаж өгнө үү гэсэн саналтай байна. Миний үйлчлүүлэгч хоёр зүйл, хэсгээр яллагдаж байгаа боловч Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтдаг. Миний үйлчлүүлэгч урьд өмнө нь ямар нэгэн ял шийтгэл эдэлж байгаагүй. Энэ удаа үйлдсэн хэргийн хувьд автомашинуудыг эзэнд нь хүлээлгэж өгсөн. Иргэний нэхэмжлэгчид төлөх ёстой 3.000.000 төгрөгийн хохирол, мөн автомашинд учруулсан хохирол 1.000.000 төгрөг, нийт 4.000.000 төгрөгийн хохирлын асуудал байдаг. Шүүгдэгч Ц.Э уг хохирлыг төлөх боломжтой байсан гэсэн тайлбар хэлдэг учраас Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг хэрэглэн ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Соёлмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Ц.Эын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй гэж үзэж байна. Цагдан хоригдох байранд шүүгдэгч Ц.Этай уулзахдаа камерын дор уулзаж, мэдүүлэг авдаг. Өмгөөлөгч Ц.Г-ийн хувьд анхан шатны шүүхээс өмгөөлөгч заавал оролцуулах шаардлагатай гэснийг үндэслэж, Хууль зүйн туслалцааны төвд албан бичгээр хандсаны дагуу томилогдсон өмгөөлөгч юм. Өмгөөлөгч Ц.Г-ийг оролцуулж мэдүүлгийг авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт оролцож ирсэн. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Ц.Э ямар нэгэн цагаар хязгаарлагдахгүйгээр мэдүүлэг өгөхдөө гэм буруу болон болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлдэг. Давж заалдах гомдол гаргахаараа өмгөөлөгчийн талаар хөндөж ярьдаг. Анхан шатны шүүхээс Ц.Эын гэм буруутай үйлдэлд үндэслэлтэй дүгнэлт хийж, шийтгэх тогтоол гарсан. Учир нь Ц.Эын хувьд иргэний нэхэмжлэгч болон хохирогч нарт учруулсан 4.000.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөөгүй. Хувийн байдлын хувьд эрхэлсэн тодорхой ажилгүй, ганц бие, оршин суух хаяггүй. Мөн мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлж байсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Ц.Эт холбогдох хэргийн бүх ажиллагааг хянахад, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчилгүй байна.

Хавтас хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судлахад:

Ц.Э нь 2017 оны 11 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш хорооллын 31 дүгээр байрны гадаа зогсоолд байсан Б.Нийн эзэмшлийн, 31-03 УНӨ улсын дугаартай, “Toyota Prius 20” загварын автомашиныг хулгайлж, Б.Нд 8.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, 33 дугаар байрны гадаа байсан иргэн Б.Эы эзэмшлийн, 25-70 УНЛ улсын дугаартай, “Toyota Prius 20” загварын автомашиныг хулгайлж, Б.Эд 8.310.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш хотхоны 24 дүгээр байрны гадаа Д.Бг “машинаар чинь Хороолол орчихоод ирье” хэмээн хуурч, улмаар Завхан аймгийн Идэр сумын нутагт иргэн П.Од зарж, Д.Бд 10.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Шүүгдэгч Ц.Э нь дээрх гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн мэдүүлдэг /1хх-96-99, 173-174, 244-246/ бөгөөд түүний мэдүүлэг нь хохирогч Б.Н /1хх-76-78/, Б.Э /1хх-142-144/, Д.Б /1хх-185-187/, гэрч Т.Б /1хх-32/, Э.З /1хх-33/, М.Л /1хх-34-35/, М.Б /1хх-53-54/, С.Ц /1хх-126-127/, Б.Н /1хх-147-148/, Б.Б /1хх-149-150/, Г.Ц /1хх-191-193/, иргэний нэхэмжлэгч П.О /1хх-8-9/ нарын мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-4-6, 133-134, 212-213/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-8-23, 136-140, 215-218/, тээврийн хэрэгсэл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1хх-28/, эд зүйлийн үнэлгээ /1хх-52/, автомашин техникийн үнэлгээний тайлан /1хх-61-64, 158-161, 195-201, 2хх-15-23/, эд зүйлс хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-167, 214/ зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс Ц.Эыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хуурч бусдын эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Ц.Эын бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан үйлдлийг мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Түүнчлэн, Ц.Эт 2 жил 6 сарын хорих ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон байна.

Шүүгдэгч Ц.Э нь “... надад холбогдох  хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль бус явагдсан ба мөрдөгч, прокурор нарын сүрдүүлгээр би худал мэдүүлэг өгсөн тул хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, Ц.Эын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба тэрээр өөрийн үйлдсэн хэргийн талаар “... 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш хотхоны 31 дүгээр байрны гадаа зогсоолд, яндангаас нь утаа гарч, асаалттай байсан 31-03 УНӨ улсын дугаартай, мөнгөлөг саарал өнгийн “Toyota Prius 20” загварын автомашины хаалгыг татсан чинь онгойхоор нь унаад, шөнөжин яваад, өглөө 08 цагийн үед Өвөрхангай аймгийн Хархорин суманд, хөдөө танихгүй айлын гадаа очоод машины шатахуун дуусаад унтарчихаар нь тэр айлын гадаа орхиод, замын унаагаар Улаанбаатар хот явсан. ... Мөн 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хамтран амьдрагч Цээжавын гэрт ирэхэд намайг машин хулгайлсан байна, яв гэхээр нь гараад, өөр байрны орцонд хоноод, маргааш өглөө нь орцноос гартал саарал өнгийн “Toyota Prius 20” загварын машин асаалттай байж байхаар нь тойроод явж байтал нэг талын хаалганд нь ослын бүс хавчуулагдсан, хаагдаагүй байхаар нь онгойлгоод суутал түлхүүр нь зоолттой байсан тул унаад Багахангай дүүрэг рүү явсан. ... 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Баярмагнай гэх залуутай таараад машиныг нь гуйсан чинь зөвшөөрөхөөр нь Улаанбаатар хотоос Завхан аймгийн Тосонцэнгэл сум орж, тэндээ 2-3 хоног таксинд явж байгаад Завхан аймгийн Идэр суманд айлд очиход нэг залуу машиныг сонирхоод байхаар нь 1.000.000 төгрөг, 3 адуугаар өгсөн. ...” гэж анхнаасаа хүлээн мэдүүлдэг, мэдүүлгүүд нь хоорондоо ямар нэгэн зөрүүгүй байх ба мөрдөгч, прокурор нарын зүгээс түүнийг дарамталсан, сүрдүүлсэн, худал мэдүүлэг өгүүлсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгч Ц.Эын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 558 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1 Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 558 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Эын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР          

ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН       

ШҮҮГЧ                                                            Д.ОЮУНЧУЛУУН