Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 69

 

 

                                                          З.Нд холбогдох эрүүгийн

                                                                  хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Оюунчулуун, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

          прокурор Н.Энхболд,

          шүүгдэгч З.Н, түүний өмгөөлөгч О.Цэвэлмаа,

          нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

          Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 918 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Н.Энхболдын бичсэн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 49 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр З.Нд холбогдох 1805 0433 70857 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Зоригтбаатарын Нарангэрэл, 1999 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “Манса” ХХК-д цахилгааны техникч ажилтай, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн Нарангийн 0-02 гудамжны 12 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ТА99041619/;

З.Н нь 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутагт дэвсгэрт байрлах “Номин” их дэлгүүрийн арын сааданд М.Энхтулгыг зодож, эрүүл мэндэд нь дагз ясны шугаман хугарал, тархины хатуу хальсны дээрх цусан хураа, тархины эдийн цус харвалт, дух, зүүн чихний дэлбэн, зүүн хөхлөг сэртэнгийн зулгаралт, цус хуралт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: З.Нийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овгийн Зоригтбаатарын Нарангэрэлийг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар З.Нд шүүхээс оногдуулсан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг 02 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчид 2.000.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, насанд хүрээгүй хохирогч М.Энхтулга, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Мөнхцэцэг нар нь хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Н.Энхболд бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 2 жил хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал тавьсан боловч шүүхээс өмгөөлөгчийн саналыг харгалзан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар шийдвэрлэснийг ял хөнгөдсөн гэж үзэж эсэргүүцэл бичсэн.

Шүүгдэгч З.Н нь насанд хүрээгүй хохирогч М.Энхтулгатай “найз охиноос мөнгө нэхлээ” гэх зүйлээс маргалдан зодож, улмаар эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн нотлогдон тогтоогдсон.

Насанд хүрээгүй хохирогч М.Энхтулгын биед хүнд хохирол учирсан, шүүхийн хэлэлцүүлэгт түүний хууль ёсны төлөөлөгч Б.Мөнхцэцэг нь “шүүгдэгчээс 2.000.000 төгрөг авсан, одоогоор нэхэмжилж байгаа зүйл байхгүй, харин цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай тул эмчилгээний зардлаа нэхэмжилнэ” гэж мэдүүлсэн тул хор уршиг бүрэн арилаагүй гэж дүгнэлт хийхээр байна.

Шүүхээс “....шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол нөхөн төлсөн, хувийн байдал, ажил хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь зүйтэй гэж ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг дурдсан байх боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгч З.Н нь хохирогчид учруулсан гэм хор бүрэн арилгаагүй байгаа нөхцөл байдал тогтоогдсон байна.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 918 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтад заасан ялтан З.Нд оногдуулсан торгох ялыг улсын яллагчийн санал болох хорих ял эдлүүлэхээр өөрчлөлт оруулахаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч З.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмнө нь хохирогч М.Энхтулга нь манай найз охинтой харилцаатай байсан юм байна лээ. Тухайн өдөр манай найз охиноос М.Энхтулга мөнгө нэхсэнээс болж бид хоёр зодолдсон. Би түүнийг шилээр цохиогүй, гараараа хэд хэдэн удаа цохисон. Нэг удаа өшиглөсөн. ...” гэв.

Шүүгдэгч З.Нийн өмгөөлөгч О.Цэвэлмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Миний үйлчлүүлэгч З.Н нь өөрийн үйлдсэн хэргийн талаар үнэн зөв мэдүүлдэг бөгөөд гэм буруугийн асуудал дээр маргадаггүй. Хохирогчид учруулсан хохиролд 2 сая төгрөг төлж гэм хорыг арилгасан, хохирогч гомдол, саналгүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, торгох ял биелэгдэх боломжтой зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

З.Н нь 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутагт дэвсгэрт байрлах “Номин” их дэлгүүрийн арын цэцэрлэгт М.Энхтулгыг зодож, эрүүл мэндэд нь дагз ясны шугаман хугарал, тархины хатуу хальсны дээрх цусан хураа, тархины эдийн цус харвалт, дух, зүүн чихний дэлбэн, зүүн хөхлөг сэртэнгийн зулгаралт, цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч М.Энхтулгын “...Нарангэрэл баруун гараараа нүүрэн тус газарт нэг удаа цохисон, дараа нь төмөр хашаа налаад сууж байтал мөн хэдэн удаа өшиглөсөн. ...” /хх 8-9/ болон гэрч Э.Ариунбилэг /хх 15-66/, Б.Буяннэмэх /хх 20-11/, Ц.Хос-Эрдэнэ /хх 24-25/ нарын мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...М.Энхтулгын биед дагз ясны шугаман хугарал, тархины хатуу хальсны дээрх цусан хураа, тархины эдийн цус харвалт, дух, зүүн чихний дэлбэн, зүүн хөхлөг сэртэнгийн зулгаралт, цус харвалт гэмтэл учирсан нь тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” гэх 10315 дугаартай дүгнэлт /хх 29/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэдийгээр хохирогч М.Энхтулга нь “... миний дагз руу архины шилээр цохисон ...” гэж мэдүүлдэг боловч энэ нь:

мөрдөн шалгах ажиллагааны үед өсвөр насны гэрч Э.Ариунбилэгийн өгсөн “... Нарангэрэл нүүр рүү нь 2-3 удаа цохьсон. Баруун гараараа Энхтулгыг 2-3 удаа цохьсон ...” /хх 15/, өсвөр насны гэрч Б.Буяннэмэхийн өгсөн “... Энхтулгыг толгой руу нь олон удаа цохьсон. Баруун гараараа толгой руу цохьсон, толгойны дагз руу 1 удаа өшиглөсөн ...” /хх 21/, өсвөр насны гэрч Б.Учралын өгсөн “... чи  намайг өдөөд байгаа юм уу гэж Нарангэрэл хэлээд нүүрэн тус газар нь 5-6 удаа цохиж, Энхтулга газар унасан байхад хажуунаас  хүн болиоч гэж орилж байсан...” /хх 24/ гэх мэдүүлгүүдээс гадна Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 10315 дугаартай дүгнэлтэд: “... дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ ...” /хх 29/ гэх зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч З.Н нь архины шилээр хохирогч М.Энхтулгыг цохьсон гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байгааг дурьдах нь зүйтэй.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч З.Нийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч З.Нийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Мөн шүүгдэгч З.Нд анхан шатны шүүхээс 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг хоёр жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон гэж үзэв.

Улсын яллагч “...хохирогч цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай тул эмчилгээний зардлаа нэхэмжилнэ” гэж мэдүүлсэн тул хор уршиг бүрэн арилаагүй, ...торгуулийн ял оногдуулсан нь хөнгөдсөн, хорих ял оногдуулах саналын хүрээнд шийдвэрлүүлэхээр хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.”  гэсэн эсэргүүцэл бичжээ.

Анхан шатны шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудын талаар дүгнэлт хийж, шүүгдэгч З.Нийн үйлдсэн гэмт хэрэг, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон ял оногдуулсан нь шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэв.

Шүүгдэгч З.Н нь хохирогч М.Энхтулгын эмчилгээний төлбөрт 2 сая төгрөг төлсөн байх бөгөөд хохирогч М.Энхтулга нь гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич шийдвэрлүүлэх боломжтой болохыг анхан шатны шүүх тогтоолдоо заасан нь хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхээргүй байна.

Иймд улсын яллагчийн “...хорих ял оногдуулж өгнө үү...” гэсэн эсэргүүцлийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 918 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Н.Энхболдын бичсэн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 49 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                        ДАРГАЛАГЧ,

                                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

                                        ШҮҮГЧ                                                            Д.ОЮУНЧУЛУУН

                                        ШҮҮГЧ                                                            М.АЛДАР