Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 534

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

    Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч П.Туяат даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг,

            улсын яллагч Б.Б-,

шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Д.Э- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-ийн Б-д холбогдох 000000000000 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ___ мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 0, эхнэр, 0 хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, “Ө” хороолол 00 дүгээр байр, 00 тоот хаягт оршин суух бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, “Ц” хотхоны 00 байрны 0 тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б овогт Б-ийн Б-, /РД:**000000000/,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Б.Б- нь 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 17 цаг 25 минутын үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х” банкны “О” тооцооны төвийн бэлэн мөнгөний машинаас мөнгө авах гэж орохдоо иргэн Б.М-ын виза картаа уншуулж, алдаатай гүйлгээний улмаас авч чадаагүй үлдээсэн 3.075.000 төгрөгийг авч завшсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Б.Б-гээс: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйлгүй...” гэв.

 

          Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

-Хохирогч Б.М-ын: “...Би 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 17 цаг 30 минутын орчимд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Х банкны О салбарын АТМ-ээс мөнгө авахаар очоод өөрийн виза картаа уншуулахад буцаад гараад ирсэн. Тэгэхээр би алдаа заачлаа гэж бодоод хажуу талынх нь АТМ дээр очоод мөнгө авах гэтэл үлдэгдэл хүрэлцэхгүй байна гэсэн хариу өгөөд миний картыг буцаан гаргасан. Тэгэхээр нь би уг банкны теллер дээр очиж уулзаж энэ тухайгаа асуухад “яг тухайн цаг минутанд зарлага гарсан байна, та Х банкны лавлах утас руу залгаж гомдлоо гарга” гэж хэлсэн. Тэгээд би өөрийн гар утсаараа Х банкны 18001917 дугаар руу залгахад маргааш эргээд хариу хэлнэ гэж хэлсэн. Миний данснаас 3.075.000 төгрөг гарсан, мөнгөн дүн хийлгүйгээр боломжит мөнгө авах гэсэн товчлуурыг дарахад карт буцаан гарсан. Тэгэхээр би алдаа заачлаа гэж бодсон юм. Би 1.275.000 төгрөгийг буцаан авсан. Харин одоо үлдэгдэл 1.800.000 төгрөгийг гаргуулан авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60 дугаар хуудас/

-Гэрч Б.Б-ын: “...үдээс хойш 16-17 цагийн орчим санагдаж байна, тухайн камерын бичлэгт бичигдсэн хүн намайг “О” рашаан сувиллын тэнд хүн буулгаад явж байхад зам дээр гар өргөөд хүүхдүүдийн хамт олуулаа зогсож байсан. Тэгэхээр нь би зогсоод хаана очих талаар асуухад “Г” кино театр орно, 3000 төгрөг өгье” гэж хэлсэн, ойрхон газар байсан тул би “тэгье” гэсэн. Ойролцоогоор 600 метр газар байсан. Тэгэхдээ тухайн эрэгтэй хүн замдаа Оын “Х” банк орсон. Тэгээд удалгүй гарч ирээд “Г” кино театрын урд зогсож надад бэлнээр 5000 төгрөг авч өгөөд буусан. Би урд явж байсан хойноос гартаа 5000 төгрөг өгөөд хариулт хэрэггүй, баярлалаа гээд буусан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/

 

Хэргийн талаар бусад нотлох баримтууд:

            “Г” кино театрын гадна талын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

            “Г” кино театрын дотор талын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

            “Х” банкны “О” тооцооны төвийн бэлэн мөнгөний машины хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-18 дугаар хуудас/,

            Хохирогч Б.М-ын “Х” банкны 5007458413 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 5 дугаар хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд

Яллагдагч Б.Б-гийн: “...2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр би гэртээ амарч байгаад өдөр 16 цагийн орчимд хүүхдүүдээ кино үзүүлэх зорилгоор гэрээсээ гараад таксинд суугаад хүүхдүүдийнхээ хамтаар “Г” кино театр луу явсан. Тэнд очоод таксины мөнгө төлөх гэтэл надад бэлэн мөнгө байхгүй байсан учраас би “Х” банкны “О” салбарын АТМ-ээс бэлэн мөнгө авахаар очиж өөрийн картаа хийх гэтэл гэнэт картаа хийгээгүй байтал бэлэн мөнгө гараад ирсэн. Тэр үед уг мөнгөний эзэн болох ямар нэгэн хүн байгаагүй учраас би уг мөнгийг аваад явсан. Тэгээд л тэндээс гараад хүүхдүүдийнхээ хамтаар кино үзчихээд гэртээ харисан. Тухайн мөнгийг би өөрийн хувийн хэрэглээ болон өрөндөө өгөөд дуусгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 дугаар хуудас/

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Монгол улсын иргэний үнэмлэхний хуулбар   /хх-ийн 34 дүгээр хуудас/,

-Захиргааны зөрчлийн талаарх мэдээлэл /хх-ийн 37-42 дугаар хуудас/,

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч, хохирогч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй байх тул хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна

 

Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Шүүгдэгч Б.Б- нь 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 17 цаг 25 минутын үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х” банкны “О” тооцооны төвийн бэлэн мөнгөний машинаас мөнгө авах гэж орохдоо иргэн Б.М-ын виза картаа уншуулж, алдаатай гүйлгээний улмаас авч чадаагүй үлдээсэн 3.075.000 төгрөгийг авч завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг /хх-ийн 54-55 дугаар хуудас/, хохирогч Б.М-ын мэдүүлэг /хх-ийн 59-60 дугаар хуудас/, гэрч Б.Б-ын мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/, “Г” кино театрын гадна талын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-11 дүгээр хуудас/, “Г” кино театрын дотор талын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-13 дугаар хуудас/, “Х” банкны “О” тооцооны төвийн бэлэн мөнгөний машины хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-18 дугаар хуудас/, хохирогч Б.М-ын “Х” банкны 5007458413 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 5 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй  болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан байна.   

Төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учирсан бол гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцдог бөгөөд үүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчилсан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-т зааснаар “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг тооцохоор зохицуулсан.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...төлбөр тооцооны алдаатай гүйлгээг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэж үзэн яллах дүгнэлт үйлдсэн шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Б.Б- нь хохирогч Б.М-ат 1.275.000 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд үлдэгдэл 1.800.000 төгрөгийг шүүхийн шатанд бүрэн төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

            Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт хураагдсан иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.Б- нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж байна.