Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 134/ШШ2017/00191

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “У.Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Ш.О” ХК-д холбогдох 

Гэрээний  үлдэгдэл  төлбөр  болох  29 702 758  төгрөг 49 мөнгө, алданги 4 510 329 төгрөг, 03 мөнгө,  өр нэхэж гаргасан зардал 226 250 төгрөг нийт 34 439 337 төгрөг 52 мөнгө гаргуулах,

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад алдангиа 5 136 526 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 9 646 855 төгрөг 07 мөнгө, хохирлоо 277 050 төгрөгөөр нэмэгдүүлж нийт  503 300 төгрөг, бүгд 39 852 913 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, гэрч С.А, Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.М.Д нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “УТ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“ШО” ХК нь манай байгууллагатай 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ШО-16-133 тоот “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан. Гэрээний дагуу “УТ” ХХК нь 2017 оны 02 дугаар сард ажлаа дуусгасан. Ажил хүлээлцэж тооцоо нийлснээр “Ш.О ХК нь ажлын хөлс төлөх үүрэгтэй боловч үүргээ биелүүлээгүй өдий хүрлээ. “”У.Т” ХХК гэрээнд зааснаар нийт 72 600 027.50 /далан хоёр сая зургаан зуун мянга хорин долоон төгрөг тавин мөнгө/ төгрөгийн төлбөр авахаас:

1. 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 12 100 000 /арван хоёр сая нэг зуун мянган/ төгрөг,

2. 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 79 024.27 /далан есөн мянга хорин дөрвөн төгрөг хорин долоон мөнгө/ төгрөг,

3. 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 531.81 /таван зуун гучин нэгэн төгрөг наян нэгэн мөнгө/ төгрөг,

4. 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 317 712.93 /гурван зуун арван долоо мянга долоон зуун арван хоёр төгрөг ерэн гурван мөнгө/ төгрөг,

5. 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 15 000 000 /арван таван сая/ төгрөг,

6. 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 15 400 000 /арван таван сая дөрвөн зуун мянган/ төгрөг

Нийт 42 897 269.01 /дөчин хоёр сая найман зуун ерэн долоон мянга хоёр зуун жаран есөн төгрөг нэг мөнгө/ төлбөр авсан. Нэхэмжилж буй төлбөрүүд:

1. Үлдэгдэл 29 702 758.49 /хорин есөн сая долоон зуун хоёр мянга долоон зуун тавин найман төгрөг, дөчин есөн мөнгө/ төгрөг,

2. Гэрээний 5.2-д заасан алданги 4 510 329.03 /дөрвөн сая таван зуун арван мянга гурван зуун хорин есөн төгрөг, гурван мөнгө/ төгрөг,

3. “ШО” ХК-иас өр төлбөрөө нэхэж гаргасан зардал 226 250 /хоёр зуун хорин зургаан мянга хоёр зуун тавин/ төгрөг

Нийт 34 439 337.52 /гучин дөрвөн сая дөрвөн зуун гучин есөн мянга гурван зуун гучин долоон төгрөг тавин хоёр мөнгө/-ийг нэхэмжилж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “УТ” ХХК нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

“УТ” ХХК нь 2017 оны 08 дугаар сарын 02-нд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үнийн дүнг дараах шалтгаанаар өөрчлөн нэхэмжилж байна.

Шүүхэд нэхэмжлэлээ гаргаснаас хойш гарсан зардал 277 053 төгрөгөөр нэмэгдсэн. /нотлох баримтуудыг хавсаргав/

Нийт зардлын хэмжээ 503 300 төгрөг болж өссөн. Гэрээний үүргийн 5.2-д зааснаар алдангийн нийт хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 10 хувиас хэтрэхгүй гэсэн заалтыг “УТ” ХХК  баримтлан анхны нэхэмжлэлд шаардсан 4 510 329.03 төгрөгийн алдангийн хэмжээг тооцохдоо 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хугацаагаар тооцоо нийлсэн актанд дурдсан үлдэгдэл 45 102 758.53 төгрөгөөс 10 хувиар бодож гаргасан нь “ШО” ХК-ийн төлбөр төлөөгүй нийт хоногийн хугацааг хамруулаагүй тооцоо болсон байна гэж үзсэн. 2016 оны 11 дүгээр сарын 23-нд байгуулсан гэрээний үүргээ “УТ” ХХК нь 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр гэхэд 100 хувь биелүүлж, гэрээ дүгнэсэн акт гаргасан байхад “ШО” ХК нь үүнээс хойш 8 сар буюу 245 хоног өнгөрсөн байхад гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэхгүй манай компанийн ажилд хохирол учруулсаар байна. “ШО” ХК-д ажил гүйцэтгэсэн ажилтнууд цалингаа гүйцэд авч чадахгүй одоо хүртэл хохирч улмаар манай компаниас цалин, алданги нэхэмжилж байгаа. Талуудын хооронд байгуулсан гэрээний 1.4-д “Энэхүү гэрээгээр нарийвчлан зохицуулаагүй харилцааг Монгол улсын Иргэний хууль болон холбогдох хууль тогтоомжийг мөрдлөг болгоно” гэж заасныг үндэслэн хуульд тогтоосон хэмжээгээр хохирлоо нэхэмжлэх нь зүйд нийцнэ гэж үзсэн. Гэрээний үүргийн дагуу “ШО” ХК-иас нэхэмжилж буй хохирлын хугацааг тооцохдоо гэрээ дүгнэсэн өдрөөс хойш 10 хоногийн дараах өдөр буюу 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс эхэлж гэрээний 5.2-д зааснаар хоног тутам 0.1 хувиар алданги тооцсон болно.

Хугацаа

Алданги тооцох хоног

Алданги тооцох төлөгдөөгүй үнийн дүн

Алдангийн хэмжээ

2.17-ноос 2.22

5

60 103 290 30

300 516 45

 

144

45 103 290 30

6 494 873 80

 

96

29 702 758 49

2 851 464 82

 

245

 

9 646 855 07

Нийт

 

 

39 349 613 56

 

Иймд, “УТ” ХХК нь “ШО” ХК-ийн учруулсан дараах бодит хохирлыг нэхэмжилж байна.

1. Төлбөр төлөхийг шаардаж удаа дараа “ШО” ХК-ийн байрлаж буй газарт томилолтоор ажилтан явуулахад зарцуулсан хохирол 503 300 төгрөг,

2. Гэрээний үүргээ биелүүлээгүй үлдэгдэл төлбөр 29 702 758.49 төгрөг, нийт алданги 9 646 855.07 төгрөг, бүгд 39 349 613.56 төгрөг

 Нийт учруулсан хохирол: 503 300+39 349 613=39 852 913 төгрөгийг нэхэмжилж анхны нэхэмжлэлийн үнийн дүнд өөрчлөлт оруулж байх тул хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“УТ” ХХК нь “ШО” ХК-тай 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ШО-16-133 гэсэн гэрээ байгуулсан. Энэ гэрээний дагуу “УТ” ХХК нь 2017 оны 02 дугаар сард гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж бүх ажлаа дуусгасан. Ажил хүлээлцэж хоёр тал тооцоо нийлснээр ажлын хөлс төлөх үүрэгтэй. Тэгтэл “ШО” ХК нь тэр үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүрч байна. Нийт тооцоо нийлсэн актаар 66 000 025 төгрөг гэж гарсан байгаа. Уг тооцоонд НӨАТ-ийн баримтын үнэ ороогүй гэж тодорхой заасан байгаа. “ШО” ХК-ийн нягтлан бодогч нь манай байгууллагатай утсаар яриад танай байгууллага НӨАТ-ын төлбөрөө төлчих гэж хэлсэн учраас манай байгууллага 72 600 000 төгрөг дээр 6 600 002 төгрөгийн НӨАТ-ыг төлсөн баримтаа хэрэгт өгсөн. 66 000 002 төгрөг нь дээр 10 хувийн НӨАТ-ийг нэмэхээр 72 600 027 төгрөг болж байгаа. Анхны нэхэмжлэл дээр “ШО” ХК-ийн төлсөн мөнгийг бичсэн байгаа. 2016 оны 11 дүгээр сарын 29-нд 12 100 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 31-нд 79 024 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 31-нд 531.81 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 31-нд 317 712.93 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 22-нд 15 000 000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 16-нд 15 400 000 төгрөг, нийт 42 897 269 төгрөг төлсөн.

Нэхэмжилж байгаа үлдэгдэл мөнгө алданги нэхэмжлээгүй байхад 29 702 758 49 мөнгийг нэхэмжилж байсан. Энэ төлбөрийг нэхэмжлэх болсон нэхэмжлэлийн үнийн дүн дээр манай байгууллага гэрээний 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар гэрээний 10 хувиас хэтрэхгүй байна гэж заасан учраас бид гэрээний бүх заалтыг баримтлаад эхний нэхэмжлэлийн үлдэгдлээс 4 510 329 03 төгрөгийг нэмсэн байгаа. “ШО” ХК руу олон удаа ирж, олон удаа албан бичиг өгсөн. Ингэж явахад зардал их гарсан учраас нотлох баримт бүрдүүлээд нэмж бодоод анхны нэхэмжлэл 34 439 337 52 мөнгө болсон. Нэмэгдүүлсэн шаардлага дээрээ нэгэнт хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгууллагад чирэгдэл хохирол учруулж байгаа учраас манай тал гэрээний хариуцлагад заасан заалтыг үндэслээд гэрээний хугацаа хэтрүүлсэн хоног тутмаар нь алданги тооцсон байгаа. Хугацаа хэтрүүлсэн хоногоор алданги тооцохоор 39 852 913 төгрөгийн үнийн дүн гарч байгаа. Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн үнийн дүн гэрээний заалтаар 0.1 хувиар хоног тутмаар нь бодож гаргасан байгаа.

“ШО” ХК-д манай байгууллага удаа дараа хүсэлт тавьж байсан. 2017 оны 03 дугаар сарын 28-нд 40/17 дугаартай албан бичиг, 2017 оны 02 дугаар сарын 15-нд 12/17 дугаартай албан бичиг, 2017 оны 02 дугаар сарын 07-нд 08/17 дугаартай албан бичиг, 2017 оны 01 дүгээр сарын 17-нд 02/17 дугаартай албан бичиг, 2017 оны 05 дугаар сарын 29-нд 54/17 дугаартай албан бичиг, 2017 оны 05 дугаар сарын 16-нд 52/17 дугаартай албан бичиг, 2017 оны 05 дугаар сарын 04-нд 50/17 дугаартай албан бичиг, 2017 оны 04 дүгээр сарын 04-нд 42/17 дугаартай албан бичиг гэх мэт албан бичиг явуулсан. Энэ удаа дараагийн албан бичигт хариуцагч тал нэг ч удаа хариу өгөөгүй. Захиралтай нь утсаар ярьж манай байгууллага асуудлаа албан бичгээр тавьсан, танай байгууллага манайд асуудал байвал албан бичгээр хандаачээ гэж хэлж байсан. Байгууллага хооронд гэрээгээ дүгнээд акт гаргаад бүх төлбөр тооны асуудлыг 2 талын санхүү нийлсэн гэрээ дүгнэсэн акт, тооцооны үлдэгдлийг шүүхэд нотлох баримтаар гаргаад өгсөн учраас баталгаатай гэрээ дүгнэсэн акт нь дээр үндэслэж нэхэмжлэх бодож гаргаж байгаа. Энэ бодитой гэрээг дүгнэсэн акт нь гэрээний хамгийн сүүлчийн хувь заяаг шийдэх асуудал мөн гэж манай компани үзэж байгаа. Хариуцагч тал манай байгууллагатай ярихдаа өвөлжилт хүндэрлээ Улаанбаатар хот хөлдөх гээд байна гэж ярьж манай компанийн машин техник, хүн хүчийг хөлсөлж өөрсдийн хөрсийг хуулуулж ажлаа хийлгэчихээд өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөхгүй гэрээний үүргээ биелүүлэхгүй хохирол учруулж байгаа нь хариуцагч талын ёс зүйтэй холбоотой гэж үзэж байна. Шүүхэд хүсэлт гаргасан нь хариуцагч талын гэрээтэй ямар ч холбоо байхгүй. Манай компанитай адилхан “ХТ” ХХК-ийг авч ажиллуулсан байсан. Тэгээд Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар оруулаад хурдан энэ ажлыг хийе гэдэг үндэслэлээр энэ ажлыг хийлгэсэн. “ХТ” ХХК-д хариуцагч тал урьдчилгаа мөнгийг илүү өгч байсан. Өнөөдрийн байдлаар “ХТ” ХХК-д ямар ч өр төлбөргүй болсон. Тэгтэл манай компанийн мөнгийг өгөхгүй байгаа нь зүй зохисгүй зүйл гэж үзэж байгаа. Мөн удаа дараа хүсэлт тавьж байхад нэг ч удаа албан бичгээр хариу ирүүлээгүй. Хариуцагч талын гаргаж байгаа баримтан дээр тамга байхгүй. Манай машин, манай хүн гэдгийг бид нар мэдэхгүй байгаа. Мөн гарын үсэг зураагүй. Тиймээс ингэж асуудлыг хүндрүүлэх хэрэг байсан юм уу? тэгээд асуудлыг үнэн зөвөөр шийдэж өгөхийг хүсэж байна. Манай компани нь гэрээ дүгнэсэн актыг гэрээний эцсийн байдлаар шийдэх баримт гэж үзэж байгаа гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Э.М миний бие “УТ” ХХК-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь “ШО” ХК, “УТ” ХХК-ийн хооронд 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ШО-16-133 дугаар “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулагдсан байна. Уг ажил гүйцэтгэх гэрээг 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр дүгнэж, ажлын гүйцэтгэлийг 66 000 025 төгрөгөөр дүгнэсэн байна. Ажил гүйцэтгэх гэрээг дүгнэснээс хойш “ШО” ХК-ийн нийт 42 897 269 төгрөгийн төлбөр төлж барагдуулсан бөгөөд 29 702 758 төгрөгийн үлдэгдэл тооцоо байгаа болно. “ШО” ХК-ийн зүгээс 29 702 758 төгрөгийн үлдэгдэл тооцоог “УТ” ХХК-тай харилцан тохиролцох замаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа:

 “ШО” ХК нь “УТ” ХХК-тай 2016 оны 11 дүгээр сарын 23-ны ШО-16-133 дугаар “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан бөгөөд “УТ” ХХК нь гэрээний үүргийн дагуу хөрс тээвэрт өөрийн техникүүдийг явуулж эхэлсэн болно. “УТ ХХК-тай байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний 2 дугаар зүйлийн 2.2-д “Ажил гүйцэтгүүлэгч нь төлбөрийн 20 хувийн урьдчилгаа олгоно” 2 дугаар зүйлийн 2.4-д “Ажил гүйцэтгүүлэгч нь үлдэгдэл төлбөрийг гэрээ дүгнэж акт үйлдсэнээс хойш гэрээний үнийн дүнгээс гэрээний 2.2, 3.6, 3.8-д заасан суутгалыг хасаж тооцож үлдэгдэл төлбөрийг ажлын 10 хоногийн дотор шилжүүлнэ. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.6-д “Ажил гүйцэтгүүлэгч нь ажиллах техник, тоног төхөөрөмжүүдийг ажиллаж дизелийн түлшийг хариуцна. Гэрээ дүгнэж тооцоо нийлэхэд дээрх зардлыг гэрээний үнийн дүнгээс хасаж тооцно...” 3.8-д “Гүйцэтгэгчийн ажилтнуудыг өдрийн хоолоор хангах бөгөөд өдрийн хоолны зардлыг түрээсийн төлбөрөөс суутган тооцно” гэж заасан байна.

Ажил гүйцэтгэх гэрээг 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр дүгнэж, ажлын гүйцэтгэлийг 66 000 025 төгрөгөөр дүгнэсэн байна. Гэрээ дүгнэсэн актын дүнд гэрээний 2.4-д заасан суутгалууд хасагдаагүй бөгөөд зөвхөн “Уран төсөл” ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын дүнг гаргасан тооцоо юм. “ШО” ХК нь төлбөрт нийт 42 897 269 төгрөгийг төлсөн байна. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.6-д заасан дизель түлшний үнэ 38 156 424 төгрөгийг хасвал “УТ” ХХК-д ямар ч төлбөргүй бөгөөд харин ч авлагатай байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотойгоор шүүхэд гаргасан тайлбартаа:

“УТ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 39 852 913 төгрөг болгон нэмэгдүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. “ШО” ХК, “УТ” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийг бүрэн төлж барагдуулсан болно гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“ШО” ХК-ийн зүгээс үндсэн төлбөрт 29 702 758 төгрөг, алдангид 9 646 855 төгрөг, нааш цааш зарцуулсан хохиролд 503 304 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “УТ” ХХК-тай “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан. Уг гэрээний дагуу “НOWA” маркийн 5 ширхэг машиныг 30 хоногийн хугацаанд гэрээний зааврын дагуу ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулсан. Эдгээр 5ш “НOWA” маркийн техник хэрэгслийн 30 хоногийн ажлын хөлсөнд гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т ажил гүйцэтгүүлэгч нь урьдчилгаа олгоно гэж заасан. 2016 оны 11 сарын 29-ний өдөр 12 100 000 төгрөг шилжүүлсэн. Гэрээний 2 дугаар зүйлийн 2.4-т зааснаар үлдэгдэл төлбөрийг 10 хоногийн дотор шилжүүлэхээр заасан байгаа. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.6-д бол ажил гүйцэтгүүлэгч нь гэрээг дүгнэж тооцоо нийлэхэд гэрээний үнийн дүнг хасаж тооцно, өдрийн хоолоор хангах бөгөөд түрээсийн төлбөрөөс хасаж тооцохоор заасан байгаа. Иргэний хуулийн 198 дугаар зүйлд гэрээг тайлбарлах гэж байдаг бөгөөд гэрээг үгийн шууд утгаар нь тайлбарлахаар заасан байна. Уг гэрээ нь дээр “Гэрээ дүгнэж акт үйлдсэнээс хойш гэрээний үнийн дүнгээс 2 дугаар зүйлийн 2.2, 3 дугаар зүйлийн 3.6, 3.8-ыг хасна” гэж заасан бөгөөд манай байгууллагын хооронд үүсээд байгаа гол асуудал нь дизель түлшний төлбөр тооцооны асуудал байгаа. “УТ” ХХК-ийн зүгээс дизель түлшийг манай дээр тооцоо нийлсэн үүнийг манайх төлөх ёсгүй гэсэн тайлбар хийгээд суутгал шууд хийх ёстой гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Манай компани гэрээний 3 дугаар зүйлийн 3.6-д заасан үүргээ биелүүлсэн. Ажлын байран дээр ирсэн учраас авсан гэдэг нь санхүүгийн анхан шатны баримтуудаар тогтоогдож байгаа 11 988 литр буюу 38 756 424 төгрөгийн үнэ бүхий дизель түлшийг олгосон байна. Мөн тос тосолын зардал болох нэхэмжлэлд дурдагдсан 3 удаагийн гүйлгээг “УТ” ХХК нь зөвшөөрсөн байдаг. Харин дизель түлшний суутгалаа хийхгүй байгаа. Энэ дээр маргаан үүсээд байгаа юм. “УТ” ХХК нь урсгал төлбөрт 12 100 000 төгрөг, дизель түлшний төлбөрт 38 756 420 төгрөг,  тос тосолд 79 024 төгрөг, эм эмийн хэрэгсэлд 531 төгрөг, тос тосолд 317 712 төгрөгийн зардлуудыг “ШО” ХК-иас авсан байна. Мөн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 15 000 000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 15 400 000 төгрөг, нийт гүйцэтгэлээр “ШО” ХК нь “УТ” ХХК-д  81 653 691 төгрөгийн төлбөрийг төлчихсөн байна.

 “УТ” ХХК-тай “ШО” ХК нь 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр гэрээг дүгнэж акт үйлдсэн байдаг бөгөөд энэхүү дүгнэлтийн 07 дугаар зүйлд заасан байгаа 5 машины дугаар бичигдсэн байх бөгөөд 2 дугаарт бичигдсэн 3203 гэсэн дугаартай машин нь гэрээнд дурдагдсан машин биш байдаг төлбөр тооцоо нэхэгдэж байна. Мөн гэрээний дүгнэлтийн 08 дугаар зүйлд “Гэрээний гүйцэтгэлийг 100 хувийн гүйцэтгэлээр хааж гүйцэтгэнэ” гэж заасан байгаа. Ингээд төлбөр тооцоо хийхэд татгалзах зүйлгүй гэсэн байгаа. Нийт гүйцэтгэл 66 000 025 төгрөг бөгөөд “ШО” ХК нь “УТ” ХХК-д энэ мөнгийг төлөх ёстой байхад манай компани өнөөдөр 15 000 000 төгрөг илүү төлчихсөн явж байна. Манай байгууллага төлөлт хийчихээд байхад төлбөр авах ёстой гээд акт явуулаад байгаа учраас манайх хариу өгөхгүй байгаа. Мөн гэрээний 5 дугаар 5.2-т заасны дагуу “УТ” ХХК нь алданги нэхэж байгаа нь дээрх тайлбарт дурдсанаар үндэслэлгүй байна. Мөн манай компаниас НӨАТ төлсөн дүн буюу 66 000 002 биш 72 627 000 төгрөг гээд байгаа. Гэвч гэрээ өөрөө НӨАТ-ын дүнгүйгээр бичигдсэн. Хаанаас яагаад 6 000 000 төгрөг гаргаж ирээд байгааг ойлгохгүй байна. НӨАТ төлсөн баримт хавтаст хэрэгт өгсөн гээд байна. Төлөгдсөн байхыг үгүйсгэхгүй. Гэтэл хавтаст хэрэгт байхгүй байгаа нь энэ 6 000 002 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. “ШО” ХК нь эдгээр 7 төрлийн зардлыг нэмэхэд 81 653 691 төгрөг төлчихсөн байгаа дээр нь илүү 15 000 000 төгрөг төлчихөөд байхад алданги төлөх ямар ч хууль зүйн үндэслэлгүй байна. “ШО” ХК нь гэрээний үүрэг зөрчөөгүй бөгөөд үүрэг биелсэн тохиолдолд үүргийн зардлыг нэхэмжилж байгаа нь хуулийн үндэслэлгүй учраас “УТ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “УТ” ХХК нь хариуцагч “ШО” ХК-иас гэрээний  үлдэгдэл  төлбөр  болох  29 702 758  төгрөг 49 мөнгө, алданги 4 510 329 төгрөг, 03 мөнгө,  өр нэхэж гаргасан зардал 226 250 төгрөг, нийт 34 439 337 төгрөг 52 мөнгийг  гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад алдангиа 5 136 526 төгрөг 04 мөнгөөр нэмэгдүүлж нийт 9 646 855 төгрөг 07 мөнгө, томилолтын зардал буюу хохирлоо 277 050 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт  503 300 төгрөг, бүгд 39 852 913 төгрөгийг нэхэмжилсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М нь “...“УТ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэнийг хүлээн зөвшөөрөхгүй, “ШО” ХК нь “УТ” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийг бүрэн төлж барагдуулсан” хэмээн маргана.

1. Гэрээний  үүргээ  биелүүлээгүй  үлдэгдэл  төлбөр  болох  29 702 758  төгрөг 49 мөнгө, алданги 9 646 855 төгрөг 07 мөнгө, нийт 39 349 613 төгрөг 56 мөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч “УТ” ХХК нь хариуцагч “ШО” ХК-тай 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ШОХК-16-33 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээний 1.1-д “Ажил гүйцэтгэгч нь өөрийн өмчлөлийн HOWA автосамосвал 5 /73-66УНУ, 33-26УНН, 53-07ЗАН, 63-55УНУ, 74-36УБП/-оор уурхайн үйлдвэрлэлийн талбайд уурхайн үндсэн хөрс, нүүрсний давхаргууд, нүүрсний ангилан ялгалт, үндсэн завсарын хөрс, завсарын хөрс, инженерийн ажил зэрэг бүхий л ажлыг 30 хоногийн хугацаанд өгсөн заавар, журам, шаардлагын дагуу ухаж, ачих ажлыг хийж гүйцэтгэх ба ажил гүйцэтгүүлэгч нь гүйцэтгэгчийг ажлын байраар хангах, ажил үйлчилгээтэй холбоотой мэргэжлийн удирдлага үзүүлэх, ажлын гүйцэтгэлийг дүгнэх, ажлын хөлсийг төлөхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулах”-аар харилцан тохиролцож гэрээ байгуулжээ. /хх3-7/

Зохигчдын байгуулсан гэрээний агуулга, зорилго, талуудын хүлээх эрх, үүргээс тус тус дүгнэвэл тэдгээрийн хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн бөгөөд зохигчид ажлын хөлсийг төлөх хугацааг гэрээгээр тохирсон байна.

Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээг Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ. Зохигчид дээрх гэрээний ажлын үр дүн болон хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

Дээрх гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу “УТ” ХХК нь техник хэрэгслийн 30 хоногийн ажлын хөлс нь 55 000 000 төгрөг, /11 000 000х5автосамосвал=55 000 000 төгрөг/ байсан хэдий ч 5 автосамосвалоор 66 000 025 төгрөгийн ажил хийж гүйцэтгэж, ажлын үр дүнг “ШО” ХК-тай тооцоо нийлэн 2017 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг дүгнэж, “Гэрээ дүгнэсэн акт” үйлдэж талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу нийт 72 600 027.50 төгрөгийн төлбөр авахаас 42 897 269.01 төгрөгийг хариуцагчаас авсан, 39 349 613.56 төгрөгийн үлдэгдэлтэй гэснийг хариуцагч нь “УТ” ХХК-д манай компани 81 653 691 төгрөгийг төлсөн гэж шүүх хуралдаанд мэтгэлцэнэ.

 Дээрх гэрээний 1.1-д заасан хугацаанд “ШО” ХК нь  нэхэмжлэгч “УТ” ХХК-д ажлын хөлс болох нийт 12 497 269 төгрөг 01 мөнгийг төлсөн байна. Үүнд:

а. 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 12 100 000 төгрөг,

б. 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 79 024 төгрөг 27 мөнгө

в. 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 531 төгрөг 81 мөнгө

г. 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 317 712 төгрөг 93 мөнгө, нийт 12 497 269 төгрөг 01 мөнгө.

 Гэрээний 3.6-д “Ажил гүйцэтгүүлэгч нь ажиллах техник, тоног төхөөрөмжүүдийг ажиллах дизелийн түлшийг хариуцна. Гэрээ дүгнэж, тооцоо нийлэхэд дээрх зардлыг гэрээний үнээс хасч тооцно. Ажил гүйцэтгэгчийн ажилтнуудыг байрлах байрыг хариуцахгүй болно” гэж заажээ.

“ШО” ХК нь гэрээний 3.6-д заасны дагуу 38 756 424 төгрөгийн дизель түлш, тос, бензинийг зарцуулсан гэж, хариуцагчаас “... Угаасаа гэрээний энэ заалт чинь агуулгаараа таарахгүй байна, хууль зүйн мэдлэггүй хүн энэ гэрээний төслийг хийсэн юм уу, эсвэл зөвхөн санхүүгийн дараагийн байдлыг тооцоолж ийм заалт нэмж оруулсан уу, энэ гэрээ шаардлага хангаагүй ... заалт нь үнэхээр аймшгийн заалт байна, би хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргана.

“ШО” ХК нь гэрээний 3.6-д заасны дагуу нийт 38 756 424 төгрөгийн дизель түлшийг зарцуулсан нь хэрэгт авагдсан ШОХК-д түрээсийн гэрээгээр ажиллаж байсан “УТ” ХХК-ийн автомашинуудын 2016-2017 оны шатахууны тооцоо, “Хөрс автосервис” ХХК болон “ШО” ХК-ийн хооронд байгуулсан 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Шатахуун худалдах, худалдан авах гэрээ, “ШО” ХК-ийн 2016 оны 11, 12 дугаар саруудын, мөн 2017 оны 01 дүгээр сарын дизель түлш, тос, бензиний анхан шатны санхүүгийн баримтууд, түлшний шаардах хуудас болон түлш олголтын хуудас, гэрч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагчийн шүүх хуралдаанд эх хувиар нь гаргаж өгсөн “ШО” ХК-ийн 2016-2017 оны дизель түлш, тос, бензиний анхан шатны санхүүгийн баримтыг нотлох баримтын шаардлага хангахгүй гэж тайлбарлана.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө ...”, 44.3-д “шүүхийн шийдвэр гарсны дараа бичмэл баримтын эхийг түүнийг гаргаж өгсөн этгээд хүсвэл буцаан өгч болно. Харин уг баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг хэрэгт үлдээнэ” гэж зааснаар хариуцагчийн шүүх хуралдаанд эх хувиар нь гаргаж өгсөн “ШО” ХК-ийн 2016-2017 оны дизель түлш, тос, бензиний анхан шатны санхүүгийн баримтыг шинжлэн судлахдаа шатахуун шаардах хуудас болон шатахуун олголтын хуудсыг жолоочийн нэр, машины дугаар, олгосон шатахуун, жолоочийн гарын үсэг, зөвшөөрсөн, олгосон, авсан хүний гарын үсгийг нэг бүрчлэн ШОХК-д түрээсийн гэрээгээр ажиллаж байсан “УТ” ХХК-ийн автомашинуудын 2016-2017 оны шатахууны тооцоотой тулгаж шинжлэн судлахад “ШО” ХК нь нийт 38 756 424 төгрөгийн шатахуун зарцуулсан нь тогтоогдож байна.

Мөн гэрээний 2.4-д “ажил гүйцэтгүүлэгч нь үлдэгдэл төлбөрийг гэрээ дүгнэж акт үйлдсэнээс хойш гэрээний нийт үнийн дүнгээс гэрээний 2.2, 3.6, 3.8-т заасан суутгалыг хасч тооцож, үлдэгдэл төлбөрийг ажлын 10 хоногийн дотор шилжүүлнэ” гэж заажээ.

Иймд, дээрх нотлох баримтуудаар тооцон үзэхэд гэрээний хугацаанд ажлын хөлс нийт 12 497 269 төгрөг 01 мөнгө, шатахууны төлбөр нийт 38 756 424 төгрөг, бүгд 51 253 693 төгрөг 01 мөнгийг “ШО” ХК нь нэхэмжлэгч “УТ” ХХК-д төлсөн байна. /12 479 269+38 756 424=51 253 693 төгрөг/

 Гэрээний талууд 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээний дагуу “гэрээ дүгнэсэн акт” үйлдэж, үлдэгдэл төлбөр 66 000 025 төгрөгийн тооцоо нийлсэнээс гэрээний 2.4-т заасны дагуу “2.2-т заасан урьдчилгаа төлбөр, 3.6-д заасан шатахууны төлбөр, мөн гэрээний хугацаанд төлсөн төлбөр” зэргийг  хасч тооцоход гэрээний хугацаа дуусахад хариуцагч тал 14 746 332 төгрөгийн үүргийг гүйцэтгээгүй байна. /66 000 025 төгрөг-51 253 693 төгрөг =14 746 332 төгрөг/

Гэрээний хугацаанд хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн төлбөр 14 746 332 төгрөг байсан ба гэрээний 5.2-д заасан 0.1 хувийн алдангийг тооцоход 14 746 332х0.1%=14 746 төгрөг, 5хоног х 14 746=73 731 төгрөгийг төлөх байсан байна. /Алдангийг 2017 оны 02 дугаар сарын 17-ноос 2017 оны 2 дугаар сарын 22/, /хх57-58/

Түүнчлэн Нэмэгдсэн өртөгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д зааснаар нэхэмжлэгч “УТ” ХХК нь гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд ногдох албан татвар буюу нэмэгдсэн өртөгийн албан татвар 6 600 002 төгрөгийг улсын төсөвт төлсөн байна. /хх-83/ 

 Үүнээс хойш “ШО” ХК нь 2017 оны 02 дугаар сарын 22-нд 15 000 000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 15 400 000 төгрөг нийт  30 400 000 төгрөгийг хариуцагч “УТ” ХХК-д шилжүүлсэнээс гэрээний гүйцэтгээгүй үүргийн үлдэгдэл төлбөр 14 746 332, алданги 73 731, нэмэгдсэн өртөгийн албан татвар  6 600 002 төгрөг, нийт  21 420 065 төгрөгийг хасахад үүрэг гүйцэтгэгч нь үүрэг гүйцэтгүүлэгчид төлбөрийг бүрэн төлсөн байна.

Иймд, гэрээний  үүргээ  биелүүлээгүй  үлдэгдэл  төлбөр  болох  29 702 758  төгрөг 49 мөнгө, алданги 9 646 855 төгрөг 07 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. /30 400 000-21 420 065=8 979 935/

2. Хариуцагчаас төлбөрийг шаардаж удаа дараа “ШО” ХК-ийн байрлаж буй газарт томилолтоор ажилтан явуулахад зарцуулсан хохирол 503 300 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хариуцагч нь “ШО” ХК-иас үлдэгдэл төлбөрийг шаардаж удаа дараа томилолтоор ажилтан явуулахад нийт 503 300 төгрөгийг зарцуулсан гэж нэхэмжилсэн боловч нэхэмжлэлийн шаардлага нотлогдохгүй байна. Учир нь, хавтаст хэрэгт авагдсан “УТ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалууд, томилолтын гүйцэтгэлүүд, түүнийг нотолсон шатахуун, хоол, замын хураамжийн баримтуудаар ажилтан томилж ажиллуулсан болох нь тогтоогдож байгаа боловч шатахуун авсан е-баримт, зарлагын баримт, тооцооны хуудас, замын хураамж  зэрэг нотлох баримтуудыг үндэслэн байгууллагын томилолтын хуудас болон томилолтын мөнгө олгосон баримт байх ёстой байтал хувь хүн өөрөөсөө гаргасан зардлын тооцооны баримтууд байх тул байгууллагад учирсан хохирол гэж үзэхгүй.

Мөн шатахуун авсан е-баримтууд нь хэн, хаанаас, хэнээс, хэзээ худалдан авсан нь харагдахгүй, тодорхойгүй тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

Иймд, томилолтын зардал буюу хохирол 503 300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “УТ” ХХК-ийн хариуцагч “ШО” ХК-д холбогдуулан гэрээний үүргээ биелүүлээгүй үлдэгдэл төлбөр 29 702 758 төгрөг 49 мөнгө, алданги 9 646 855 төгрөг 07 мөнгө, томилолтын зардал буюу хохирол 503 300 төгрөг, нийт 39 852 913 төгрөг 56 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 431 717 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       П.ЦОГЗОЛМАА