Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 216/МА2017/00001

 

“У т” ХХК-н нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Байгалмаа даргалж, шүүгч Н.Батчимэг, шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар;

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Ч дүүрэг, -р хороо, И т-, Х төв,  тоотод байрлах “У т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говьсүмбэр аймгийн Ш сум, -р багт байрлах Ш-О ХК-д холбогдох

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 134/ШШ2017/00191 дүгээр  шийдвэртэй,

Гэрээний  үлдэгдэл  төлбөр  болох  29 702 758  төгрөг 49 мөнгө, алданги 4 510 329 төгрөг, 03 мөнгө,  өр нэхэж гаргасан зардал 226 250 төгрөг нийт 34 439 337 төгрөг 52 мөнгө гаргуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад алдангиа 5 136 526 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 9 646 855 төгрөг 07 мөнгө, хохирлоо 277 050 төгрөгөөр нэмэгдүүлж нийт  503 300 төгрөг, бүгд 39 852 913 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхтуяа, О.Мөнхсаруул нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг шүүх 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Тэгшсуурийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхтуяа, О.Мөнхсаруул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Манхдахнаран, шүүгчийн туслах А.Энхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ :

Нэхэмжлэгч “У Т” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ш-О” ХК нь манай байгууллагатай 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ШО-16-133 тоот “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан. Гэрээний дагуу “У Т” ХХК нь 2017 оны 02 дугаар сард ажлаа дуусгасан. Ажил хүлээлцэж тооцоо нийлснээр “Ш-О ХК нь ажлын хөлс төлөх үүрэгтэй боловч үүргээ биелүүлээгүй өдий хүрлээ. “У Т” ХХК гэрээнд зааснаар нийт 72 600 027.50 /далан хоёр сая зургаан зуун мянга хорин долоон төгрөг тавин мөнгө/ төгрөгийн төлбөр авахаас:

1. 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 12 100 000 /арван хоёр сая нэг зуун мянган/ төгрөг,

2. 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 79 024.27 /далан есөн мянга хорин дөрвөн төгрөг хорин долоон мөнгө/ төгрөг,

3. 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 531.81 /таван зуун гучин нэгэн төгрөг наян нэгэн мөнгө/ төгрөг,

4. 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 317 712.93 /гурван зуун арван долоо мянга долоон зуун арван хоёр төгрөг ерэн гурван мөнгө/ төгрөг,

5. 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 15 000 000 /арван таван сая/ төгрөг,

6. 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 15 400 000 /арван таван сая дөрвөн зуун мянган/ төгрөг

Нийт 42 897 269 01 /дөчин хоёр сая найман зуун ерэн долоон мянга хоёр зуун жаран есөн төгрөг нэг мөнгө/ төлбөр авсан. Нэхэмжилж буй төлбөрүүд:

1. Үлдэгдэл 29 702 758.49 /хорин есөн сая долоон зуун хоёр мянга долоон зуун тавин найман төгрөг, дөчин есөн мөнгө/ төгрөг,

2. Гэрээний 5.2-д заасан алданги 4 510 329.03 /дөрвөн сая таван зуун арван мянга гурван зуун хорин есөн төгрөг, гурван мөнгө/ төгрөг,

3. “Ш-О” ХК-иас өр төлбөрөө нэхэж гаргасан зардал 226 250 /хоёр зуун хорин зургаан мянга хоёр зуун тавин/ төгрөг

Нийт 34 439 337.52 /гучин дөрвөн сая дөрвөн зуун гучин есөн мянга гурван зуун гучин долоон төгрөг тавин хоёр мөнгө/-ийг нэхэмжилж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “У Т ” ХХК нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

“У Т” ХХК нь 2017 оны 08 дугаар сарын 02-нд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үнийн дүнг дараах шалтгаанаар өөрчлөн нэхэмжилж байна. Шүүхэд нэхэмжлэлээ гаргаснаас хойш гарсан зардал 277 053 төгрөгөөр нэмэгдсэн. /нотлох баримтуудыг хавсаргав/

Нийт зардлын хэмжээ 503 300 төгрөг болж өссөн. Гэрээний үүргийн 5.2-д зааснаар алдангийн нийт хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 10 хувиас хэтрэхгүй гэсэн заалтыг “У Т” ХХК  баримтлан анхны нэхэмжлэлд шаардсан 4 510 329.03 төгрөгийн алдангийн хэмжээг тооцохдоо 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хугацаагаар тооцоо нийлсэн актанд дурдсан үлдэгдэл 45 102 758.53 төгрөгөөс 10 хувиар бодож гаргасан нь “Ш-О” ХК-ийн төлбөр төлөөгүй нийт хоногийн хугацааг хамруулаагүй тооцоо болсон байна гэж үзсэн. 2016 оны 11 дүгээр сарын 23-нд байгуулсан гэрээний үүргээ “У Т” ХХК нь 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр гэхэд 100 хувь биелүүлж, гэрээ дүгнэсэн акт гаргасан байхад “Ш-О” ХК нь үүнээс хойш 8 сар буюу 245 хоног өнгөрсөн байхад гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэхгүй манай компанийн ажилд хохирол учруулсаар байна. “Ш-О” ХК-д ажил гүйцэтгэсэн ажилтнууд цалингаа гүйцэд авч чадахгүй одоо хүртэл хохирч улмаар манай компаниас цалин, алданги нэхэмжилж байгаа. Талуудын хооронд байгуулсан гэрээний 1.4-д “Энэхүү гэрээгээр нарийвчлан зохицуулаагүй харилцааг Монгол улсын Иргэний хууль болон холбогдох хууль тогтоомжийг мөрдлөг болгоно” гэж заасныг үндэслэн хуульд тогтоосон хэмжээгээр хохирлоо нэхэмжлэх нь зүйд нийцнэ гэж үзсэн. Гэрээний үүргийн дагуу “Ш-О” ХК-иас нэхэмжилж буй хохирлын хугацааг тооцохдоо гэрээ дүгнэсэн өдрөөс хойш 10 хоногийн дараах өдөр буюу 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс эхэлж гэрээний 5.2-д зааснаар хоног тутам 0.1 хувиар алданги тооцсон болно.

Хугацаа

 

Алданги тооцох хоног

 

Алданги тооцох төлөгдөөгүй үнийн дүн

 

Алдангийн хэмжээ

 

2.17-ноос 2.22

5

60 103 290 30

300 516 45

 

144

45 103 290 30

6 494 873 80

 

96

29 702 758 49

2 851 464 82

 

245

 

9 646 855 07

Нийт

 

 

 

39 349 613 56

 

Иймд “У Т” ХХК-д “Ш-О” ХК-ийн учруулсан дараах бодит хохирлыг нэхэмжилж байна.

1. Төлбөр төлөхийг шаардаж удаа дараа “Ш-О” ХК-ийн байрлаж буй газарт томилолтоор ажилтан явуулахад зарцуулсан хохирол 503 300 төгрөг,

2. Гэрээний үүргээ биелүүлээгүй үлдэгдэл төлбөр 29 702 758.49 төгрөг, нийт алданги 9 646 855.07төгрөг, бүгд 39 349 613.56 төгрөг

Нийт учруулсан хохирол: 503 300+39 349 613=39 852 913 төгрөгийг нэхэмжилж анхны нэхэмжлэлийн үнийн дүнд өөрчлөлт оруулж байх тул хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“У Т” ХХК нь “Ш-О” ХК-тай 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ШО-16-133 гэсэн гэрээ байгуулсан. Энэ гэрээний дагуу “У Т” ХХК нь 2017 оны 02 дугаар сард гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж бүх ажлаа дуусгасан. Ажил хүлээлцэж хоёр тал тооцоо нийлснээр ажлын хөлс төлөх үүрэгтэй. Тэгтэл “Ш-О” ХК нь тэр үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүрч байна. Нийт тооцоо нийлсэн актаар 66 000 025 төгрөг гэж гарсан байгаа. Уг тооцоонд НӨАТ-ийн баримтын үнэ ороогүй гэж тодорхой заасан байгаа. “Ш-О” ХК-ийн нягтлан бодогч нь манай байгууллагатай утсаар яриад танай байгууллага НӨАТ-ын төлбөрөө төлчих гэж хэлсэн учраас манай байгууллага 72 600 000 төгрөг дээр 6 600 002 төгрөгийн НӨАТ-ыг төлсөн баримтаа хэрэгт өгсөн. 66 000 002 төгрөг нь дээр 10 хувийн НӨАТ-ийг нэмэхээр 72 600 027 төгрөг болж байгаа. Анхны нэхэмжлэл дээр “Ш-О” ХК-ийн төлсөн мөнгийг бичсэн байгаа. 2016 оны 11 дүгээр сарын 29-нд 12 100 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 31-нд 79 024 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 31-нд 531.81 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 31-нд 317 712.93 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 22-нд 15 000 000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 16-нд 15 400 000 төгрөг, нийт 42 897 269 төгрөг төлсөн.

Нэхэмжилж байгаа үлдэгдэл мөнгө алданги нэхэмжлээгүй байхад 29 702 758 49 мөнгийг нэхэмжилж байсан. Энэ төлбөрийг нэхэмжлэх болсон нэхэмжлэлийн үнийн дүн дээр манай байгууллага гэрээний 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар гэрээний 10 хувиас хэтрэхгүй байна гэж заасан учраас бид гэрээний бүх заалтыг баримтлаад эхний нэхэмжлэлийн үлдэгдлээс 4 510 329 03төгрөгийг нэмсэн байгаа. “Ш-О” ХК руу олон удаа ирж, олон удаа албан бичиг өгсөн. Ингэж явахад зардал их гарсан учраас нотлох баримт бүрдүүлээд нэмж бодоод анхны нэхэмжлэл 34 439 337 52 мөнгө болсон. Нэмэгдүүлсэн шаардлага дээрээ нэгэнт хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгууллагад чирэгдэл хохирол учруулж байгаа учраас манай тал гэрээний хариуцлагад заасан заалтыг үндэслээд гэрээний хугацаа хэтрүүлсэн хоног тутмаар нь алданги тооцсон байгаа. Хугацаа хэтрүүлсэн хоногоор алданги тооцохоор 39 852 913 төгрөгийн үнийн дүн гарч байгаа. Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн үнийн дүн гэрээний заалтаар 0.1 хувиар хоног тутмаар нь бодож гаргасан байгаа.

“Ш-О” ХК-д манай байгууллага удаа дараа хүсэлт тавьж байсан. 2017 оны 03 дугаар сарын 28-нд 40/17 дугаартай албан бичиг, 2017 оны 02 дугаар сарын 15-нд 12/17 дугаартай албан бичиг, 2017 оны 02 дугаар сарын 07-нд 08/17 дугаартай албан бичиг, 2017 оны 01 дүгээр сарын 17-нд 02/17 дугаартай албан бичиг, 2017 оны 05 дугаар сарын 29-нд 54/17 дугаартай албан бичиг, 2017 оны 05 дугаар сарын 16-нд 52/17 дугаартай албан бичиг, 2017 оны 05 дугаар сарын 04-нд 50/17 дугаартай албан бичиг, 2017 оны 04 дүгээр сарын 04-нд 42/17 дугаартай албан бичиг гэх мэт албан бичиг явуулсан. Энэ удаа дараагийн албан бичигт хариуцагч тал нэг ч удаа хариу өгөөгүй. Захиралтай нь утсаар ярьж манай байгууллага асуудлаа албан бичгээр тавьсан, танай байгууллага манайд асуудал байвал албан бичгээр хандаачээ гэж хэлж байсан. Байгууллага хооронд гэрээгээ дүгнээд акт гаргаад бүх төлбөр тооны асуудлыг 2 талын санхүү нийлсэн гэрээ дүгнэсэн акт, тооцооны үлдэгдлийг шүүхэд нотлох баримтаар гаргаад өгсөн учраас баталгаатай гэрээ дүгнэсэн акт нь дээр үндэслэж нэхэмжлэх бодож гаргаж байгаа. Энэ бодитой гэрээг дүгнэсэн акт нь гэрээний хамгийн сүүлчийн хувь заяаг шийдэх асуудал мөн гэж манай компани үзэж байгаа. Хариуцагч тал манай байгууллагатай ярихдаа өвөлжилт хүндэрлээ Улаанбаатар хот хөлдөх гээд байна гэж ярьж манай компанийн машин техник, хүн хүчийг хөлсөлж өөрсдийн хөрсийг хуулуулж ажлаа хийлгэчихээд өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөхгүй гэрээний үүргээ биелүүлэхгүй хохирол учруулж байгаа нь хариуцагч талын ёс зүйтэй холбоотой гэж үзэж байна. Шүүхэд хүсэлт гаргасан нь хариуцагч талын гэрээтэй ямар ч холбоо байхгүй.

Манай компанитай адилхан “Х Т” ХХК-ийг авч ажиллуулсан байсан. Тэгээд Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар оруулаад хурдан энэ ажлыг хийе гэдэг үндэслэлээр энэ ажлыг хийлгэсэн. “Х Т” ХХК-д хариуцагч тал урьдчилгаа мөнгийг илүү өгч байсан. Өнөөдрийн байдлаар “Х Т” ХХК-д ямар ч өр төлбөргүй болсон. Тэгтэл манай компанийн мөнгийг өгөхгүй байгаа нь зүй зохисгүй зүйл гэж үзэж байгаа. Мөн удаа дараа хүсэлт тавьж байхад нэг ч удаа албан бичгээр хариу ирүүлээгүй. Хариуцагч талын гаргаж байгаа баримтан дээр тамга байхгүй. Манай машин, манай хүн гэдгийг бид нар мэдэхгүй байгаа. Мөн гарын үсэг зураагүй. Тиймээс ингэж асуудлыг хүндрүүлэх хэрэг байсан юм уу? тэгээд асуудлыг үнэн зөвөөр шийдэж өгөхийг хүсч байна. Манай компани нь гэрээ дүгнэсэн актыг гэрээний эцсийн байдлаар шийдэх баримт гэж үзэж байгаа гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мандахнаран шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Э.Мандахнаран миний бие “У Т” ХХК-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь “Ш-О” ХК, “У Т” ХХК-ийн хооронд 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ШО-16-133 дугаар “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулагдсан байна. Уг ажил гүйцэтгэх гэрээг 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр дүгнэж, ажлын гүйцэтгэлийг 66 000 025 төгрөгөөр дүгнэсэн байна. Ажил гүйцэтгэх гэрээг дүгнэснээс хойш “Ш-О” ХК-ийн нийт 42 897 269 төгрөгийн төлбөр төлж барагдуулсан бөгөөд 29 702 758 төгрөгийн үлдэгдэл тооцоо байгаа болно. “Ш-О” ХК-ийн зүгээс 29 702 758 төгрөгийн үлдэгдэл тооцоог “У Т” ХХК-тай харилцан тохиролцох замаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мандахнаран шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа:

“Ш-О” ХК нь “У Т” ХХК-тай 2016 оны 11 дүгээр сарын 23-ны ШО-16-133 дугаар “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан бөгөөд “У Т” ХХК нь гэрээний үүргийн дагуу хөрс тээвэрт өөрийн техникүүдийг явуулж эхэлсэн болно. “У Т ХХК-тай байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний 2 дугаар зүйлийн 2.2-д “Ажил гүйцэтгүүлэгч нь төлбөрийн 20 хувийн урьдчилгаа олгоно” 2 дугаар зүйлийн 2.4-д “Ажил гүйцэтгүүлэгч нь үлдэгдэл төлбөрийг гэрээ дүгнэж акт үйлдсэнээс хойш гэрээний үнийн дүнгээс гэрээний 2.2, 3.6, 3.8-д заасан суутгалыг хасаж тооцож үлдэгдэл төлбөрийг ажлын 10 хоногийн дотор шилжүүлнэ. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.6-д “Ажил гүйцэтгүүлэгч нь ажиллах техник, тоног төхөөрөмжүүдийг ажиллаж дизелийн түлшийг хариуцна. Гэрээ дүгнэж тооцоо нийлэхэд дээрх зардлыг гэрээний үнийн дүнгээс хасаж тооцно...” 3.8-д “Гүйцэтгэгчийн ажилтнуудыг өдрийн хоолоор хангах бөгөөд өдрийн хоолны зардлыг түрээсийн төлбөрөөс суутган тооцно” гэж заасан байна.

Ажил гүйцэтгэх гэрээг 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр дүгнэж, ажлын гүйцэтгэлийг 66 000 025 төгрөгөөр дүгнэсэн байна. Гэрээ дүгнэсэн актын дүнд гэрээний 2.4-д заасан суутгалууд хасагдаагүй бөгөөд зөвхөн “У т” ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын дүнг гаргасан тооцоо юм. “Ш-О” ХК нь төлбөрт нийт 42 897 269 төгрөгийг төлсөн байна. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.6-д заасан дизель түлшний үнэ 38 156 424 төгрөгийг хасвал “У Т” ХХК-д ямар ч төлбөргүй бөгөөд харин ч авлагатай байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мандахнаран нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотойгоор шүүхэд гаргасан тайлбартаа:

“У Т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 39 852 913 төгрөг болгон нэмэгдүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. “Ш-О” ХК, “У Т” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийг бүрэн төлж барагдуулсан болно гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мандахнаран шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ш-О” ХК-ийн зүгээс үндсэн төлбөрт 29 702 758 төгрөг, алдангид 9 646 855 төгрөг, нааш цааш зарцуулсан хохиролд 503 304 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “У Т” ХХК-тай “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан. Уг гэрээний дагуу “НOWA” маркийн 5 ширхэг машиныг 30 хоногийн хугацаанд гэрээний зааврын дагуу ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулсан. Эдгээр 5ш “НOWA” маркийн техник хэрэгслийн 30 хоногийн ажлын хөлсөнд гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т ажил гүйцэтгүүлэгч нь урьдчилгаа олгоно гэж заасан. 2016 оны 11 сарын 29-ний өдөр 12 100 000 төгрөг шилжүүлсэн. Гэрээний 2 дугаар зүйлийн 2.4-т зааснаар үлдэгдэл төлбөрийг 10 хоногийн дотор шилжүүлэхээр заасан байгаа. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.6-д бол ажил гүйцэтгүүлэгч нь гэрээг дүгнэж тооцоо нийлэхэд гэрээний үнийн дүнг хасаж тооцно, өдрийн хоолоор хангах бөгөөд түрээсийн төлбөрөөс хасаж тооцохоор заасан байгаа. Иргэний хуулийн 198 дугаар зүйлд гэрээг тайлбарлах гэж байдаг бөгөөд гэрээг үгийн шууд утгаар нь тайлбарлахаар заасан байна.

Уг гэрээ нь дээр “Гэрээ дүгнэж акт үйлдсэнээс хойш гэрээний үнийн дүнгээс 2 дугаар зүйлийн 2.2, 3 дугаар зүйлийн 3.6, 3.8-ыг хасна” гэж заасан бөгөөд манай байгууллагын хооронд үүсээд байгаа гол асуудал нь дизель түлшний төлбөр тооцооны асуудал байгаа. “У Т” ХХК-ийн зүгээс дизель түлшийг манай дээр тооцоо нийлсэн үүнийг манайх төлөх ёсгүй гэсэн тайлбар хийгээд суутгал шууд хийх ёстой гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Манай компани гэрээний 3 дугаар зүйлийн 3.6-д заасан үүргээ биелүүлсэн. Ажлын байран дээр ирсэн учраас авсан гэдэг нь санхүүгийн анхан шатны баримтуудаар тогтоогдож байгаа 11 988 литр буюу 38 756 424 төгрөгийн үнэ бүхий дизель түлшийг олгосон байна. Мөн тос тосолын зардал болох нэхэмжлэлд дурдагдсан 3 удаагийн гүйлгээг “У Т” ХХК нь зөвшөөрсөн байдаг. Харин дизель түлшний суутгалаа хийхгүй байгаа. Энэ дээр маргаан үүсээд байгаа юм. “У Т” ХХК нь урсгал төлбөрт 12 100 000 төгрөг, дизель түлшний төлбөрт 38 756 420 төгрөг,  тос тосолд 79 024 төгрөг, эм эмийн хэрэгсэлд 531 төгрөг, тос тосолд 317 712 төгрөгийн зардлуудыг “Ш-О” ХК-иас авсан байна. Мөн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 15 000 000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 15 400 000 төгрөг, нийт гүйцэтгэлээр “Ш-О” ХК нь “У Т” ХХК-д  81 653 691 төгрөгийн төлбөрийг төлчихсөн байна. “У Т” ХХК-тай “Ш-О” ХК нь 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр гэрээг дүгнэж акт үйлдсэн байдаг бөгөөд энэхүү дүгнэлтийн 07 дугаар зүйлд заасан байгаа 5 машины дугаар бичигдсэн байх бөгөөд 2 дугаарт бичигдсэн 3203 гэсэн дугаартай машин нь гэрээнд дурдагдсан машин биш байдаг төлбөр тооцоо нэхэгдэж байна. Мөн гэрээний дүгнэлтийн 08 дугаар зүйлд “Гэрээний гүйцэтгэлийг 100 хувийн гүйцэтгэлээр хааж гүйцэтгэнэ” гэж заасан байгаа. Ингээд төлбөр тооцоо хийхэд татгалзах зүйлгүй гэсэн байгаа. Нийт гүйцэтгэл 66 000 025 төгрөг бөгөөд ““Ш-О”” ХК нь “У Т” ХХК-д энэ мөнгийг төлөх ёстой байхад манай компани өнөөдөр 15 000 000 төгрөг илүү төлчихсөн явж байна. Манай байгууллага төлөлт хийчихээд байхад төлбөр авах ёстой гээд акт явуулаад байгаа учраас манайх хариу өгөхгүй байгаа. Мөн гэрээний 5 дугаар 5.2-т заасны дагуу “У Т” ХХК нь алданги нэхэж байгаа нь дээрх тайлбарт дурдсанаар үндэслэлгүй байна. Мөн манай компаниас НӨАТ төлсөн дүн буюу 66 000 002 биш 72 627 000 төгрөг гээд байгаа. Гэвч гэрээ өөрөө НӨАТ-ын дүнгүйгээр бичигдсэн. Хаанаас яагаад 6 000 000 төгрөг гаргаж ирээд байгааг ойлгохгүй байна. НӨАТ төлсөн баримт хавтаст хэрэгт өгсөн гээд байна. Төлөгдсөн байхыг үгүйсгэхгүй. Гэтэл хавтаст хэрэгт байхгүй байгаа нь энэ 6 000 002 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна.“Ш-О” ХК нь эдгээр 7 төрлийн зардлыг нэмэхэд 81 653 691 төгрөг төлчихсөн байгаа дээр нь илүү 15 000 000 төгрөг төлчихөөд байхад алданги төлөх ямар ч хууль зүйн үндэслэлгүй байна. “Ш-О” ХК нь гэрээний үүрэг зөрчөөгүй бөгөөд үүрэг биелсэн тохиолдолд үүргийн зардлыг нэхэмжилж байгаа нь хуулийн үндэслэлгүй учраас “У Т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Ун Т” ХХК-ийн хариуцагч Ш-О ХК-д холбогдуулан гэрээний үүргээ биелүүлээгүй үлдэгдэл төлбөр 29 702 758 төгрөг 49 мөнгө, алданги 9 646 855 төгрөг 07 мөнгө, томилолтын зардал буюу хохирол 503 300 төгрөг, нийт 39 852 913 төгрөг 56 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаа рзүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 431 717 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхтуяа, О.Мөнхсаруул нар давж заалдах гомдолдоо: Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 00191 дүгээр шийдвэр нь “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг хуулийн шаардлагад нийцүүлэн үнэлээгүй, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйгээс алдаатай шийдвэр гаргах үндэслэл болсон гэж давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: “гэрээний талууд 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр гэрээний дагуу” гэрээ дүгнэсэн акт үйлдэж, үлдэгдэл төлбөр 66,000,025 төгрөгийн тооцоо нийлснээс...гэрээний 3.6-д заасан шатахууны төлбөр...зэргийг хасч тооцоход ...хариуцагч тал 14,746,332 төгрөгийн үүргийг гүйцэтгээгүй байна. 2017 оны 07 сарын 16-ны өдөр нийт 30,400,000 төгрөгийг хариуцагч У т ХХК-д шилжүүлсэнээс гэрээний гүйцэтгээгүй үүргийн үлдэгдэл төлбөр 14,746,332 төгрөг, алданги 73,731 төгрөг, НӨАТ 6,600,002 төгрөг, нийт 21,420,065 төгрөгийг хасахад үүрэг гүйцэтгэгч нь...төлбөрийг бүрэн төлсөн байна гэжээ. Шүүх энэхүү дүгнэлтийг хийхдээ иргэний хэргийн 17-р талд байгаа тооцооны үлдэгдлийн баталгааг нотлох баримтаар үнэлэлгүй орхигдуулсан. 2017 оны 02 сарын 07-ны өдөр 2016 оны 11 сарын 23-ны өдөр талуудын хооронд хийгдсэн Ш О ХК-н 16-33 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг дүгнэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-д “ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна” гэсний дагуу гэрээнд оролцогч талууд гэрээг дүгнэж, гүйцэтгэсэн ажлын хөлсний тооцоог нийлж, ажил гүйцэтгүүлэгч тал Ш О ТӨХК нь   2017 оны 02 сарын 07-ны өдрийн байдлаар ажлын хөлсөнд 60,103,290 төгрөг төлөх төлбөртэй болохыг баталгаажуулсан. Ингэж тооцоо нийлэхдээ ажил гүйцэтгэсэн 5 машины хэрэглэсэн шатахууны зардлыг хасч тооцож, эцсийн тооцоог гаргасан.

Мөн 2017 оны 07 сарын 03-ны өдөр дахин тооцоо нийлсэн ба энэхүү тооцооны үлдэгдлийн баталгаан: “тус хоёр байгууллагын хооронд 2017 оны 02 сарын 08-наас 2017 оны 07 сарын 03-нийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд Ш-О ХК нь 45,102,758,53 төгрөгийн өртэй гарсаныг харилцан батлав.” гээд нэхэмжлэгч, төлөгч байгууллагын нягтлан бодогч нар гарын үсэг зурж тус тусын санхүүгийн тэмдэгээр баталгаажуулсан байгаа. Энэ нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д анхан шатны баримтанд түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно. Цахим хэлбэрээр бүрдүүлсэн анхан шатны баримт нь цахим гарын үсгээр баталгаажсан байна.” гэсэн хуулийн заалтанд нийцсэн  санхүүгийн баримт болж байхад шүүх нотлох баримтаар үнэлээгүй, гэрчийн мэдүүлгээр батлагдаж байна гэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Хариуцагч тал шүүхэд шатахууны тооцоог хасч тооцохгүй гэсэн тайлбарыг гаргаж шүүхэд Ш-О ХК, Х А С ХХК-н хооронд 2016 оны 12 сарын 09-ний өдөр хийгдсэн шатахуун худалдах, худалдан авах гэрээ, шатахууны шаардах хуудас гэсэн санхүүгийн анхан шатны баримтуудыг гаргаж өгсөн. Энэ нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д заасан “анхан шатны баримт” гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог” ойлгоно гэсэн байхад нотлох баримтын шаардлага хангаагүй түлшний шаардах гэсэн баримтууд дээр гарын үсэг зурагдсан боловч гэрээнд оролцогч талуудын эрх бүхий этгээдийн гарын үсэг байхгүй, тамга, тэмдэг дарагдаагүй, зарим баримт дээр шатахуун худалдах худалдан авах гэрээнд оролцоогүй талын нэр бичигдсэн, өөр өнгийн үзэг ашиглаж нэр бичсэн, баримтууд дээр бичигдсэн тоо засвартай байгаа нь анхан шатны баримт гэж үзэх нотолгооны зүйл болж чадахгүй байхад шүүх нотлох баримтаар үнэлсэн. Анхан шатны шүүх иргэний хэрэгт цугларсан нотлох баримтуудыг ИХШХШТ тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-д заасан үндэслэл журмын дагуу үнэлээгүй, гагцхүү хариуцагчийн тайлбар, тайлбарыг нотлож байгаа хуулийн шаардлага хангаагүй, санхүүгийн баримт болж чадахгүй нотолгоог үндэслэж шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Иймд Говьсүмбэр аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 00191 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлага болох Ш-О ТӨХК-аас 39,852,913 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгөхийг хүсч байна.

ХЯНАВАЛ НЬ:

Нэхэмжлэгч “У т“ ХХК нь хариуцагч “Ш-О” ХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний дагуу авах ажлын хөлсний үлдэгдэл, мөн гэрээнд заасны дагуу тооцсон алданги, гарсан зардал зэрэг нийт 39852913 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч буюу “Ш-О” ХК нь уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, ажил гүйцэтгэхдээ “Ш-О” ХК-иас авч зарцуулсан шатахууны үнийг гэрээнд заасны дагуу гэрээний үнийн дүнгээс хасч тооцсоноор нэхэмжлэгч талд төлөх өр төлбөр байхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “У т” ХХК-ийг хариуцагч Ш-О ХК-д холбогдуулан гэрээний үүргээ биелүүлээгүй үлдэгдэл төлбөр 29 702 758.49 төгрөг, алданги 9 646 855.07 төгрөг, томилолтын зардал буюу хохирол 503 300 төгрөг, нийт 39 852 913.56 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч “У т” ХХК  эс зөвшөөрч...шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу үнэлээгүй, хариуцагчийн тайлбар, уг тайлбарыг нотлож байгаа хуулийн шаардлага хангаагүй санхүүгийн баримт болж чадахгүй нотолгоог үндэслэж шийдвэр гаргасан тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.            

            Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан хэдий ч  хэргийн оролцогчоос гаргасан, хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг бүрэн хэрэгжүүлээгүй, өөрөөр хэлбэл зохигчдын хооронд байгуулсан гэрээг буруу тайлбарлан хэрэглэснээс шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий” байх шаарлагад нийцээгүй тул шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

Учир нь хэргийн материалаас үзэхэд:  Хэргийн 3-8 дугаар талд авагдсан талуудын хооронд байгуулагдсан “ажил гүйцэтгэх гэрээ”-ний 2.1-д “ажлын хөлсийг нэг автосамосвалын 30 хоног ажиллуулсны хөлс 11000000 төгрөг байхаар тохирч гэрээг дүгнэхдээ нийт 5 автосамосвал ажилласан хоног тус бүрийн ажлын гүйцэтгэлээр нь тооцож нийт ажлын хөлсийг  66000025 төгрөг байхаар тооцсон нь гэрээ дүгнэсэн  акт /хх-8/-аар тогтоогдож байна. Энэ талаар талууд маргаагүй.

Харин нэхэмжлэгч тал гэрээг дүгнэхэд дизель түлшний үнийг хасч тооцсон гэж, хариуцагч тал гэрээний 2.4, 3.6-д заасан зардлыг гэрээний нийт үнийн дүнгээс хасч тооцно, гэрээний 2.1-д заасан ажлын хөлс бол гэрээний үнийн дүн гэсэн тайлбаруудыг тус тус гаргаж талууд маргасан байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлд  ажил гүйцэтгэх гэрээг  “...ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийн хүлээнэ.” гэж тодорхойлсоноос  дүгнэхэд ажлын хөлснөөс гадна ажил гүйцэтгэхэд гаргасан материалын зардлын үнийг гэрээний аль тал нь хариуцах /жишээ нь: материалыг ажил гүйцэтгэгч гаргасан бол материалын үнийг ажлын хөлсөн дээр нэмж тооцох эсэх гэх мэт/ талаар харилцан тохиролцож гэрээнд нарийвчлан тусгах ёстой гэж ойлгогдож байна.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээнээс харахад ажил гүйцэтгэгчийн ажлаа гүйцэтгэхэд гарах зардал буюу 5 автосамосвалын шатахууныг ажил гүйцэтгүүлэгч буюу хариуцагч “Ш-О “ХК хариуцна гэж гэрээний 3.6-д тусгасан байна.

Уг заалтанд “...Гэрээ дүгнэж тооцоо нийлэхэд дээрх зардлыг гэрээний үнээс хасч тооцно...” гэснийг, мөн хариуцагч талын тайлбар, нотлох баримтаар гаргаж өгсөн шатахуунтай холбогдолтой санхүүгийн анхан шатны баримтуудыг анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгож Ш-О” ХК-иас нийт 38756424 төгрөгийн шатахуун зарцуулсан нь тогтоогдож байна, улмаар уг шатахууны үнийг ажлын хөлснөөс хасч тооцоход нэхэмжлэгчийн нэхэмжилсэн төлбөрийг бүрэн барагдуулсан байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл гэрээнд “гэрээний үнээс” хасч тооцно гэсэн байхад шүүх ажлын хөлснөөс хасч тооцсон нь буруу юм.

Ажлын хөлс дангаараа гэрээний дүнг тодорхойлохгүй бөгөөд дээрх гэрээнд заасан шатахууны үнэ, ажил гүйцэтгэгч талын байр, хоолны зардал гэх мэт нийлж гэрээний үнийн дүн болох учиртай.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээнээс үзэхэд ажлын хөлсний үнийн дүнг тодорхой тохирсон байх боловч бусад зардлууд буюу гэрээний үнийн дүнд хамаарах зардлын талаар тодорхой үнийн дүнгээр тохиролцоогүй тул зөвхөн ажлын хөлсийг гэрээний үнийн дүн гэж үзэж гэрээний  3.6-д зааснаар болон хариуцагч талын тайлбарласнаар шатахууны зардлыг түүнээс хассан нь гэрээг буруу тайлбарласан буюу анхан шатны шүүхийн дүгнэлт нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 198.2-т нийцээгүй байна.

 Иймд шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагын зохих хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Ингэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ажил гүйцэтгэх гэрээний дагуу авахаар актаар тогтоогдсон ажлын хөлс болох 66000025төгрөгөөр тооцож, үүнээс хариуцагч талаас урьдчилгаанд өгсөн 12100000 төгрөг, гэрээ дүгнэсний дараа төлсөн 30400000 /15000000+15400000/ төгрөг, мөн нэхэмжлэгч талын ажлын хөлснөөс хасч тооцсон тос тосолгооны материалын болон эмний үнэ гэх 397269 /79024,27+531,81+317712,93/ төрөгийг тус тус хасч /66000025-12100000-30400000-397269/ 23102756 төгрөгийг ажлын хөлснөөс төлөгдөөгүй үлдэгдэл гэж тооцов.

Түүнчлэн гэрээний 5.2-т алдангийн нийт хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 10 %-иас хэтрэхгүй байна гэж талууд тохиролцсон тул 23102756 төгрөгний 10% /23102756х10% /болох 2310275 төгрөгийн  алданги тооцох үндэслэлтэй гэж үзэж нийт 25413032 /23102756+2310275/  төгрөгийг хариуцагч “Ш-О” ХК-иас гаргуулж нэхэмжлэгчид олгуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14439881төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 134/ШШ2017/00191 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч “Ш-О” ХК-иас ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 23,102,757 төгрөг, алданги 2,310,275 төгрөг нийт 25, 413,032 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Уран төсөл” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 14,439,881 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

Шийдвэрийн 2 дахь заалтын Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, ИХШХШТХуулийн 56 дугар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 431717 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ш-О” ХК-иас 285,015 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “У т” ХХК-д олгосугай”  гэж  нэмэлт өөрчлөлтүүдийг тус тус оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. ИХШХШТХуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч У т ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357,215 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Х.БАЙГАЛМАА

                                                               ШҮҮГЧИД                            Н.БАТЧИМЭГ

                                                                                                            Г.ТЭГШСУУРЬ